Мэдээлэл

ОНГОН НУТАГ

ОНГОН НУТАГ

ОНГОН НУТАГ

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Төрөлх нутгийн түмэн олон минь даяараа амар амгалан байна уу?
Өнөөдөр овог нэрийн минь өмнө дуудагдаж язгуур гарлыг минь тодотгож байдаг бахархал - Сүхбаатар аймгийн Онгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.
Уул ус, элсэн манхан, өвс ургамал жигдэрсэн говь,тал хээр хосолсон үлэмж дагшин энэ нутагт үeийн үeд идээшин аж төрж, үлэмж баян түүх соeлын өвийг өнөөгийн бидэнд үлдээсэн өвөг дээдсээ энэ өдөр эрхгүй бахархан дурсаж өнө мөнхөд орших оюун санааны тэнгэрт нь мэхийн хүндэтгэж байна.
100 жилийнхээ түүхт ойн баяр цэнгэлийн манлайд хамт байгаа Онгончууд та бүхэндээ баярын мэнд дэвшүүльe.
Дарьгангын зургаан сум түүхэн ойгоо нэгэн зэрэг тэмдэглэж байгаа учир Дарьгангачууддаа энэ мэндийг хамтатган дэвшүүлж байна. Мөн 100 жилийн түүхэн ой тохиож буй Онгон сумынхаа Сургууль багш сурагчдад баярын мэнд дэвшүүлье!
Сүүлийн жилүүдийн архeологийн судалгаагаар Онгон сумын Таван толгой дахь дурсгалууд нь Монголын Эзэнт гүрний түүх, алтан ургийн язгууртан дээдсийн түүхтэй холбогдож байгаа юм. Шинээр байгуулагдаж Монголын түүх, Хаад язгууртны түүхийг товчоолон дэлгэсэн "Чингис хаан" үндэсний музэйд Онгон сумын Таван толгойн олдворууд Эзэнт гүрний танхимд нь хамгийн хүндтэй байранд заларч байгаа нь Дарьгангачуудын, Онгончууд
та бидний бахархал юм. Манай нутгийнхны эрхэмлэн дээдэлж хүүхдийнхээ орны дээдэд хэлхэн зүүдэг хүрэл зэмсэгүүдээс эхлээд Хүн чулуун хөрөг дурсгалуудын хээ чимэглэл дүрслэл нь түүхийн эрт үeэс нааш уламжилсаар Дарьгангын мөнгөн урлалын их сан хөмрөгтэй залгалдаж ур ухаан соёлын залгамжлалын тасаршгүй холбоог илэрхийлдэг юмаа. Дарьганга мөнгөн урлалын түүхийг бүтээгчдийн дунд Онгон сумын дархчууд том байр эзэлж байгаа нь мөн л түүхийн залгамж холбоо мөн гэж хэлж болно.
Алдарт тэмцэгч домогт сайн эр Тооройбанди, Монгол уртын дууны соёлын сод бүтээл "Жаахан шарга" дууны эзэн Инжээ хэмээх Цэрэнноров тэргүүт түүхэн домогт хүмүүс Онгоноор овоглодог юмаа. Дуу хуурын авшигтай энэ нутагт Ш.Саарал, Л.Цэдэвсүрэн тэргүүт алдарт морин хуурчид төрсөн байдаг бөгөөд миний аав Дугарсүрэнгийн Гомбожав ч эгнээнд нь нэр дурдагддаг билээ.
Эх орон дуудахад морьт хороо удирдан дайтсан жирийн малчны хүү домогт баатар Чойн Дугаржав хэмээх алдар биднийг эх оронч баатарлаг үйлсэд уриалан зоригжуулдаг юмаа. Энх цагийн баатрууд болох Гомбо, Доржнамжил, Шараа болон Ардын, гавьяат цолтнууд, эрдэмтэд, бичгийн мэргэдээрээ бид бахархаж " манай сумынх", " миний нутгийнх" хэмээн дотночлон бахархаж явдаг нь жирийн хэрэг биш ээ. Онгон нутгийн ард түмэн хотлоороо миний бахархал юм. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Онгон сумын хүү Нямдоржийн Өсөхбаяр даяар олноо баясган Улсын баяр наадмын манлайд ухаан хүч уран мэхийг үзүүлэн барилдахад ОНГОН хэмээх омог бахархал, догдлол ямар хүчтэй дүрэлзэж байснаа бид тод санаж байна. Энэ бол нутаг ус, нутаг усны нэр, соёл уламжлалын нэгдмэл оршихуйн илрэл юмаа,
Сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулж " ОНГОН НУТАГ- түүхийн дурсгал,өв соёл" нэртэй ном бүтээж байхдаа манай нутаг ус ямар баян түүхтэй юм бэ, ямар их өв соёлыг хадгалж байгаа юм бэ, ямар их уран, ухаан төгс ард түмэн юм бэ хэмээн бахархан баясахын зэрэгцээ өвөг дээдсийнхээ өв эрдэнийг ач гуч үр удам нь үe дамжуулан өвлөн залгамжилж түүх соёлын үл тасалдах гинжин холбоог хэлхсээр явааг мэдэрснээ дурдахад таатай байна, Цаг хугацаа тавиу байсан бол энэ мэт хэдэн арван боть болох өв манай нутагт байна даа хэмээн бодож суулаа.
Түүхийг ард түмэн бүтээдэг, түүнийг товчоолон туурвиж ном дэвтэрт үлдээх нь бичгийн хүмүүс бидний үүрэг билээ. Үг үсэг холбож сурснаасаа эхлээд өдгөө насны өндөрлөг хүртэл бичсэн туурвисан бүтээлийн минь үлэмж хэсэгт эх нутаг элгэн садан өвөг дээдэс өнөр ард олон минь байгаад би үнэхээр бахархаж байна,
Төгсгөлд Онгон хэмээх нэрийн учирт хэдэн үг хэльe.
Онгон гэдэг үг бол анхны уугуул төрхөөрөө, хөндөгдөж талхлагдаагүй ариун дагшнаараа байгаа нутаг гэсэн утгыг илэрхийлнэ. Нөгөө утга нь дээдсийн онго тахилын орон буюу дээдсийг онголсон газар гэсэн утга болно.
Энэ үгний утга манай нутгийн түүх соёлын дурсгалуудаар , та бидний омог бахархал урам амжилтаар улам тодорсоор байгааг харж байна.
Ийм л онгон эх нутаг шүү, энэ өвийг хадгалж хамгаалж яваа ард түмэн шүү бид гэдгээ ямагт санаж хайрлаж явцгаая.
Улам их өвийг цогцлоож энэ цаг үeийнхээ түүх соёлыг бүтээцгээe!
Эх нутаг минь улам сайхан болох болтугай!
Ард олон минь амар амгалан аз жаргалтай байх болтугай!
Хүүхэд нь цовоо, хүлэг нь хурдан, мал сүрэг нь тал дүүрэн бэлчиж сааль сүү нь бялхаж буян хишиг нь цаг үргэлж дэлгэрч явах болтугай!
2025.07.20
TOP