МЭНД- ООЁО ЭРХЭМИЙН ТУУРВИЛААР ЦЭНГЭЖ, ОРЧУУЛАХЫН ЖАРГАЛ
МЭНД- ООЁО ЭРХЭМИЙН ТУУРВИЛААР ЦЭНГЭЖ, ОРЧУУЛАХЫН ЖАРГАЛ
(Энэхүү бэсрэгхэн өгүүлэмжийг миний бие Мэнд-Ооёо эрхмийн мэндэлсэн өдөр, бас "Шилийн богд /Шармаань" романыг нь орчуулж хэвлэлийн газарт шилжүүлсэн баяр баясгалангаа тэмдэглэн, улмаар түүний уран бүтээлийг англи хэлт уншигчидад зориулан орчуулж оршиохын баяр бахдал – эвэршээл бэрхшээл – гоо сайхнаас та бүхэнтэй хуваалцан өгүүлэхийг хүссэн билээ. )
Монгол бол барууны аялагчдын хувьд тухайлан сайн мэдэхгүй чиглэл, утга зохиол нь бол бүр олон нийтийн хүртээл бараг болоогүй тийм л айл юм. Мэнд-Ооёо эрхэмийн уран тансаг ертөнцөд хөл тавихын өмнөх барууны олон уншигчдын Монголтой холбогддог гагцхүү сэжим нь Чингис хаан байж мэдэх тул бид энэхүү аялалаа ч Чингис хаанаас эхэлж болох юм.
Орчуулагч миний гол ажил бол зөвхөн тухайн үг, өгүүлбэрийг орчуулах төдийхөн биш, харин тэдгээр үг, өгүүлбэрийн хэрэглээгээр илэрхийлэгдэж буй соёл, бүтээн туурвиж буй үүх түүхийг бүрэн дүүрэн орчуулж, оршиох явдал юм. Чингис хаан төвтэй Монгол Улсын зохиолч Мэнд- Ооёогийн уран бүтээлийн үндсэн дүр төрх нь эцэг эх болоод настан буурлуудын хүүрнэх үлгэр, түүхийг сонсож өссөн бага нас, эрдэмт багш нараасаа номын авшиг хүртсэн багшийн сургуулийн оюутан ахуйгаас нь хэлбэржиж бүрэлдсэн мэт санагддаг юм. Тэрээр “Алтан овоо” хэмээх анхны хүүрнэлт уран зохиолын бүтээлээ 1980-аад оны сүүлчээр туурвисан байдаг. Энэ нь уг зохиолын нэр болсон Дарьганга нутгийн нэгэн уулын тухай үүх түүх, хууч яриа зэргийг уран бөгөөд шинэлэг байдлаар амилуулахын дашрамд өөрийн намтарыг төрсөн нутагтайгаа хүйн холбоотой шигтгээ чимэг болгон тэрлэсэн бүтээл юм. Удаах бүтээлүүд нь Монголын түүхээс улбаатай явдлыг уран зохиолын хэлбэрээр, тэгэхдээ уншигчдын оюуныг цэнгүүлэхийн сацуу бас соён гэгээрүүлэх шинжтэй бичигдсэн " Гэгээнтэн", "Шилийн богд" зэрэг романууд болно.
Орчуулгын уран зохиолын барууны уншигчдын хувьд түүнийг ойлгож, хүлээж авах арга зам нь монгол уншигчдынхаас ихээхэн өөр байх нь дамжиггүй биз ээ. Монгол уншигчид нь зохиолынхоо түүхэн хөрс, нөхцөл байдал, олонтаа таарах газар усны болон түүхэн хүмүүсийн нэрстэй хэдийнээ танил дасал тул өгүүлж буй үйл явдлыг [оршил, өрнөл, тайлалыг] ойлгох тухайд бэрхшээх зүйлгүй. Гэтэл энэ бүх мэдээллийг орчуулан англи хэлт олон нийтэд дурайтал толилуулахын тулд тэдгээр харийн газар ус, хүний нэрс тэргүүтнийг уншигчдад амар дөхөм байхуйцаар, үйл явдлын өгүүлэмжийг Мэнд-Ооёогийн өөрийнх нь үзэлтээс өчүүхэн ч зөрүүлэхгүй мөртлөө, английн түүхэн утга зохиолын хэв маягтай зохилдонгуй арга хэлбэрээр буулгах шаардлагатай болно.
"Гэгээнтэн" романыг орчуулж байхдаа миний бие урьд нь зохиолын гол баатар тавдугаар дүрийн Ноён хутагт Данзанравжаагийн айлдаж асан тэр л Очирт хөлгөний ёсыг судлаж, дадуулж явсны хувьд эл номыг хүлээж авах ойлголт маань шашин номын олон тал, нэр томьёо, зан үйл зэрэгтэй огт танил бус барууны уншигчидаас арай өөр, монголын уншигчидтай илүүтэй ойр дөхөм гэдгээ өөрөө өөртөө байнга сануулж байлаа. Энэчлэн "Шилийн богд/Шармаань" романд Тоорой бандийн бурханы шашны суурь мэдлэг болон эхийнх нь бөө мөргөлийн уг, аль алийг нь нэлээн нарийн өгүүлсэн байдаг.
Миний хувьд Мэнд-Ооёо эрхэмийн уран бүтээлийг англи хэлэнд орчуулахын нэгэн сонирхолтой бөгөөд сайхан тал нь Монголын шашин, соёлын өв уламжлалын өвөрмөц утга агуулгыг, ялангуяа энэ нь Манж Чин улсын эрхшээлд байсан XIX зууны үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал дунд
ямархан байсныг англи хэлээр хэрхэн илэрхийлж, яаж зөв дамжуулах вэ хэмээн чадах мэдэх бүхнээ шавхаж суух байдаг юм.
Орчин цагийн Монголын утга зохиолд Мэнд-Ооёогийн оруулж буй нэгэн онцгой хувь нэмэр бол түүний шашин номын боловсрол болон хүмүүний өр нимгэн уян зөөлөн чанар хэмээх хос, магадгүй нэгдмэл буюу нэгэн цул болсон тэр дуран авайгаар үүх түүхийг амилуулан босгож ирдэгт оршиж байна. Хэдийгээр маш нягт, нарийн бөгөөд яруу найргийн шинжтэй боловч түүний зохиолын бичлэгт бас егөөдөл ёгт өнгө аяс хааяагүй илэрхийлэгдэнэ. Ялангуяа "Шилийн богд/Шармаань" романы эзэрхэг түрэмгий, хомхой сувдаг агаад санаа томтой түшмэл Багвар тэргүүтэний дүр, дүрслэлд энэ нь бүр ч тод илэрч байдаг юм. Мөн зохиолын эхэн хэсэг дэх Тоорой банди болон Цэндбадма нарын нандин учрал, төгсгөлийн хэсэгт дүрслэгддэг түүний Шармаанийг гэх чин сэтгэлийн хайр тэргүүтэн хайр сэтгэлийн тухай дүр, дүрслэлүүдэд халуун дулаан сэтгэл, хүмүүний бялд эмзэгхэн чанар тод томруун илэрхийлэгдсэн байдаг билээ. Эл зохиолын энэ мэт дүр, дүрслэлүүдэд Инжинаш гэх тэргүүтэн XIX зууны зохиолчдын туурвил бүтээлийн яруу хөг хэмнэл цуурайлах ажээ. Тиймээс миний бие эдгээрийг англи хэлэнд орчуулахдаа дотор сэтгэлдээ дундад эртний үеийн (бага хэмжээгээр боловч бас Викториягийн) хайр дурлалын түүхийг агуулж, тэдгээрийг үлгэр болгон даган дууриаж үйлдэхийг хичээсэн юм. Гэсэн ч дээр үеийн явдлыг орчин үеийнхэнд хүргэх, хайр сэтгэл, эр эмийн явдлын тухай хэт илэрхий биш боловч яруу найруулга бүхий дүр, дүрслэлтэй Мэнд-Ооёогийн сэтгэл татам өгүүлэмжийг уншигч олны эротик дур сонирхлыг алдагдуулахгүйгээр буулгана гэдэг үнэхээр бэрхшээлтэй байлаа.
Мэнд-Ооёо эрхэмийн уран зохиолын туурвил нь хүмүүний амьдралын түр төдий жаргал, зовлонгоос, тэр бүү хэл Монголын түүх, соёлын ялимгүй уртхан хугацааны цагалбараас ч хэтийдэн чанадад нь гарсан ажгуу. Байгаль ертөнцийн хөгжил хөдөлгөөн, өөрчлөлтийг илэрхийлдэг Монголын утга зохиолын уламжлалын сацуу; Мэнд-Ооёо эрхэм бол тухайлан газар нутаг, цаг уур, ан амьтад (хүмүүн болон хүмүүн бус аль альныг оролцуулаад) болон шувуудын хоорондох харилцан холбоо хамаарал, нандин харилцааг машид эрхэмлэн үздэг байх юм. Тэрбээр хүмүүнийг байгаль ертөнцөөс тусгаарлан үзэхээс илүүтэй түүний нэгэн хэсэг хэмээн баримтлагч ПОСТГУМАНИСТ үзэл санаа бүхий утга зохиолыг туурвигч болох нь олон талаар тодорхой харагдаж байдаг билээ.
Түүний "Шилийн богд/Шармаань" романы Агшуу, Эгшүү хэмээх хоёр шонхорын дүр дүрслэлд, тэрчлэн тэдний хүмүүн болон хүмүүн бусыг ажиглан харж буй хэв маягаас үзвэл, түүнд аливаа байгалийг хүнчлэн илэрхийлэх арга хэлбэрийн ул мөр өчүүхэн ч байдаггүй. Харин тэр бүгдийн хамтран бүрэлдүүлсэн ойлголтыг илэрхийлжээ.
Ийн, хүмүүн хийгээд байгалийн харилцан хамтын цогц бүрэлдэл нь ерөөс түүний яруу найраг, үргэлжилсэн үгийн тэргүүтэн бүх зохиолд илэрхийлэгдсэн байдаг.
Энэ нь зөвхөн нэг хүнийг хүрээлэн буй орчны сүлжээг илэрхийлэгч утга зохиол болох эколитератураас өөр юм. Тэгвэл ийм зохиолыг орчуулахад энэ мэт байгаль ертөнцийн дотоод нарийн харилцан холбоог уугуул уншигчид нь хэрхэн хүлээж авч, ойлгох вэ, чухам тийм л ойлголтыг төрүүлэхүйцээр буулгах хэрэгтэй болно. Гэтэл Мэнд-Ооёо эрхэмийн өөрийнх нь үг, өгүүлэмжийг хэтэрхий үгчлэн хадаж оруулвал миний орчуулгаас уншигч олон, Монгол нь хүн төрөлхтөнд анхны нүгэлт бодол төрж хиртэхээс өмнөх үеийн энхжин мэтээр эндүү төсөөлөлийг авчих юм биш байгаа гэх сэтгэгдэл хааяа заримдаа төрж байлаа.
Ийм төрлийн маш нарийн өнгө аясыг зөв илэрхийлэхэд хэл шинжлэлийн торгон мэдрэмж, соёлын мэдлэгээр үл барам, басхүү хэл болон соёлын мэдлэгийг хүчээр холбохоос зайлсхийж, харин зохиолынх нь дотоод ая зөнгөөр нь зохистой өгүүлэн чадахуйц хэмжээний саруул ухаан шаардлагатай юм.
Миний бие Мэнд-Ооёо эрхэмтэй хамтран ажиллаж, уран бүтээлийг нь англи хэлнээ орчуулсаар өдгөө арван тав илүү жилийг үджээ. Дэлхийлэг, ийм өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий их үзэлт хүмүүнтэй дотны нөхөр, ахан дүү, хамтран ажиллагч болсноо миний бие их зол завшаан хэмээн үздэг бөгөөд цаашдаа ч олон жил түүний уран бүтээлийг уншиж - орчуулж, бас ухаарч ойлгож явна гэдэгтээ үл эргэлздэг билээ.
Саймон Викхамсмит (Simon Wickhamsmith)
(АНУ- ын Рутгерс Их сургуулийн профессор)
Орчуулсан Чой. Хатанбаатар

