Уран бүтээл

НАЙРГААР ИВЛЭГЧ НАМРЫН ХОНГОР САЛХИ

НАЙРГААР ИВЛЭГЧ НАМРЫН ХОНГОР САЛХИ

НАЙРГААР ИВЛЭГЧ НАМРЫН ХОНГОР САЛХИ

Яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн бид бараг тавь шахам жил үерхэж, нөхөрлөжээ. Тэрбээр нэн уяхан сэтгэлтэй, сав л хийвэл ямар нэгэн юманд эмзэглэн шаналж явна. Алтантын далайд шуурга болж онгоц осолдож гэнээ гээд бөөн гунигт дарагдан явна. Гудамжинд хоёр хүн хэрэлдэхтэй таараад бөөн эмзэглэл тээн ирнэ. Гуниглах, эмзэглэх бүртээ шүлэг л бичиж тайтгарна. Бичсэн шүлгээ чанга чанга уншина. Нэг хүнд, хоёр хүнд, гурван хүнд уншина. Уншсаар тайтгарна. Эмзэглэл шаналан нь хийсэн одоод шаргалхан гэгээн инээмсэглэл тодруулан жуумалзаж алхана. Чухамдаа тэрбээр бусдын зовлонг зүрхэндээ тосож аваад, сэтгэлийнхээ гэгээн гунигаар угаан ариусгадаг яруу найрагч болой.
ӨГҮҮЛЭХ НЬ:
Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг
Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч
Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан
Цонхны чинь доор тамхи татан холхиход
Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам…
"Болор чулуунд ойх сарны туяа" хэсэгхэн хугацааны гоо жавхлан байгаа нь яруу найргийн үнэн юм. Удалгүй сарны туяа чулуунаас арилан замхарна. Гоо үзэсгэлэн бол үүн лүгээ "үнэн болоод хуурмаг" юм. Ертөнцийн яруу сайхны гайхалтай агшинд хайртай бүсгүйнхээ цонхон доор түүнээ хүлээн холхиход сүүдэр өөрөөс нь уйдан шөнийн харанхуйд нөхцөн алдарч байгааг тэрээр реалист зураг шиг тод бөгөөд солонголог өнгөөр, гэхдээ будгаар бус үгээр зурсан юм.
Л.Мягмарсүрэнгийн 23 насны намар ингэж эхэлсэн байна. Хэрэв яруу найрагчийн дотоод сансарт гялалзах од болон тодрох хэн нэгэн байсан бол энэ шүлгийн эзэн буй заа. Яруу найрагч түүнд насан туршид нь үл төгссөн эгшиглэх туульсын аялгууг хөглөсөн ямар нэгэн хүчин зүйл буй аваас тэр нь энэ шүлэг авай. "Болор чулуунд туссан сарны гэрэл адил" хэмээх энэ шүлэг бол түүний хойших бүх яруу найргийнх нь гоо сайхан хийгээд энэрэх сэтгэл, дотоод чинадын хөг аялгууг дуурсгасан юм. Яруухан аялгуутай, тод өнгөтэй, ялдамхан мэдрэмжтэй энэ шүлэг наяад оны залуусын тэмдэглэлийн дэвтэрт дамжин хуулагдаж, бие биедээ уншдаг гэгээн дуулал болж байсан юм. Энэ шүлэг Л.Мягмарсүрэн хэмээх яруу найрагчийг утга зохиолын ертөнцөд зарласан юм.
...Нарны хөлийг ирвэгнүүлэн
Нялх ногоо цухуйлаа...
Нарны туяаны цацрах үзүүр, цухуйж буй нялх ногоо хоёрын шүргэлцэх цэг хийгээд агшныг яруу найргийн хоёр мөр дотор мэдрэх өөрөөс нь өөр хэн ч үл анзаарах тэр орон зайд жинхэнэ яруу найраг буй.
Агуу их Б. Явуухулан багш өөрийн залгамж үеийн итгэл хүлээлгэх залуусын тоонд Л. Мягмарсүрэнг оруулж байсан бөгөөд тэрбээр Явуугийн итгэлийг бүрэн биелүүлж яруу найрагтаа насан турш чин үнэнч яваа цөөхөн найрагчийн нэг ээ. Л.Мягмарсүрэн өөрчлөлт, зах зээл, амин зуулга юунаас ч үл хамааран зөвхөн яруу найргаар баярлаж, яруу найргаар гуниж, яруу найргаар шаналж, уйтгараа тайлж, зовлонгоо нимгэлж, аз жаргалаа бүтээж, зөвхөн яруу найраг хэмээх ертөнцөд амьдардаг бодьгал билээ.
“Намрын хонгор салхи” хэмээх өхөөрдөнгүй үгээр бид түүнийг нэрлэдэг болчихсон юм. Манай галынхны нэг нь л гаргасан нэр, түүний залуу насны онгодлог гэгээн, үргэлж хүсэлдээ хөглөгдөх дотоод сэтгэлийнх нь зураглал ажгуу. Түүний шүлгүүд намрын шувуудын ганганаагаар эгшиглэж, намрын өвсний найгах хэмнэлээр долгилж, намрын гол ус мэт тув тунгалагаар урсаж, хүмүүний сэтгэлийг намрын хонгор салхи мэт хөвсөлзүүлдэг билээ.
Намрын шөнө
Навчсын дунд тэнгэр ширтэн хэвтэхэд
Наян живаа шарга морьд
Наян живаа шарга одод чихнээ үүрснэм.
Хорин таван насных нь хонгор намрын шүлэг ийн эхлэнэ. Намрын шөнийн наян живаа одод түүнд наян живаа шарга морьдын үүрсээгээр ирэх нь чухамхүү Ламжавын Мягмарсүрэнгийн өөрийнх нь шүлэглэснээр,
Намрын дунд сард нарсан ойн чөлөөнд гараа алдлан
Агаар залгилан, нар амтлан хэвтэхэд...
сэтгэлд нь намрын хонгорын салхины шивнэсэн үгс юм.
Бидний эрхэм дотнын анд Л.Мягмарсүрэн бол чухам усан будгийн бийрийн торгон үзүүрээр намрын олон өнгийг тодруулан зурж цаг улирал ба хүмүүний сэтгэлийн дотоод найрсалын хөг аялгууг анирдаж бичдэг яруу найрагч юм
Хээр намрын өвсний толгой
Бийрийн үсэг мэт намилзана
Хэт урьдын хөх түүхийн хуудас
Хөөрдөн дэлгэгдэх мэт халиурна.
Яагаад ч юм Л.Мягмарсүрэн биднүүсийн гэгээн үерхлийн шаргалхан хуудсууд түүний нэр шиг намрын хонгор салхитай өдөр, шөнө, өглөө, үдшүүдтэй холбогддог билээ.
Мягаа анд маань Анагаах ухааны дээд сургууль төгсөнгүүтээ Монголын радиогийн урлаг соёлын редакцийн харьяанд байсан “Эрүүл мэнд” нэвтрүүлгийн редактораар татагдан ирж билээ. Өмнө жил нь мөнөөх урлаг соёлын редакцид ирсэн залуу шүлэгчдийн төлөөлөгч гэх надаас Радиогийн хариуцлагатай редактор, урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн ах, Монголын радиогийн дарга Н.Мятав гуай нар анагаахын оюутануудаас авьяаслаг ямар залуус байгааг асууж байсан нь завшаан болж би бээр Л.Мягмарсүрэнгээ нэрлэсэн хэрэг. Мэдээж тэд шүлэг зохиолыг нь үзэж, уулзаж ярилцаад авьяасыг нь таньж түүнийг төгсөнгүүт шууд татсан юм.
Ингээд бид Монголын радио хэмээх их айлын залуу сэтгүүлчдийн армийн жагсаалын цэрэг болцгоосон билээ. Төд удалгүй Д.Намсрай, Ж.Саруулбуян нар манай редакцид ирж, бидний анд Д.Цогт, О.Дашбалбар хоёр урлаг соёлын ертөнцийн тухай нийтлэлүүдээ радиогоор нэвтрүүлж оюуны хүрээгээ бүгд тэлсэн билээ. Сүүлд нь цэргийн албанд татагдаад байсан Я.Баатарыгаа Монголын радиогийн цэргийн нэвтрүүлгийн редактораар хөөцөлдөн томилуулж чадсан юм. Бидний дэргэд нэрт зохиолч Ж.Бямба, нэрт сэтгүүлч нийтлэлч Б.Шаравнямбуу гэж уул шиг түшигтэй хоёр ах байсан даа. Тэр үеийн Монголын радиог “Бага зохиолчдын хороо” хэмээн нэрлэдэг байсан нь арга ч үгүй биз. Хүүхдийн нэрт зохиолч Г.Ловор, Г.Жанчив, нэрт яруу найрагч Жанчивын Шагдар, Б.Хүрэлбаатар, З.Дорж, Л.Лувсандорж, П.Сандуйжав, Б.Цэдэндамба, Бавуугийн Лхагвасүрэн, П.Баярсайхан, Я.Баатар, Дан.Нямаа гээд урт жагсаалт гарна даа. Урлаг соёлын алтан үеийнхэн бол манай редакцид тасрахгүй. Аугаа их Л.Мөрдорж, С.Гэндэн, Э.Оюун, Д.Чимид-Осор, Д.Намдаг, Ц.Гайтав, Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Цоодол, Ж.Бадраа, Ж.Шагдар... Тэдний амтат яриаг сонсох, дуу хоолойг нь өргөн олны сонорт хүргэх, радиогийн хальсанд шингээн алтан сан хөмрөгт хадгалах явдал чухам бидний дуртай ажил байлаа.
Наян таван онд шиг санагдана. Жамцын Бадраа багш манай өрөөнд орж ирээд буу халав. Бямбын Ринчений алтан шавь нарын нэгэн. Ри багшийнхаа тухай ярих түүний яриа гайхалтай байлаа. Ийнхүү бид түүний яриаг соронзон хальсандаа бичиж авч аятай нэгэн өдөр нэвтрүүлэгт оруулахаар хадгалж байсан юм. Наяад оны эхэн үе хүртэл хатуу чанга байсан үзэл суртлын дэглэм уясаж, бид ч бас эртний уран зохиол соёлын сан хөмрөгийг уудлан нэвтрүүлэг бэлтгэж, урлагийн суутнууд ч ой дурсамжаа гайгүй чөлөөтэй ярьж эхэлсэн цаг л даа.
Ж.Бадраа гуайн яриагаар хийсэн их эрдэмтэн Б.Ринчений тухай нэвтрүүлэг маань үзэл суртлын “сонор” чихэнд олзлогдож, уг нэвтрүүлгийг хариуцсан редактор Л.Мягмарсүрэн анд маань Хөвсгөл аймагт "цөлөгдсөнөөр" Төв хорооны амыг хаасан юм. Харин бидний тухайд бол хөдөө орон нутагт тусгай сурвалжлагчийн үнэмлэхтэй, дуудлагын унаатай, томилолтын зардалтай ажиллах нь мөрөөдөл байсан цаг. Мягаа маань ийнхүү “ял”, “шагнал” хоёрыг зэрэг хүртсэн хэрэг.
***
Монголын радиогийн сан хөмрөг дэвэн дэлхийн хөгжмийн суу билигтнүүдийн аялгуугаар дүүрэн. Бид хэд сонгодог хөгжим сонсч онгодоо хөглөнө хэмээн алтан фондоос авсан хальсаа халтал эргүүлдэг сэн. Бетховений есдүгээр симфониос эхлээд, Бах, Моцарт, Чайковскийг оройжин сонсч шүлэг бичнэ. Мягаа бол нэг хөгжим сонсоход хэд хэдэн шүлэг биччихнэ. Нэгэн өдөр ажлаа тарсны дараа Д.Намсрай, Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян бид хэд Норвегийн хөгжмийн зохиолч Эдуард Григийн бүтээлүүдийг сонсов. Мягаа маань үзэгээ аван жирэлзтэл татлаад ширээний цаанаас над руу сарвайв. Үзвэл,
 
СОЛЬВЕИГ
 
Чи хичнээн үзэсгэлэнтэй, залуухан, ялдамхан
Оддын туяа нүүрнээс чинь харваж,
Олон эрчүүд өлмийд чинь бүжиглэнэ
Ор засагджээ, Сольвеиг
Одоохон чиний гуниг арилна.
Одот тэнгэр
Болзоот хархүүд чинь атаархана…
Тэр үдэш Мягаа маань ийм шүлэг бичсэн юм. Генрих Ибсений “Пер Гюнт” жүжгийн зохиолд зориулсан Эдуард Григийн хөгжмийн энэ бүтээлийг Мягаа биднүүс сонсох дуртай, ялангуяа төгсгөлийн хэсэг буюу Сольвеигийн дуунд илүү дуртай байв.
Мягаа бол ер бусын онгодтой яруу найрагч. Тэр хөг нь орсон бол үл тасалдан эгшиглэх шаргалхан гитар л гэсэн үг. Түүний “Урины шувуу” хэмээх номын нэр болсон бөлөг мөчлөгүүд бол ёстой алмаазан талстууд юм.
***
Хөх цөцгий
Чулуу бүлээстэл жиргэнэ
***
Нарны хөлийг ирвэгнүүлэн
Нялх ногоо цухуйлаа
***
Жаргах нарны наагуур
Час улаан бороо цутганам
***
Будантай нүдэнд
Би будантай харагдана… гэхчилэн түүний богино шүлгийн талстууд үргэлжилэх бөлгөө.
Наяад онд манай Зохиолчдын хороо байсхийгээд л цуглуулж эрдэмтэн мэргэдээр лекц уншуулж биднийг цэнэглэдэг байв. Бас Орос тэргүүтэн орнуудаас зохиолч, судлаачид урьж, манай утга зохиолын аваргууд ирж утга зохиолын онол, түүх, туршлагаа хуваалцан бидэнд үг сургаалиа айлдахын хамт залуусынхаа шүлэг зохиолыг сонсч санал бодлоо солилцоно. С.Эрдэнэ, Ч.Чимид, Б.Явуухулан, С.Удвал, М.Цэдэндорж, Д.Цэнд, Ц.Гайтав, С.Дашдооров, П.Пүрэвсүрэн, Н.Нямдорж, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Жан.Шагдар ... бүгдийнх нь үгийг бид бишрэн сонсч, хүндэлж, хайрлаж явлаа. Нэгэн удаагийн үйл явдлын төгсгөлд семинар удирдаж байсан нэрт орчуулагч Д.Чимэддорж гуай бидний дунд таван минутын шүлгийн уралдаан зарлав. Сэдэв нь “ОТОР”. Уг сэдвийг сонгосон нь тухайн цаг үеийн суртлын агуулгатай мэт боловч шүлэгчдийн чансаа, хурдан сэтгэх чадварыг сорьсон хэцүү сэдэв байж таарав. Сэдэв зарлаад таван секунд болсон уу үгүй юу манай Мягаа цаасаа дарга нарын ширээн дээр шидчихээд год гээд л гараад явчихлаа. Бусад нь баллаж цохлон таван минутаа дуусгаад цаасаа хураалгацгаав. Завсарлагааны дараа дүн гаргасанд манай Мягаагийн шүлэг түрүүлжээ. Тэрбээр,
Зүүдээр оторлоход
Сүүжээр өвдөнө… гэж бичсэн байв. Манай хүн тухайн цаг үеийн үзэл суртлын хандлагыг баахан егөөдсөн мэт бяцхан ёгт санааг илэрхийлсэн бөгөөд түүнээ эвтэйхнээр тонгорч маш товч хэм хэмнэлт дөрөвхөн үгэнд утгыг хураан илэрхийлсэн байж билээ.
Мягмарсүрэнгийн анхны ном 1983 онд “Урины шувуу” нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд их Б. Явуухулан эх барьж авсан юм. Дараа нь тэрбээр зургаан жил болж байж “Өдөр бүхэн шинэ” нэртэй яруу найргийн хоёр дахь номоо уншигчдадаа өргөн барьсан юм. Үүнээс хойш арван зургаан жилийн дараа агуу их Уолт Уйтмений эх орон Америкт “Хас сар” нэртэйгээр шүлгийн номоо хэвлүүлэв. Ингээд түүнээс хойш Мягаа маань жил болгон нэг нэг боть яруу найраг бүтээх болж, харин хэвлэх ажил нь онгодоос нь олон оноор хоцорч явна. Ламжавын Мягмарсүрэнгийн яруу найргийн боть арваас давна. Нийтийн хүртээл болоод байгаа нь “Хас сар”-аас хойш “Манан дунд адуу янцгаахуй” (2006), “Алганы хээ” (2008), “Хөх дарс” (2009), “Хэлбэр үгүй” (2010), “Дотоод чинадын үзэгдэл” (2011), “Шөнийн өвс” (2013), “Тэнгэрийн нутаг” (2014), “Тэнгэрийн нүд” (2020) гээд хөвөрнө.
Л. Мягмарсүрэнгийн яруу найргийн дунд үе ухаарлаар цараалж, ур хийцээр нарийсч ирэв.
Эх хэлээрээ ярихад
Эцгийнхээ өвөр дээр суугаа мэт
Омог төгөлдөр
Эхийнхээ сүүг амталж байгаа мэт
Эрх жаргалтай
Ирт сэлмээр бүтээсэн өв соёл гэж үгүй
Эх хэлээрээ бүтээсэн өв соёл гэж бий...
хэмээн эрийн цээнд хүрсэн найрагчийн омог бахархлаар дүүрэн хэлсэн нь буй.
Л.Мягмарсүрэн монголын хоёр том яруу найрагч М.Цэдэндорж, Н.Нямдорж хоёрын гарын шавь юм. Тэдний яруу найргийн эн цараа тийш шүлэг нь тэлсэн бөгөөд хэнийг нь ч тэр дуурайгаагүй, харин тэрбээр багш нараа ураг садан, үр хүүхэд нь мэт асран халамжилж тус дэм болж байсныг бид сайн мэдэх билээ.
Хүмүүс минь би та нарынхаа
Зовсон зовлонгоор шүлэг бичиж байна
Хүмүүс минь би та нарынхаа
Жаргасан жаргалаар шүлэг бичиж байна
Хүмүүс минь би та нарынхаа
Хүрч ирсэн түүхийн үнэнээр би шүлэг бичиж байна
Хүмүүс минь би та нарынхаа
Хүрч үзээгүй алсын алсаас би шүлэг бичиж байна
Тийм ээ, тэр хүмүүсийн хүрч үзээгүй алсаас яруу найргийн одыг шүүрдэг юм. Тэгээд ч алсын Америк орноос эх орноо санаж,
“Үнэхээр харж чадвал
Хөх мөнх тэнгэрийн хаяанд Монгол минь байдаг
Үзүүр хязгааргүй нам гүмхэн оршдог
Үнэн сэтгэлээсээ ойлгож чадвал
Чингис хаан минь амьд байдаг
Үеийн үед мөнх сэрүүн суудаг”-ийг
тэрхүү алсаас “харж” бас “ойлгож” “ухаарч” байна.
Мягаа маань шинэ зууны эхээр Америкт хоёр жил хагас амьдрав. Америкийн сэдвээр олон ч дэвтэр шүлэг бичжээ.
Чулуу шидсэн ч ургахаар
Чухам шимтэй газар юм
Америкчуудад энэ газрыг
Бурханаас бэлэглэв үү?
Америкчууд энэ газрыг
Бусдаас булааж авав уу? хэмээх асуултыг өөртөө болон хүмүүст тавьсан бөгөөд найрагч бээр төд удалгүй,
Америкчууд
Нисэх мэт амьдармуй
Үхэх мэт ажилламуй
Америкчууд
Мөнгө, секс, рок гурав
Мөрлөн хурдалмуй
хэмээн нүцгэн үнэнийг улайтал хэлээд,
Чамд үзэх нүдний баясгалан их юм
Чамд өр зүрхний баясгалан ховор юм
Амьдын там
Ашидын диваажин
Америк минь баяртай... гэж бичээд эх орондоо буцах онгоцонд суужээ.
Чухам Америкт түүний харж таньсан, үзэж мэдэрсэн нь гэвэл, дараах болой.
Хорвоод хүн улам бүр цөөрсөөр байна
Хатуухан хэлэхэд бүүр алга болсоор байна
Хэдийгээр харахад хамаагүй өссөөр ч гэлээ
Хүмүүн гэхэд хэцүүхэн амьтасаар дүүрсээр байна.
Мягаагаа Америкаас буцаж ирсэн тэр намар шиг санагдана. Бид хоёр яриандаа халчихсан Байгалийн түүхийн музейн урдуур алхаж явав. Урдаас төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр айсуй. Тэрбээр бид хоёрыг харангуутаа,
— Хүүе! Исүс, Будда хоёр явж байна хэмээн инээд алдан тосч гар барив. Үнэхээр анзаарвал Мягаа маань буурал орж яваа хонгор шаргалхан буржгар үсээ сул тавин унжуулж, би бээр тархиа амраах гэж үсээ хусуулаад монгол цамц өмсчихсөн явж таарсан хэрэг. Зохиолчдын зүйрлэх, егөөдөх, ёгтлох авьяас нь ийн хаана ч бэлэн явах нь гайхалтай шүү хэмээн бид хоёр цааш одож билээ. Гэхдээ Дарма.Батбаярын тэр ёгтлол өрнө дорно гэсэн утгыг илэрхийлсэн бөгөөд Мягаагийн тэр үеийн Америкийн сэдэвт шүлгүүд дэх өрнийн амьсгалыг хэлсэн болтой.
***
Наян есөн оны намрын тэргүүн сард Булган аймгийн Могод суманд болсон адуучдын баярт оролцох зохиолчдын бүрэлдэхүүнд багтаж, айраг цагаа дэлгэрч, адуун туурай тачигнасан намрын хонгор салхинд хэдэн өдөр наадаад, Хөвсгөл, Булганыг хариуцсан Монголын радиогийн тусгай сурвалжлагч Л.Мягмарсүрэн андын жаран ес машинд шилжин суугаад алсын аянд гарвай. Би бээр тэр үед Монголын зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч хэмээх жаргалын албатай, эрх дураар байсан цаг сан.
Өглөөн шаргал уулс, өдрийн цэнхэр уулс, оройн улаан уулс, шөнийн сүрдэм бараан уулсын дундуур хэдэн өдөр дөрөө харшуулан давхиж билээ, бид. Алдарт Хөгнө хаан уулыг бараалж, Шилүүтэйн голын хөвөөнд намаржиж байсан малчин Жамбалсүрэнгийнд айраг шимж, нүүдэлчин хүн нутаг устайгаа ямархан нарийн нандин шижимээр холбоотой байдгийг цугтаа мэдэрсэн минь их олз байлаа. Алхан хээ шиг тахирлан урсах Шилүүтэйн гол бол далан булаг нийлсэн эрдэмтэй рашаан бөгөөд Тарнын голд нийлээд цааш Хар бухын голтой нэгдэн Туулд цутгаж Хойт мөсөн далайд хүрээд үүлээр хөлөглөн буцаж эх нутагтаа ирдэг тухай малчин ярьсан нь Мягаа бид хоёрын сэтгэлийг хөдөлгаж билээ. Жамбалсүрэн гуайн эхнэр Цэдэнпил зүрх даралтны өвчнөөр олон жил шаналж, одоо бол Шилүүтэйн голынхоо аршааныг өвөл зунгүй хүртэн, эрэг хөвөөнөөс нь гоньд түүж шар тосонд хуурч хадгалаад, усанд нь булхаж, өвс ургамалын шимийг нь айраг сүүнээсээ хүртээд эдгэрсэн тухайгаа хуучлаад, гол руу дагуулж очин нэг чулуу шиг юм үзүүлэв. Ажвал голын хайргаар хуягласан амьтан байна. Намар болохоор ийн хуяглаж, хавар болохоор хуягаа тайлдаг энэ амьтан бол Шилүүтэйн голын эрдэм нь юм хэмээн бахархан ярив. Малчдаасаа суралцахын ухааныг бид хоёр эндээс сэрж мэдэрсэн билээ.
Сэлэнгэ мөрнийг Гуртын тавилангаар гаталж Хутаг-Өндөр сум хүрээд дүүгийндээ амарч буй номын гүүш, нэрт судлаач, нийтлэлч Д.Дашдорж багшийгаа авч цааш хөдлөв. Уйгарын үеийн Бай-балик хэмээх эртний суурингийн хэрэм дотор багш маань бидэнд Монголоо судлах, танихын чухалыг сургамжлаад “Цогтын цагаан балгасны хана хэрэмний өрлөг, Сүм хөх бүрдийн чулуун байшингийн өрлөг хоорондоо тун адилхан байдаг юм. Тэгэхээр Сүм хөх бүрдийг Цогт тайж бариулаад дутуу орхисон нь хожмоо Данзанравжаа гүйцээсэн байж болох тухай санааг Х.Пэрлээ гуай надад хэлсэн юм. Би ч бас тийм болов уу гэж бодож байна. Та нар сайн ажиглаж, цааш лавшруулан судлаарай” хэмээн сануулсан нь олон жил сэтгэлд хадаатай байсаар “Гэгээтэн” романыг бичих үед хийсэн судалгаатай маань яв цав таарч билээ. Багшийн эрдэм шавьд гэж энэ бөлгөө.
Дашдорж багш бол бидний утга зохиолын дугуйланг удирдаж манай үеийнхнийг уран бүтээлийн моринд мордуулж өгсөн ачтан юм. Багш бээр Хутаг-Өндөр уулын өвөрт байх бяцхан довцог толгойг зааж "Хатанбаатар Магсаржав гуай хорин нэгэн оны хувьсгалын дараа нутаглаж байсан газар байгаа юм. Холгүй цагаан бургас гэж төрсөн газар нь бий. Вантан тэнд таалал төгссөн. Баатар вангийн дайны шидэт сэлэм нуусан гэх газар ч энэ хавьд буй" хэмээн уул усаа зааж хуучилсан тухайд би тэмдэглэлийнхээ дэвтэртээ бичиглэн үлдээжээ. Тэмдэглэлийн дэвтрээ цааш үргэлжлүүлэн сөхвөл...
"… Хархорумын модон гүүрийг гарч явахдаа юуны улмаас ч билээ,
— Уран бүтээлч хүн юмыг сурч дадаж болохгүй, ялангуяа яруу найрагч хүн хийж сурах л юм бол зогслоо гэсэн үг. Хийж буй уран бүтээл бүхнээ, бичиж буй шүлэг бүхнээ анх удаа л хийж байгаа юм шиг зүдэрч гүйцээх ёстой. Сурна гэсэн нь юмыг нэг хэвээр давтан үйлдэх чадвартай болно гэсэн үг хэмээн намайг хэлэхэд Мягаа маань,
— Наадах чинь ёстой нээлт. Бид хоёр цоо шинэ юм нээлээ гэж олзуурхана. Тэгэхээр нь би,
— Энэ бол миний уран бүтээлдээ баримталдаг гол зарчим байгаа юм гэхэд Мягаа ихэд цаашлуулан,
— Бид нар ер бүтэхгүй улс шүү. Сая олсон юмаа, бүүр эртний юм болгож ярих юм. Ингээд л бие тооцгоогоод байдаг юм гэж алиа наргиан болгоно.
Навчилтайн голыг уруудаж явахад,
— Одоогийн залуус бид байгалиа танихгүй байна. Ногоорч байгаа бол өвс, алаглаж байгаа бол цэцэг л гэхээс биш, дотроо ямар нарийн ялгаа байгааг даанч мэдэхгүй байна гээд Мягаа цааш,
— Энэ ерхөг бол яг л зурамны сүүл шиг өвс шүү гэсэн нь тун оносон зүйрлэл санагдав. Ер нь Мягаад юмыг адилтган зүйрлэх авьяас цаглашгүй байх шиг санагддаг. Мягаа байгаль, уул ус өвс ургамалаа эхчилэн хайрлаж эцэгчилэн хүндлэхийн учир утгын тухай өөрийн бодлыг их цэцэн цэлмэгээр ярив. Даанч эгшигт хайрцаг байсангүй…" Би бээр 1989 оны 9 сарын 15-нд Мөрөн хотод ийн тэмдэглэн бичжээ.
1992 оны намар Мягаа маань нэгэн захиалга өгсөн юм. Ийнхүү би "Яруу найрагчийн ээж" хэмээх нийтлэл бичиж түүнд илгээв. Мягаа ч хүлээн аваад нэвтрүүлгийнхээ төлөвлөгөөнд оруулсан байв. Амарбаясгалант хийдээс Жанрайсиг шүтээний сүншигийн ном судар авах ажлаар явж байсан яг тэр цагт нутгаас наян настай өндөр ээж минь мөнх бусыг үзүүлсэн золгүй мэдээ ирж шууд Дарьганга нутгаа зорихдоо нийтлэлийнхээ төгсгөлд сонсогч олондоо учирласан гуниг харууслын хэдэн үг нэмж бичээд Мягаадаа үлдээв. Онгон элсний Гурван бор манханы өвөрт өндөр ээжийгээ хөдөөлүүлж байхад машины радиогоор мөнөөх "Яруу найрагчийн ээж" нэвтрүүлэг явж байсан юм.
Сүүлд нь Мягаад "нэвтрүүлгийн цаг хугацааг зориуд тааруулсан нь сайхан санагдлаа" гэж хэлэхэд тэрбээр "Үгүй. Анх л төлөвлөсөн хөтөлбөрт зарлагдсан цаг нь тийм юм. Чи бидний нөхөрлөл учрал ерөөл үргэлж ийм барилдлагатайн үр тэр буй заа" гэж билээ.
Мягмарсүрэн андад нэгэн онцгой зан чанар буй. Тэрбээр анд нөхдийн амжилтанд өөрийнх мэт догдлон баярлана. Хэзээ ч үл атаархана. Тэрбээр анд нөхдийн үерхэлд цаг ямагт үнэнч явна. Хэзээ ч үл урвана. Түүний эрхэм чанарыг хүлэг Боорчитой зүйрлэмээр санагддаг билээ.
 
Наян онд “Гал” -ынханаасаа анхалж номоо гаргаад өвөл нь Монголын зохиолчдын эвлэлд намайг элсүүлж бид авдар шар айраг авч тэмдэглэв. Тэрхэн зуур Мягаа маань “Өргөл” хэмээн сайхан шүлэг надад зориулан бичиж билээ.
 
ӨРГӨЛ
(Гомбожавын Мэнд-Ооёод)
 
“Поэт величина неизменая”
А.БЛОК
 
Өвлийн хүйтэн үргэлжилж байсан ч
Өгөөмөр зун цээжинд дэлгэрлээ.
Сайн нөхрийн амжилтанд дулаацаж
Сэргэлэн оюунд солонго татлаа.
Хатуу дарсаар хундага дүүргэлээ ч
Халуун сэтгэлийг яаж гүйцэхэв.
Догдолсон зүрхээ түр хазаарлаж
Таван хундаганы ёроолыг үзье!
Найраг зохиолын дөрөөгөө чангалж
Найзынхаа хүлэгтэй тэгшхэн уралдъя
Намтар цадигаа шүлгээр бичиж
Насан мөнхийн шидийг олъё!
Андынхаа ирээдүйд ерөөл дэвшүүлж
Алтан гадас одыг эмээллэе!
Өнөд найрлах итгэлээ гардуулж
Өндөр тэнгэрийн нарыг тохошлоё!
 
1980. 12.17. 21 цаг.
Улаанбаатар хот. Рашааны гудамж
 
Тэрбээр үе үе ихэд гэгэлзэнэ. Анд нөхдөө үгүйлнэ. Гансарна. Мягаагийн гэгэлзээ, гансраа зөвхөн шүлгээр л тайлагдана. Тэр нэгэн намар “Гал”-ын анд Данзангийн Нямсүрэнгээ санан гансарч, тэртээ Дагуурын ухаа толгод, ус нуур бэлчирлэх дорнын хээр талыг зүрх сэтгэлийнхээ долгионд тэмтрэн барьжээ. Дорнын хээр талын өвс найгах чимээ, цагны цохилт мэт царцааны царгиа түүнд сонсогдож, яруу найрагч андых нь зүрхний хэмнэл түүнд мэдрэгдэнэ. Өвсөнд бийрээ нийлж, шүлгээ бичих анир нь түүнд тэмтрэгдэнэ. Мягаа ч онгодынхоо дуудлагаар үзгээ шүүрвэй.
Намар, хээр талын дунд
Намар, хээр талын дунд
Өвсний найгах чимээ сонсогдоно
Өндөр огторгуйн цээл
Намрын улирал дор хэмжигдэнэ
Өтгөс нялхас хүмүүн цугаар
Насны улирал дор хэмжигдэнэ
Намрын хээр талын дунд
Зүрхний цохилох чимээ сонсогдоно
Хааяа нэг царцаа царгиж
Ертөнцийн цагийг цохино
Ус мөрний тунгалагт
Тэнгэр уусан навчистай хамт хөвнө
Усны толионоо ойчих өвсний анир
Зүрх сочоом чимээтэй дуулдана
Намрын хээр талын дунд
Яруу найрагч Данзангийн Нямсүрэн шүлгээ бичиж сууна
Хээр намрын өвснөө бийрээ нийлж
Шүлгээ бичиж байгаа нь гүн алсад сонсогдоно.
2001.10.22
 
Л.Мягмарсүрэн анд "Намар, хээр талын дунд" хэмээх шүлгээ бичиж ахуйд мөнөөх анд Данзангийн Нямсүрэн бээр,
 
Хээр талд ганц ухаа морь
Хэнийг... явахад л зогссон хэвээр ээ.
Сайхан шувуун уруул нь цэцгэн дээр
Сарнаар тонгойж, нарнаар төгс шилгээвэй... хэмээх шүлгийг "Алтан хазаар өвс" дэвтэртээ бийрээр татаад дээр нь "Л.Мягмарсүрэнд" хэмээн тодотговой. Хоёр найрагч холоос ийн 2001 оны намрын хонгор өдөр нэгэн зэрэг нэгэн хэм хэмнэлээр зүрх зүрхээ сонсчээ.
Мягаа маань ямар ч үед хүмүүст чин сэтгэлээсээ хандана. Өрөвдөнө. Туслана. Хамгийн сайхан үгээ хүмүүст харамгүй зориулна. Түүн шиг олон хүнд шүлгээ зориулсан яруу найрагч бараг үгүй биз ээ. Надад зориулсан шүлгүүдээр нь нэг бяцхан түүвэр бүтээж болохоор болжээ. Магад бид хоёрын хооронд цугтаа гуниглах, эмзэглэх, баярлах, догдлох, бахархах олон үйл тохиосон болохоор тэр байх аа.
“АМЬДРАЛ БОЛ ҮХЛИЙН ТУХАЙ УРАН БАРИМАЛ ЮМ” гэсэн Мягаагийн шүлгийн нэг мөр надад байн байн бодогддог юм. Мягаа бол ер нь амьдрал дээрээ ч, яруу найрагтаа ч шув шулуухан, нүцгэн үнэнийг цулайтал хэлдэг билигтэй билээ.
ХХ зууны сүүлчийн намраар бид О.Дашбалбараасаа хагацав. Яг тэр агшинд Мягаа маань,
Чухамхүү намрын улиралд л сэдхилээ чагнаж болдог
Чухамхүү намрын улиралд л хүний сэдхил
хамгийн тод сонсогддог
Чухамхүү үхэл л хүнд гарцаагүй ухаарал авчирдаг
Чухамхүү үхэл л хүнийг ганцаараа ариусгадаг
Гашуудлын цуглааны тайзан дээрээс тэр ийнхүү шүлэглэж байж билээ. Үнэхээр ч сод билгүүн авьяаст Ламжавын Мягмарсүрэн бол намрын улиралд сэтгэлээ илүү чагнаж, сэтгэл зүрхнийхээ хэмнэлийг илүү тод мэдэрч, яруу найргийн онгод нь намраар ивлэж утга уянгаар жимсэлдэг яруу найрагч бөлгөө.
Яруу найргийн онгод буух нь тэнгэрийн улаач нарын онгод буух, хутагт хувилгаадын чойжин буух лугаа тун төстэй үзэгдэл болой.
Саяханы намрын хонгор салхитай нэгэн өдөр Мягаа анд урланд минь ирж, очир завилгаагаар өлмий зангидаж, мутарын чагжа амирлангуйг утгачилж, сэтгэл тавгүй байсан муу найздаа эрүүл энх, үйлс дэлгэрэхийн ерөөлийн хур буулгавай.
Тэрхэн доороо биеийн чилүүр тэгширч, сэтгэлийн амгалантай учирсан болой.
 
2020.VIII. 30
Г.Мэнд-Ооёо "Цагаан манан, гэгээн гуниг", 142., Уб, 2020
TOP