Судлал шинжлэл

Яруу найрагчийг призмтэй адилтгам

Яруу найрагчийг призмтэй адилтгам

/Унгар-Тайван/

Ертөнцийн зовлон зүдгүүр цөм ерөөс бидний сохор богино бодол, аминч зан, шунал, тэвчээргүй байдал, тогтворгүй сэтгэл санаа бүхнээс үүсэлтэй болой. Буддын, Христын, Хинди, Лалын шашинууд бүгдээрээ энэ бүх уй гашуу, зовлон зүдгүүрийг намжаахын төлөө байдаг. Эдгээр шашинууд Марксын хэлсэн шиг “ард түмнийг хордуулагч хар тамхи” тун биш юм. Харин хүн төрөлхтөний жинхэнэ эм нь билээ. Амьдралыг туулж, байгаа байдлаар нь хүлээн авахын зэрэгцээ хүнд хор хүргэхгүй, үнэнч шударгаар амьдарч, хэдий хэцүү байлаа ч үнэнийг дуулж байхыг бидэнд номлодог билээ. Энэ л чухамдаа бидний хамгийн гол зорилго. Энэ бүхнийг таны шинэ номонд мөн олж харлаа. Энэ бүхнийг та бүргэдийн нүд шиг хурц нүдээрээ олж харж илэрхийлсэн нь юутай бахдам. Тан шиг ийм найрагчийг агуу гарамгай найрагч гэх буюу. Туйлын өөдрөг үзэл чинь мөн энэ бүтээлд тод харагдаж байна. “Алтан Овоо” бид бүхнийг өөдрөг сэтгэлтэй байж, энэ дэлхий дээр, цаашлаад бид өөрийнхөө төрөлх оронд буй гоо үзэсгэлэн, сайн сайхан, үнэт нандин зүйлсийг устгаж үгүй хийлгүй, буруу замаар будаа тээхгүй байхыг ойлгуулж мэдрүүлсэн чанга санамж болой. Тэрээр бурханы бүтээл болох энх тунх байдлыг илүү гүн гүнзгий ойлгохыг бидэнд харуулмой. “Алтан Овоо” зүрхэнд минь баяр баясгалан, сэтгэлд минь хөөр баяслыг авчирмой.
Өнгөрсөн жилийн есөн сард монголд очихдоо мэдэрсэн тэр бүх халуун дулаан уур амьсгалаар зүрх сэтгэл маань бялхаж байна. “Алтан Овоо” ном англиар нь ч бай, монголоор нь ч бай уншсан бүхний сэтгэлд тэр л халуун дулаан гал дөлийг үргэлжийн асааж бадрааж чадах бүтээл болжээ. Англи хэлнээ орчуулсан орчуулагчид мөн энэхүү чухал бүтээлийг олж орчуулахад цаг заваа гаргасанд талархан халуун баяр хүргэе. Энэхүү номын үгс элгэн нутаг нэгтэн та бүгдийн эх нутаг эх орноо гэсэн үнэн сэтгэл зүрхний хайрыг уншсан болгонд мэдрүүлэх нь гайхалтай. Монголчууд та бүхэн төрсөн нутаг усандаа эхийн хүйгээр холбоотой ажгуу.

2007,10,30

Орчуулсан С.Сумьяа /Голланд/

TOP