ЖАМ ЁСТОЙ ЭВЛЭРЭХҮЙ, ЭХ НУТГААСАА ЭС ХАГАЦАХУЙ
ЖАМ ЁСТОЙ ЭВЛЭРЭХҮЙ, ЭХ НУТГААСАА ЭС ХАГАЦАХУЙ
Тээр жилийн тэр нэг өвлийн
Өнтэйг яана!
“Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” хэмээх алдарт найргийг унших бүрийд өөрийн эрхгүй цээжинд нэг юм зангирч, аньсага чийгтээд ер бусын ховс мэт тайлбарлаж чадамгүй тийм байдалд орчихдог юм. Тэнгэр хангай хуйсагнаж, ногооны униар хөхрөн дуниартсан яг энэ цаг үе нөлөөлсөн үү бие сэтгэл мөнөөх шүлгийн ертөнц дотор нэг хэсэгтээ л оршчихоод гарч чадахгүй болов.
Арван гурван жилийн өмнө санагдана. Отгонтэнгэр хайрханы ганжир цагаан оргил бадмалан цайвалзаж, Богдын голын цэнгэг аршаан усаар чанасан хээрийн цай ууж хуучлах зуур тэр нутгийн нэгэн настан П.Самдан гуай их хайрханаас нилээд хойгуур орой нь цэнхэртэх гүн хөх уулыг зааж “ Анчин Бэгз гуайн ангийн отог одоо ч тэндээ хэвээр буй” гэж билээ. “Явуухулан найрагч сургууль соёл бараадах болж тэднийх гэрээ ачаалаад хот руу нүүхэд сарлагных нь хонхон дуу жингэнээд л нүүдэл уул даваж байсан гэдэг сэн...” хэмээн ярьсан нутгийн хүний үг нүднээ сүүдэр зураг болон тодрон харагдах нь буй. “Тэхийн зогсоол” бол их найрагчийн бага насны дурсамжтай гүн холбоотой... Тэхийн зогсоолыг унших бүрийд нүүдэлчний амьдралын тэрхүү гайхам үйл явдлын дунд бяцхан Явуугийн дүр зураг тодоос тод ургаж харагдана. Шүлэг найрагтаа оршиж үлддэг нь суу билигтний мөнхрөхүйн жам ажээ. Яруу найрагч говьд уулзсан нэгэн хүнээс “Янгир өтлөхөөрөө эхээс төрсөн ууландаа ирж үхдэг юм гэнэ лээ” хэмээн сонссон гэдэг. Тэр үг найрагчид гүн сэтгэгдэл төрүүлж түүнээ анчин аавын дэргэд өнгөрүүлсэн бага насны дурсамжаар сэргээн амилуулаад суут бүтээлээ туурвижээ. Суут бүтээлийн хувь тавилан гэж байх ажээ. Дөчин нас ид жагссан суу билигт найрагчийн сэтгэлийн утсыг доргиож, бага насны дурсамжийг өдөөн амилуулсан тэр ганц өгүүлбэр ямар азаар Явуугийн чихэнд ирж хангинасан бэ? гэж үе үе бодогдох бөгөөд тэр бүрийд суут бүтээл болгонд ер бусын хувь тавилан бий гэж хэн нэгэн үг шивнэх шиг болно.
Хүүшийн өвөлжөөнд чандмалж буусан гурван гэр урин хавраар гол бараадан нүүхийн яг өмнө анчин бээр мөнхийн зогсоолдоо зогсоод эх нутгаасаа хагацан салахын өмнө ижил олон сүрэг, ус бэлчээрээ сүүлчийн удаа халиаж буй өвгөн тэхийг олж харна. Айлууд нүүдлээ хойшлуулж, анчин өглөө болгон оргил дурандана. Дурангийн таталтанд гурвалжин оргил, эвэр нь сэрийсэн харлаг тэх, дээр нь эргэлдэх хүрэн бүргэд гурав л хэдэн өдөр харагдана.
Хүүшийн өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Гурван айл нүүдлээ хойшлуулав. Нүүчихэж болох л байсан. Тэхийн зогсоол дээр болж буй нэгэн гайхамшигтай үйл явдлыг нүдээр үзэх нь нүүдэлчин хүмүүсийн хувьд маш том судар ном унших лугаа болой. Байгалиа ажиглаж, түүнээс суралцаж, амьдрал ахуйгаа хөтөлж орчлон хорвоогийн гүн ухаанд суралцдаг тэр их сургууль энд болох гэж байна. Янгир эхээс унасан яг тэр газраа заавал ирж, халил өндөр хадан байцнаас эх нутаг, ижил сүрэг, бэлчээр усаа халиан зогсож байгаад нэг л өдөр эвэртээ дийлдээд нисэн унадаг тэр уламжилж ирсэн домог яриаг энд бодитоор нь харах гэж нүүдлээ хойшлуулан хаваржаандаа хэд хонов. Бас амьдын хорвоогоос халин одох гэж буй уулын гөрөөсний сүүлчийн мөчүүдийг анчин хүн гүнээ хүндэтгэж хайрлан эрхэмлэж байна.
Нэгэн өглөө оргилыг дундандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув…
Анчин бээр янгир “яг л ёсоороо хальж дээ, хөөрхий” хэмээн “баяртай мишээгээд” цайгаа ууж суух нь хэнд ч зайлшгүй ирэх байгалийн жам ёстой эвлэрч буй нүүдэлчин язгуурын сэтгэлгээг илэрхийлэх боловч харин төрсөн эх нутгаасаа хагацахтай эвлэрч чадахгүй байна.
Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхино гэдэг
Амаргүй даваа!
Ан амьтанд тохиолдож буй тэрхүү эх нутгаасаа хагацан салж буй хэцүү даваа хэзээ нэгэн цагт анчин эрд ч бас тохиолдоно. Хүн болоод амьтан аль нь ч эх нутгаасаа хэзээ ч үл тасрах гүн нарийн учгаар холбогдсон байх оршихуйн гүн ухааныг төрсний эцэст үхэх ертөнцийн жам хуулиас илүү дээгүүр тавьж, эцсийн зогсоол дээрээс өнгөрүүлсэн амьдралаа нэгэнтээ эргэцүүлэн үзэж дурсаж буй янгирын тэр мөчлөг хэнд ч тохиолдох жамтайг үр хүүхэддээ өвлөн ухааруулж, сэтгэл зүйг нь бэлтгэх нүүдэлчин ухаан тасралтгүй үргэлжилэх ажаам.
Жам ёс өнгөрсөн, эдүгээ, ирээдүйн гурвалжин холбоонд хэлхэгдэн үргэлжилнэ. Одоо цагт болж буй үйл явдал нь эх нутагтайгаа гүн нарийн учир учигаар холбоотойг өнгөрсөн цагаас учирлаж буй анчны өгүүлэмж, түүнийг ирээдүйд дамжуулахаар сонсч буй анчины хүү буюу зохиогчийн хүүрнэлийн холбоос гурван цагийг нэг хэлхээнд залгахдаа эс эхлэх, үл төгсөх мөнхийн битүү цагариганд ороож буй нь уншигчдад мэдрэгдэх бөлгөө. “Тэхийн зогсоол” найраглалд ийм ГУРВАЛСАН холбоос зохиолын нэвтрэн гарах үйл явдлын туршид ажиглагдана.
Хүүшийн өвөлжөөнд буй гурван гэр зэрэгцэж бус чандмань эрдэнэ мэт “чандмалж” буусан нь уран дүрслэл төдий бус учир шалтгааны гүн нарийн утгатай. Тэхийн зогсож буй байц хад бас л “гурвалжин” оргилтой. Нэг нүдний дурангийн таталтанд орж ирж буй “гурвалжин оргил, харлаг тэх, хүрэн бүргэд” гурав ч бас л чандмалж харагдах нь учиртай. Монгол нүүдэлчний гурваар чандманалах уламжлал "Тэхийн зогсоол”- д залгамжлан хадгалагдсаар байгаа нь сэтгэлгээний удамшилтай холбоотой биз. Найраглалд буй дурангийн тухайд Английн судлаач Саймон Вэкхамсмит маш нарийн зүйл ажиглаад “хүүдээ дуран өгч оргилыг дурандуулж байгаа нь Явуухулангийн бүтээсэн дүрүүдийн ерөнхий хандлагыг шууд л ойлгуулж, тэр дуран бол хэн нэгний ой дурсамжаас ямар нэгэн юм халин одох гэж буй агшиныг ойлгоход зохиогчийн оруулж ирсэн бэлгэдлийн шинжтэй дүрслэхүй юм” гэсэн нь гаднын судлаачийн гярхай нүдээр бидний олж ажиглаагүй уран чадварыг олж харсан хэрэг юм. Ер нь энэ судлаач Явуугийн уран чадварын нууц руу нилээд сайн өнгийж харсан нь ажиглагддаг.
Найраглалын өгүүлэмжийн үйл явдал дундаас зохиолын дүрүүд болох эх нутагтайгаа хагацаж буй янгирын тэх, түүнийг яг өөрийн зүрх сэтгэл дотор мэдэрч буй анчин, уг үйл явдлын гэрч болон зогсоод түүнээ уншигчдад дамжуулж буй зохиогч гурвын дүрийн зааг ялгаа зарим үед алга болоод тэр гурвын нэгдмэл утга агуулга нь уншигчийн зүрх сэтгэлийн гүн рүү цаг хугацаа орон зайг нэвтлэн урсан орох мэт болох нь буй. Тэдгээрээр найраглалын гүн үзэл санаа руу татагдан орж буй уншигчид ч хэзээ нэгэн цагт тохиолдох жам ёс хийгээд нутаг усаа үл огоорох байгалийн зөн билгийн ертөнцөд уусан орно. Ийм учир шалтгаан зохиолчоос дурсамж байдлаар хүрч ирэхдээ яг л ГЭРЭЭС шиг тийм гүн сэтгэгдэл үлдээхээр хоногшин үлдэх нь ер гайхалтай буюу.
Бүх юм жам ёсоороо төгсөж Хүүшийн өвөлжөөн дэх манарсан бууцнаас гурван гэрээ ачаалан гол өгсөн нүүдэл хөдлөх бөгөөд, зохиолд өгүүлснээр;
“Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Нүүдлийн цуваанаас эргэн хараад “Төрсөн нутаг минь!” хэмээн өөртөө шивнэн хэлж буй анчны тэр үг хамгийн эгэл жирийн үг боловч, хамгийн их сэтгэл хөдөлгөсөн уг найраглалын “оргил” нь мөн. Жирийн үгэнд амь шүн оршоох нь чухам суу билигт яруу найрагчийн хувилгаан эрдэм буй заа.
“Тэхийн зогсоол” бол өнгөрүүлсэн амьдралаа эргэн харах эцсийн мөчлөгт жам ёстой эвлэрч, эх нутгаасаа хагацан салж болшгүй хувь заяаны орчил, салж хагацавч өөр ямар нэгэн шижмээр эргэн залгалдах хүн байгалийн мөнхийн зүй тогтолыг ирээдүйн бүх цаг үе рүү хүүрнэн илгээж буй суут бүтээл мөн ажгуу. Нүүдэлчдийн хатуу ширүүн аж амьдралын хувьд үхэл бол ер бусын гайхамшигтай зүйл огт бус. Амьдрал мөнх бусын жирийн л урсах өдрүүдийн нэг. Харин эх нутаг бол хагацашгүй үнэт эрдэнэ мөн. Явуу найрагч “Би хаана төрөө вэ” хэмээх суут бүтээлээ туурвиснаас яг арван жилийн дараа, ир бяр ханаж урлах эрдэм ид жагссан дөчин насандаа “Тэхийн зогсоол"-оо бичжээ. Хэн нэгэн нүүдэлчний гэрт суугаад хуучлан хүүрнэх мэт тийм дотно энгүүн бичлэг нь өөрийн эрхгүй уншигчийг үйл явдал өрнөх хадан уулын өвөр дэх малчны хотод аваачна. Би бээр Явуу багшийнхаа төрж мэндэлсэн Тасархайн бууц, энэхүү алдарт зохиол нь төрсөн Хүүшийн өвөлжөө байх говирхог хадан уулсын өврөөс тэртээ алсад зэрэглээн дунд газраас тасарч салж нийлж үзэгдэх Хасаг Жаргалантын уулыг Явуу найрагчийн гуниглангуй дотоод ертөнцөөс нь харж зогссон хувьтай хүн билээ. Тэгээд ч тэр биз, "Тэхийн зогсоол"-ыг унших бүрийд дотор сэтгэл нойт оргиж, мах цусанд агч чинад холын мэдэмсэр сэрээд уг зохиолын ертөнц рүү зөн билгээрээ хөтлүүлээд яваад орчихдог юм.
“Тэхийн зогсоол” бүхэлдээ сэтгэл дотор дүр дүрслэл үйл хөдлөлөөр эхэлж, өрнөж, төгсгөлгүй үргэлжлэх уянгын кино мэт санагдана. Найраглалыг уншихад тэр чигтээ эхнээсээ үл төгссөн үргэлжилж амьсгал даран сонсох симфони хөгжмийн аялгуу! Харин чухам яагаад манай хөгжмийн зохиолчид энэ гайхалтай дуулиас ургуулан хөгжмийн бүтээл хийдэггүй юм болоо гэж хааяа бодогддог юм. Аль эсхүл би олж сонсоогүй юм болов уу? Монгол газарт байгалиас заяанаасаа тогтсон эрдэнийн очир алмаз мэт хосгүй бүтээл бол чухам “Тэхийн зогсоол” юм. Ийм богино бичлэг, цөөн үг, цомхон хэмнэл дотор агуу том агуулга, урт үйл явдал, асар их гүн ухаан, сэтгэл догдлол, зүрх шимшрэл, жам ёс, үхэл амьдралын орчил бүхнийг багтаан урласныг чухам байгалийн очир алмаазаас өөр юутай ч зүйрлэлтэй билээ дээ?
Тэхийн зогсоолд төгсгөл гэж байхгүй мэт төсөөлөгдөж, жам ёстой эвлэрэх хийгээд эх нутгаасаа үл хагацахуйн цаг мөнхийн шидэт аялгуу болон үргэлжилсээр авай. Суут бүтээлд ер төгсгөл гэж байдаг юмуу?
2019.05.22
Урландаа.
http://www.ub.life/p/jam-yostoi-ewlerekhui-ekh-nutgaasaa-es…
"Өнөөдөр" сонин болон UB.LIFE сайтад тус тус нийтлэгдсэн.