Үзэл бодол

40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР

40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР

40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР

40 ЖИЛИЙН ӨМНӨХ САНСРЫН БАЯР ХӨӨР
( Хөгнөхан. Жүгдэрдэмид гуайнд 1981.03.22)
Яг 40 жилийн өмнө Монгол хүн сансарт нисэх тэр мөчид Хөгнөхан уулын өвөр дэх Хар хайлаастын ам хэмээх газарт хаваржиж буй Жүгдэрдэмид гуайнд сууж байжээ. Мал ид төллөж Гүррагчаагийн аав Жүгдэрдэмид гуай малаа хотлуулж, ээж Ичинхорлоо гуайн хонь тойглох уянгалаг зөөлөн аялгуу дуурсаж байсан тэр үдшийн зураглал сэтгэлд тод үлджээ. Жолооч Ганбат бид хоёр Дашинчилэн сумын төвийн Холбооны газрын бэлэн байдлыг үзчихээд ирсэн юм.
Мөн "Известия" сонины сурвалжлагч Л.Шинкарев, " Үнэн" сонины гэрэл зургийн сурвалжлагч М .Цэрэнжамц нар хүрч ирэв.
Бид 23 цаг болохыг тэсч ядан хүлээнэ. Ширээн дээр идээ будаа өрөөстэй. Жүгдэрдэмид гуай нэг лонхтой юм хундага гаргаж тавьлаа. Ээж нь цай сүүнийхээ.дээжийг зэхэж байна. Гүррагчаа авч өгсөн гэх хүлээн авагч хойморт дуулна. Монгол даяараа хүлээж байв.
Би бээр Монголын радио өргөн нэвтрүүлгийн долгионыг яг тааруулж өгөв. Цагийн зүү цохилно. Чаг Чаг. Гэтэл зөвлөлтийн сэтгүүлч маань бас нэг транзистр гаргаж чанга дээр нь тавиад "ТАСС- ын мэдээ эхэлж яваад, дараа нь танай мэдээ явах байх" гэж байна. Би ч мөчөөгөө өгсөнгүй, хамгийн чанга дээр нь тааруулаад хүлээж байв. Хүлээсэн мөч боллоо.
Жүгдэрдэмид гуайн хүлээн авагчаар онцгой цагийн дохио дуурсаж Чулуунбатын баргил дуу, Батцэрэнгийн цээл хоолойгоор "Анхаараарай, Анхаараарай, Улаанбаатараас ярьж байна" хэмээх үгс гэр дүүрэн цуурайтав. Ийн Монголын мэдээ ТАСС- аас хэдэн агшны өмнө дуурсаж билээ.
Ичинхорлоо гуай гарч цай сүүнийхээ дээжийг сансарт өргөв. Монголын бүх ээжүүд тэр шөнөөс сансарт ерөөл шингэсэн дээжээ өргөсөн билээ. Жүгдэрдэмид гуай ч өмнөх хундагатайгаа дээш өргөв. Бөөн хөөр болов. Яг тэр агшинд шууд сурвалжлага хийж буй сэтгүүлч миний хоолой зангирч байв. Ууган сансрын нисэгчийнхээ аав ээж хоёрын баяр хөөртэй яриаг соронзон хальсандаа бичиж аваад Дашинчилэн сумын төв рүү давхилаа. Шууд сурвалжлагаа дамжуулчихаад буцахад зөөлөн цас бударч байв. Хэдийн өглөө болж манай телевизийн сурвалжлах багийнхан ирсэн байв. Мөн аймгийн удирдлагууд ууцтай шүүстэй иржээ. Жүгдэрдэмид гуайн гадаа яг ирэхэд сансрын нисэгчийн төрсөн гэрт хийсэн сурвалжлага маань радиогоор дуурсаж байлаа...
(Дурсамжийн хэсгээс)
TOP