Уран бүтээл

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ

ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ

Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно
Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана

Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж сэлэм давтана
Зул бөхөж, бас мандаж дараачийн хүмүүс түүхийг давтана

Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна.

Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана.

Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно.
Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана

Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтаж, зул барина.
Маргааш болоход сурсан зангаараа л мориндоо мордоно

Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана.
Хоёулаа жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.

Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж
Ердийн оройн хоолны даруулгатай цуг мартагдана.

2008 он
TOP