Каллиграфи

Каллиграфи

1 Монголын хээр талд малчин айлын гэр бүлд төрж өссөн болохоор миний үзэл бодол, сэтгэлгээний хэв маяг нүүдэлчдийн ...

МИНИЙ КАЛЛИГРАФИЙН ГУРВАН ЭХ УНДАРГА

1
Монголын хээр талд малчин айлын гэр бүлд төрж өссөн болохоор миний үзэл бодол, сэтгэлгээний хэв маяг нүүдэлчдийн уламжлалт ахуй, зан заншил, соёлтой салшгүй холбоотой. Миний хүүхэд ахуй нас монголын нүүдэлчдийн соёлын сонгодог үетэй давхцдаг. Нүүдэл суудал, найр наадам, ёс заншил, үлгэр туульс, морин хуур бүх зүйлс уг язгуураараа миний дэргэд байсан юм. 1960 онд би сургуульд орсон. Тэр жил монгол нүүдэлчдийн уламжлалт мал аж ахуйг хоршоолох нэгдэлжих хөдөлгөөн ялж, уламжлалт хэв маяг бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Сургуульд ч крилл бичиг зааж, оросоос хуулбарласан сурах бичиг үзэж, хичээлдээ мориор очдог байж билээ. Би сургуульд орох үедээ мал маллаж, нүүдэл суудал хийх, тэнгэр харж цаг агаарын төлөв байдлыг мэдэх нүүдэлчний эгэл амьдралын аж төрөлд багагүй дадсан байлаа. Наад зах нь адууны гурван зуу орчим зүсийг ялгаж чаддаг болсон байв. Гэтэл сургуульд ороход улаан, ногоон, цагаан гэх мэт үндсэн таван өнгө болон, арвын доторх тоог зааж эхлэхэд нь баахан гайхаж байж билээ.

Ингэж би нүүдэлчдийн язгуур соёл хийгээд орчин үеийн соёл боловсролын орос маягийн ном хоёрыг тээж эхэлсэн юм. Анх таван настайд аав минь цасан дээр дэрсээр зурж худам монгол бичгийн цагаан толгой заасан юм. Гэвч аажимдаа монгол бичиг хийгээд, уламжлалт зан заншил, сүсэг бишрэл бүхэн үеэ өнгөрөөсөн хуучин зүйл тул тэр бүхэн одоо цагт хэрэггүй юм байна гэж ойлгуулах болсоноос хойш түүнээ мартсан хэрэг.

Би 13 настайгаас шүлэг бичиж эхэлсэн. Улмаар 18 нас хүрэхэд миний шүлгэнд хуучин уламжлалт ахуй, нутаг ус, байгаль, зан заншил, ардын дуу, морин хуур илүү их бичигдэх болж өв соёл руугаа тэмүүлэх, түүнийг танин мэдэх гэсэн хорхой хөдөлж эхэлсэн шиг санагддаг юм.

Улмаар оюутан болсон үеэс монгол өв соёлоо таних гэсэн хүсэл улам оргилж, хуучин ном цуглуулж улсын төв номын санд сууж, эртний судар номыг дэс дараатай уншиж эхэлсэн. Яг энэ үе бол, марксизм, ленинизм хийгээд Лениний үзэл санаа хуучин ЗХУ-ыг тахин шүтэж байсан цаг л даа. Ингээд надад бас л үзэл санааны хоёр шугам яваад байсан. Хуучинаа, өв уламжлалаа танин мэдэх гэсэн мөрөөдөл, цаг үетэйгээ зохицож, орчин үеийн боловсрол олж ажил амьдралд хөл тэнцэн зорьсондоо хүрэх энэ хоёр.

Ялангуяа энэ цаг үед миний яруу найрагт монгол эртний үг, хэл найруулагын хэв маяг, уламжлалт сэтгэлгээ бүүр ч хүчтэй илрэх болж бас утга зохиолын шүүмжлэгчдээс “хуучныг баримлагч” хэмээх хоч зүүж байсан юм. Гэвч би зорилгоосоо ухраагүй.

1978 оноос үндэсний радиод ажиллах болж тэнд “Монголын эртний уран зохиол”, “Дорно дахины уран зохиол” , “Соёлч радио”, Ардын аман зохиолын “Билгийн далай” зэрэг нэвтрүүлгүүдийг хийж цацдаг байв. Энэ нь өөрийн үзэл санааг илэрхийлэх аятайхан индэр болж байлаа. 80-аад оны дунд үеэс төвийн сонинуудад хуучин уран зохиолын бичиг дурсгалуудыг шинэ бичигт буулган нийтлэхийн хамт, өв соёлоо сэргээх хуучин уран зохиолын дурсгалуудыг судлах, хэвлэх талаар бичдэг байв. Улмаар 1980-д оны сүүл үеэс Монгол орон даяар нийгмийн ухамсар сэргэж, аливааг ил тод ярих бичих болж эхэлсэн. Чухам энэ үеэс бидний хэдэн зохиолч, эрдэмтэд 1940-д онд Сталины шахалтаар устгасан үндэсний бичиг соёлоо сэргээх, улмаар Улсын бичиг болгох санаачилга хөдөлгөөнүүдийг өрнүүлж ардчилсан хувьсгалын салхийг хөдөлгөж байсан билээ.

Би 1990 онд Монголын соёлын сангийн гүйцэтгэх захиралын албанд томилогдож, улмаар 1930-аад оны соёлын хэлмэгдүүлэлтэнд өртсөн монголын соёлын гайхалтай өв болох 26,5 метр өндөр “Мигжэд Жанрайсиг” хэмээх Буддын шашны сонгодог дурсгалыг сэргээн бүтээх бүх ард түмний хөдөлгөөнийг өрнүүлж бүтэн 6 жилийн туршид хийж гүйцэтгэсэн юм. Энэ нь монгол түмний үндэсний бахархал, өв соёлоо сэргээх үзэл санаа, үндэсний ухамсарыг бадраасан үйл явдал болсон хэмээн үздэг юм.

1993 онд доктор, профессор Д.Цэрэнсодномын хамт 1937 онд хэлмэгдсэн монгол хэл бичгийн их эрдэмтэн Б.Шагжийн “Монгол үгийн тайлбар толь” хэмээх хэвлэгдээгүй байсан бүтээлийг олж хэвлүүлсэн хийгээд 1990 оны цагаан морин жил “Монгол бичгийн ардын хүрээлэн”-г байгуулалцаж, хаврын тэргүүн сард Төрийн ордонд болсон Монгол бичгийн анхдугаар чуулганаас төр засагт өргөх бичгийг боловсруулан оруулж байв. Уг өргөх бичигт 1994 оноос 2000 оны хооронд монгол бичигтээ бүрэн шилжих, боломжтой гэсэн эрдэмтэдийн санааг толилуулан 1992 онд Улсын бага хурлаас “Монгол бичгийг сэргээх” хууль гаргуулах зэрэг үйлсэд оролцсон нь миний амьдралын намтрын чухал хэсэг юм. Харамсалтай нь 2000 оноос монгол бичигтээ шилжих 1992 оны хуулийг 1994 онд хүчингүй болгосон нь манай түүхийн нэгэн харамсалтай хэсэг гэж би боддог юм. Чухам энэ үеэс үндэсний бичиг өв соёлоо сэргээх нийтийн ирмүүн үйлс саармагжиж эхэлсэн дээ.

Миний бие 1990 оны сүүлч үе, 2000 –аад оны эхэн үеэс монгол уран бичлэг буюу каллиграфийг сэргээх хөдөлгөөнийг өрнүүлж улмаар 2006 онд Монголд зохион байгуулсан Дэлхийн яруу найрагчдын XXVI их хуралд зориулсан “Монгол яруу найраг ба каллиграфи” хэмээх томоохон үзэсгэлэнг дэлгэж үзүүлснээр монголд шинэ цаг үед каллиграфийн урлаг дахин сэргэн мандаж эхэлсэн гэж боддог юм. Үүнээс хойш жил бүр Монголд каллиграфийнүзэсгэлэн тогтмол зохион байгуулагддаг болж, энэ урлаг руу олон залуу бүтээлчид нэгдэн орж ирсэн юм.

2
Яруу найраг хийгээд уран зохиолтой хамт амьдарсан он жилүүдээ эргэн харахад миний уран бүтээлийн бүх түүх бол монгол язгуур мэдлэг, уламжлалт сэтгэлгээ, байгаль дэлхий, уугуул соёл руугаа тэмүүлсэн дотоод нислэг байжээ хэмээн бодогддог юм. Намайг байнга хөглөж, өдөөн дуудаж байдаг дөрвөн хүчин зүйл буй. Тэр нь миний төрсөн эх нутаг, төрөлх монгол хэлээр минь туурвигдсан эртний уран зохиолын дурсгалт бичгүүд, морин хуурын аялгуу, нүүдэлчний язгуур ухаан мэдлэг энэ дөрөв юм. Монгол бичиг, өв соёлын төлөөх тэмцлийн эхэн он жилүүдэд би бийр бэх нийлүүлэн өөрийн оюун санаа, дотоод ертөнцийг илэрхийлэх боломж байгааг олж харсан. Ингээд бийр бэх, цаас нийлүүлж анхныхаа каллиграфиудыг хийж эхэлсэн. Миний эхэн үеийн каллиграфиуд бол байгалийн дүрслэл дээр өөрийн шүлгийг монгол бичгээрээ энгийн даруу бичсэн ажлууд байлаа. Дараа нь бийрийн хөдөлгөөнөөр шүлгийнхээ хөг аялгууг дүрслэх гэж оролдсон. Чухам энэ үед яруу найраг каллиграфи хоёр нэгэн эх үүсвэртэй. Нэгэн юмны салшгүй хоёр тал гэдгийг олж, өөрийн тэмдэглэлийн дэвтэрт түүнээ илэрхийлэх болсон юм. Японы хайкугийн эцэг хэмээх Башёгийн шүлгүүдийн онгодыг одоо ойлгохын тулд орчин цагийн хэлээр унших нь хангалттай бус, түүний гар бичмэл дэх зураас тэмдэглэгээ, бийрийн хөдөлгөөний хэм хэмнэлийг хүртэл мэдрэх хэрэгтэй. Ингэж түүний яруу найрагт гүн гүнзгий нэвтрэх боломжтой.

Би өөрийн ихэнх шүлгүүдээ крилл бичгээрээ гар бичмэлээр бичиж заншсан юм. Өөрийн гар бичмэлүүдийг эргэн үзэхдээ уг шүлэг дэх анхны онгод буултын үеийг эрхгүйеэ олж хардаг. Ингээд би бийрийн уран дүрсэлгээг гар бичмэлтэйгээ хослуулан бичих каллиграфийн шинэ хэлбэр олж авсан юм. Миний сүүлийн 3-4 жилийн каллиграфиуд иймэрхүү. 2009 онд “Утгын болор сүм” хэмээх каллиграфийн томоохон үзэсгэлэнгээ дэлгэж уг үзэсгэлэнг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирж нээж байсан. 2010 онд монголын каллиграфийн их мастер Д.Баттөмөртэй хамтарч “Дэлхий ээж” хэмээх каллиграфийн томоохон үзэсгэлэнгээ дэлгэсэн. Уг үзэсгэлэнгийн каллиграфиуд өөрийн өвөрмөц онцлогтой. Д.Баттөмөр  миний яруу найргийн “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан” хэмээх хоёр номыг уншаад төрсөн онгодоороо  бийрийн гайхамшиг болсон 60 бүтээл хийсэн. Би түүний каллиграфийг үзээд миний ямар шүлгийн ямар мөр бадгийг илэрхийлж буйг олж мэдрээд уг шүлгээ өөрийн гар бичмэлээрээ анх бичсэн мэдрэмжээрээ таталган бичсэн. Үүний дараа Д.Баттөмөр бид хоёр өөр өөрийн каллиграфийн тамгаа дарсан. Ингэж нэг хавтгай дээр хоёр хүний онгодоор уг каллиграфиуд бүтсэн юм. Зарим бүтээлүүдээ худам монгол бичгээрээ бичдэг боловч, ихэнх шүлгээ крилл бичгээрээ анх бичсэн учраас сэтгэлийн догдол, онгодыг буулгахад энэ нь надад илүү тохиромжтой байлаа. Харин миний бийрийн татлага, зураас, хөдөлгөөн, тамган дах дүрслэл, тэмдэглэлүүд нь төрөлх монгол бичгийг илүү тодорхой илэрхийлнэ. Бийрийн өргөн зураас татлага, аяс нь монгол бичгийн зурлагын намба аясын шууд үргэлжлэл гэж үзвэл зохино. Сүүлийн үед орчин цагийн каллиграфийн урлаг бичиг үсгийн урлагаасаа улам хэтийдэн хөгжиж байна.

Ялангуяа бэхэн зургийн урлагтай зарим талаар нэгдэн нийлж буй нь ч ажиглагдана.

Каллиграфийг бүтээх цагийг голдуу өглөөний тунгалаг нартай, эсвэл хур бороотой гэгээлэг сайхан үеийг сонгоно. Бэхээ найруулах ус нь уулын булгийн тунгалаг ундрагаас авсан амьд ус байна. Цаасан дээр өглөөн нар тусах, хур борооны дусал сүрчих, агаарын тунгалаг, өвс ургамалын анхилуун үнэрийг бэхэндээ шингээж бясалгана. Дүрслэх зүйлээ сэтгэлдээ төвлөрүүлэн бясалгаж, хамгийн гэгээн гэрэлтэй бодол санаа, шүлгийн бадгаа санаж, цаас, бэх, бийр би өөрөө нэгэн биед нэгдлээ хэмээн санаж каллиграфаа бүтээнэ. Каллиграф бол агшины урлаг тул, засах сайжруулах нэмэж ажиллах боломжгүй.

Түүнчлэн, бясалгал, оюун санааны төвлөрөл, сэтгэлийн эрчимт хөдлөлөөр бүтдэг тул уг эрч хүч бүтээлээс байнга цацарч байх долгионлог шидэт чанартай гэж үздэг. Зарим каллиграфийг бичихэд өвс ургамал, уул ус газар шорооны ширхэгийг бэх найруулах усандаа шингээх явдал ч буй. Үүнийг ойлгуулахын тулд,

“Уураг бай ба каллиграф” хэмээх шүлгээ энд хавсаргав.

УУРАГ ЦАЙ
Д.Баттөмөрт
 
Үүрийн туяа булгийн усыг улам тунгалагшуулна
Арцын үнэр сэн татаад агаар улам ариусна
Мөнх тэнгэрийн адистай уулын булаг ход ход гэнэ
Мөнгөн завъяанд уудлахуйяа улам уламаа болоршин
Мянган цэцэгсийн шүүдэр үүл манантай нийлнэ
Мяралзах цагаан үүл уулын бэл рүү гулсана
Өглөөн амгаланг бахдаж данан бялхуухай жиргэнэ
Хөхөө донгодно. Завъяатай аршаанд дуу уусна
Уулын жим мушгин ташгин. Униар будан шингэрнэ.
Усны харгиа ход ход гэсээр хөвдөн доогуур шургана.
Шинэ өглөөний нар, салхи, цэцгийн тоос гэр дүүрнэ
Ширээн дээр дэлгэсэн цаас юу нэгнийг хүлээнэ
Усан бөмбөлөг нулимс мэт бийрийн үзүүрээс бөмбөрч
Ургамалын ханд анхилсан бэхэс үүл мэт нүүнэ
Цагийн хүрд тэнгэртэй цуг цаасан дээр амсхийж
Цайны уур, үүл манантай уусан замхарна.
Хүсэл мөрөөдөл уянганд шилжээд бийрийн мөр дагаж
Хүмүүн биеийг орхин, сэтгэлийг тээж одно
Утга уянгыг буй ертөнцөөс бийрийн үзүүрээр гогодож
Урьд залуугийн татлаад гээсэн шүлгийн учгийг татна
Ус гал хоёр бүрэлдэж уураг цай даргилна
Уг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтнэ.
Цагаан талд номын үсэг тэрэгний мөр шиг зурайна
Цадиг түүх цаг хугацаатай цуг Шамбалын эринг хүлээнэ.
2011.8.4

Би нэгэн удаа компьютер дээр шүлэг бичиж “сурахаар” шийдэв. Болж байна аа. Ялангуяа урьд бичсэнээ арилгаж, дахин шинээр эхлэх, үг солих, байршил өөрчлөх гээд бас шүлгийн бадаг өрөлт хэм хэмнэлээ тохируулахад ч аятай эвтэй гэдэг нь гайхалтай. Шүлгээ бичиж дуусаад хэвлэж тавьлаа. Уншлаа. Анхны төрсөн онгод сэтгэл хөдлөл түүнд алга байлаа. Өмнө нь бичсэнгар бичмэлээ харахад хэзээний амраг садан мэт танил дотно. Яарсан, сэтгэл догдолсон, хүлээсэн гацсан, эргэлзсэн, өмнөхөө дараад үгээ сольсон, цэг таслал, чичирхийлсэн зураас... бүгд амь амьдралын минь явж өнгөрсөн зам мөр мэт тод дурайна. Ийнхүү миний гар бичмэл бол шүлгийн минь амь сүнс, авшиг сүншиг юм гэдгийг ойлгосон юм. Түүнчилэн зохиолчийн гар бичмэл бол ахин хэзээ ч давтагдашгүй өөрийнх нь зүрхний цохилт, халуун амьсгалын ул мөр юм, тодорхойёо томьёолбоос каллиграфи юм даа.

Каллиграфийг монгол хэлнээ яг онож хэлэх үг одоохондоо олдоогүй л байна. “Уран бичлэг” хэмээн нэгэн хэсэг хэлж бичсэн боловч яг онохгүй байгаа юм. Өнөө үеийн нэгэн авьяаслаг каллиграфч, монгол үсэг бичгийнхээ үүх түүхийг гаргуун сайн судалсан эрдэмт дүү Т.Жамьянсүрэн нэгэнтээ лекцэндээ каллиграфийг монгол хэлээр юу гэж хэлэхээ онож өгөхгүй байна хэмээгээд “яруу найраг” хэмээх үгээр түр орлуулан хэлж билээ. Үнэхээр ч каллиграф, яруу найраг хоёр маш ойрхоны элгэн садан гэдгийг л нотлоод байгаа хэрэг.

3.
Монголчуудын бичиг цаасан дээр тамга дарсан гэрч баримт XIII зуунаас эдүгээ хадгалагдан үлджээ. Тухайлбал Гүег хааны хасбуу тамга дарж монгол бичгээр бичээд Францын Гоуа Филипп хаанд илгээсэн бичиг байна. Эх тамга нь эдүгээ хүртэл олдоогүй байгаа ч дардас нь үлдсэн юм. Уг дардас бол Гүег хүртэл уламжлан ирсэн Чингис хааны хасбуу тамганы дардас байх гэж түүхчид үздэг. Мөн цаг үетэй холбоотой тамганууд олдсоор байна. Тухайлбал миний төрөлх нутаг болох Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой дахь булшнаас археологич Ц.Төрбат XIII зууны үеийн бичгийн хүний хэрэглэж байсан дөрвөлжин үсэгтэй ясаар урласан номын тамга олдсон нь монголчууд хувийн тамга эрт үеэс хэрэглэж байсны гэрч ажгуу. Хүннү гүрний үед ч тамга хэрэглэж байсан ул мөр бий.

Монголчуудын дээд өвгийн тамганы соёл гэж ярьвал бүүр урагшилна. Эдүгээ монгол нутгийн хад чулуунаа тэмдэглэн үлдсэн тамганы дүрс тэмдэглэлүүд нь наашлаад 3000, цаашлаад хэдэн арван мянган жилээр яригдана. Эртний овог аймгуудын сүрэглэн нутаглаж, тахилга зан үйлээ хийж байсан, ан гөрөө эрхлэн, адуу мал гаршуулан эдэлж байсан үүх түүхийг хаднаа дүрслэн зурж үлдээсний зэрэгцээ, үсэг бичиг гэхээр элдэв тамганы дүрсүүд хад чулуунаа хадгалагдан үлджээ. Тэдгээр нь овог отгийн эрхэмлэх онго шүтлэг, тотем, сүлд нь юм. Магадгүй отог овог задран нийгмийн өөр байгуулал үүсэх явцад мөнөөх тотем онго адууны тамга болон эдүгээ үе хүртэл уламжлан хадгалагдсан нь лавтай. Мөн хувцас эд өлөг хийгээд хүмүүсийн сахиус зүүлт, айл гэрийн шүтээнд хадгалагдан явсаар улмаар бичиг үсгийн үүсэлтэй ирж нийлэв. Ийнхүү хад чулуунаа сийлэгдэн үлдсэн эртний нүүдэлчдийн онго шүтээний дохио тэмдэглээ нь аажимдаа бичиг үсэг болтлоо хөгжиж бидний үед хүрч ирсэн нь лавтай.

Бичиг үсэг цэцэглэн хөгжихдөө уг удам гарвалаа хадгалан санагалзахын хууль жамаар буцаад өөрөөсөө номын тамгыг төрүүлсэн байна. Номын тамганд бичиг үсгийн төдийгүй, хүний оюун ухааны хөгжлийн бүхий л түүхийг хураангуйлах томьёолол нь эртний отог овгийн сүлд, тотем лугаа эргэн холбогдож байгаа нь ертөнцийн зөн билгийн хууль жам бөлгөө. Монголчуудын адуу тамгалах соёл хийгээд ном бичигт тамга дарах ёс нь эрхэм дээд бэлгэдэл санаагаа оршоож буй утгыг илэрхийлнэ. Адуу тамгалах соёл нь нүүдэлчний ахуй амьдралтай цуг хадгалагдан үлдээд ном тамгалах соёл нь ялангуяа ХХ зуунд бараг мартагдан гээгдэх шахсан юм. Энэ нь мөнөөх 1930-аад оны хэлмэгдүүлэлт, соёлын егүүтгэл, монгол бичгийг устган халсан, үндэсний бахархалыг нухчин дарсантай холбоотой. Харин Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн тэргүүт цөөн тооны бичгийн мэргэд, Б.Явуухулан, С.Эрдэнэ тэргүүт зохиолчид хувийн номын тамгатай, түүнээ бичиг захидал болон хувийн номон дээр дардаг байсан бөгөөд тамганы соёлыг тасалдуулалгүй өдгөө үед залгуулсны гэрч нь болой. Дал наяад онд шүлэг зохиолд хорхойсч байсан бидний залуус тэдгээр мэргэдийг дуурайн “экслбүрис” хэмээх тамга өөрсдөө зохион номон дээрээ дарж “сониучирхаж” байсан нь мөн л үл тасрах учиртай соёлын зөн билиг байсан гэлтэй.

Эдүгээ тамганы соёл сэргэсэн нь монгол бичигээ дахин бадраах гэсэн үзэл санаа дэлгэрсэн цаг үетэй холбоотой.

Наяад оны сүүл үеэр би Арсланбаатар хэмээх уран залуугаар жижигхэн чулуун тамга сийлүүлсэн юм. Уланд нь өөрийн нэрийг “баяр” үсэг буюу угалзан үсгээр өөрөө тиг гаргаж хийлгэсэн бөгөөд тэр үед хувийн номон дээрээ дардаг байв. Ооёо гэх үгийг яаж бичих тухай тэр үеийн бичгийн мэргэд яг тогтоогүй байсан бөгөөд нэгэн өдөр Чой.Лувсанжав багш, Дашцэдэн профессор, Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн гуай гурав хэлэлцэж байгаад тогтоосныг баримтлан өөрчилж eooIT гэж байсныг eooYO болгосон юм.

Би ч бас тамгаа өөрчилж Жалайр Батбаяраар эх загвар гаргуулаад төмөр бараар тамгаа сольсон. Миний шинэ цаг үеийн анхны тамга энэ юм. Дараа нь би Алтан-Овоо номондоо зориулж 1993 онд Г.Чуваамид гуайгаар модоор сийлүүлж тамга бүтээсэн. Эх загварыг нь зураач Д.Чинтогтох гаргасан юм.

Наяад оны дунд үед би зах дээрээс хуучны арслангийн сийлбэртэй ясан тээг сониучирхан худалдаж авсан бөгөөд арваад жилийн дараа урлаач Цогдоржоор уланд нь биргаа бүхий эвхмэл “мэнд” хэмээх бичээс (эскизийг нь өөрөө гаргаж) сийлүүлсэн нь миний хамгийн олонтаа хэрэглэдэг номын тамга болсон юм. 2006 онд Тайваньд миний “Цаглашгүй гэрэлт” хэмээх яруу найргийн ном хятад хэлнээ хэвлэгдэхэд уг номонд зориулж “Хөхдэй Гомбожавын Мэнд-Ооёо” хэмээх үгийг сийлсэн билигт гөрөөсний сийлбэртэй цагаан хаш чулуун тамгыг Юй Сй анд маань надад бэлэглэсэн юм. Хожим нь мөн Тайваниас ирүүлсэн улаан ягаан судалтай хаш чулуун гоёмсог том чулуунаа Т.Жамьянсүрэн дүүгийн эх загвараар мөн “Хөхдэй Гомбожавын Мэнд-Ооёо” хэмээх үгийг соёмбо үсгээр сийлүүлэн залсан бөлгөө.

Монголын каллиграфын их мастер Д.Баттөмөр дүүгийн бэлэглэсэн монгол хийцийн гуулин арслангийн уланд:

Нас бат

Билиг мэргэн

Буян арвин хэмээх үгийг сонгодог бичгийн үеийн тигээр бичиж А.Энхдаваагаар гуулиар урлуулсан, мөн мэндчилгээ амар амгалангийн утга илэрхийлсэн хөөрөгний дүрслэл дотор “мэнд” хэмээх үгийг эвхэн бичиж Жалайр Батбаяр дүүгээр говийн баргилт чулуунаа сийлүүлсэн, алдарт сийлбэрч Г.Төртогтохоор дэргэж буй морины дүрсмодоор сийлүүлсэн зэргээр миний номын тамганууд монголын энэ үеийн мастеруудын урлахуйн шастиртай холбоотой билээ.

2009 онд “Утгын болор сүм” хэмээх каллиграфын бие даасан анхны үзэсгэлэн болоод “Дэлхий ээж” дуу зохиогдсоны 30 жилийн ойд зориулж нэгэн том тамгыг модоор сийлүүлсэн нь Чингис хааны хасбуу тамганы уламжлалыг дүрслэл, тигэнд нь шингээсэн болой. Гэхдээ Гүег хааны /Чингисийн/ тамганаас хэмжээгээр арай бага, XIII зууны монгол бичгийн тигээр “Дэлхий ээж тандаа би хайртай” хэмээх үгийг дөрвөлжин хүрээн дотор сийлсэн. XIII зуунд монголчууд хүн төрөлхтний дэлхий нийтийн нэгдмэл энх амгалан оршихуйн санааг анх гаргасан” хэмээх алдарт Монголч эрдэмтэн Латиморын томьёоллыг санагалзаж бодсон юм. Мөн өөрийн зохиосон “Дэлхий ээж” хэмээх дууны утга ба аялгуу, дотоод сэтгэлийн тунхаглалын хураангуй энэ болой. Пирамид-уул хэлбэрийн оройд ихэсийн малгайн жинс хэлбэртэй бөмбөрцөг залж, пирамидын дөрвөн талд уул ус, байгалийн дүрслэлийг монгол зургийн зохиомжоор сийлбэрлэн Г.Төртогтохын шавь сийлбэрч Гансүх урласан болой. Энэ мэт миний тамга болгон түүх ба утгыг үгүүлнэ. Тамга бол эзэн бичээчийн гарын халуун илч, тамганд бичигдсэн үгэн-урлал, бусад дүрслэлийн утгыг байгалийн улаан өнгөт тосонд шингээн он цагийг давуулан цаасан дээр дарж илгээж буй шидэт эрчим юм.

Ер нь тамганы бичээс бол тарни мэт томьёо, хураангуйлал, эрчим ажгуу.

2012.VII.31
2012.XII.23

Каллиграфи
TOP