Мэдээлэл

ИХ ГАНГАР ХУНГИЙН ӨДӨТ

ИХ ГАНГАР ХУНГИЙН ӨДӨТ

ИХ ГАНГАР ХУНГИЙН ӨДӨТ


ИХ ГАНГАР ХУНГИЙН ӨДӨТ
 
Тал нутгийн салхины аялгууг үгээр урлахуй хэмээж
Таана өвсний чимээг яруу эгшиглэн лүгээ хувилгахуй хэмээж
Тансагхан уртын дууны шуранхай дор эгзэг нэмэхүй хэмээж
Татлах бийрийг эрхшээн соёрхохуй хэмээж та мэндэлчүхүй
Ганга нуурын их гангар хунгийн өдөөр үзэг хийхүй хэмээж
Ган болд эрдэнийг алахуй зэвсэг бус арвис оюуны зэмсэг болгохуй хэмээж
Ган дүүрэн усыг бэх болгон түм буман үсэг цогцлоож зохилдуулахуй хэмээж
Галбингаан яруу дууг хүмүүний хэлнээ хөрвүүлэхүй хэмээж та мэндэлчүхүй
Эцэг эхийн ачит их цагаан сэтгэлийн торгон дээр шүлэг бичихүй хэмээж
Элэгдэж хуучирсан өвгөн чулууний үг захиасыг дамжуулахуй хэмээж
Эрин зууны аруухан залуусын гэгээн зам мөрийг тэгшитгэхүй хэмээж
Энэхэн түмэн жил мянган оны илбийн нэгэн үзэгдэл дор та мэндэлчүхүй
Шилийн богд уулын тангаргийг амарлиулан аргадахуй хэмээж
Шижир Алтан овооны элэнцийн шүтээнийг хайрлан тахихуй хэмээж
Шинэхэн саран мэт асан мандахуйг үргэлж эрмэлзэхүй хэмээж
Шиндасу сайн зүрхний хүлгийг эрхшээхүй хэмээн та мэндэлчүхүй
Зуун насны их увдисын шим инү хүй дарсан чулуун дор буй яа
Зуун наст өвгөн богдын зарлиг сургааль дор билгийн жигүүр буй яа
Зургийн бус байгалиасаа ургасан шүтээн дор адистид үлэмж буй яа
Зуурдын бус мөнхийн шид бүтээл дотоод сэтгэлийн чинад дор буй яа
Их тал нутгийн Их найрагч Мэнд-Ооёо ахын мэндэлсэн өдөр ийн нэгэн дуулал сэтгэл дор ургажухуй. Зуун хорь насалж, зургаадай таяг тулахуйн ерөөл өргөе.
Манзуширийг баясгагч хөвгүүн - Зава Дамдин Ринбүчи / Zava Damdin Rinpoche 
26.09.2024
Улаанбаатарын балгад
TOP