Академич Д.Төмөртогоо багшийн тухайд арван мөчлөг
ЮМ БҮХЭН УЧИРТАЙ
Академич Д.Төмөртогоо багшийн тухайд арван мөчлөг
1. БАГШ ГЭРЭЛ АСААВ
Нэг мянга есөн зуун далаад он сон. Өвлийн богино өдрийн үүр цүүрээр хичээлдээ ирж, үдшийн бүрий барайгаар тарцгаадаг сан. Тэр нэгэн өглөө эртхэн ирж манай ангийнхан хийж амжаагүй даалгавараа гүйцээх гэж “хуулан бичлэг” хийцгээж байв. Монгол хэл, уран зохиолын салбарын декан Б.Бямбасүрэн багш үе үе ангиудаар явж гэнэтийн шалгалт хийнэ. Тэр өглөө манай ангид орж ирээд нүдний шилнийхээ дээгүүр биднийг тойруулан харснаа,
– Та нар хоёр лоозонг яагаад зөрчөөд байна хэмээн эргэн тойрноо нэгжих мэт харахад нь юу яачихсан юм болдоо хэмээн дор дороо бодож суух зуур гэрэл унтраачихаад гараад явчихав.
Ангид бүдэг бүрэнхий болов. Бидний хуулан бичлэг ч тасалдав.
Төдөлгүй Д.Төмөртогоо багш орж ирэв. Тэрбээр орж ирэнгүүтээ,
– Тог тасарчихсан юм уу? Яагаад харанхуй сууж байна? хэмээн асууснаа чийдэнгийн товчлуурыг дарав. Анги дүүрэн гэрэл.
Бид Намын төв хорооны хоёр лоозон болох “социалист өмч хамгаалах”, “арвилан хэмнэх” гэх мэт үгсийг ам амандаа бувтнахыг багш ойлгов бололтой.
– Залуус та нарын нүд, энэ дэнгийн гэрлээс үнэтэй. Нүдээ хамгаалах хэрэгтэй хэмээн нухацтай хэлээд хичээлээ эхлэв. Төмөртогоо багш шиг ийм онцгой цэвэр цэмцгэр хүнийг тэр үед би лав хараагүй. Сэхээтэн хүн гэж ийм л байхыг үлгэрлэсэн мэт бүх юм нягт нямбай сан. Сургуулиа төгсөөд өндөр цалинтай болоод Тө багш шиг ийм эрхэмсэг, цэмцгэр нэгэн болох сон гэж би бодож суув.
Янз бүрийн уриа лоозон үзэл суртлын ухуулга мэтэсийг дуулгавартай аялдан дагагч ноомой нэгэн болж хором бүр өмхөрч байгаа юм байна гэх ухаарал сэтгэлд гялсхийн ассаныг би ер мартдаггүй юм.
Төмөртогоо багшийн тэр өглөөний асаасан гэрэл миний сэтгэлд одоо болтол тод хэвээрээ гийсээр авай.'




2. ОНЦ СУРАХ УУ, ЭРДЭМ СУРАХ УУ?
Токиогийн гадаад судлалын их сургуульд багшлаад ирсэн Д.Төмөртогоо багш “Түүхэн хэл зүй” хэмээх хичээл заах болсон юм.
Манай ангийн нэг оюутан багшаас дүн гуйлаа. Бид учрыг багшид тайлбарлав. Тэр бусад бүх хичээлдээ онц сурдаг юм. Таны хичээл дээр л ганцхан тааруухан дүнтэй байна хэмээн багшид учирласан юм.
Бидний оюутан үед сурлагын дүн анги хамт олны нэр төр “социалист уралдааны” үзүүлэлтийг илтгэх тул зарим оюутнууд багшаас дүн гуйна. Багш нэгэн өдөр хэлсэн нь,
– Та нар Маркс, Ленин шиг, бүх хичээлд онц авна гэж байх ёсгүй. Тийм оюутан байвал тэр юу ч сурахгүй. Юу сурч мэдэх гээд байгаа юм, тэр гол хичээлдээ л онц байвал болоо юм биш үү, бусад хичээлдээ алтан гурав байхад л хангалттай хэмээн палхийтэл хэлэв.
Онц сайн сурахын төлөө хичээгч олон оюутныг гайхахад хүргэсэн байж болох юм. Багшийн энэ үг уран зохиол, яруу найргаар “өвчилсөн” бидний хэдэн оюутны хувьд бол “загатнасан газар маажна” гэгч болов. Хамаг цагийг минь үрсэн улс төр нийгмийн залхуутай хичээлүүдийн дарамтаас салах, ингэсхийж аргалж байгаад “алтан гурав”- аа л авчихад барав хэмээн санаа амрав. Мэдээж шалгалтын цаг тулахад хэд хоног хичээгээд л дүн авчихна. Сурах нь гол биш, дүн авах нь гол. Дүн авах гэж шударсан хичээл бол шалгалтын маргааш л тархинаас арчигдчихна. Ангийн багш, дeкан нар бол сурлагын дүн уруудахад үнэн дургүй. Гэсэн ч би сурах юмаа л суръя, элдэв олон хичээлд дүнгийн хойноос хөөцөлдөхөө больё гэж хатуу шийдэв.
Д.Төмөртогоо багшийн ачаар ийнхүү юу сурах, юунд цагаа үрэхгүй байх эрх чөлөөгөө олж авсан бөлгөө.
3. УРАН ЗОХИОЛЧ БОЛЪЁ ГЭВЭЛ ТОЛЬ БИЧИГ УНШ
Багшаас нэг өдөр би зүрхлэн асуулаа,
Яруу найраг уран зохиолд амжилт олоход юу уншвал зохистой вэ гэсэнд Багш,
– Үгсийн сангаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Толь бичгүүд сайн унш. Ялангуяа хуучин толиудтай сайн ажилла. “Гучин зургаатын тайлбар толь” байна. Ковалевскийн толь их сайн шүү. Ковалевский монгол дээл өмсөж бөөс хуурсандаа баригдан тэнэж явж монгол ном судар цуглуулсан байдаг юм… Мартагдсан хуучин үг ихтэй гэснээ,
– Чи манайд очиж ном үзэх үү гэв. Тэр өдөр багшийг дагаж гэрт нь хүрэх замдаа төв шуудангаар оров. Багш шуудангийн хайрцгаа нээсэнд нэгэн гоё сэтгүүл захидал сэлт байна. “Төв Ази судлал” гэж энэ сэтгүүлийг Баруун Германы эрдэмтэн В.Хайсиг эрхлэн гаргадаг юм. В.Хайсиг гуай өмнөх хөршийн нутгаас үлэмж их монгол ном цуглуулсан хүн. Боннын их сургуульд ч маш их ном өгсөн гэдэг…
Багшийн номын санг шимтэн харахад олон хэлний толь бичиг, хэл шинжлэл, гадаадын ном сэтгүүлүүд үлэмж байлаа. Багш нэг ном сугалж аваад надад өгөв.
– Чойджи-Одсэрийн орчуулсан “Бурхан багшийн арван хоёр зохионгуй” судрын гэрэл зургийн хэвлэл, мөн галиг, эрдэм шинжилгээний тайлбар байгаа юм. Шимтэн уншиж эхлэх зуур багш,
– Наад номоо аваачиж тухтай үзээд дараа эргүүлж өгөөрэй гэв.
Ийнхүү багш маань зохиолч болох хүн эртний уран зохиолынхоо өвийн гүн рүү орох хэрэгтэй ялангуяа толь бичиг тэргүүтнийг сайтар онгичиж үгсийн сангаа үргэлж баяжуулж байх хэрэгтэйг ой тойнд минь шингээж өгсөн юм. Чингэхдээ төрөлх хэлнийхээ түүхэн хувьсал хөгжлийг танин мэдэж, үгийн бүтцийг зүй тогтолынх нь үүднээс судлах хэрэгтэй хэмээн захьсан юм.
Ингээд би бээр Д.Төмөртогоо багшийг чимээгүйхэн “дагадаг” болсон бөлгөө.
4. ТОЛЬ БИЧГИЙН АСУУДАЛТАЙ “НӨХӨР”
Бидний оюутан байх үеэс л багш маань 20000 орчим толгой үгтэй, 5000 гаруй холбоо үг, хэлц хэллэгтэй монгол-англи толь бичгийг Японд багшилж байхдаа хийж дуусгасан гэж ярьдаг байсан юм. Жараад оны эхээр Америкт гарсан “Лессингийн монгол-англи толь” гэж байсан боловч хааяа нэг эрдэмтэн мэргэдэд л байхаас биш, нийтлэг хэрэглээнд түгээмэл тархаагүй билээ. Харин Д.Төмөртогоо багш өөрийн бүтээсэн толио Японы алдарт эрдэмтэн Ш.Озава санд үзүүлсэнд тэрбээр ихэд олзуурхан япон үгийн орчуулга нэмээд хэвлүүлсэн юм билээ.
Монгол эрдэмтний эмхэтгэсэн 900 гаруй хуудастай толь бичиг Аралын оронд гарсан нь бичиг соёлын томоохон үйл явдал байсан ч Д.Төмөртогоо багш түүнээсээ болж “эсэргүү” болох шахсан түүхийг номын мэргэдийн хүрээний цөөн хүн л мэддэг юм. Багш толийн монгол толгойн үгс болон дагалдах жишээнүүдийг бичихдээ үгийн язгуур үндсийг эвдэхгүй байх, монгол хэлний авианы хуулийг дагах зарчим баримталсан нь эдүгээн крилл үсгийн дүрэмтэй тохирдоггүй. Шинэ үсгийн дүрэмтэй санал нийлдэггүй нь түүний тэрс үзэл огтоос бус хэлний түүхэн хөгжил хувьслын зүй тогтлыг судалсан хэл шинжлэлчийн хувьд үгийн язгуур үндсийг дүрмээр эвдэх ёсгүй л гэсэн үзэлдээ тэрбээр бат зогсдогт учир байжээ. Ийнхүү уул толь бичгийн тухай яриа Намын төв хороонд хүрч “шинэ үсгийн дүрмийг дур мэдэн гуйвуулсан”, “хөрөнгөтөн орны хүмүүстэй хуйвалдсан”, “хэний ч зөвшөөрөлгүйгээр гадаадад ном хэвлүүлсэн” хэмээх хэл үг энд тэнд нисэх болжээ. Үүнээсээ болж эрдмийн зэрэг хамгаалах, гадаад явах эрхээ бүтэн арван жил хасуулав. Улмаар “Монголын шинэ үсгийн зөв бичих дүрмийг зөрчсөн нэгэн толь бичгийн тухай” гэсэн МАХН-ын Төв хорооны тогтоол гарахад бэлэн болж буй сураг сонссон даруйд Д.Төмөртогоо багш нөхдийнхөө зөвлөснөөр тухайн үеийн үзэл суртал эрхэлсэн хэлтэсийн дарга Ч.Түмэндэлгэртэй уулзаж энэ толь бичгийг бэлтгэж хэвлүүлсэн нь улс төрийн зорилгогүй, цэвэр эрдэм шинжилгээний асуудал юм гэдгийг сайтар ойлгуулжээ. Цаад хүн ч тулхтай сэхээтэн хүний буурь сууриар хандаж Төмөртогоо багшийг ажил амьдралгүй болгохоос аварсан юм билээ. Гэсэн ч “толь бичгийн асуудалтай нөхөр” хэмээх шошгыг олон жил түүнд зүүж, гадаадад явах, эрдмийн зэрэг хамгаалахад тушаа болсоор арваад он өнгөрчээ.
5. ШИНЖЛЭХ УХААНЧ ДҮРЭМТЭЙ БОЛНО
Монгол хэлний үгийн язгуур үндсийг эвдэхгүй, авианы хуулийг зөрчихгүй байх баримтлал нь түүний хэл шинжлэлийн шинжлэх ухааны хазайхгүй байр суурь болохоос кирилл бичигтэй тэрсэлдсэн явдал огтоос биш. Ц.Дамдинсүрэн гуай ч өөрөө “Бид нэг мөсөн сайн дүрэм зохиож чадаагүй тул алхам алхмаар шат ахиулсаар хожим бүр сайн дүрэмтэй болж чадна” хэмээн хэлсэн байдаг. Монгол кирилл бичиг зохиосноос хойш дүрэм журмын талаар дээрээс авч хэрэгжүүлсэн ажлууд нь “Замын цоорхой нүхийг шавар зуурмаг төдийхнөөр бөглөхийн адил” явсаар өнөө хүрсэнд мэргэжлийн хэл шинжлэлчийн хувьд шүүмжлэлтэй ханддаг эрдэмтэн билээ. Хэдэн жилийн өмнө Д.Төмөртогоо багшаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг байгуулан үгийн язгуур, үндэс, үг бүтээх дагаварын бүтцийг эвдэхгүй байж зөв бичих дүрмийн үндсийг боловсруулсан юм билээ. Гэсэн ч маргаан үүсэхээс болгоомжилсон ч юм уу дээрээс тэр төслийг хав дарсан аж.
Багш маань “эх хэлнийхээ тогтолцоонд шинжлэх ухаанчаар хандсан дүрэмтэй болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” хэмээн “ирээдүйн зүг” харж инээмсэглэдэг билээ.
6. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТОМ ЭРДЭМТЭН
Японы алдарт эрдэмтэн Ш.Озава “Д.Төмөртогоо бол дэлхийн хэмжээний том эрдэмтэн” гэж хэлсэн удаатай.
Багш маань Энэтхэгийн Неругийн их сургууль, Японы гадаад судлалын их сургууль, Германы Боннын их сургууль, Бээжингийн их сургуулиудад багшилж, Монголдоо Улсын Багшийн дээд сургууль, МУИС-д багшилж, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүт албыг нэр төртэй хашиж, дэлхийн олон орны их дээд сургуулиудад урт богино хугацаагаар уригдан лекц уншиж, хэл шинжлэлийн төсөл хөтөлбөрүүдэд оролцох, эрдэм шинжилгээний хурлуудад илтгэх тавих гэчхилэн бүтээлч амьдралынх нь сар жилүүд үргэлжилнэ.
Багшийн ном бүтээлүүд Япон, Герман, Орос, Хятад, Солонгос, Тайваньд хэвлэгдэж, дэлхийн хэл шинжлэл, Ази судлалын нэр хүндтэй сэтгүүлд судалгааны өгүүлэл хэвлүүлдэг дэлхийн энтэй эрдэмтэн бөлгөө.
2018 онд Академич Төмөртогоо багшийн 80 насны ойг тохиолдуулан МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн "Бүтээлийн чуулган"-ыг нь 10 боть болгон хэвлүүлэв. Багш өөрөө “Монгол хэлний үгийн гаралын толь” хэмээх бүтээлээ наян сүүдэртээ бүтээв.
Багш өгүүлсэн нь:
– Нас ахих тусам амьдралын туршлага, ажлын арга барил нэмэгдэж, уншиж ойлгосон, сонсч мэдсэн нь хуримтлагдаж, илүү дутуу зүйлд цаг заваа зарахгүй зорьсон ажлаа тууштай хийдэг шиг байна… Үргэлжлүүлэн өгүүлсэн нь:
– Дөч гараад ганцхан толь бичиг. Нөгөөх “жавтий” хүртдэг толь. Тавь гараад бас л ганцхэн ном, жар гарсан хойноо таван ном, дал гарснаасаа хойш арав гаруй ном бичиж хэвлүүлсэн байх юм.
Гэхдээ би, өвгөн болсон хойноо л ийм их ном бичээд байгаа юм биш, олон жилийн турш бодож боловсруулсан, эмхэлж цуглуулсан, бичиж тэмдэглэсэн зүйлсээ үргэлжлүүлэн дуусгасан минь л юм даа гэв.
7. МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН ГАРЛЫН ТОЛЬ БИЧИГ
Монгол хэлний үгийн гаралын тайлбар толийн өмнөтгөлдөө “Монгол, дөрвөлжин, хятад, араб үсгийн дурсгалууд болон хожуу үеийн түүхэн сурвалж бичиг, буддын гүн ухааны зохиол бүтээлүүдээс жишээ сэлт түүвэрлэн авах, мөн монгол хэлэнд орсон түрэг, уйгар, манж-түнгүс, санскрит, түвэд, перс үгсийг тухай тухайн хэлний толь бичгүүдээс шүүрдэн авч боловсруулах, түүнчилэн монгол хэлэнд орсон энэтхэг, европ хэлний үгс хаагуур дамжиж хэрхэн хувирч ирсэн байдлыг тогтоох зэрэг ажлыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн болно” гэсэн байна. 3700 орчим толгой гадаад үг, ном зүй тэргүүтнийг багтаасан энэ толь нь хэл шинжлэлийн ухааны нарийн тогтсон арга зүйд нийцүүлэн том, жижиг, тарган, туранхай, налуу босоо төрөл бүрийг галиг үсгээр ялган тэмдэглэсэн шандас сорьж бүтээл болжээ. Энэ номын эхийг яаж бэлдсэн юм бол доо хэмээн эргэлзэн бодохын зуур асуув.
– Багш энэ олон эх сурвалжаас, таних танихгүй бичиг үсгүүдээс мадаггүй номын эхийг бэлтгэх хүн яаж олдсон юм бол? гэхэд,
– Аз болж дөчөөд жилийн өмнө Японд байхдаа компьютер сурсан нь мөн ч их хэрэг болж байна даа хэмээн хэлээд инээмсэглэж билээ.
8. УЛИРАН ОДОЖ, УГТАН ИРСЭН ОН ЖИЛҮҮД
Академич Д.Төмөртогоо багшийн маань мутарын үсгээ зурж бэлэглэсэн “Улиран одож, угтан ирсэн он жилүүд” (2018) намтар дурсамжийн номыг шимтэн уншаад он жилүүд улиран одовч, ой тойндоо ийм тов тодорхой хадгалан үлдээсэнд нэн бишрэв. Он жилүүд угтан ирсээр боловч ерэн сүүдэр шүргэх насанд хийх бүтээх ямар их эрч хүч хаанаасаа ундарсаар байдаг юм бэ хэмээн бас дахин бишрэв.
Нутаг ус, бага балчир ахуй, эцэг эх өвгө дээдэс говь нутгийн нүүдэлч малчдын эгэл борог амьдрал ахуй малын захад өссөн хөдөөгийн бор хөвгүүн ямар урт зам туулж, ном эрдмийн мөрөөр өгсөж энэ хүрч ирсэн бахархалтай замналыг олж мэдэв. Ямар сайхан энгийн хүүрнэл, нүдэнд үзэгдэж, сэтгэлд дүрслэгдсэн бичлэг вэ? Эрдэм номын мөр хөөж буй, өсөж дэвжихийг хүсэж буй амьдралд суралцагч хэн боловч уншмаар сайн ном ажээ.
Академич Д.Төмөртогоо багшийн бүтээл ундарсаар л. 2023 онд “Олон улсын Монгол судлалын түүхэн тойм”, 2025 он гараад хоёр ч ном нээлтээ хийв. “Монгол хаадын зарлиг, захидлууд” (XIII, XIV зуун) эрдэм шинжилгээний галиг, хялбарчилсан хөрвүүлэгтэйгээр Чингис хаан үндэсний музейгээс эрхлэн гаргажээ. МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс багшийн “Монгол хэл шинжлэлийн зүйлчилсэн ном зүй” хэмээх номыг эрхлэн хэвлүүлж, нээлтийг саяхан хийсэн байна.
“Хийж гүйцээхээр төлөвлөсөн ажил ихтэй л байвал түүнийгээ дуусгах гэсэн сэтгэл зүй чинь чамайг урт наслуулж санасан зүйлээ ч хийж амжина шүү” гэж миний найз, японы эрдэмтэн Шигео Озава маань хэлдэг сэн хэмээн академич Д.Төмөртогоо багш дурсан бичжээ.
9. ГАЛБЫН ГОВЬД ТЭМЭЭ ХАРИУЛЖ ӨССӨН
Д.Төмөртогоо багш өгүүлрүүн:
– Хөдөө нутгийн эрүүл сайхан агаар ус, малчин айлын тарчиг борогдуухан амьдралын дунд ухаажиж өссөндөө би олзуурхдаг. Гадаадын эрдэмтэн найз нөхөдтэй уулзаж танилцахдаа “говь газар тэмээ хариулж өссөн” гэхээр үнэмшдэггүй юм. Яагаад гэвэл, өрнийн том доктор, профессоруудын олонхи нь үе дамжсан сэхээтэн гэр бүлд төрж, хотын амьдрал, тохилог орчин, баялаг номын сангийн дунд өссөн байдаг юм байна. Гэтэл бидний үеийнхэн чинь сайндаа л хоймортоо хар авдрын дээр хэзээ ч задалж, хэн ч уншдаггүй утаатай хэдэн судраас өөр юмгүй орчинд өсч өндийсөн улс. Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжиж тоглоомын талбайд наадаж үзсэнгүй. Хонины хот, тэмээний зэл, малын бэлчээрт чулуугаар тоглож, ишиг хурга ботго торомоо эргүүлж, унага даагаа сургаж өссөн бидний үейнхэн дундаас авьяас билиг, эрдэм чадлаараа хаанахын хэнээс ч дутахгүй том эрдэмтэн сэхээтэн, төрийн зүтгэлтэн болсон хүн алийг тэр гэхэв. Амьдралын хар ухаанд нэвтэрсэн өвгөд хөгшидийнхөө нөмөр нөөлгөнд зөвийг таньж, бурууг жигшиж өссөн бидний үеийнхэн суурь хүмүүжлийнхээ ачаар л зөв талыг нь барьж явсаар аажимдаа тодорхой байр суурь, ажил бүтээлтэй болсон юм болов уу даа.
10.ЮМ БҮХЭН УЧИРТАЙ
Багшаас асуусан минь:
Асуулт: Даян дэлхийн суу билигтнүүдээс эрхэмлэн суралцдаг хүнээ нэрлэнэ үү?
– Өндөр гэгээн Занабазар, Данзанравжаа.
Асуулт: Бурхан гэж юу бэ?
– Хүмүүн оюун санаандаа юуг дээдлэнэв, тэр бурхан нь.
Асуулт: Эрдэм мэдлэгийн тухайд юу хэлэх вэ?
– Хүн эрдэм мэдлэгээ цэгцэлж байх ёстой. Цэгцгүй их юм мэдэх нь үндэс муутай. Манайд юм бүхнийг мэддэг, их мэдлэгтэй юм шиг мөртлөө мэдлэг нь эмх цэгцгүй эрдэмтэн сэхээтэн олон болчихож.
Асуулт: Мэдлэгээ цэгцэлсэн, үлгэр болохуйц эрдэмтэн гэвэл та хэнийг нэрлэх вэ?
– Лу багш (Академич Шадавын Лувсанвандан. Г.М)
Асуулт: Таны хэлэх дуртай үг?
– Юм бүхэн учиртай!
ЭХ ХЭЛ БИЧИГ сэтгүүл.
2025 он. Дугаар 42
2025 он. Дугаар 42

