Судлал шинжлэл

ЯРУУ НАЙРАГ БОЛ ЕРТӨНЦИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ

ЯРУУ НАЙРАГ БОЛ ЕРТӨНЦИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ

Ёо Мита

Японы судлаач, яруу найрагч

Хэл ярианы агуулах гүн утга санаа, бурханлаг, нууцлаг эрчимлэг чанар нь хязгаарлагдаж, үгийн цөм гэж хэлж болох далд хүчинд нь итгэх бишрэлт үзэлтэй яруу найрагч ч бараг үгүй болжээ.

2005 оны 11 сарын тэр нэгэн өдөр Токиод Ази Номхон Далайн орнуудын яруу найрагчдын чуулга уулзалт болж, хурал дээр Монголоос ирсэн яруу найрагч Мэнд-Ооёо “Яруу найраг бол ертөнцийн гэрэл гэгээ” хэмээх илтгэл тавьсныг бид сонссон юм.

Яруу найраг нь өөрийн агуулдаг тэр эрчимт чанар, далдын хүч чадлаараа хүмүүний орчин тогтнож буй мөн чанарыг төдийгүй байгаль дэлхийг хүртэл донсолгон хөдөлгөж түүгээр барахгүй ертөнцийг хувьсган бүтээгч хүч чадалтай гэж илтгэлдээ тодотгож билээ.

Цаашлан шүлэг яруу найраг нь Монголд ямар асар том үүргийг гүйцэтгэж ирсэнийг хэд хэдэн жишээ татан, яриагаа үргэлжлүүллээ. Чингис хааны үед улс төрийн чухал санамж бичиг айлдвар сургаал, сэнхрүүлэх бичгийг шүлэг яруу найргаар уламжилдаг байсан түүхтэй гэнэ. Монголын их гүрний үед хаад өрлөг сайдын олонх нь яруу найрагч байсан байна. Тухайлбал, Хубилай хаан, Тогоонтөмөр хааныг дурдаж болно. Монголын соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазар цаг төр үймэрэхэд “Цагийг тохинуулагч залбирал” шүлэг бичиж, шавь нараараа дамжуулан Монгол даяар түгээж, улмаар улс орныхоо хурцадмал байдлыг намжааж байсан түүхтэй гэнэ. Бөөгийн шашинд ч шүлэг яруу найраг нь ихээхэн үүрэгтэй байсан гэнэ.

Алтан – Овоо минь
Алтан – Овоо минь

Яруу найргийн ийм эрчимжсэн долгионоор хорвоо дэлхийд гэрэл тусгаж, ертөнцийг шинээр ч цогцлоож болох юм гэж илтгэгч маань өөрийн чин санаагаа илэрхийллээ.

Шүлэг яруу найргийг монголд ихэд дээдэлдэг тухай, яруу найраг нь нийгэмд ямар их үүрэг нөлөөтэй тухай сонсоод үнэхээр их гайхахын зэрэгцээ монгол Японы ямар ялгаатай болохыг, өнөөгийн Японд шүлэг яруу найргийг шүтэх үзэл алдагдаж байгаа зэргийг шүүмжлэн ярилцлаа.

Би энэхүү өгүүлэлийг бичих болсонтой холбогдуулан Мэнд-Ооёо найрагчаас хэд хэдэн зүйлийг бичгээр асуусан юм. /Мэйлээр харилцахад ихээхэн тусласан Японы яруу найрагч эмэгтэй Мори Кае-д ихээхэн талархаж байна./ Энэ далимд миний асуултанд хариу өгч, зав гаргасан Мэнд-Ооёо найрагчид гүнээ талархсанаа илэрхийлэхийг хүсэж байна.

Ижилхэн Азийн тийм ч холгүй нэгэн оронд яруу найраг нь ийнхүү хүмүүсийн зүрх сэтгэл болон газар усанд нь амьдаар оршсоор байна. Яруу найраг нь эрчимт долгионыг цацруулж, тэр эрчим нь байгаль дэлхийг гийгүүлэн, хүмүүний амьдралыг гэрэлтүүлнэ. Хоёр улсын яруу найраг дахь энэ асар том ялгааны учир юунд оршино вэ?

Оюун сэтгэл зүрхний минь гүнд нуугднам
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм

“Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм” хэмээн “хорвоо ертөнц”, “юмс”, “цаг хугацаа”, “оюун ухаан”, “бие” энэ бүхэн бүхлээрээ түүний шүлгэнд орон зайгаа олж цогцолжээ. Ийм бүхэл цогц, агуу чанарыг яаж үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Энэ шүлгэнд хүмүүний ичгүүр сонжуургүй байдал, тоомжиргүй зан, мэдээллийн сүлжээ дэх дэндүү амар хялбар бэлэн зэлэн амьдарлын төрх өчүүхэн ч тусгагдсангүй. Монголын хөх тэнгэр дор, сансар эрхэсийн эрхшээл дор яруу найраг, хүмүүн, уул ус нь ийнхүү зэрэгцэн оршином буй заа.. Магадгүй үдэш орой шүлэг яруу найраг нь одод түгсэн тэнгэр адил гялалзан төрдөг байхдаа.

Мэнд-Ооёо найрагч илтгэлдээ шүлэг магтаал уншиж, хур бороо оруулсан домог ярьсан юм. Шүлэг яруу найраг нь өөрөө эрчимт долгион бөгөөд энэ нь хүн төрөлхтөний болон утга зохиолын асар том өв эрдэнэ ажгуу.

Эрт нэгэн цагт Японд ч гэсэн үгийг шүтэх бишрэх үзэл байсан билээ. “Бидний улс бол үг нь хүчтэй улс шүү” хэмээх дууны адил үгийг шүтэх үзэл Япончуудын амьдралд оршин тогтнож байжээ. Үгэнд өөрийн оюунт сүнс оршин байдаг бөгөөд ямарваа нэгэн зүйлийг хэлэхэд тэр нь яг хэлсэнээр нь болдог хэмээн итгэдэг байлаа. Сайн үг хэлбэл сайн үйл болж, муу үг хэлбэл муу зүйл тохиолдоно. Эртний ном зохиолоос харж байхад үгийг шүтэх үзэл ахуй амьдралтай яаж гүнзгийгээр холбогдож ирснийг ойлгож болох юм. Яруу найрагч илтгэлдээ Монголд “ерөөлийн үзүүрт тос, хараалын үзүүрт цус” гэсэн үг байдаг тухай ярьсан юм. Бидний үгийн үзэлтэй ямар их ойр төстэй болохыг харж байгаа биз. Ийм үзэл санаа Японд Эдогийн үе хүртэл л оршин тогтносон байх. Өнөөгийн асар их хурдацтай хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшил, барууны үзэл суртал, аж үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжил нь хүмүүний оюун ухааны нүдэнд үл үзэгдэх хүчийг саармагжуулж, бодит юманд л итгэдэг үзэлд дарангуйлуулж, үг нь зөвхөн багаж хэрэгсэл төдий гэсэн ойлголт эндээс л үүсэн гарсан гэлтэй. Хур бороо болон хүмүүний хоорондын оюунлаг харилцаа, үгээр харилцан бие биедээ нөлөөлөх үйлдэл нь одоо ч бидний амьдрал дунд байсаар байна. Саяхны нэг өдөр би дуу дуулж, бороо дууддаг дуучины тухай телевизороор үзлээ. Тэрхүү алдарт дуучин хөдөө нутагт очоод гадаа дуу дуулсан гэнэ. Дуулж эхлэхээс нь өмнө тэрээр “сахиусан тэнгэр ирээд одоо ингээд удахгүй бороо орно. Гэхдээ тун удалгүй намдах тул санаа зовох зүйл байхгүй” гэж хэлсэн гэнэ. Тэгээд итгэхэд хэцүү байсан боловч, дуулж эхлэнгүүт нь яг зөгнөсөний дагуу удалгүй хүчтэй бороо орж, төд удалгүй намдсан гэнэ. Энэ мэт бороо орох хүчит үзэгдэл нь гэнэтийн үхэл буюу гоц содон хүмүүсийн үхлийн үед илэрнэ. Өөрийн төрөл садан болоод найз нөхөдтэйгээ салах ёс гүйцэтгэх үед ийнхүү гэнэтийн хүчтэй бороотой таарсан тохиолдол хэнд ч байдаг билээ. Би ч иймэрхүү зүйлтэй хэд хэд таарч байсан. Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар хүний бод бие болоод орон зайн мембрам хоёр хоорондоо харилцан үйлчлэлцэж байж болох юм гэж тайлбарласан байдаг. Эдүгээ хүмүүний оршин тогтнож байгаа нь тэр чигээрээ байгаль өөрөө бөгөөд байгальтайгаа харилцан үйлчилэлцэх нь тийм их сонин зүйл гэж үү? Хүмүүсээс гарч байгаа бүхий л үйлдэлийг бодитоор л харахгүй бол итгэж чадахгүй болсон өнөөгийн энэ соёл иргэншилд бид хэдийнээ уусчихжээ.

Монголд байгаль дэлхий болон яруу найраг нь салшгүй холбоотой бөгөөд бороог ч оруулах хүчтэй. Үгийг бишрэх, үгийг итгэх нь ийм зүйлийг бий болгодог гэлтэй. Үг нь хүмүүний оршихуйн хязгааргүй байгаль дэлхий, сансар огторгуйд одож, асар уудам орон зайг эзэлнэ. Тэнгэр өөд харвасан шүлэг нь тэнгэрийг хөдөлгөх салхин уриа болно. Үгийг дутуу үнэлэх явдал яруу найргийн тэр асар их эрч хүчийг бууруулж ядууруулахад хүргэдэг болов уу. Яруу найргийн долгионлог, бурханлаг хүчийн талаарх Мэнд-Ооёо найрагчийн илгээлт нь соёл, иргэншлийн дунд гүн нойрсон буй бидний шүлгийн мөн чанарыг таниулж, аюулаас сэрэмжлүүлэх хонхны дуу мэт цууриатан сонсогдох шиг боллоо.

Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангил их бартаатай халил жимийг мөшгөн
Чам руу би явж байна. “

“Бүхнийхээ дээж найраг”, “зүрхэн дэхь өөрийнхөө чавхдас”, “Хангил их бартаатай халил жим” хэмээх эдгээр мөртүүдээс яруу найрагчийн найрагаараа бахархах үзэл, яруу найргийн тэнгэрлэг мөн чанарын талаар өгүүлсэн нь миний анхааралыг онцгой татлаа. Энэ шүлгэнээс харахад түүний зүрх сэтгэл дэхь тэрхүү тэмүүлэлд нь ямар ч эргэлзээ тээнэгэлзээ байхгүй бөгөөд зүрх сэтгэл, яруу найраг нь нэгэн цэгт уусан нэгдэж байна. Тийм ч учраас энэ газар нутагт яруу найраг нь байнга бадамлаж байдаг болов уу? Чам руу гэж хэн руу хандсан юм болоо? Сансар хорвоо, байгаль дэлхийн үнэн чанарыг таниулах тэр нэгэн зүйл ч юм болов уу?

Би Монгол руу очмоор санагдлаа. Яруу найраг нь өдгөө ч гэсэн тэнгэрт хүрдэг тэр нийгэм. Томоос том зааланд явагддаг яруу найргийн наадам. Олон олон яруу найрагчид. Тэнд очоод яруу найраг гэж юу болохыг дахин нэг бодож үзмээр санагдлаа. Агуу уудам тэнгэрийг нь ч бас харахсан. Би тэнгэрт дуртай. Тэнгэр бол бүхнийг өөртөө нуун агуулж байдаг. Тэнгэр дүүрэн ододыг хармаар байна. Нэгэн цагт Шиба Рёотаро гуай Монголын тэнгэрийг бишрэн магтсан байдаг билээ. Тэнгэр газар хүмүүний амьрал нэгэн бие мэт болж нэгдсэн тэр газар оронд яруу найраг нь одоо ч эрч хүчээ түгээсээр байгаа буй заа.

Япон Улсын утга зохиолын “Юүсүрика” сэтгүүлийн 2006.IV сар
М.Мөнхзаяа орчуулав.

TOP