Шүлгүүд

Шүлгүүд

Шүлгүүд

ЧУЛУУН ХҮН БА ИНТЭРНЭЭТ

Цахим дэлгэцний араас өндийж хээр тал руугаа давхилаа
Цаг цагаараа байсангүй, нутгийн өвгөл эзгүй...
Цахилдаг хөхөрч ахуйд эндээс мордсон юмсан
Цагаан дэрсний ёзоорт хазаар өвс хунгарлажээ.

Цахиур алаг толгодынхоо хормойг дэвсэн
Цайдам хөхөлбөр хөндий рүү хөлөө жийлээ
Интэрнэтээр дэвэн дэлхийг хэсүүчилсээр би ядарчээ
Ийм тэнүүн билүү, миний нутаг!...
Шүлгүүд

ДУУ

Уруул давсан дуу
Уул давна
Уул давсан дуу
Дэлхий тойрно

2008 он
Шүлгүүд

НЭЭХИЙН УТГАН ХЭЛХЭЭ

Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал

Байгаль эхийн гоо сайханд би оршном
Барагдашгүй бялхах уянга нь намайг нээнэм
Одон ертөнц, түмэн бодис намайг нээнэм
Одох, ирэх цаг хугацаа намайг нээнэм
Шүлгүүд

ЧАМ РУУ БИ ЯВЖ БАЙНА

Он цагийг туулан нар сарыг дагуулаад
Онч мэргэн өвгөдийн бартаат замыг сүлжээд
Олон олон уул толгод, даваа гүвээг хэжээд
Хэдэн зуун гол мөрнийг хөндлөн гаталсаар
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам руу би явж байна

Шүлгүүд

ДӨРВӨН УЛААН НАВЧ

1.
Чийг дааварласан хөвчийн шинэс модод чичрүүстэй ч
Чи бидэн хоёрын өмнөх навч ассан гал шиг улайвай
Салаалж, нийлж сарнисан олон замын бэлчир шиг
Саяын навчны судал бидний зугаалгыг бичиглэвэй.

2.
Лэглэгэр цагаан манан тайзны хөшиг шиг унжиж
Хөглөгөр их ой хөрөөдсөн тайрдас шиг харагдвай
Хүслийн мод бүхэн ногоон навчин дэвүүртэй сэн
Хүйтэн царайтай тэнгэр улаан навчаар уйлвай.
Шүлгүүд

ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР (1)

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршмуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй

Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй

Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Шүлгүүд

ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР (2)

Үүр шөнөөр л одод илүү тод гэрэлтдэг
Бүүр хуучны овоонд л Шамбалын туяа тусдаг

Алтан дэлхийгээсээ алдуурч байгаа хүний
Амьд явах хүсэл нь илүү их асна
Шүлгүүд

ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР (3)

Дотоод сэтгэлийнхээ аглаг буйдад зул мэт асъя
Дорнын хээр талынхаа домгийн алсад цэнхэртье

Гангар сарны сэмдэс цагаан туяанд булхъя
Ганга нуурынхаа гүн цээлийн элсэн дээр амаръя
Шүлгүүд

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ

Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе.
Явуул цагаан саран үүлнээс бултайхад гэрэлтье.

Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшийнхаа уянгын бадганд дэвэрье.
Шүлгүүд
TOP