Шүлгүүд

Шүлгүүд

Шүлгүүд

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ

Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно
Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана

Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана

Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.

Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.
Шүлгүүд

САРНЫ ШҮЛЭГ

Мөнгөн сарны туяаг бэхэн дотроо дусаавай
Мөнхийн гэрэлтэй шүлэгт минь мөнхүү чанар нь шингэвэй

Үлгэр сарны туяаг үзгийнхээ үзүүрт сүвлэвэй
Үр хэдэн шүлгээ би үлэмжийн мяндсаар нь мэтгэвэй

Хаш сарны болрыг хатан зүрхэндээ тусгавай
Харанхуйд бичсэн шүлэгнээс минь хасын туяа цацарвай

Мэргэн сарны тольтод мэндийн дуугаа илгээвэй
Гэрлэн сүнстэй шүлэг минь гэгээн Шамбалд нь оршвой

2007 он
Шүлгүүд

ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХ ЦАГ ДОР

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдэрнэ

Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй
Шүлгүүд

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛ

Хэрэвзээ чи,  монголын хээр талыг ойлгоё гэвэл,
Хэний хүү, хэн болохоо нэг үзье гэвэл,
Нүд алдам хөх магнагийн ганц танан товч шиг
Нүүдэлчин айлын гадаа хөнгөн тэргээ сойчих.
Намхаан хээр морь чамд эмээллэчихнэ,
Номхоон, тэр морь сарын газрыг товчилно.

Торойх ч бараагүй дөрвөн зүг, найман зовхис
Тойрог татна. Тойргийн төв цэг нь чи өөрөө.
Орой дээр чинь хөх тэнгэр хөмрөглөнө.
Орчлон бөөрөнхий. Голч төв нь чи өөрөө.
Усан зэрэглээ жирэлзэнэ. Урлаагүй атал хот балгад босно.
Унасан хүлэг үүрсэнэ. Хуурдаагүй атал хуур дуу үүснэ.
Шүлгүүд

ЭЭЖ МИНЬ ШИРДЭГ ШИРЖ БАЙНА

Чилийсэн урт өдрүүдийг утасны учгаар хэлхэж
Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр байна
 
Тогоотой цай дэврэхийн өмнө хоёр алхам ширээс ...
Дөрөөн таваг гадаа жингэнэхүйд дөрвөн алхам ширээс ...
 
Шүлгүүд

ТОГОРУУНЫ ДУУЛЬ

Хаврын хаварт дэв дэвсээр
Хар халзан тогорууд ирдэг ээ
Хадган хөх зогдороо намируулж
Хаа сайгүй л буудаг аа
Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа
Шүлгүүд

ОН ЦАГИЙН ХҮРД

Он цаг нисэн нисэн ирнэм
Он цаг нисэн нисэн одном.
 
Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд
Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад
Эрт шувууны цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд
Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү замаар шургаад
Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэн он цаг яарсаар нисч одном.
Шүлгүүд
TOP