Уран бүтээл

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛ

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛ

Хэрэвзээ чи,  монголын хээр талыг ойлгоё гэвэл,
Хэний хүү, хэн болохоо нэг үзье гэвэл,
Нүд алдам хөх магнагийн ганц танан товч шиг
Нүүдэлчин айлын гадаа хөнгөн тэргээ сойчих.
Намхаан хээр морь чамд эмээллэчихнэ,
Номхоон, тэр морь сарын газрыг товчилно.

Торойх ч бараагүй дөрвөн зүг, найман зовхис
Тойрог татна. Тойргийн төв цэг нь чи өөрөө.
Орой дээр чинь хөх тэнгэр хөмрөглөнө.
Орчлон бөөрөнхий. Голч төв нь чи өөрөө.
Усан зэрэглээ жирэлзэнэ. Урлаагүй атал хот балгад босно.
Унасан хүлэг үүрсэнэ. Хуурдаагүй атал хуур дуу үүснэ.

Морин эрдэнэ чинь жигүүртэй. Жигүүр нь уртын дуу.
Монголын хээр тал хэмжүүртэй. Хэмжүүр нь уртын дуу.
Төдөлгүй чи өөрөө дуу зохиож эхэлнэ.
Төөрөхгүй ээ, чиний дуу. Хүн чулуу тогтоочихно.
Хөх талын нэгтэйгээс дуу чинь буцаад цуурайтвал,
Хөнгөн түүхийн эзэн – хүн чулуу дуулж байгаа нь тэр.

Хөхдэй мэргэн, үдшээр оддын сүргээ туусаар ирнэ. 
Хөх ногоон дунд хөл тавьж айлсан буугаарай.
Алтан гадас одноос хүлэг морио аргамжчихаарай
Аглаг талын хойморт Долоон бурханаа залчихаарай
Шамбалын хаалга хаа нэгтэй нь онгорхой
Шастир түүхийн балархай ороод очвол тодорхой

Ташаанд чинь ган хэт. Хэтэвчинд нь уул өвс буй
Цахиур чулуу болгонд өвгөдийн манасан гал буй
Цахихад асна. Аргалын гал асаад л дүрэлзчихнэ.
Арьсан дашмагтай ус ганзаганд чинь буй. Аягандаа хийчих.
Улайссан чулуугаа хийчих. Идээгээ нэмчих.
Улаа бутарсан уураг цай. Алжаалаа тайлчих.

Нойрсмоор байвал, тохмоо дэвсчих. Эмээлээ дэрлэчих.
Ногоон талын энгээр хөлөө жийчих. Гараа алдалчих.
Ор чинь болно. Дорнын тал энгээрээ.
Хөнжил чинь болно. Одтой тэнгэр буйгаараа
Зүүрмэглэх зуурт л талын салхин үлгэр шивнэнэ.
Зүүд үнэн хоёрын ялгаа энд байхгүй ээ.

Анир гүмийн дунд хөх чоно улилдвал
Айх юун. Нүгэл бодоогүй нүднээс нүгэл үргэнэ.
Өнчирч төөрсөн Шаалуу хүүд хөхөө хөхүүлсэн
Өрөвчхөн эх бол, хөөрхий энэ чоно шүү дээ.
Ураг барилдаж, Хүннү гүнжтэй гэрлэсэн өвгө чоно бол
Уртын дууг уянгалуулсан эхлэл нь юм шүү дээ.

Үлгэр жаргах шиг нойрсоод, үлгэр эхлэх шиг босоорой.
Үүрийн туяаг тохмон дороо дэвсэж морио эмээллээрэй
Тэнгэрийн цэнхэр хэц дээр өдрийнхөө зурхайг шинжээрэй
Тэртээ алс руу унасан хүлэг чинь урт янцгаана
Хүрэх газрын чинь сураг одоо л нэг айсуй.
Хүрэн бүргэд чамд газарчлахаар дүүлнэ.

2006 он
TOP