Уран бүтээл

​ТОГОРУУНЫ ДУУЛЬ

​ТОГОРУУНЫ ДУУЛЬ

​ТОГОРУУНЫ ДУУЛЬ



Хаврын хаварт л дэв дэвсээр
Хар халзан тогорууд ирдэг ээ
Хадган хөх зогдроо намируулж
Хаа сайгүй л буудаг аа.
Нүүдлийн шувууг нутаггүй гэх нь
Нүдээ ер олоогүй үг ээ,
Төөрөг тавилангийн эрхээр явчихаад
Төрөлх орондоо эгдэг юм аа.

Уужуу хорвоогийн уйтан зайд
Учрал холбосон хос тогоруу
Далавчаа цуцтал нис ниссээр
Дассан нутагтаа ирж буулаа.
Жигүүртэн хүртэл амьтан хүнд
Жил жилээр ээнэгшдэг байлгүй,
Хот айлын хаяа бараадаж
Хоёр цоохор өндөг гаргажээ.
Тэс ондоо санаа гаргаж
Тээж ирсэн үр — өндгөө
Хөл хүрэхгүй газар нуухыг
Хэн ер нь байг гэх вэ дээ.
Онгон талдаа ирсэн цагтаа
Олиггүй муутай учраагүй байж дээ,
Хар буруу санаа төрөлгүй,
Халцгай сайран дээр өндөглөжээ.

Сүүгээр амладаггүй жигүүртний өндгөнд
Сүүдрээ тусгахад хиртдэг гэсэн
Сануулга үг байсаар атал
Саваагүй нэг нь санаа авсангүй.
Талынхны занг уландаа гишгэж
Танхай авирлан өндгийг өвөртлөөд
 Ажиг сэжиг төрсөн ч юмгүй,
 Аваад гэртээ харьсан гэнэ ээ.

 Хөөрхий тэр хоёр тогоруу
 Хөв усны сэжүүр гишгэж
 Дальгүй юм шиг жигүүрээ эвхэн
 Дагуулж явах зулзагагүй зуслаа.
 Өрвөлөг хийсгэсэн намрын өдрүүдээр
 Өндгий нь аваачсан айлыг сахиж
 Үрээ дэгдээд ирэх юм шиг
 Үймэрч гансрахыг анзаарсан ч хүнгүй.

 Тоодон дээлтэй, тожигносон хонхтой
 Торомгор хүү хотноосоо зайдуу
 Тогоруу хөөцөлдөөд тоглож байхыг
 Томчууд тоож харсан ч үгүй.
 Баярласан хүүд баригдах шахаад
 Бас цаашаа жаахан дэгдээд
 Хойноос нь хүү гүйс гүйсээр
 Холдоод явчихыг мэдсэн ч үгүй.

 Ээжийн нь хөх эмзэглэн чинэрэхэд
 Эвийлж үрээ гурвантаа дуудлаа.
 Гэнэтхэн сэтгэл нь эзгүйрэн харлахад
 Гэр хотлынхноо сандран дуудлаа.
 Өвс бүхнийг тоолох шахам
 Өргөн талыг хэдэнтээ самналаа,

 Өдөлж жигүүрлээд нисээгүй байлтай,
 Өрөөсөн бойтог ч олж үзсэнгүй.
 Үйл тээсэн хорвоогийн өдрүүд
 Үнсэн сааралтаж араасаа хөвөрлөө,
 Өөдсөн үрээ хэзээ ч олсонгүй,
 Өндөгнөөс арилжсанаа өөрсдөө ч мэдсэнгүй!

 Сүрэг тогоруудын гэгэлгэн гунигт дуу
 Тоонон дээгүүр зэл татлаа.
 Сүүдэр нь юм уу, нулимс нь ч юм уу?
 Тогоотой сүүнд нь толбо уналаа.
1990
TOP