ОЧИРХҮҮ АХЫН ЗАН ЧАНАР БУЮУ УРАМ ХАЙРЛАХУЙ
Далан гурван онд санагдана. Замын-Үүд хэмээх говийн бяцхан тосгоныхон шовгор оройт галт тэргэний буудлын түүгээр хөлхөнө. Бусад үед бол ер нь эль хуль. Нэгэн өдөр Улаанбаатар луу хүнд юм дайхаар өртөөний байшингийн булан тойрвол, их танил царай гялсхийгээд хүлээх танхим руу орчихов. Энэ чинь хэн билээ? хэмээн өөрөөсөө би асуугаад "Аан тийм. Яруу найрагч Тоомойн Очирхүү ах байна шүү дээ!" хэмээн амандаа би шивнэв. Шүлгийн хорхойтон бидний үеийнхэн тэр үед зохиолч яруу найрагчдыг зургаар нь, бүтээлээр нь сайн мэддэг байв. Хэдхэн хоногийн өмнө "Тэнгэрийн хаяаны од" хэмээх найраглалынх нь номыг уншчихсан байсныг ч хэлэх үү? Араас нь гүйж очоод,
— Та яруу найрагч Очирхүү ах мөн үү? хэмээн дуулдахаар хэлбэл, тэрбээр инээмсэглэсэн дотно цагаан царайгаа төв болгож намайг хараад,
— За хө, чи шүлэг бичдэг хүү юү? хэмээн шууд л асуув. Би толгой дохиод халааснаасаа түүний "Тэнгэрийн хаяаны од" номыг гаргаж гарын үсгээ зурж өгөхгүй юү? хэмээв. Цонхны тавцан дээр очиж номондоо гарын үсэг зураад,
— Холын хүнээс үг дуулах сайхан гэдэг юм. Нэг шүлэг уншаадах гэвэй. "Би талын хүн" шүлгээ цээжээр уншиж дуусах үед Галт тэрэгний дохио хангинав. Т.Очирхүү найрагч өнөөх л гэгээн цайлган, урам хайрласан сайхан мишээлээ тодруулан,
— Би уулын хүн, чи талын хүн байна. Уул тал хоёр Улаанбаатарт уулзана аа. Хотод очихдоо ахтайгаа уулзаж байгаарай хэмээн гарыг минь чанга атгаад,
— Чамд авьяас байна шүү! Бичээд бай хэмээн бас л гэрэлтэл сайхан мишээгээд галт тэргэндээ суув. Ингэж би хүмүүст сайхан сэтгэлийн урам илгээж байдаг яруу найрагч Тоомойн Очирхүү ахтайгаа анх танилцсан юм.
Хойтон жил нь би Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид элсэн Улаанбаатарт ирэв. Юуны өмнө мөнөөх элгэмсэг сайхан инээмсэглэдэг яруу найрагч Т.Очирхүү ахтай уулзахаар тэр үеийн "Мэдээлэл Радио Телевизийн улсын хороо" гэсэн дөрвөн давхар шар байшингийн жижүүр дээр түүнийг зүрхшээнгүй хүлээж байв. Өргөн тавиу шатаар өндөрдүү нуруутай туранхай цагаан залуу мөн л гэрэл гэгээ дүүрэн мишээл тодруулсаар бууж ирж мэндлээд,
— За чи оюутан болдог чинь тун сайн. Хоёул хороо орно оо гэв. Намайг эргэлзэнгүй байгааг мэдээд,
— Зохиолчдын хороогоо бид ингэж хэлдэг юм. Чи хороогоор орсон уу? гэхэд нь,
— Үгүй гэвэл,
— За тэгвэл би чамайг хамгийн анх хөтөлж ирээдүйн орд өргөөний чинь үүдээр оруулах учиртай байж хэмээн хойт зүг рүү хурдан хурдан алхав. Түүний яаруу түргэн алхааг гүйцэх гэж бараг шогшсоор "Монголын Зохиолчдын Эвлэлийн Хороо" гэсэн алтан үсэгтэй байшингийн хаалгаар оров.
Үүдний жижүүр нь нэг л танил нүүр. "Монголын шилдэг өгүүллэг" ногоон номд зураг зохиол нь байдаг Н.Надмид гэх зохиолчтой тун адилхан. Би эндүүрсэнгүй. Т.Очирхүү ах,
— Нанзадын Надмид гэдэг зохиолч чинь энэ шүү дээ гэж байна. Ямар сонин юм бэ? Тийм том зохиолч мөртлөө яагаад үүдний жижүүр хийж байдаг юм болдоо гэж бодсон ч, ширээн дээр дэлгээтэй цаас, үзэг бэх тэргүүтнийг хараад "Зохиолоо бичиж суухад амар байдаг юм байлгүй" гэж санав.
Дээш шатаар өгстөл бага зэрэг халамцуу юм болов уу гэмээр хүн зөрөв. Зохиолч, орчуулагч Самбуугийн Бадраа гуай мөн гэж таалаа. Алдсангүй. Очирхүү ах "С.Бадраа чинь энэ шүү дээ" хэмээн чихэнд шивнэж байна. Дөрөвдүгээр ангид байхдаа би түүний орчуулгаар "Мянган нэгэн шөнийн үлгэр"-ээс уншиж толгойны бөглөөгөө гаргаж билээ. Хоёрдугаар давхарт гараад урагш эргэвэл, тамхины утаа манарсан нэг өрөөнд дүүрэн хүн. Т.Очирхүү ах яваад орчихлоо. Би хонгилд үлдэж холхих зуур мөнөөх өрөөний хаалган завсараар сэм ажвал хойшоо харсан ширээн дээр суугаа хүн бол С.Дашдооров зохиолч мөн бололтой. Дунд сургуульд байхдаа "Монголын шилдэг яруу найраг" хэмээх ногоон номыг ноортол уншиж зохиолчдыг аль аймаг сумынх болохыг нь хүртэл андахаа байж, бас зургаар нь иймэрхүү төрхтэй хүн байдаг байх нь хэмээн тогтоосон минь ер зөрсөнгүй. Түүний "Монгол" найраглалыг цээжилж л байлаа. Хэзээ нэг Т.Очирхүү ах шиг энэ олон зохиолчтой танил болоод инээж хөхөрч, үеийн юм шиг алиалж хошигнож явах бол доо хэмээн өөрийгөө голсхийж зогстол тэрбээр гарч ирээд,
— Хоёул гурван давхарт гарья. Тэнд их аваргууд суудаг юм гэв. Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж гэсэн хаягууд дурайна. Т. Очирхүү ах Б.Явуухулан гэсэн хаалгыг татсанаа, буцааж хаагаад,
— Явуу багш яравгар харагдаж байна. Цаадахаас чинь бид нар айгаад байдаг юм гэв. Ийнхүү би эрхэм ахыг дагаж Зохиолчдын их өргөөтэй анх танилцсан түүхтэй.
Багшийн дээд сургуулийн гуравдугаар ангиа төгсөх хавар Т.Очирхүү ахыг дагаж Монголын радиогийн нэвтрүүлэх танхим байрлах урт нарийхан хонгилоор явсаар "Залуучуудын нэвтрүүлгийн редакц" гэсэн хаягтай өрөөнд оров. Хариуцлагатай редактор Минжүүр гэж дөлгөөн цагаан хүнтэй уулзуулж,
— Ирээдүйн зохиолч болох энэ залууг идэвхтэнээр авч, хааяа нэвтрүүлэг, сурвалжлага бэлдүүлж болох юм. Та юу ч гэсэн даалгавар өгч юм хийлгээд үзэхгүй юу гэв. Ингэж би Монголын радио хэмээх их айлын босгоор давж, өгсөн даалгаварыг нь биелүүлж, том сэтгүүлч ах эгч нарын зараалд мэдээ сурвалжлагад гүйдэг болсон доо.
Т.Очирхүү ахын гавшгай, яаруу түргэн алхаа ийнхүү аажуу амгалан миний алхааг түргэсгэж, бас урам зориг оруулж оюутны жилүүддээ би Зохиолчдын хороогоор босгыг нь элтэл гүйж, анхны номоо хэвлэлд шилжүүлээд, радио хэмээх их айлд бас тоогдож төгсөх жилд минь Мэдээлэл Радио Телевизийн улсын хороо" хэмээх үндэсний том мэдээллийн байгууллага надад үүдээ цэлийтэл нээсэн юм даа. Т. Очирхүү ахын хаялага бөлгөө.
Түүний шүлгүүд өгүүлэмжтэй. Ямар нэгэн үйл явдал, бодит баримтыг энгүүн хүүрнэн өгүүлэх дүрийн гаргалгаан дундаас шүлгийнхээ гол санааг илэрхийлэн зангиддаг онцлогтой. Тэгээд ч тухайн үед хамгийн их нэрд гарч, уншигчдын талархлыг хүлээж байсан юм. "Урам хайрла" хэмээх шүлэг нь бол яг л Т.Очирхүү ах өөрөө. Анх хөлд орж буй хүүгээс эхлээд, сургуулийн сурагч, эр болж буй хөвгүүн, алдсан агшин, хүлээж суугаа амраг, өндөр настан хэнд ч тэрхүү урам хайрласан үгээ хэлж бай хэмээн яруу найрагч захина.
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна гэж урам хайрла
Хүмүүс ээ ! Бие биедээ урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэлээ хайрла !
Монгол хүний сайхан сэтгэл, бие биедээ хандах жудаг, хүнийг өөдрөг байлгах гэсэн харилцааны соёлоос үүдэлтэй ёс заншлыг яруу найрагч өөртөө шингээсэнээс л чухам хүнд хэлэх ийм шүлэг төрсөн буй заа. Тэрбээр өөрийгөө "уулын хүн" хэмээн ярих дуртай. Алтай нутгаа юм болгонд дурсан ярина. "Аргамжааны чулуу" бол түүний тод илрэл. Өргөн ширэгийн зусланд торойх аргамжааны чулуу яруу найрагчийн сэтгэлд тодрон үзэгдэж, багын дурсамж амилаад улмаар хүүрнэлээс яруу найргийн мөр гэрэлтэж,
Ширхэг ганц чулуу нь ч сэтгэлийн урт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа хүлэг морь шиг аргамжаатай
хэмээн тодотгоод улмаар санаагаа өсгөж,
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг шиг
Аяа, эх орон чамдаа би тоосны үзээрээс эргээстэй
хэмээн мөнөөх санааг дээш өргөж томсгоно. Т.Очирхүү ах бол ийм найрагч. Нэгэн үе түүнийг хэтэрхий энгийн, уран тод юмгүй, цагаан шүлэгтэй хэмээн гоочилдог л байсан, тэр шантраагүй шүлгээ бичээд л хүн хүнд уншаад л, олныхоо талархлыг хүлээгээд, уншигчдын хайрыг талаар л инээмсэглэж явдаг сан.
Нарны шадар өндөр юм гэвэл уул
Насны хөсөг мөнх юм гэвэл уул
Алив бүхнээр уул шиг байх
Ариухан хүсэл надад байдаг юм
Тэрбээр ийм энгийн бөгөөд үнэн, тэгээд яг л өөрийгөө илэрхийлж шүлэглэнэ. Яруу найраг бол зан чанар юм. Нэгэн тээврийн жолооч Самбуу хэмээх ахын тухай сайхан шүлэг байдаг сан. Жараад оны дүр зураг, хөдөөний хүүхдийн хүлээцтэй зан чанар, жолооч хүний амгалан алмай байдал бүгдийг зурсан юм шиг дүрслээд, олон хоног явж Улаанбаатарт ирсэн шигээ Самбуу ахтай дахиад монгол газраараа тааваараа аялах юмсан хэмээн дурссан шүлэг. Яруу найрагч цагаан цайлган сэтгэл, гүндүүгүй гүдэс монгол зан чанарыг ингэж хайж, эрэлхийлж буй нь сэтгэлд нэг л их урам шивнэнэ.
Ерэн гурван онд миний "Алтан-Овоо" ном хэвлэгдэхэд хамгийн анх Т.Очирхүү ах маань олж уншаад "Хүлгийн айзамт ном бүтээгчийн тухай" нэртэй эсээ бичиж сонинд нийтлүүлээд, гар бичмэлээ дурсгаж, анхны томоохон урмаар мялааж билээ.
Нийгмийн шилжилтээр юм юм эргэж хөрвөж эхлэнгүүт Т.Очирхүү ах эмчийнхээ чагнуурыг зүүж, зүүгээр эмчлэх эмнэлэг байгуулж билээ. Би зүүний эмчилгээний анатомийн зурагтай нэг альбом өмнөд хөршийн номын дэлгүүрээс авчирч түүнд бэлэглэсэнд ихэд олзуурхан эмнэлэгийнхээ хананд жаазлан дэлгэж байрлуулсан, хэмээн мөнөөх үл өөрчлөгдөх цайлган цагаан инээмсэглэлээ өөдөөс илгээж байсан нь санагдана. Зах зээлийн давалгаанд хүн болгон л өөр өөрийн замыг хөөж өдөр шөнийг мартаж явсан тэр жилүүд. Ном хэвлэл, уран зохиолын ертөнц гэж байгаагүй юм шиг хоосорч, хэдэн зохиолчид маань зах зээлийн шуурганд уруудаж эхлэв Би тэр үед Мигжэд Жанрайсиг цогцолборын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө мөнгө цуглуулах, бурхан урлах зэс олох гээд завгүй болж, харин хувь тохиол таалж их шүтээнээ төрийнхөө хойморт залаад амсхийв. Гэсэн ч зах зээл тайван суулгасангүй. Ийн бидний өнөө маргааш гэсэн завгүй өдөр хоног өнгөрсөөр байв. Нэгэн өдөр Тоомойн Очирхүү найрагчийн бие муу байна гэсэн мэдээ чих дэлсэв. Сүхбаатар луу гарах замдаа гэмтлийн эмнэлэгт явж хүрвэл гэрт нь галын осол гарсан ажээ. "Ах нь түлэгдэлтийн хордлоготой байгаа. Одоо нэг үеэ бодвол жаахан овоо болж байна. Хөгшний маань ажил явдал болоод өнгөрсөн..." хэмээн үгээ зөөж хэлэх нь бие нь тун сайнгүй байдалтай. Би урамыг нь сэргээх гэж хэдэн үг хэлж жаахан сууж байгаад босохдоо, түүний духан дээр үнссэнд гүн түлэгдэлтийн ул мөр нь огт арилаагүй гэлтэй хярвас ханхалж билээ. Түүнээс хойш тэр хорвоод удсангүй. Ийм сайхан хүмүүст, тааралдсан энэ хэцүү явдлыг ёстой юу ч гэлтэй билээ. Цагийн шуурга, санаандгүй дайрлага буй заа.
Гэвч Т.Очирхүү ах нөгөөх л инээмсэглэсэн, өөдрөг рүү тэмүүлсэн, урам өгсөн зан чанараар сэтгэлд үзэгдэж "Тэнгэрийн хаяаны од", "Алтайн унага", "Уул хүн хоёр", "Аргамжааны чулуу", "Морьтой хүн", "Нөхрийн үг", "Наадмын өглөөний үүл", "Чулууны магтаал", "Тоомой панз миний аав" зэрэг олон ном нь эзнээ илэрхийлэн үлджээ.
Тэр нэгэн удаа " Хэрэв надаас чиний хобби юү вэ? гэж асуувал ном бөөцийлөх гэж хэлнэ" гэж билээ. Түүний номын сан ёстой үлгэр жишээ. Нимгэн зөөлөн хавтастай номууддаа хатуу цаасаар ороолт хийж, нуруун дээр нь зохиогч болоод номын нэрийг нямбай бичих бөгөөд заримыг нь багцлаж төрөлжүүлэн цуврал боть шиг болгож тэвхийтэл өрсөн харагдана.
Т.Очирхүү ах Москвад хоёр жил суралцаж ирснийхээ дараа орчуулгаар бас оролдож байв. Нэг өдөр Башкирын ардын яруу найрагч Мустай Каримын яруу найргийн орчуулгын номоо бариад " Дүү надад Орос эхийг нь өгч урам хайрласан болохоор Эрдэнэмаамтай элбэж монголчиллаа. Ном бол бие биедээ өгөх халуун дулаан урам шүү. Чи надад тэр номыг өгөөгүй бол би орчуулах гэж хөөцөлдөхгүй л байсан болов уу? Бие биедээ ном бэлэглэж байцгаая гэж билээ. Хожим нь би Мустай Карим гэж их гоё өтгөн Халимагаа босоо самнасан найрагч Москвагийн Улаан талбайд нэг их том парадын үеэр явдаг тайзан дээр шүлгээ уншиж, Очирхүү ах бид хоёр түүнийг хараад зогсож байгаагаар их тод зүүдэлж билээ.
Яруу найрагч ном болмуу. Тэр өөрөө ном болж үлдэнэ гэдгээ мэдэж байжээ. "Номын өчил" хэмээх шүлэгтээ яг энэ тухайгаа аль хэдийн дуулчихсан байх юм.
Би - ном
Үнэн миний нас
Үнэн миний зүс
Үнэнийг хүмүүст хүргэхдээ
Үргэлж би баяртай байдаг
Аниргүйхэн өргөөний минь номын тавиурт
Алжаалаа тайлаад би амарч байдаг
Би жигүүртэй
Би сэлүүртэй
Би - ном... гэжээ.
Ном бүтээнэ гэдэг бол хүнд урам хайрлахын гүн ухаан буюу.
2014.04.23
Дэлхийн номын өдөр
Г.Мэнд-Ооёо "Оюун санааны хээр тал", 122 тал, УБ 2016