Хүүрнэл

АНХНЫ ЭХ

ЭХЛЭЛ

        Эхлээд энэ үлгэрийг
        Ганцхан хүн мэддэг байжээ.
        Одоо энэ үлгэрийг
        Олон хүн мэдэх хэрэгтэй болжээ.

1.
Эртээ урьд цагт, бүр эртийн эрт, урьдын урьд цагт сэтгэж санаж гүйцэмгүй аймшигт их албин хоосон л байжээ.
Тэр их албин хоосон дунд хоосноос өөр юм үгүй, ер юу ч үгүй байжээ. Газар дэлхий гэж байсангүй, ус гэж байсангүй, уруул жилмэх шүүдрийн төдий ч байсангүй , агаар тэнгэр, алтан нарны аль нь ч байсангүй.

2.
Орчлонт ертөнцийн эхлэл болох жирийн нэгэн эх, юу ч үл үзэгдэх их албин хоосон дундуур хэзээ хэзээгүй мэндлэх үрээ төрүүлэх орон зай эрэн явсаар л байжээ. Гэсэн ч юу ч эс олжээ. Тээж төрүүлэх алаг үрий нь тэвэрч угтах тийм орон зай байсангүйд өөрийнхөө сэтгэлийг хязгааргүй уудам орон зай болгожээ. Тэнгэр ингэж үүссэн гэх буюу.
Тэнгэр бий болсон боловч гэрэл гэгээ гэж байсангүй. Эх, гэрэл гэгээг цөхрөлтгүй эрсээр л байлаа.

3.
Тэр эх гэрэл гэгээг цөхрөлтгүй эрсээр л байлаа. Гэсэн ч гэрэл гэгээ юу ч эс олджээ. Үгүй ядахдаа хумсан толион чинээ ч гэрэл гэгээ байсангүй. Хэзээ хэзээгүй мэндлэх үрээ харах, өлгийдөх, хөхүүлэх гэрэл гэгээ олдсонгүй. Тэр эх алд бие, амин зүрхнийхээ гэрэл гэгээ бүхнийг цуглуулан бөмбөлөг болгон хөөргөсөнд түүнээс алтан нар үүсч ертөнцийг гийгүүлэх болжээ. Сонсов уу, нар бол эх хүний сэтгэлийн илч гэрэл юм шүү дээ.
Агаар тэнгэр орон зайгаа өгч, алтан нар илч гэрлээ гийгүүллээ. Агаар тэнгэр, алтан нарны доор хүүгээ төрүүлэх гэтэл тулах цэг, газар шороо гэж байсангүй. Эх, газар дэлхийг цөхрөлтгүй эрсээр л байлаа.

4.
Тэр эх газар дэлхийг цөхрөлтгүй эрсээр л байлаа. Гэсэн ч юу ч эс олжээ. Газар дэлхий, гараг ертөнц аль нь ч үүсээгүй байжээ. Алаг үрээ төрүүлэх эх газар хайсаар юу ч эс олоод цөхрөн баржээ. Тэр эх, буй биеэ эх газар болгож, саамшиж ивэлсэн хоёр хөхнөөсөө цагаан сүүг ариун булаг мэт ундруулж дэлхийн шимийг буй болгожээ. Ийнхүү газар дэлхий буй болсон ажгуу. Дуулав уу, хүү минь! Газар дэлхий бол бидний эхлэлийн эхлэл ганцхан тэр эх л юм шүү дээ.

5.
Дээр хөх тэнгэр цэнхэртэж, хөвөн үүл нүүж, алтан нар хорвоог алаггүй гийгүүлэн, ус булаг урсаж, цэцэг жимс алагласан газар дэлхийд ийнхүү анхны хүн мэндэлсэн юм гэдэг ээ. Анхны хүн өөрийн эхийн буй болгосон агаар тэнгэрээр амьсгалж, алтан нар, ариун ус, алаг жимсээр нь тэжээгдэж өсөн торнижээ. Анхны хүн амьдралыг цөхрөлтгүй эрсээр л байлаа...

6.
Тэнгэр болсон, нар болсон, бас газар дэлхий болсон эх бас л зовлон эдэлжээ. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй учир удаах хүнийг бас үүсгэжээ. Анхны хүмүүс амьдралыг цөхрөлтгүй эрсээр л байлаа.

7.
Энэ орчлонт ертөнцөд эхлээд юу ч үгүй байсан, эх хүн л үрээ төрүүлж, хүмүүн төрөлхтний төлөө өөрийгөө зольж, хорвоо дэлхийг буй болгосон юм гэнэ лээ.
Газар дэлхий дээр хүн үржиж, амьдрал мөнх тасралтгүй үргэлжлэн, түүнээс сайн сайхан хийгээд бас муу муухай ч үүсэн гарчээ.

8.
Хожим нь анхны эхээс үүдэн буй болсноо мартагч үр хүүхдүүд нь хөгжил, хүсэл хоёроо захирч чадахаа больжээ.
Эхийн сэтгэлийн бүхнийг буй болгогч хүчийг сайн үйлс болгон бүтээхийн хамт дарлан дээрэнгүйлэх, дайлан хүчирхийлэх муу үйлсэд ч ашиглах боллоо. Муу нь давамгайлбаас үлгэр эхлэхээс өмнөх үеийнх шиг тийм цаг ирж ч магад буюу.
Сонсов уу, үлгэр эхлэхээс өмнөх аймшигт их албин хоосон ирвэл юу болох билээ.

9.
Газар дэлхий дээр үр төрүүлсэн эх бүхэн өөр өөрийн жаргал зовлонгоор бүтээсэн нэг нэг үлгэртэй. Үлгэр бүхний төгсгөлд эх хүн түүндээ уусан шингэж, гагцхүү үр хүүхдүүд нь амар сайхан жаргаж эхэлдэг юм шүү.

ТӨГСГӨЛ
       
        Одоо энэ үлгэрийг
        Олон хүн мэддэг боллоо.
        Гарал үүсэлдээ буцахын цагт
        Ганцхан хүн л мэдэж үлдэнэ.
TOP