Хүүрнэл

ТОГОРУУНЫ ДУУЛЬ

Хаврын хаварт дэв дэвсээр
Хар халзан тогорууд ирдэг ээ
Хадган хөх зогдороо намируулж
Хаа сайгүй л буудаг аа
Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа
Жигүүртэн хүртэл амьтан хүнд
Жил жилээр ээнэгшдэг байлгүй
Хот айлын хаяа бараадаж
Хоёр цоохор өндөг гаргажээ
Тэс ондоо санаа гаргаж
Тээж ирсэн үр өндгөө
Хөл хүрэхгүй газар нуухыг
Хэн ер нь байг гэхэв дээ
Онгон талдаа ирсэн цагтаа
Олиггүй муутай арчаагүй байж дээ
Хар буруу санаа төрөлгүй
Халцгай сайран дээр өндөглөжээ
Сүүгээр амалдаггүй жигүүртний өндгөнд
Сүүдрээ тусгахад хиртдэг гэсэн
Сануулга үг байсаар атал
Саваагүй нэг нь санаа авсангүй
Талынхны занг уландаа гишгэж
Танхай авирлан өндгийг өвөртлөөд
Ажиг сэжиг төрсөн ч юмгүй
Аваад гэртээ харьсан гэнэ ээ
Хөөрхий тэр хоёр тогоруу
Хөв усны сэжүүр гишгэж
Дальгүй юм шиг жигүүрээ эвхэн
Дагуулж явах зулзагагүй зуслаа
Өрвөлөг хийсгэсэн намрын өдрүүдээр
Өндгийг нь аваачсан айлыг сахиж
Үрээ дэгдээд ирэх юм шиг
Үймэрч гансрахыг анзаарсан ч хүнгүй
Тоодон дээлтэй тожигносон хонхтой
Торомгор хүү хотноосоо зайдуу
Тогоруу хөөцөдөөд тоглож байхыг
Томчуул тоож харсан ч үгүй
Баярласан хүүд баригдах шахаад
Бас цаашаа жаахан дэгдээд
Хойноос нь хүү гүйс гүйсээр
Холдоод явчихыг мэдсэн ч үгүй
Ээжийн нь хөх эмзэглэн чинэрэхэд
Эвийлж хүүгээ гурвантаа дуудлаа
Өвс бүхнийг тоолох шахам
Өргөн талыг хэдэнтээ самналаа
Өдлөж жигүүрлээд нисээгүй байлтай
Өрөөсөн бойтог ч олж үзсэнгүй
Үйл тээсэн хорвоогийн өдрүүд
Үнсэн сааралтаж араасаа хөвөрлөө
Өөдсөн үрээ хэзээ ч олсонгүй
Өндөгнөөс арилжсанаа өөрснөө ч мэдсэнгүй
Сүрэгт тогоруудын гэгэлгэн гунигт дуу
Тоонон дээгүүр зэл татна
Сүүдэр нь юмуу, нулимс нь юмуу?
Тогоотой сүүнд л толбо уналаа.

1990.
TOP