Эсээ

ДӨЛ ХЭРХЭН ГАЛ БОЛЖ БАДАРСАН ВЭ?

 

Далаад оны оюутан цагийн анд нөхөд яруу найргийн хүсэл сонирхлоороо “Гал” болон нэгдэхдээ хожмын цагт Монголын их утга зохиолын нэгэн цаг үеийн түүхийг бүтээнэ гэсэн гэнэхэн мөрөөдөлтэй байсан минь үнэн юмаа. Тэртээ 1974-75 оны хичээлийн жилээс бие биеэ олж нөхөрлөсөөр 1977.11.8-нд “Гал” хэмээх нууц бүлгэм байгуулав. Тухайн цаг үеийн нийгмийн тогтолцоо нь байгууллага байгуулах эрх зүйн орчингүйгээс нууц байсан хэрэг. Байгуулагдсан түүхийг Ү.Хүрэлбаатар маш тодорхой бичсэн. Ерэн он болж бүх юм урван хөрвөсөн хэдий ч “Гал”-ынхан нөхөрлөлдөө үнэнч байж, бие биенийхээ өмнө андын ёсоор үүрэг хүлээж амьдралынхаа үнэт цагийг ч нэг нэгэндээ харамгүй зориулсаар өнөөг хүрэв. Ингэснээр алдсан юм үгүй. Харин ч утга зохиолын их үйлсэд хамтын чиг зорилготой явахын нэгэн сайхан үлгэр жишээ болон үлдэж байна. Уншигчидтай уулзаж байхад “Гал” гэж юу байсан, хэн хэн байсан тухай асууж сонирхох нь бий, тэрчлэн ургаж цэцэглэж буй утга зохиолын бага балчир үеийнхэнд ч сургамжтай юм билүү хэмээн цаг зарж хэдэн үг хэлхсүгэй. “Гал”-дөлүүдээс бүрдэж байсан болно.

Дөл: Бат-Очирын СУНДУЙ (1954-1993) 

Анхны шүлгүүдээрээ цахиур хагалсан хүн бол Б.Сундуй юм.
Алд борхон хагсуургандаа багсайж ургасан хад шиг
Арван наймтай миний сэтгэлд аандаа хурсан онгод
Бичих л байсан санаа минь хайнгуут нэгэнд нь таарч
Бишрэм шүлэг болох ясаа алдаагүй байгаа даа?

хэмээх ихэд хэрсүү бөгөөд уянга утга зохистойёо таацуулан урласан “Бичиж амжаагүй шүлэг” бүтээл нь тэр үеийн залуус бидний “мөрийн хөтөлбөр”, амны уншлага болсон юм. Тэрбээр наснаасаа ахадсан намбатай, нягт нямбай, цэвэр цэмцгэр нэгэн бөгөөд шүлгүүд нь ч яг эзэнтэйгээ адилхан. Шүлгийг утга уянга, аялгуу хэмнэл тэгш, өө сэвгүй урлахын үлгэр бол Б.Сундуй юм. Харамсалтай нь тэр маань “Балжийн зулзаган монос” нэртэй анхны номоо л гаргаж амжсан. Хоёр дахь номоо “Гэгээн алс” гэж нэрлэж, хэвлэлд дөнгөж шилжүүлээд л өөрөө “гэгээн алсад одчихсон”. Азаар тэр номыг нь Ү.Хүрэлбаатар олж авсан, одоо хэвлүүлэхээр зэхэж байна. Гурав дахь номоо бэлдэж байсан гэх боловч одоо түүнийг олж цуглуулахад цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй болжээ. Хууль цаазны дунд сургууль төгссөн тэрбээр утга зохиолын ертөнцөд анхны бүтээлүүдээр танигдан хүлээн зөвшөөрөгдөн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд элссэн боловч Эрхүүгийн бэлтгэлээс яагаад ч юм эргэж ирсэн.

Ж.Саруулбуян, Б.Сундуй бид гурав түүний төрөлх гал голомт нь байх Мөнгөнморьтын Эрэг бүүрэг, Гурван Байдлиг, Хэрлэнгийн хөвөөгөөр цугтаа аялж, хөгшчүүлийн сууринд байх ээжтэй нь золгоод замдаа Их Нацагдоржийнхоо Гүн Галуутайд очиж тав хоног аялсан минь одоо ч сэтгэлд тод үлджээ.

Мөрдөн байцаагч, сонины сурвалжлагчийн алба хашиж явсан ч алинд ч биш, яруу найрагтаа л үнэн сэтгэлээ зориулсан ясны уран шүлэгч байлаа. Эдүгээ уран зохиолд 80-аад оныхон хэмээгдэгч бидний үеийнхний түүчээ нь Б.Сундуй байсан бөгөөд “Бичиж амжаагүй шүлэг” – ээ гүйцэн бичих буухиаг өөрийн үеийнхэндээ даатгаад тэнгэртээ алдарсан юм.

Дөл: Дагвадоржийн ЦОГТ

Тухайн цаг үед Д.Цогт шиг их уншдаг оюунтныг би лав үзээгүй. Сонгодогуудыг цоортол уншина. Уншсанаа нөхдөдөө ярина. Их Б.Явуухулан багш түүнийг тоож “Анхны шангийн дуу” хэмээх ууган номыг нь өөрөө эх барьж авсан. Түүний анхны шүлгүүдийн нэг нь “Жаргалант гол” бөгөөд хүүхэд насны гэгээн мөрөөдлөөр далавчилсан цаасан онгоцоо голын усанд тавьсан, одоо дэлхий тойрч яваа гэх онгодын хөлөгийн тухай юм. Д.Цогтыг бодоход тэр шүлэг нь нүдэнд дандаа харагддаг юм.

Сүү амтагдсан нялх цагаан дуугаар
Үдшийн тэнгэр цангаагаа тайлан саруулсана
Зүрхийг нь дуу гижигдээд амраагүй тэр хүүгийн
Нимгэн цамцан дотор нар шатна...

Дуунд гижигдүүлээд ер амрахгүй, цамцан цаана нь нар шатаж байгаа тэр хүү бол найрагч өөрөө юм. Тэр маш хурц тод сэтгэдэг, энгүүн гүдэсхэн илэрхийлдэг, урт удаан боддог, ховорхон бичдэг, бичсэн л бол ясанд нь тулгаж хэлдэг найрагч. Бидний үеийнхэнд хамгийн их нөлөөлсөн хүн бол Д.Цогт хэмээн О.Дашбалбар нэгэнтээ бичсэн бөгөөд түүнийг “оюуны удирдагч” хэмээн тунхагласан нь буй. Хэнд ч бууж өгөх дургүй омголон О.Дашбалбарыг “номхотгож;

Од байвал

Тод бай! Хэмээн хэдхэн үгээр ирээдүйн замыг нь зааж өгсөн бөлгөө. Д.Цогт маань мэс заслын эмчийн хүнд хэцүү цаг наргүй мэргэжил эзэмшиж бүтээх туурвих бүхий л цагаа хүмүүний амь нас аврах үйлс рүү урсгасан. Гэсэн ч 2002 онд “Үргэлжлэл” нэртэй хоёр дахь яруу найргийн номоо хэвлүүлсэн нь урдаасаа ч үргэлжилж, хойшоо ч үргэлжлэхийн утга учир буй заа. Удахгүй уншигчдад хүрч магадгүй байгаа “Мэс засалч” роман нь Өндөр Цогт хэмээх энэ эрийн хэр зэргийн өндөр оюунтай хүн болохыг илтгэхийн хамт Монголын утга зохиолд бас нэгэн үзэгдэл болон цааш үргэлжлэх байхаа.

Дөл: Цэвээндоржийн ОЙДОВ

Заяахуйяа ховор гоц авьяас, ер бусын адармаат араншин, гойд хурц сэтгэлгээг байгалиас түүнд заяасан бөгөөд тэр 18 хүрэхдээ хэдийн суу гайхамшигийг шууд л бүтээж эхэлсэн юм. Тэрбээр “Хашир малчин” хэмээх томоохон модон сийлбэр хийж Дүрслэх урлагийн музейд шилжүүлэхдээ л “Чингис хаан”-ыг тэр бэрх цагт туурвичихсан юм. Харамсалтай нь тэр бүтээл музейд гарсан түймэрт өртчихсөн. Сийлбэр, уран зураг, монументал чимэглэл, график, шог зураг гээд дүрслэх урлагийг бараг бүх төрлөөр туурвисан. Ц. Ойдов 1992 онд Монгол улсын төрийн сүлд, төрийн хасбуу тамгыг урлах ховор азын тэнгэртэй учирсан. Шүлэг, найраглал, үгүүллэг, тууж, роман гээд утга зохиолын бараг бүх төрлөөр бичдэг боловч түүнээ ер хэвлүүлдэггүй нь хачирхалтай. Монголын утга зохиолд модернизмын үнэр ч ороогүй байх үед тэр жинхэнэ модернист шүлгүүдийг урсгаж байсан. Уран зохиолын “Хөх монголын хас туульс” нэрээр 9 боть ном бэлтгэсэн тэрбээр 2008 онд 1970-80 оны хос уянгуудаа тэргүүн боть болгож “Огторгуйн цагаан зөн” нэртэйгээр хэвлүүлсэн боловч номын дэлгүүрт гаргасангүй. Ц.Ойдовын хос уянга өвөрмөц. Хас утга бүхий сэтгэлгээний хөгжимлөг зураг, мөн уянга ухаарлын дөрвөн мөр. Шүлэг зураг хоёрыг нийлүүлж тайлбаас оюун билгийн зурхайг зурна. Энэ бол нээлт. Ц.Ойдовын тэргүүн боть бол нэг талаас урлагийн бүтээлийн каталоги, нөгөө талаас яруу найргийн эмхэтгэл. Нийлүүлбээс, зурхайн толь. Ц.Ойдовын зургууд хасаар амилж, зураас болгон нь шүлэг уянгална. Уянгалсан зураас нь амьд ертөнцийг урлана. Зураг нь шүлэг, шүлэг нь зураг хүүрнэнэ.

Хурмаст хойморлож хонодог долоон мөнгөн нүд би
Хуурын хоёр чавхдсанд багтаж эгшиглэдэг од би
Хур үнсэж буухад эрхэс өөд өндийсөн өвс би
Хулжсөн хайр эзэгнэсэн өвгөдийн шүлгийн сүнс би. 

Иймэрхүү шүлэглэнэ. Юунд ч эс яарнам бэ? гэж асуувал Ц.Ойдов ганцхан хариулт хэлнэ: “Бийр бэхтэй зууралдаж орь насаа элээхийн учир минь, Би улиран өнгөрөх он жилүүдтэй хамт амьдарнам зээ”.

Дөл: Ядамбатын БААТАР

Тайлагдашгүй оньсого, танигдашгүй ертөнц гэвэл, Я.Баатар. Аравдугаар анги төгсөөд УБДС-д ирэхдээ л тэр Монгол бичгээр буруу солгойгүй бичдэг, анхны шүлгийн номоо бэлдчихсэн, “Үлгэрийн далай”, “Гэсэрийн тууж”-ийг туулчихсан байсан. Сонгодогуудыг түүн шиг уншсан, үндэснийхээ утга соёлын өвийг түүн шиг ухсан хүн ховор. Тэрбээр хэвлүүлэх нийтлэхийг үл яарна. Судлах. Судлах бол чухам түүний онцгой чанар. Ахмад зохиолчдынхоо ном бүтээлийг эмхэтгэх цэгцлэх, үе тэнгийн биднүүсийн шүлэг зохиолыг цуглуулах алдаа мадагийг хянах гээд хийхгүй ажил хүрэхгүй юм үгүй. Нэгэн бодлын судлаад л байгаа хэрэг. Гэтэл өөрийнхөө бүтээлийг хэвлүүлэхийг үл яарна. “Яагаад?” гэж асуувал ганцхан хариулттай. “Хүний хамар насан туршдаа ургадаг юм” гэх. Анхны шүлгийн түүврээ “Уулын бэл өндөр” хэмээн нэрлэсэн тэрбээр Америкт амьдарсан он жилүүдэд бичсэн шүлгүүдээ эмхэтгэж “Бэлээс намхан уул” хэмээх нэрээр ноднин хэвлүүлсэн юм. Ертөнцийн оршихуйн хэмжээс буюу харьцангуйн тухай гэмээр номынх нь нэр Я.Баатарын “хүний хамар насан турш ургадаг юм” хэмээх томьёоллыг нь улам бататгаж Дэлхийн дээвэр болох Эврэст хоёр метр хүртэл нэмэгдсэн тухай санаагаар баяжиж гэлтэй. Цаг хугацааны туршид ургах үзэл бол Я.Баатарын уран бүтээлийн жанжин шугам нь юм. 90-ээд онд бүтээлийнхээ тэргүүн ботийг бэлдсэнээ ярьж байсан тэрбээр эдүгээ лав арваад ботид эмхлэгдэх роман тууж, найраг, судлал байх ёстой. Хав дарахын жишээ бол Я.Баатар юм.

Я.Баатар маань сайн мэдэх хүний хувьд “ХХ зууны монгол зохиолчид” цувралын 47-р боть болгож “Гомбожавын Мэнд-Ооёо” хэмээх түүхэн эсээ бичсэн миний уран бүтээлийн хувьд хамгийн том товчоон болсон юм.

Тэрбээр их Б.Явуугийн ойрын хамаатан. Гэхдээ авга ахыгаа хэзээ ч “ашиглаагүй”. Харин түүнийн 3 ботийг эмхэтгэж, 4 дэвтэр судалгааны ном бичсэн. Б.Явуухуланг түүн шиг судалсан, нээсэн хүн одоогоор байхгүй. Харамсалтай нь хэвлэгдэхгүй л байгаа юм. Их Явуугийн “Би хаана төрөө вэ?” хэмээх алдарт шүлэг нь Монгол цаг тооллын жарны бэлгэдсэн 60 мөртэй, жил сарын мөчлөгөөр 12 бадагтай, тэрчлэн 360 үгтэй болохыг Я.Баатар л олж харсан байдаг юм. Бас л шинэ санаа оноо нэмэгдэж “ургасаар л” буй заа.

Дөл: Ламжавын МЯГМАРСҮРЭН

Анхандаа тэрбээр сэргэн мандалтын үеийн сонгодог уран зураг шиг тод томруун шүлэг бичдэг байв.
Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдаж
Цонхны чинь доор тамхи татан холхиход
Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам...

гэх түүний шүлгүүд ёстой бидний үеийнхний дунд болорын талст мэт гялалзаж байсан билээ. Шүлэг шигээ гялтагнасан алтлаг шар залуу тэр бол хөглөөд орхисон хөгжим шиг дуулах нь халаг, намрын хонгор салхи өвсөнд хуурдах мэт уянгаар бялхан явдаг сан. Л.Мягмарсүрэн бол аливааг тод мэдэрч, сэрсэн мэдрэмжээ шүлэг болгон урлахдаа ч гаргуун хүн. Анхны шүлгийн түүврээ “Урины шувуу” гэж нэрлэсэн түүний залуу насны найраг ёстой л урины шувууд мэт нисэлдэн ирдэг байсан шиг санагдана.

Нарны хөлийг ирвэгнүүлэн

Нялх ногоо цухуйлаа... гэх нь мөнөөх л урины шувуудтай нисч ирсэн бадгууд юм. Анагаах ухааны дээд сургууль төгссөн тэрбээр чагнуур биш шууд л үзэг барьж Монголын радиогийн алтан микрофоны өмнө ирсэн бөгөөд нэвтрүүлэг бэлтгэх шүлэг бичих хоёрхон ажлыг л насан туршдаа эрхлэв. Түүнээс өөр ажилд тэр тэнцэх ч үгүй биз ээ.

Л.Мягмарсүрэн бээр багш шавийн барилдлагандаа чин үнэнч. М.Цэдэндорж, Н.Нямдорж хоёр багшаа эрхэмлэн хүндэлж, асарч тойлж, алив зовлон бэрхийг нь хуваалцана. Анхны ном нь гарч танигдаж эхлэх үеэс Адъяа эгч Явууг эргэж тойлох ажилд бас л Мягааг маань дуудаж тэр тийш гүйдэг сэн. Биднүүс монголын радио хэмээх их айлын гал тогоонд Н.Мятав, Д.Хасбазар, Дэ.Мягмарсүрэн нарын ач ивээл, хайр халамжинд бичиг номын үйлсэд өсөн өндийцгөөсөн, түүнээ ч бахархан дурсах дуртай билээ.

Я.Баатар, Ц.Ойдов, Д.Цогт, Л.Мягмарсүрэн бид хэд 90-ээд онд “Гал” нэртэй сонин гаргаж эхэлсэн боловч 4 дугаар гаргаад больсон. Хожим сэтгүүл гаргах, бүүр цуврал антолог хэвлүүлэх тухай мөрөөдөл тээгээд үлдсэн дээ.

Дөл: Шагдарсүрэнгийн ГҮРБАЗАР

Улсын багшийг дээд сургуульд элсэн орохоосоо өмнө л түүний авъяас билиг тодорчихсон. Шүлэглэдэг, жүжиглэдэг, найруулдаг хүүхэд тэрбээр манай дугуйлангийн “атаман” нь байсан санагдана.

Халуун сэтгэл, дэврүүн онгодондоо ёстой нэг дүрэлзэж явсан үеийг нь би сайн мэднэ. Дугуйлан дээр уншигдсан гайгүй шүлгүүдээ аваад Их сургууль, Анагаахын дээд хэд хэдэн сургуулийг хэсч “бут авахаар” алхцгаадагсан. Хамгийн түрүүнд л Гүрээ шүлгээ уншина. Содон сонин санаа эрж хайна. Мөнгө унаад, түүн дээрээ нүд унаад олны хөл нүдтэй нь цуг гишигчихэж буй тухай Гүрээгийн шүлгийг бид шагшицгааж түүн шиг хурц содон санаа олох эрэлд мордоцгоодог сон. Түүний анхны ном “Дугуй хээтэй наадам”. Бөхчүүд зодогынхоо еэвэн хээг зууван болтол дугтаралцах, хүүхдүүд дээлийнхээ дугуй хээг гээгдтэл хатиралдаж, газар дээрх хүлэг морьдын мөр ч мөн л зоосон дугуй байх Монгол наадмын дүр зургаар дамжуулан нүүдэлчдийн сэтгэлгээний уламжлал хийгээд гоо зүйн таашаалыг дэлгэж үзүүлсэн сайхан шүлэг байж билээ.

Ш.Гүрбазарын олон дуу нь нийтийн сонсох дуртай дуу болж түгсэн бөгөөд тэр яруу найргийг гаргуун унших тул тайзнаас одоо ч буугаагүй л байна.

1976 оны шинэ жилээр шиг санагдана. Бид 19-р хороолол дахь Гүрээгийн хөлсний өрөөнд дуулж бужигнаж байгаад нэг нэг “бенгалийн гал” хэмээх цучил асааж дэвэрцгээгээд “Гал бадартугай” хэмээн хашгиралдаж байснаа тод санадаг билээ. “Гал”-ыг байгууллага болохыг Гүрээ маань эсэргүүцэж “Бид нөхөрлөлдөө сэв оруулчихаж магадгүй юм” хэмээн болгоомжилж байсан санагдана. Гэхдээ л тэр “Гал”-ын анхдагчдын нэгэн. Аандаа Гүрээ маань Үлгэрийн танхимын найруулагч, Монгол телевизийн ажилтан болж, кинонд тоглож, үдэшлэг наадам хөтөлж ийш тийш давхиад бидэнд олдохоо байсан. Тэгсгээд хөндийрсөн дөө.

Миний анзаарсанаар тэр “Гал”-ын тухай дурсах дуртай биш. Түүний шинэ хүрээлэл нь биднийг хүлээн зөвшөөрдөггүй байсантай холбоотой болов уу.

Дөл: Жүмпэрэлийн САРУУЛБУЯН

Хошин шог зургаар эхэлсэн тэрбээр, уянгын таталбар, номын чимэг зураг, хөрөг, уран зураг бүтээхийн зэрэгцээ зохиолч болохоор шийдэж бидний эгнээнд нэгдсэн юм.

Нар тэнгэр хаяалдаж
Навчин шар
Зэсэн улаанаар жаргаж байна... гэсэн мөрүүдийг нь Явуу ихэд тоож, улмаар шүлгийн номыг нь өлгийдөж авсан юм. Түүний зураг шүлэг хоёр хоорондоо салшгүй нэгдмэл. О.Дашбалбар маань,

Жүмпэрэлийн хүү Саруулбуянгийн зурсан
Жүржийн өнгөт нар цаасан дээр улбартана... хэмээн бичсэн нь учиртай.

Театрын зураачийн мэргэжил эзэмшсэн тэрбээр дүрслэх урлаг, утга зохиол хоёрт эн тэнцүүхэн хүчийг үзсээр, улмаар энэ хоёрын тэг дундаас эрдэм судлалынхаа сэдвийг олж морь дүрсэлгээний сэдвээр урлаг судлалын докторын зэрэг хамгаалсан юм. Морь, бөх бол түүний мөнхийн сэдэв. Олон ч ном бичсэн. Ж.Саруулбуян бол цуцашгүй хөдөлмөрч хүн. Өвгөдийн өв эрдэнийг эрхэмлэх, түүнээс суралцах, тэднийг хойч үед хүргэхэд хамгийн их зүйл хийсэн уран бүтээлчийг нэрлэ гэвэл Ж.Саруулбуянг хэлэх байх. “Хэрлэн тэнүүн” хэмээх эсээ роман үүнийг гэрчилнэ. Тэрбээр хэдэн гартай юм бэ гэмээр баруун солгойгүй бичнэ, зурна, судлана. Түүх, угсаатны зүй, археологи, урлаг судлал, шог хошин, уран зургийн зэрэгцээ утга зохиолын бүх төрлөөр туурвина. Түүний бүтээлүүд ултай судалгаа, буурьтай шинжлэл, жинтэй бичлэгтэй. Он цагийн шалгуурыг даах ноён нуруутай. Манай цаг үеийн шалгарсан бичээчийн нэгэн гэвэл Ж.Саруулбуян мөнөөс мөн.

Дөл: Үржингийн ХҮРЭЛБААТАР

Монголын утга зохиол, сэтгүүл зүй, театр судлалд эн тэгш нэр нөлөөтэй эрхэм бол Ү.Хүрэлбаатар. Оюутан байх үеэсээ шүүмж судлал бичиж эхэлсэн тэрбээр урлаг судлалын энтэй эрдэмтэн С.Лувсанвандангийн дэргэд театр судлалаар мэргэшиж, улмаар “Д.Намдагийн туурвил зүй” –гээр докторын зэрэг хамгаалсан юм. “Намдаг судлал” бол театр судлал ч мөн, утга зохиол судлал ч мөн. Судлах, цэгцлэх, шүүн тунгаахын ясны билиг түүнд буй. Монголын радиод намайг байхад “алтан үеийнхэн” хэмээгдэх Э.Оюун, Д.Чимэд-Осор, Д.Намдаг гэх аваргуудыг авчирч студид ярилцдаг байж билээ. Тэрбээр сурталчилан таниулахын хамт судлан нээх ажлаа л хийж байсан хэрэг. Монголын урлаг соёлын томчуудын хэдэн цагийн яриа хөөрөлдөөний бичлэг Монголын радиогийн алтан фондод энэ мэтээр орсон буй. Ү.Хүрэлбаатарыг утгазохиол судлаач Ц.Мөнх абугай өөрийн урлан руу татаж, бас Д.Намдаг гуай театр судлал руу нь чангааж “Гал” бүлгэм яруу найраг тийш хөглөж тэрбээр аль алинаас нь авах юмаа ч авч, аль алинд нь өгөх юмаа ч өгчээ.

“Улаанбаатар” сонины эрхлэгчээр ажилласан он жилүүд бол түүний алтан он цаг нь байсан болов уу. Уг сонин 32, 64 нүүрээр танин мэдэхүйн томоохон дугаарууд гаргаж байсан нь нийгмийн оюун санааны ардчилалд томоохон үйл явдал байлаа. Сониныг тойруулан бий болгосон “Хангарьд” шагнал, Арслангуудын нэрэмжит бөхийн барилдаан, шоу наадмууд нь сэтгүүл зүйн нэр хүндийг дээш суга өргөж байв. Тэрбээр “Ерөнхий эрхлэгчийн зурвас” хэмээх тэргүүн үгүүлэл буй болгож цаг төр нийгмийн асуудлыг алгасалгүй товчоолж байсан нь ямархан сэтгүүлч, шинжээч, бичээч болохын нотолгоо мөн. Зах зээлтэй цуг унаад байсан “Утга зохиол урлаг” сониныг босгож ирээд дараа үеийнхэнд нь шилжүүлэн өгсөн юм даг.

Ү.Хүрэлбаатар “Гал” бүлгэмийн судалгаа шинжилгээ, архив, бичиг баримтыг хариуцаж байв. Тэрбээр архивын баримтдаа тулгуурлан “Гал хэмээх нууц бүлгэм байгуудагдсан нь” хэмээх түүхэн эсээ бичсэн билээ.
Ү.Хүрэлбаатар нөхдийн нөлөөгөөр шүлэг бичиж улмаар “Газрын зүйдэл” номоо хэвлүүлсэн бөгөөд сүүлийн үед “Хайку” шүлэг бичиж, улмаар Японы хайкугийн нийгэмлэг түүнийг талархан угтжээ.

Намрын үд нам гүм
Нар дэрлээд навч унтчихаж
Үүл үнэгчилнэ... гэх мэт

Дууны яруу найраг гэж ярих юм бол тэр өдгөө түүчээлэгч нь яах аргагүй мөн.

Ү.Хүрэлбаатар бол өөрөө том архив. Тэр Монголын театр судлал, утга зохиол судлал, сэтгүүл зүйн их үеийн өв цогцлоогч, шинжлээч, бичиглээч нь төдийгүй өөрийнх нь гуч дөчин жилд бичсэн цогцлоосон өв нь багтахаа байгаад бусдын төдийгүй өөрийнхөө архивч нь болчихоод сууж байдаг билээ.

Дөл: Очирбатын ДАШБАЛБАР (1957-1999)

Арван долоотой жаал хүү Сүхбаатар аймгаас биднийг зорьж ирсэн нь эдүгээн цуут найрагч О.Дашбалбар байлаа. О.Дашбалбар Баруун-Уртаас номын агуулахад оготнын хоол болж буй номуудаас авчирч хотынхонд тараагаад оронд нь шинэ ном шуудайлаад буцна. Энэ хооронд М.Цэдэндоржид шавь орж, бас тэр үеийн Залуучуудын байгууллагын дарга байсан Л.Түдэв гуайтай ч уулзаж амжаад Атарын сангийн аж ахуйд илгээлт авч “Залуу насны тууж” хэмээх роман бичнэ гэсэн төлөвлөгөөгөө танилцуулж амжсан юм. Тактикийг нь бол “Гал”-ынхан бид боловсруулсан хэрэг. Л.Түдэв гуай ухаантай хүн болохоороо омголон шүлэгч бээр залуустай газар очоод алуулна гэдгийг мэдээд хотын эвлэлийн хороонд ажилд авсан нь түүнийг замыг шуудуулсан юм. “Гал” түүнийг Горькийн сургуульд зугуухан бэлдэж эхлэв. Түүнийг бид гэр орноороо дамжуулан “халамжилж” байв. Д.Цогт

Шинээр элссэн гишүүн О.Дашбалбар
Шийдэж явуулсан ажил нь
Шалан дээр ор засах... хэмээн алиалан шүлэглэж байв.

О.Дашбалбар Горькийн сургуулийн оюутан болсон нь ховор аз төдийгүй “Гал”-ынханд ч аятай боломж байлаа. Тэрбээр бидний шүлгүүдийг авч яваад хадмал хийлгэж яруу найргийн семинартаа хэлэлцүүлээд хариуг захиагаар илгээдэг сэн. О.Дашбалбарын ертөнцийг нээхэд “Гал” чухал тулах цэг нь болсон юм. О.Дашбалбар олонтаа бичсэн бөгөөд “Нэхмэлийн шар” хэмээх манай хадамын халаасны өрөөг монголын яруу найргийн “Жанжин штаб” хэмээн тодорхойлсон билээ.

“Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй” хэмээх бүх номынхоо удиртгал шүлгийг ч, нэрийн хуудас болох “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ ч, түүний төлөвшлийн тэнхээг илэрхийлэх “Эх орноо бид өвгө дээдсээсээ хүлээж авсан, үр ачдаа хүлээлгэж өгнө” хэмээх дуулал ч бүгд “Гал”-ын нөлөөнд бичигдсэн шүлгүүд болой. О.Дашбалбар эх орончийн эр зориг, цог заль нь яруу найраг дотроосоо дүрэлзэн өөрөө асч, өөрөөсөө бадарсан бөгөөд түүнийг монголын яруу найргийн суу билиг нь болно гэдгийг хамгийн анх Д.Цогт галын цуглаан дээр нэгэнтээ шууд хэлсэн юм.

Дөл: Данзангийн НЯМСҮРЭН (1947-2002)

О.Дашбалбар “Гал” дотор өөрийн байр сууриа олж аваад Эрээнцавд суугаа Д.Нямсүрэнг дагуулж ирэв. Д.Нямсүрэн “Монтерт унших шүлэг”, “Их хэрлэнгийн ус”, “Гэгээн өглөөний шүлэг” зэрэг цөөн шүлэгтэй “Гал”-д элссэн юм. Өдөржин шөнөжин шүлэг уншиж сонсож байгаад буцна, ирэхдээ дэвтэр дүүрэн шүлэгтэй ирнэ. Ингэж хөдөө буйд тосгоны шүлэгч Д.Нямсүрэн “Гал” дотор өсч дэвжсэнийг утга зохиолын түүх өөрөө гэрчилнэ. Тэрбээр яруу найргийн олон “изм” –ээр толгойгоо угаалгаагүй, элдэв барууны урсгалыг таниагүй хээр хөдөөний утаагүй “цэвэр өвс” байж үе тэнгийнхнийхээ гэгээн тунгалаг уянгаас хур тэжээл авч Дорнын суут найрагч болтлоо өөрийг хөгжүүлсэн юм. Гэхдээ тэрбээр зөвхөн яруу найрагтаа шим авсан төдийхөн биш, оюуны баялагийг өөртөө бүтээх, бие сэтгэлээ хөгжүүлэн төлөвшүүлэх, цаашлаад үгийн шидийг бясалгаснаар ариусал гэгээрлийн замд орохын утга учрыг “Гал” дотроос олж нээсэн билээ.

“Дөрвөн цаг” анх хориод мөр жижигхэн шүлэг байсан юм. “Гал” түүнийг Нацагдоржийн “Дөрвөн цаг”-ийн хэмжээнд томруулах санааг хэлсэн. Тэр ч соргогоор тусгаж томруулан төгөлдөршүүлсэн билээ.

Д.Нямсүрэнг шүтэн бишрэгчид хийгээд, дагалдагчид түүнийг нэг л “нанчид зооглогч согтуу шүлэгч” гэж бодохоос биш, бурханлагаар согтохуйн чинад нууцыг нь даанч мэдэхгүй л дээ. Тиймдээ ч тэр “өтлөхүйн цагт шүлэг минь хувилгаан чанарт шилжиж байна” гэж бичсэн нь учиртай юм шүү. Миний бие тааруу эмнэлэгт хэвтэж буйг сонсоод сэтгэл амраах сайхан үгтэй захиан дотор,

Ашид мөнхийн нар цонхоор чинь гийгүүлтүгэй
Алжаал ядрал тань агшин зуур арилтугай... гэх сайхан шүлэг бичиж ирүүлж билээ. Д.Нямсүрэн “Гал”-ынхандаа хөдөөнөөс захиа бичнэ. Түүний захианууд шүлэг шигээ шидэт үгтэй, сэтгэл амраах амар амгалангийн тарни мэт байдаг сан.

О.Дашбалбар Зохиолчдын хурал, зөвлөлгөөний индэр дээрээс түүний шүлгүүдийг уншиж, утга зохиолынхны ертөнцөд анх зарлаж 1991 онд “Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн” хэмээх хөрөг эсээ бичиж, “Тэр бол Равжаа, Нацагдорж, Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөх цаг айсуй” хэмээн тунхагласан юм. Эд бие биеэ хөөргөн дэвэргэж бүлэглэж байна гэх алтан хошуу дээш нисдэг байсан ч бид түүнийг эс тоон бие биеэ дэмжсээр, дэвжээсээр байлаа.

Дөл: Гомбожавын МЭНД-ООЁО

Уран бүтээлийн журмын нөхдийн хувьд дөч шахам жил нөхөрлөж, бие биеэ түшиж, өргөж дэмжиж, хөгжүүлж, цугтаа өсөн дэвжсэн түүхийг бид бүтээсэн байна. Хэнийгээ ч гээлгүй, хэн нь ч зорилгоосоо ухралгүй хамтын урам зоригоор өгссөөр өөр өөрийн өндөрлөгт нэгэнт хүрчээ. “Гал” бүлгэм нэгэн үзүүрт сэтгэлээр яруу сайхныг цогцлоох, түүний тулд өөрсдөө төгөлдөрших, оюун сэтгэлгээний бүх боломжийг нээх, монголын ард түмний үнэт соёлыг бүтээлцэхийн төлөө зорьсон минь талаар болсонгүй.

Он цагийн өндөрлөгөөс эргээд харахад алдсан юм их байвч, оносон минь илүүтэй байна. “Гал” зөвхөн хувь хүмүүсийн нөхөрлөлийн түүх төдийгүй, утга зохиолын ертөнцөд өөрийн зам мөр, баялаг өв, сургамж, туршлагын түүх бүтээсэн байна. Бид өөр өөр оюуны шүтэн бишрэгчидтэй, багш нартай, тус тусын боловсрол хүмүүжилтэй боловч, суралцах явдал зөвхөн дээрээс бус, дэргэдээсээ бие биеэсээ үлгэр авахын жишээг үзүүлэв.

Бидний ойрын зорилго нь сайхан шүлэг бичих, өөрсдөө ариусах, зогсолтгүй суралцах, эрж хайх... харин холын мөрөөдөл минь өөр өөрийн оргилд гарах, Монголоо дэлхийд гаргах...

Эдүгээ Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөөд байгаагаар ХХ зууны цогтой эх оронч, сод авъяаст хүү, соён гэгээрүүлэгч, цагийг эзэлсэн яруу найрагч О.Дашбалбар, “Дорнын” хэмээн цоллогдох XX, XXI зууныг дамнан эзэгнэсэн суу билигт яруу найрагч Д.Нямсүрэн хоёрыг “Гал” эгнээнээсээ төрүүлсэн байна. “Гал”-ын гишүүн Ц.Ойдов монгол төрийн сүлд, төрийн хасбуу тамгыг бүтээсэн байна. Я.Баатар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян нар докторын зэрэг хамгаалж, Д.Цогт маань Монгол улсын шилдэг мэс засалч эмч, “Гал”-ын дөрвөн гишүүн гавъяат, нэг төрийн шагналтан, хоёр ч хүн Нацагдоржийн шагналтан болжээ. Алдар гавъяаны төлөө бид яваагүй, гэхдээ хэр зэргийн бүлгэм байсны үзүүлэлт юм даа.

Одоо бид Б.Сундуйнхаа өвийг цуглуулж байна, удахгүй номыг нь гаргана.
“Гал” эгнээндээ багын анд Ж.Оюунцэцэг, казах шүлэгч Батешхан хоёрыг элслүүлэхээр ярьж байсан боловч албан ёсоор элсүүлсэн баримт үгүй байна. Ингээд “Гал” эгнээгээ тэлсэн ч үгүй, хумьсан ч үгүй өнөөг хүрчээ.
Яруу найрагчдын зүрхнээс асаж бадарсан энэ “Гал” биднээс хойш ч үл унтрах учир тавиланг нэгэнт бид хамтын урам зоригоороо цогцлоочихсон ажээ.

2013.3.9

Дөрвөн уулын дунд
GUNU сэтгүүлийн 19дүгээр дугаарт нийтлэгдсэн. 2013 он
muzo.mn/mn/1908

 

TOP