Уран бүтээл

РАВЖААГ ДЭЛХИЙ МЭДЭХ ЦАГТ

РАВЖААГ ДЭЛХИЙ МЭДЭХ ЦАГТ

РАВЖААГ ДЭЛХИЙ МЭДЭХ ЦАГТ

«Дэлхий даяар намайг мэдэх цагт би эргэж ирнэ» хэмээн Ноён хутагт Данзанравжаа айлдсан гэдэг билээ. Яруу найргийн авъяасын цог залиа гэрэлтүүлсээр их хутагтын эргэн залрах цаг нь ойртож байгаа бололтой. Түүнийг дэлхий мэдэж, бас хэдийн таниад эхэлчихжээ. Аливаа юмсын учир тавилангийн зүй ёсоор л хутагтын хойчийн ном буяны үйлс болдог ажгуу.
Говьд очсон эрдэмтнийг зочлохоор айлын эзэгтэй тогоогоо бичигтэй цаасаар арчаадхав гэнэ. Эрдэмтэн бээр авгайгаас мөнөөх тогооны алчуурыг нь гуйж авав гэнэ. Равжаа хутагтын бичмэл эх, судлах эзнээ ийн таньжээ. Равжаа судлаач Д.Цагаан багш ийнхүү хутагтын шүлэг дууны бичмэлүүдийг санаандгүй учралаар олжээ. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, судлаач эрдэмтэн багш Д.Цагаан нар анх түрүү ноён хутагт Данзанравжаагийн ном бүтээлийг уншигч олонд толилуулж, төвдөч Алтангэрэл, Ёндон нар зарим зохиолуудыг нь төвдөөс монголчлон хэвлүүлж ХХ зууны дунд үеэс өргөн олон түүнийг мэдэж эхэлжээ. Залгуулаад Ц.Дамдинсүрэн гуайн шавь, их эрдэмтэн Л.Хүрэлбаатар хутагтын судалгааг үргэлжлүүлэв. Гэвч Данзанравжаа өөрийн яруу найргийн болон шашин соёлын ертөнцөө тийм ч амар нээж өгөхгүй л байлаа.
Хутагтын ном судар, бурхан тахилын хүү санг ч говийн хөрс нууцлан чанадлаж, өвгөн тахилч бээр хойчийг залгамжлах тамгатай төрсөн ач хүүгээ “бэлтгэж” байлаа. Цаг төр өөрчлөгдөж хутагтын өв эх газрынхаа авдараас эх орныхоо гэгээн наранд ил гарч, хутагтын хийдийн тахилч Алтангэрэлийг ч монгол даяар мэддэг болов.
Яг л энэ үед Ардын их хурлын депатут байсан Л.Одончимэд зохиолч Дорноговь аймгийн засаг даргаар томилогдвой. Говийн зэрэглээ дагаж шанд худаг, шаргал манханаар нэг тарж "довоо шарлуулах" говийнхоныг өөд нь татаж нэгтгэн зангидах нэг л их хүч байгааг тэрбээр тун оночтой олж харсан байдаг юм. Тэр бол ноён хутагт Данзанравжаа байлаа. Их хутагт түүхийн алсаас өөрөө адисласан уу, аль эсвэл гэгээн оюунд нь шимтэн ууссаар идэрхэн удирдагч бээр өөрөө адислагдсан уу? Нэг л мэдэхэд ноён хутагт Данзанравжаагийн сүүдэр гийсний 190 жилийн ой улс хотол даяар сүр жавхлантай болж, яруу найргийн бүрэн түүвэр нь Засаг даргын ивээлд хэвлэгдэж билээ.
Их хутагтын ойтой бараг давхцаж манай нутаг усныхан “Алтан Овоо” номыг минь эх барьж Шар бүрдэнд миний яруу найргийн наадмыг зохион байгуулан хурдан хүлгийн тоосоор нутгийнхаа тэнгэрийг мялааж байтал баруун хойноос солонгын туяатай тоос татуулсаар хэдэн хүн буусан нь Дорноговь аймгийн Засаг дарга, зохиолч, яруу найрагч Л.Одончимэд, Урлагийн гавъяат зүтгэлтэн М.Ухнаа, манай нутгийн дуучин Ш.Чимэдцэеэ, театрын дарга Л.Гомбосүрэн нар байлаа.
─ Нарны наагуур солонго татсан, та нарын солонго байсан уу? хэмээхэд,
─ Ноён хутагтын наадам болж нартай бороо орж, солонго татлаа, тэр солонгыг танай Шар бүрдэнд авчирлаа хэмээн тэрбээр наргиантайяа хэлж билээ. Тэр наргиан бус, хутагтын нэгэн шинэ үе эхэлсний бэлгэдлийн солонго байсан ажээ. Үнэхээр ч хутагтын наадмын үеэр Дорноговьд нартай бороо орж солонго татаж, хутагтын сахиус мишээж байжээ. Түүнээс хойш дэлхий нарыг арван тавантаа тойрчээ. Хутагтын 195, 200 жилийн ой ч улам өргөн дэлгэр болов. Ноён хутагт Данзанравжааг дэлхий дахин улам улам таньж мэдсээр байна. Ой сүүдрийг тэмдэглэхээр ирэгсэд ч олон байв, оюун эрдмийг нь шимтэн судлаачид ч олон болов. Л.Одончимэдийн идэвхтэй хөөцөлдсөнөөр Юнескогоос Данзанравжаагийн жанч халсны 150 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэх тогтоол гарч Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, нүүдэлчний театрыг үндэслэгч түүний өв санг хамгаалах дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхийг уриалсан баримт бичиг цацагдаж байх яг энэ үед Английн Лондон хотод Саймон Вэккхамсмит хэмээх авъяаслаг залуу Данзанравжаагийн яруу найргийн бүрэн түүврийг англи хэлнээ орчуулан дуусч байлаа. Урамтай сайхан мэдээг сонсоод Л.Одончимэд зохиолч:
─ Равжаа хутагтын төлөө үйлс бүхэн ингээд л цаанаасаа бүтээд байдаг юм хэмээн бахархан өгүүлж билээ. Дэлхийн Яруу найрагчдын XXVI их хуралд мөнөөх залуугаа урьж номыг нь англи хэлээр хэвлэн Л.Одончимэдийн санаачилгаар их хурлын хаалтын өдөр Данзанравжаагийн нэрэмжит “Алтан дигваранз” яруу найргийн наадам зохион байгуулсан юм. Дэлхийн 50 гаруй орны 300 гаруй яруу найрагчид Данзанравжаагийн шүлгийг англиар уншиж, монголоор нь сонсож Ноён хутагтыг дэлхий дахинд танигдах орон зайг тэлсээр авай. Данзанравжаагийн музейг үзэж, Хамарын хийдийн орон шүтээний адислаг эрчимийг хүртэх гэсэн олны хөл Дорноговь руу урсаж байна.
Өнөө хавар Хамарын хийд рүү төвийн эрчим хүчний шугам хүрч гэрэл цахилгаантай болж гэнэ. Мэдээж Л.Одончимэд л тэнд давхиж явна. Равжаа хутагтын яруу найргийн наадам болоход Л.Одончимэд л сууж байдаг, ном түүврийг нь хэвлэх болоход өврөө ухаад л хэдэн бор юмаа илүүчлээд өгч байдаг, Равжааг орчуулсан Саймон ирлээ байр олддоггүй ээ гэхэд нэг өрөөгөө зайчлаад л гаргаад өгч байдаг, ер Равжаагийн төлөө бол бүхнээ зориулахад бэлэн явдаг хүн. Түүний нэр нөлөө, сайн үзүүрт сэтгэлээр Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын барилга үүдээ нээж, Хамарын хийдэд хутагтын өвийн мэдээллийн төв бий болох гэж байна. Ноён хутагттай хэдий цагийн ямар үйлийн шалтгаанаар холбогдсоныг хэн мэдлээ. Өнөө жил Ноён хутагтын 205 жилийн ой тохиож байгаа. Дадсан ёсоор бид Л.Одончимэдээсээ л асууна. Хутагтын ойгоор юу юу болох вэ гэж. Данзанравжаа хутагтын зүрхэн шүлгүүдээр нэг сайхан ном хийнэ, олон улсын эрдэм шинжилгээний хурал, "Сувдан сондор" аялал, их наадам гээд юм юм л болох бололтой. Энэ бүгд сайхан л сонсогдож байна, гэхдээ аль нь Л.Одончимэдгүйгээр үл болно.
Л.Одончимэд эрүүлийг хамгаалах, олон улсын улаан загалмай нийгэмлэг, төр засгийн олон чухал өндөр алба хашиж, 1990 оноос Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцаж, 2000 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож төр түшихийн хамт, монголын их утга зохиолын армийн тодорхой төлөөлөгчийн хувьд, яруу найраг, хүүхдийн зохиол, шог хошин сэдвээр 20 гаруй ном бичиж уншигчдын талархал хүлээсэн нэрт зохиолч билээ. Гэвч тэрбээр дарга ч байсан, цэрэг ч байсан, туг ч барьсан, тугал ч хариулсан Данзанравжаа хутагтын өв соёлыг хамгаалах дэлгэрүүлэх их үйлсийн түүчээлэгч нь байсаар байх тавилантай ажгуу.
Монголд хамгийн том уран бүтээлийн “Алтан дигваранз” шагналыг тэр буй болголоо. Шагналын сан нь нэг түмэн америк доллар гэнэ. Равжаа хутагт ийм их мөнгийг гаргаж өгөхгүй нь мэдээж, Л.Одончимэд түүнийг олох нь мэдээж. Хутагтын буянд тэрбээр итгэлтэй байгаа аж. Ийм нэгэн өгөөмөр уужуу зан чанар түүнд байх бөгөөд чухам бүхий л амьдралынх нь ноён нуруу буй заа.
Ноён хутагт нэгэн шавьдаа сургахдаа “Туст сэтгэлийг огторгуй мэт уужим тэл” хэмээжээ. Данзанравжааг тойрсон соёлын энэ их үйлсийн ач тус Дорноговьчуудын хүрээнээс хэдийн халиад Монголын оюуныг соён гийгүүлж, одоо улмаар дэлхий дахинд гэрлээ тусгаж эхэллээ. Хутагтын ном сургаалийг уншиж гэгээрсэн хүн хутагттай уулзсанаас ялгаа юун. Хутагтын авралт шүтээн ариун дагшин орон хийд сэргэн амилах нь хутагт эргэн заларснаас ялгаа юун. Ийн хойчийнхны барьсан туст сэтгэл нь огторгуй мэт уужим тэлэхийн цагт хутагт эргэн залрахын ерөөл тохиох буй заа. Тэглээ ч гэсэн туст сэтгэлийн огторгуй үл дуусмуй. Хутагтын номыг сөхвөөс нэг мөр тод туслаа.
“Цангасан заан ус руу зүтгэх мэт, Цаад эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио” хэмээжээ. Данзанравжаагийн айлдварыг гүйцэлдүүлэх нь магадтай ажгуу. Харин Равжааг дэлхий мэдэх цагт...
2008.V.01 "Айсуй хутагтын гэгээ"
(УБ 2008) номд анх нийтлэгдсэн.
Нэмж өгүүлэх нь:
Энэхүү бяцхан нийтлэлийг бичсэнээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Номын садан Л.Одончимэд ах маань тэнгэрт дэвшжээ. Хүний үлдээсэн сайн буян үл балрах ажгуу. 2017 оны 8 сард Данзанравжаагийн Олон улсын яруу найргийн наадамд дэлхийн 40 гаруй орны 300 гаруй яруу найрагчид оролцож, улмаар Данзанравжаагийн говьд чуулсан билээ. Наадмын тэргүүн шагнал нь "Алтан дигваранз" 10,0 сая төгрөг. Уг шагналыг Испанийн суут яруу найрагч Хусто Хорхе Падрон хүртэж, Хутагтын говийн тэнгэр доор Л.Одончимэдийн хүү О.Одбаяр, охин О.Одгэрэл, бид гурав тэрхүү эрхэм шагналыг гардуулж билээ.
Равжааг дэлхий мэдсээр л авай...
2020.VIII.23
Г.Мэнд-Ооёо "Цагаан манан, гэгээн гуниг", 114-р тал, УБ 2020
TOP