Мэдээлэл

Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН СУДЛАЛ, ШИНЖЛЭЛИЙН НОМУУД ХЭВЛЭГДЛЭЭ

Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН СУДЛАЛ, ШИНЖЛЭЛИЙН НОМУУД ХЭВЛЭГДЛЭЭ

Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН СУДЛАЛ, ШИНЖЛЭЛИЙН НОМУУД ХЭВЛЭГДЛЭЭ


 
2022.10.21-нээс 2022.10.22-ны өдрүүдэд Чингис хааны одонт яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч Г.Мэнд-Ооёогийн Уран бүтээлийн судлал шинжлэлийн Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал, мөн “Г.Мэнд-Ооёо уран бүтээлийн судлал шинжлэл’ /1993-2021/, ‘Г.Мэнд-Ооёо уран бүтээлийн судлал шинжлэл’ /2022/, "Literature, Culture and Language Across Time" /2005-2022/ зэрэг номуудын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Монгол хэлээр гарсан эхиний хоёр бүтээлд гадаад дотоодын 100 гаруй судлаач, зохиолч, яруу найрагч, эрдэмтэн докторууд Г.Мэнд-Ооёо найрагчийн зохиол бүтээлийг олон талаас нь судалж өөр өөр өнцгөөс задлан шинжилсэн байна. Дээрх үйл ажиллагаа Монголын утга зохиолыг гадаад ертөнцөд танилцуулах шинэ жим гаргаж, шинэ зам нээснээрээ ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон хэмээн судлаач хүний хувьд үнэлж дүгнэж байна.
 
1.
‘Г.Мэнд-Ооёо уран бүтээлийн судлал шинжлэл’ /1993-2021/ номонд гадаад дотоодын 60 гаруй эрдэмтэн судлаачдын 70 гаруй бүтээл оржээ. Уг түүвэрт нэрт судлаач Ч.Билигсайханы ‘Үнэний төгөлдөр дуулал-Гэгээнтэн’, О.Дашбалбарын ‘Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо’, Саймон Векхамсмитын ‘Цаглашгүйн орноо зорчихуй’, Д.Цэвээндоржийн ‘Г.Мэнд-Ооёогийн уянгын гэр, утгын бөмбөрцөг’, Ү.Хүрэлбаатарын ‘Зөөлөн айн таван аксиом’, Хусто Хорхе Падроны ‘Хээр талын дууч, сансрын ухамсрыг илэрхийлэгч’, Юй Синий ‘Умардын дагшин орны найрагч хүлэг баатар’, М.Уянсүхийн ‘Хувилгаан зохист агаар’, Д.Бадамдоржийн ‘Зохиолч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлд хөх өнгийг сонгож дүрсэлсэн нь’… зэрэг олон сонин содон задлан шинжлэл оржээ. Миний хувьд их найрагчийн ‘Он цагийн хүрд’ номонд хийсэн ‘Өр зүрхнийхээ гүнд гоо сайхантайгаа нөхцөгч нэгэн яруу найрагчийн цээжний гүнээс нисэн буух шувуудыг анирдахуй’ яруу найргийн задлан шинжлэл, мөн  ‘Шилийн богд’ романд нь хийсэн ‘Гомбожавын Мэнд-Ооёогийн ‘Шилийн богд’ романы туурвил зүйн задлан шинжлэл’-үүд багтжээ. Тавтай тухтай уншиж нарийн ширийнтэй нь танилцах ёстой ном байна. Энэхүү номын МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлжээ.
2.
‘Г.Мэнд-Ооёо уран бүтээлийн судлал шинжлэл’ /2022/ Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэлийг юуны түрүүнд уншиж сонин содон сэтгэгдэл төрлөө. Эл номонд Монгол, Америк, Их Британи, Орос, Израйл, Румын, Энэтхэг, Хятад, Бразил, Франц, Унгар зэрэг олон орны эрдэмтэн судлаачдын 30 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл /монгол, англи, орос хэлээр/ багтжээ. Олон судлаачид -зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо багшийн зохиол бүтээлийг ‘постхуманизм’, ‘байгалилаг яруу найрагч’, ‘экологийн яруу найрагч’, ‘нүүдэлчдийн ахуй соёлыг тунхаглагч’ хэмээсэн байна. Тухайлбал, Америкийн Рутгерс их сургуулийн багш судлаач Саймон Вэкхамсмит “Барууны ертөнцийн бид хүн хийгээд хүмүүн бус (байгальлаг) хоёр хоорондоо шүтэлцээ харилцаатай гэж ер төсөөлж чаддаггүй. Европын сэргэн мандалтын үеэс эхлэлтэй хуманист үзэл (хүн төвтэй) философийн сэтгэлгээ нь хүнийг ертөнцийн бусад оршихуйгаас хамгийн дээгүүр нэгдүгээрт тавьснаар бусад амьтдаас тусгаар мэт болгосон бөгөөд энэ баримтлал даруй сүүлийн дөрвөн зуу гаруй жил давамгайлж байна. Сүүлийн 30, 40 жил хөгжиж буй постхуманизм нь ингэж хүнийг бүхнээс дээгүүр өргөмжлөхийг больж байгалийн бусад оршихуй, амьтадтайгаа харилцан шүтэлцээтэй, оройд нь тусдаа биш, харин дунд нь холилдон оршиж буйг анзаарч эхэлсэн юм. Хүн гэдэг тусдаа өвөрмөц онцгой гэсэн санааг ил тодоор (магадгүй түгшүүр төрөм байдлаар) ийнхүү сөргөхөөс гадна, хүн гэдэг зүйл өөрөө мөхөхгүйн тулд байгаль дээр байгаа амьдралын олон хэлбэр, зүйлийн баялагийг хамгаалж авч үлдэхэд илүү анхаарч, тэр дундаа энэ гараг дэлхийг хуваалцан оршиж, амьдарч буй амьдралын хэлбэрүүд тус бүртэй нь хувь хүн нэг бүр яаж харилцан шүтэлцэж байгаагаа ажин мэдэхийг шаардаж байна. Гэхдээ энэ бол монгол нүүдэлч малчдын хувьд цоо шинэ зүйл биш... монголчууд угаасаа л сав шимийн ертөнц дотроо харилцан шүтэлцэж нөхцөлдөж амьдарч ирсэн болохоороо амархан таних томьёолол болно. Яруу найрагч Мэнд-Ооёо бол яг энэ хүн, байгаль хоорондын экологи, соёлын харилцан шүтэлцээг сүүлийн тавь гаруй жил зохиол бүтээлдээ тусгаж ирсэн гол дуу хоолойны нэг юм” хэмээн тодотгожээ. Үнэхээр л өрнө, дорнын философи сэтгэлгээний онцлог ялгаа үүнд оршдог. Хоёр мянга гаруй жилийн тэртээ эртний Грекийн философич, софизмыг үндэслэгч Протагор “Бүх юмсын хэмжүүр хүн” гэж үзсэнээр хүнийг төвчлөх үзлийг бий болгож, аугаа их Сократ ‘Өөрийгөө таньж мэд’ хэмээн хүмүүнийг өөрийн дотогш анирдахыг анхааруулж,  Италийн философич, яруу найрагч, уран илтгэгч Пико делла Мирандола ‘Хүн төрөлхтөнг орчлонгийн төв, ертөнцийн байгууламжийн оргил’ хэмээн үзэж сэргэн мандлын үеийн гуманизмтай золгосон нь бий. Дорнын философи үүссэн цагаасаа л гол судлагдахуунаа ‘хүн’ болгож байсан ч хүний үйл үйлдлийг сав шимийн ертөнцтэй нь уялдуулан авч үзэж, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ арга билгийн шүтэлцээнд нь авч үзэж ирсэн байдаг. Үүн дотроос нүүдлийн соёл иргэншлийн бие даасан хэв маягийг жинхэнэ утгаар нь бий болгосон монголчууд олон зуун жилийн турш бэлчээрийн мал аж ахуй эрхэлж амьд амьтантай байнга харьцаж ирэхдээ өөрийн хөл доорх хөрс шороо, өвс ургамлаас эхлээд байгаль дэлхийг, наран саран од гараг хүртэл нь оюун санаандаа багтаан жилийн дөрвөн улирлын туршид мянга мянгантаа эргэцүүлэн бодож, түүнийг үр удамдаа уламжлан таниулж ирсэн бөгөөд өнөөгийн постгуманизм нь хэдэн мянганы тэртээгээс монгол хүний оюун сэтгэхүйд шингэмэл явж ирсэн билээ. Судлаач Саймон Г.Мэнд-Ооёо найрагчийн яруу найраг, зохиол бүтээлээс үүнийг олж харан тодотгож шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан нь ихээхэн ач холбогдолтой юм.
Ер нь дээрх олон судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдэд Г.Мэнд-Ооёо найрагчийн бүтээлийн тухайд постгуманист үзэл санаа нэвт шингэмэл байна. Тухайлбал, Израйлын профессор Хайм Дотан ‘Яруу найрагч Г.Мэнд-Ооёо бол эх дэлхийг аврах гүүр юм’ гэсэн гарчигийн доор “Мэнд-Ооёогийн яруу найргийг бидний хайртай Дэлхий ээж хийгээд залуус оюутнуудын дундах гүүр хэмээн би эрт ойлгосон юм. Оюутнуудаа өндөр уулс руу дагуулан аялаж, шөнийн одод, бороотой зураглалтай шүлэг бичиж, тэдний байгалийн зүрх сэтгэлийг холбохыг хичээдэг дээ” гэсэн бол Румыны академич Ион Диконискү “Тэрбээр монголын эртний уламжлалт яруу найргийн өв залгамж чанарыг хадгалан, бүтээлээрээ дамжуулан өвлүүлэхийн зэрэгцээ яруу найргийн өнгө аясдаа байгальтай эргэн нэгдэх, яруу найрсалд тууштай байх, хүний байгалилаг чанар, эмзэглэл, аз жаргал, ганцаардал гэх мэт шинэлэг уур амьсгал, өргөн сэдвүүдийг хамарсан байна. Тэр бол адуун төвөргөөн, салхины исгэрээ хүүгсэн уудам их тэнгэрийн доорх яруу найрагч билээ”, Энэтхэгийн яруу найрагч, Соёл хоорондын судалгаа шинжлэлийн Олон улсын нийгэмлэгийн ахлах зөвлөх Биплаб Мажээ “Мэнд-Ооёогийн дуртатгал эсээ хийгээд хүүрнэлээс нь монгол нүүдэлчдийн амьдралын дүр зураг урган гарна. Өнөө цагт, орон орны яруу найрагчид дэлхийн дулаарал, экологийн мөхөл зэргээс өөрсдийн дэлхийг хэрхэн аврах тухай гудамжинд гарч ярьж байна. Бид эх байгальдаа амьдрахыг хүснэ. Гэвч, Мэнд-Ооёо шиг яруу найрагчид төрөлхөөсөө байгальтайгаа цуг амьдардаг. Тийм учраас тэр ийм тансаг шидэт мөрүүдийг бичиж чадна”, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн доктор, профессор Ц.Цолмон “Гэрэл, ус, чулуунд шившсэн экологийн яруу найрагч”, Энэтхэгийн доктор, дэд профессор Шалин Кумар Сингх “Яруу найрагч өөрийгөө байгалийн эс ширхэг бүрт мэдэрч буй нь эгээ л уламжлалт бясалгалын гэгээрэхүйн тарни ‘Ахам Брамаси’ мэт санагдана. Байгаль бүхэлдээ түүнээс бүтэж, хамаг буй оршихуйгаараа эх дэлхийн эрхэм сайхнаар амьсгалах мэт. Яруу найрагч дэлхийн бөмбөрцөг бол нэг л бөөрөнхий чулуу болохыг, бүх л хүн амьтан үүнээс үүсэж, бүтээсэн бүхэн нь цагийн эрхээр арилсан ч мөн л чулуу унтаа хэвээр оршсоор, эх түүхийг бүтээлцсээр байдгийг анзаарна” ... гэх зэргээр бичжээ. Энэ бол Г.Мэнд-Ооёо найрагчийн уран бүтээлийн зөвхөн нэг л тал нь. Түүний бүтээлийг нь ‘гүн цаг’-ийн үүднээс, ‘мета домог зүйн’ хандлагаар, ‘ертөнцийн эх бүсгүй төрөлтний зохиол бүтээл’ гэдэг талаас нь гээд их олон өнцгөөс задлан шинжилсэн ажээ. Энэхүү хурлын эмхэтгэл номыг СУИС-иас эрхлэн хэвлүүлжээ.      
Г.Мэнд-Ооёо найрагч -зохиол бүтээл, яруу найраг, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаараа дамжуулан гадаадынхныг монгол оронд дурлуулж байна. Үүнийг л яруу найраг, утга зохиолын хүч чадал гэх биз ээ.  
Дээрх бүтээлүүд нь шинжлэх ухааны өндөр ач хобогдолтой, нэг хүний гэхээсээ илүүтэй Монголын утга зохиолын түүхэн хөгжилд хамаатай, Монголын утга зохиолыг дэлхий дахинд таниулахад чухал гүүр нь болж, ар араасаа монгол судлалыг дагуулна гэдэгт итгэлтэй байна. Бидний бүтээлийг дэлхий судлах цаг ойрхон байна. Номын цагаан буян дэлгэртүгэй! Монголын утга зохиол мандан бадраг!  
 
Доктор /Ph.D/ Гомбожавын БЯМБАЖАВ
TOP