ГЭГЭЭНТЭН роман ТҮДЭВИЙН МОНОЛОГ
Данзанравжаа хутагтын эрдэм оюун, өв соёлыг 1937 оны их егүүтгэлээс авран хамгаалж өнөөгийн бидэнд хүргэж өгсөн их ач буянт хүмүүн бол Дархан тахилч Г. ТҮДЭВ гуай ( 1912-1990 ) юм. Тэрбээр дараа үеийн тахилч- ач хүү З.Алтангэрэлийг хатуу гараар өсгөж хүмүүжүүлэн залгамжлагчаа бэлтгэсэн билээ. ГЭГЭЭНТЭН романы нэвтрэн гарах гол шугам Түдэв тахилчийн дотоод хүүрнэлээр ( монолог) өрнөж, түүгээр дамжин нэгэн зуу гаруй жилийн тэртээх хутагтын оюун санааны ертөнцтэй уншигчийг холбоно. Ийнхүү тухайн цаг үедээ хэнд ч үл анзаарагдан эгэл жирийн амьдарсан хөдөөгийн хөх өвгөн Түдэв гуай бол оюуны ямар өндөр төвшинд хөгжсөн, эр зориг эрдэм ухаан хослуулсан, өв тээгч байсныг бодох бүрий аньсага чийгтдэг билээ.
Зүүдэнд минь учирдаг Түдэв гуайгаа дахин дурсахын учирт " Гэгээнтэн" романаасаа ганц мөчлөг толилуулсугай.
ГЭГЭЭНТЭН роман ТҮДЭВИЙН МОНОЛОГ
... Өвгөн Түдэв би тахилчийн албаа Алтангэрэл хүүдээ өвлүүлж өгснөөс хойш зургаан жил өнгөрчихөж. За болоо болоо. Одоо хойт насны цагаан мориндоо мордоход гомдолгүй. Ууландаа хэлж уудлах юм маань ч аядав...
Гэтэл хэн нэгэн “Түдэв гуай та нэг л юм дутуу ярьлаа даа” гэх шиг, уулын овооны чулуунд салхи хүүгээд явчихлаа. Цочих шиг. Эргэн тойрон харвал хэн ч алга. Огторгуй ч цэв цэнхэр. Говь ч цэв цэнхэр.
Аа хохой!
Гэгээнийхээ шарилыг хаа залснаа би яриагүй юм байна. Тэрийг ярих хэцүү. Дотор урагдчих гээд байдаг юм. Аан тийм...
...Шөнө дөл болсон хойно авдартайгаа үүрээд агуйгаас холдож явлаа. Үүр цайхын өмнөхөн зорьсон газраа ирэв. Хоёр морин тогоо хуурай заг овоолж орхисон юм. Жалганд. Яг үдийн нар голлуулж байгаад ажлаа эхлэв. Гурван том чулуу тулж, нэг тогоогоо тавьчихлаа. Сайтар арчиж зүлгээд арц сан, аршаан утлагаараа ариулж, ариулж, дотор нь Гэгээнийхээ шарилыг залчихлаа. Арц агь баахныг хийгээд загийн үндэс, эмийн өвс дүүргэж байгаад дээрээс нь бас хумбагар тогоо хөмөрч тавив. Тогоондоо бага зэрэг завсар гаргаад загийн галаар дүрэлзтэл хөөрөгдчихөв.
Ээ, Ноён гэгээн минь! Нүгэл буян хоёрыг ёстой хийлээ дээ, би гэдэг хүн. Үдийн наранд загийн гал утаагүй дүрэлзэнэ. Ингээд Гэгээний маань бурхан шарил, чандар болж бумбанд сэлгэсэн юм даа. Залуу байхад зоригтой ч байж дээ. Одоо бол зүрхэлж тийм юм хийхгүй ээ. Хорин таван насны зориг зүрх, мохож халираагүй ааг омог, дүрэлзэн шатчихаагүй гал дөлөөр л хийлээ дээ. Цаг үеийн аюулыг ч, авралыг ч тэр цагийнх нь хүн танина гэдэг үнэн үг ээ. Өдрийн дүрэлзсэн гал цогшив. Үдшийн сэрүүнд Гэгээнийхээ чандарыг цагаан хать торгон уутанд хийж, өвөртөллөө. Шөнө дунд Хан Баянзүрх ууландаа гарч ирэв. «Хүслийн уул минь, Гэгээнийхээ чандарыг тандаа хадгалуулья!» Ууландаа хүслээ шивнэн мөргөлөө. Та минь таатай нь аргагүй намжааран дүнхийгээд, сарны цагаан туяан доор домог шастираа дурсан бодлогоширно. Хан Баянзүрх уул та бол хүний хүслийг таалан соёрхдог хайрхаан! Болгоогтун!
Нэгэн домог байдаг сан. Гуравдугаар ноён хутагт залуухандаа таалал бариад эрлэг номун хааны шүүлтэнд орсон гэдэг юм. Хүн л юм болохоор Гэгээн байна уу, гуйлгачин байна уу ялгах биш. Тэнд таалал болсон эцгийнх нь амаар халуун тугалга цутгахаар хөх гал дүрэлзүүлэн байх юм гэнэ. Цэдэн ноён, Тангад наймаачин хоёрын заргыг тасалж байгаа аж. Эцэг нь хөөрхий “Тангадынд би өргүй миний бодисадва хүү мэднэ” гээд мэлзчихсэн юм байна л даа. Эрлэг номун хаан Гэгээнийг өвчинөөр үхүүлэн зарга гэрчлүүлэхээр сүнсийг ордондоо ирүүлж гэнэ. Гэгээнийг орж ирэхэд уг учир явдлыг нуулгүй үнэн өчихийг шаардсан юм байх. Гэгээн хүн худал өчилтэй биш “Мөнгийг идсэн идсэн гэхэд миний эцэг хөөрхий, идээгүй идээгүй гэхэд тангад наймаачин хөөрхий” хэмээн айлдаж. Эрлэг номун хаан “Чи үнэхээр боди сэтгэлтэй залуу байна, буцаж очоод амьтны хүслийг цаглашгүй бүтээ” хэмээн буцаажээ. Хутагт буцаад биедээ орших гэтэл шавь нар нь хэдийн Хан Баянзүрх уул таны бэлд шарилыг залчихсан байж. Буцаад ирсэн ч биедээ оршиж чадаагүй Гэгээний сүнс ууландаа шингэсэн гэдэгсэн. Үүнээс хойш таныг Хүслийн уул хэмээх болсон домогтой.
Хан Баянзүрх уулынхаа чулуун овоог хажуунаас нь задалж доорх газрыг ухаж авдарлаад бумбатай чандараа залаад сул шороогоор сайтар чигжлээ. Гэгээнийхээ чандарыг Хүслийн уулынхаа оройн зулайд хадгалуулах учиртай байжээ. Овоог буцааж эвлүүлэхэд тийм ч хэцүү байсангүй. Ингэж би санасандаа хүрсэн хүн.
Гэгээн минь! Уулын оройгоос ядарсан манийгаа харж байгаарай! Дээр чинь наран саран заларч буй. Мөнх хөх тэнгэр тахилын сүмийн чинь дээвэр болог. Монголын их говь, эргэн тойрон цэнхэрлэгч уулс ус сүмийн чинь хана туурга болог. Агь гангын үнэртэй эх нутгийн чинь салхи мөнхийн утлага сан өргөж, гучин гурван тэнгэрийн орноос намираа хурын аршаанаа сүрчин ариулж байг. Энэ нэгэн цагт бурхан шүтээн, сүсэг бишрэл, өв соёлоо уландаа дэвслэн галдан шатаавч, ирэх нэгэн өдөр оройдоо дээдлэн залах цагийн залруулга ирэх л байлгүй. Цагийг хүлээе дээ. Гэгээн минь! Наран мандаж, уулын бэл хормой тэр аяараа мэлтэгнэсэн шар туяан дунд би овоогоо гурав тойрлоо.
Ээ, Гэгээн багш минь! Хатан дэлхий, Хан Баянзүрх хайрхан минь таалж байна аа. Тэнгэр цэлмэг, нар шаргал. Салхи урьхан. Шувууд шулганалдаад, зэрэглээ хөнгөхөн жирвэлзэнэ...
Хүслийн ууландаа Гэгээнийхээ шарилыг залсанаас хойш тавин гурван жил өнгөрчээ.
Өвгөн Түдэв би уулынхаа тэнгэрт гарч ирээд Гэгээнийхээ шарилд сүүлчийн удаа залбирчихлаа. Хүсэл бүрэн ханав. Дотор сэтгэлд бугшиж байсан, хадгалж байсан бүхнээ задлаад шивнэчихлээ. Уул маань ч шингээн бичиглэсэн буй заа.
Хан Баянзүрх хайрхан! Хүслийн уул минь, танаасаа гуйн залбирч байна, би. Харагдах бараандаа төрүүлж хайрлаарай. Өвгөн Түдэв би, ерөөл тавьсны буянаар Гэгээн багштайгаа золгочихоод л Шамбалаас буцаад ирье. Өвөр Хамарынхаа аараг толгодын дунд төрүүлж хайрлана уу?
Ай даа, Монголын маань их говь. Эрт галавын нууцсын орон. Үзэгдэх гайхамшигийн хийгээд үл үзэгдэх далд ертөнцийн их ай сав. Говийн тавдугаар догшин ноён хутагт Данзанравжаа гэгээнтэн бээр ертөнцийн өчүүхэн энэ аглаг чөлөөг сонгож, агуй хонгил, хад чулуу, ус булаг, ургамал өвс бүхэнд нь адистэдийн хурыг буулгаж, номын эрчмийг хуйлруулаад энэ ороноо хойд Шамбал хэмээн нэрлээд одсоноос хойш нэгэн зуун дөчин жил өнгөрчээ. Ай хохой. Замбуутивийн таван дагшин орны нэг Шамбалыг хүмүүн төрөлхтөн олон зуун жил эрэв. Ноён гэгээн минь олсон бус уу. Ай, гэгээн Шамбал! ...
Г.Мэнд-Ооёо "Гэгээнтэн" романы хэсгээс...