ШИЛИЙН БОГДОД ОЮУН САНААНЫХАА БАЙГАЛЛАГ ЧАНАРЫГ ИЛҮҮ МЭДЭРДЭГ
- Ямар ч хүний бага насны тухай яриа хамгийн сайхан, гэгээлэг, "амттай" дурсамжаар дүүрэн байдаг. Жаахан шаргын өлгий Дарьганга нутгийн тань тухай, эжий аавын тань тухай, 13-14-хөн насандаа сонинд шүлгээ хэвлүүлж явсан бага насны тань тухай дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
- Бага насны он жилүүд бол хүсэл мөрөөдлөөр далавчилдаг үе юм даа. Өвгөдийн хууч яриа, үлгэр домог, морин хуурын аялгуу, шувуудын жиргээ, адуу малын дуун дунд бага нас минь өнгөрчээ. Зурагт энэтэр гэж байгаагүй болохоор үлгэр домгийн үйл явдлыг сэтгэл дотроо ургуулан дүрсэлж боддог байсан минь миний уран бүтээлийн анхны дэг сургууль байж дээ. “Жаахан шарга”-ын домог хийгээд дуу бол ёстой миний авъяас билигт жигүүр ургуулсан шидэт үг аялгуу юм даа. Найр наадам болоход аав минь хуурдаж, “дээл” хочит Гомбодорж гуай “Жаахан шарга”-ыг заавал дуулдаг сан. Гомбодорж гуай бол “Жаахан шарга” дууны эзэн Цэрэнноровын зээ хүү нь юм билээ. Дууг сонсож суух нутгийн өвгөд, эмгэд нулимсаа барьж чадалгүй уярч байхад нь хүүхэд миний сэтгэлд бас нэгэн эмзэгхэн утас доргидог байж. Томчуудын хууч яриаг гэрийн сүүдэрт суугаад л шуулттай хаяагаар сонсдог сон. Тийм хууч яриан дунд “Жаахан шарга” морины толгойг сийлсэн сийлбэр нь аавын минь хуурын тэргүүн болсон тухай сонссон нь сэтгэлд үлдэж, явсаар байгаад сая хэвлүүлсэн “Шилийн Богд” романы минь хөг аялгуу нь боллоо. Романы минь дундуур нэг шарга хүлэг явж өнгөрнө. Тэр бол домогт “Жаахан шарга” хүлэг юмаа.
Намайг Дарьганга сумын дунд сургуулийн сургуулийн тавдугаар ангид байхад ээж минь айхавтар өвдсөн юм. Дотуур байранд суугаа хүүхэд гэрээ их санана. Алтан –Овооны баруун, зүүн сугаар юм ганзагласан морьтой хүн гарч ирэх болов уу гэж уулын хөтлийг сэтэртэл ширтдэг сэн. Нэг өдөр манай ангийн Моононшар гэдэг хүүхэд бид хоёр айлаас морь гуйж сундалдаад Ганга нууранд очив. Нуурыг тэтгэх булгийн уснаас шилэн саванд авлаа. Гангын аршааныг ээждээ өгүүлэх гэж санасан маань тэр. Гадаад далайн чинад байдаг Ганга мөрний судалаас Ганга нуур үүссэн. Ганга мөрөн бол мөнхийн аршаан юм гэсэн домог надад уг санааг төрүүлж, ээжийгээ өвчнөөс нь гэтэлгэх гэсэн хүүхдийн гэнэн ухаан байж л дээ. Тэгээд анхны маань шүлэг “Ганга нуур” нэртэй 6-р ангид байхад хэвлэгдэж, хожим нь Энэтхэг явж ирээд ээждээ Гангын аршааныг авчирч амсуулж, “Гангын аршаан” гэдэг шүлэг бичсэн дээ.
- Багшийн сургууль төгсөөд Замын-Үүдэд гурван жил багшилсан гэсэн. Хорь ч хүрээгүй шавилхан залуу говьд очоод хоёр хүүхэдтэй болоод нийслэлд буцаж ирсэн гэл үү?
Арван наймтайдаа би багшийн диплом өвөртөлсөн юм. Дорноговь аймагт томилолт аваад очлоо. Боловсролын хэлтэсийн дарга нь хүлээж аваад хаа суумаар байна гэж асууж байна. Хананд нь газрын зураг харагдана. Хамгийн хол торгон хил дээр Замын Үүд гэж бичээстэй байна шүү. “Энд очъё” гээд хуруугаараа заачихлаа. Ухаандаа, говийн алс бөглүү газар очиж, амьдрал үзэж зохиолч болох мөрөөдлөө биелүүлэх гэсэн хүүхдийн бодол. Хэдхэн айлтай эль хуль хилийн тосгон байв. Хүйтэн дайны үе, хятадын аюул гэгчээс дөлж хүн ер очдоггүй, хааяа нэг нутаг заагдсан эрчүүл л очдог гэнэ. Ингээд би шүлэг бичиж, өдрийн тэмдэглэл хөтөлж, сонины газруудыг захиагаар бөмбөгддөг болов. Ганцааранд маань гал зуухтай хоёр өрөө байр гаргаж өгсөн.
Нэг өглөө үүрээр хүн цонх тогшдог юм байна. Харвал, өчигдөр нь тосгоны халуун усанд цуг орсон гал командын байлдагч байв. Хожим нь нэрт нийтлэлч болсон Ш.Цэрэнпил юм шүү дээ. Ингэж бид бие биеэ хөглөж, хээр талаар алхаж, шүлэг зохиолоор өвчилдөг болсон доо. Зуны амралтаа аваад нутагтаа очлоо. Аав ээж хоёр маань “Залуу хүн ганцаараа хүн танихгүй газар удвал эвдэрч муу зуршилд орох талтай байдаг. Эхнэр авах хэрэгтэй, байр сууцтай, цалинтай, дутуу юм эхнэр л байна. Тэгвэл аав ээж хоёр нь сэтгэл зовох юмгүй болно” гэж зөвлөлөө. Намар нь сургууль төгсч багшаар ирсэн үеийн бүсгүйтэй үерхсээр өвөл нь нэг гэрт ороод төдөлгүй хоёр хүүхэдтэй олон шавьтай болоод нийслэлд дээд сургуульд сурахаар ирсэн дээ.
- УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байсан, их найрагч Явуухулангаас зөвлөгөө саналыг нь сонсож явсан үеийнхээ тухай дурсаач?
Намайг Замын–Үүдэд байхад Б.Явуухулан, Д.Пүрэвдорж хэмээх хоёр том яруу найрагч очдог юм байна. Нэрэлхэлгүй зочид буудалд нь очин шүлгээ уншиж орой клубээс тараад гэртээ очихыг урьчихлаа. Үхрийн тарган мах чанаад, нэг лонх юмтай тэр хоёрыг гэртээ оруулж анхны шүлгүүдээ уншиж урмын үг сонссон юм. Намайг оюутан болох үед Явуу яруу найргийн зөвлөлийн эрхлэгч байж таараад, бас миний ширээний анд Я.Баатар маань Явуугийн дүү нь байгаад, ингэж би агуу их Явууг түшсэн юм. Я.Баатар бид хочрыг Явуугийнд анх ороход их найрагч шүлгүүдийг минь анхааралтай сонсоод, номынхоо сангаас шилэн гуунд суулгасан М.Лермонтовын мөнгөлөг хөргийг бэлэглээд “Лермонтов шиг найрагч болоорой” хэмээн ерөөж билээ. Тэр агуу хүний суут шүлгүүдээ бичсэн мутраас нь авсан тэр бэлэг миний насан туршийн үнэт өв болон үлджээ. Тэр үед шүлэг бичдэг болгон л “Явуу багш” гэнэ. Харин би тэр агуу хүнийг багш гэх эрхтэй үгүйгээ мэдэж чадаагүй л яваад байлаа. Гэтэл Зохиолчдын хороон дээр болсон нэгэн удаагийн хурал дээр утга зохиолын шүүмжлэгч Ч.Билигсайхан “Та их олон шавьтай л гэх юм. Эднээс чинь таныг залгамжлах ирээдэйтэй нь хэн байна?” гэж асуухад хэдэн залууг нэрлэсний дотор миний нэр багтсанаас хойш би ам бардам шавь нь гэж хэлэх болсон доо. Миний суралцаж байх үед УБДС-д утгазохиолын нэрт судлаач Д.Цэнд, аман зохиол судлаач, нийтлэлч Д.Дашдорж, хэл шинжлэлч Д.Төмөртогоо гээд мундаг багш нар, бас Д.Отгонсүрэн, Ц.Өнөрбаян, Б.Пүрэв-Очир, Д.Оюунбадрах,Б.Базаррагчаа гээд ирээдүйн агуу эрдэмтэн багш нар байсан. Монголын радиод очиход багш нарын маань нэрийг дуулаад тэднээр хичээл заалгасан бол юу ярих вэ гээд шууд авсан даа.
- 1970-80-аад оны Монголын яруу найргийн ертөнцөд шинэ түрлэг болон орж ирсэн нэгэн үеийн гайхалтай яруу найрагчид нэгдэж “Гал” бүлгэм байгуулсан байдаг. “Гал” бүлгэмийг “нууц” гэж тодотгодгийн учрыг, Нэхмэлийн шар дахь хадмынхаа гэрт цуглаж шүлэг найргаа уншиж, ярилцдаг байсан тухайгаа хуучлаач?
“Гал” бүлгэм байгуулж анхны хуралдааныг Нэхмэлийн шар дахь манай хадмын хажуу өрөө буюу манайд хийсэн юм. Хэд цугласны дараа Зохиолчдын хорооны удирдлагад алтан хошуу хүрсэн байсан нь хэдэн залуучууд нийлж зохиолчдын хороог гартаа авна гэж хуралдаж байна гэсэн яриа юм. Ер нь тэр үед шар сонин гэж байхгүй, хов ярих, матаас бичих хоёр арга байв. Бид голдуу манайд, заримдаа Д.Цогтынд, заримдаа Л.Мягмарсүрэнгийнд цугладаг байсан юм. Цуглахдаа уншсан ном, сонссон хөгжим, үзсэн урлагийн бүтээлийнхээ талаар шинэ мэдээллээ бие биедээ сонсгоно. Шүлэг зохиолоо хэлэлцээд зад маргалдана. Шинэ гарсан номыг шүүмжилэн ярилцана. Монголын түүх, тэр үед нууж хааж байсан үзэл суртлын эсрэг гэх ном бичгүүдийг олж дамжуулан уншина. Ингэж хамтын урам зоригоор аажуухан өсөж хөгжсөн юм. Галынхан гэдэг маань Я.Баатар, Б.Сундуй, Д.Цогт, Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Ц.Ойдов, Л.Мягмарсүрэн бид нар юм. Сүүлд “Гал”- даа цучил нэмнэ гээд Ж.Оюунцэцэг, казак охин Батешхан нарыг бүлгэмдээ оруулдаг байсан. Гэхдээ анхны арав бол гал асааж тангараг өргөсөн гишүүд юм. Нэг нь ч гээгдээгүй, бүгд соёл утгазохиолд өөрийн буйрыг дугуйлсан байна.
Миний үеийнхний баярлаж догдолсон нэг үдшийг би мартдаггүй юм. Наян оны зун миний “Бодлын шувуу” анхны шүлгийн ном хэвлэгдлээ. Бүтэн дөрвөн жил чилийтэл хүлээгээд тэр шүү дээ. Номын дэлгүүрт ирэнгүүт нь арван ном худалдаж аваад гэртээ байж байтал манай Галынханы зарим нь давхилдаад ирлээ. Бөөн онгирсон улс, пиво ууж дуулж хуурдлаа. Оройхон Ш.Гүрбазар, Д.Төрбат, Г.Чинзориг гурав нэмж ирлээ. Дараахан нь Д.Намсрай ирлээ. Тэр шөнө нэг их дулаахан сайхан бороо шаагиж, гудамж талбай дүүрэн нуур тогтоод Цогт, Баатар, Мягаа, Намсрай, Ойдов бид хэд хөлөө нүцгэлэн гэрэлтэй гудамжаар шүлэг уншаад алхахад, зарим айлууд гэрлээ асааж цонхоороо цээжээ гаргаад дахиад нэг шүлэг уншаач гэж байж билээ.
- Монголын радио гэдэг нүсэр байгууллага залуухан ажилтнаа хэрхэн угтаж авав, Соёл урлагийн редакц танд юу өгсөн бэ?
Монголын радио бол миний авъяасын галыг дүрэлзүүлэн бадраасан орон гэр минь юм. Урлаг соёлын редакцийг Оросод төгсч ирсэн урлаг судлаач Дэ. Мягмарсүрэн удирдаж байв. Миний дараагаар Л.Мягмарсүрэн, Д.Намсрай, Ж.Саруулбуян, Я.Баатар нарыг татаж, О.Дашбалбар, Д.Цогт нар байнгын идэвхтэн бичигч нь байсан даа. Тэр үед агуу их Л.Мөрдорж, Д.Чимэд-Осор, Гэндэн, Э.Оюун гуай зэрэг урлагийн суутнууд, Ч.Чимид, Б.Явуухулан, М.Цэдэндорж, С.Удвал, С.Эрдэнэ гуай тэргүүтэн агуу зохиолчид бүгд л манай редакцид ирж, тэдний амтат яриаг сонсдог байсан нь нэг ёсны том сургууль, ховор завшаан байж дээ. Радио надад маш их юм, урлагийн сургуульд суралцахын дайтайг өгсөн. Гэхдээ би зөвхөн авагч байгаагүй, олон шинэ нэвтрүүлэг санаачилж, хийсэн нэвтрүүлгүүд маань сонсогчдоо баярлуулж, хамт олондоо үлгэр жишээ болж байсан даа.
Монгол хүн сансарт ниссэн 1981.3.22-ны шөнө би Хөгнөхан уулын аманд хаваржиж буй Жүгдэрдэмид гуайнд байсан юм. Радио, телевизийн сурвалжлах багийнхан бид дуу дүрс бичлэгийн хамаг л өнгөтэй бүхнээр өвч зэвсэглээд сансраас ирэх мэдээг хүлээж байв. Гэхдээ хэрэв Ганзориг нисвэл Архангай руу давхих даалгавартай шүү. Шөнө дунд ТАСС болон МОНЦАМЭ-ийн мэдээ яг зэрэг явсан даа. Сансарт монгол хүн ниссэн баярт мэдээг Гүррагчаагийн аав ээжтэй нь цуг хүлээн авч, бяцхан сурвалжлага хийгээд радиогийн сурвалжлагч би Хөгнөхан уулыг тойрон Дашинчилэн сум руу давхив. Сумын холбоон дээрээс өөрийн бичсэн хэдэн үгээ, сансрын нисэгчийн аав ээжтэй ярилцсан бичлэгтэйгээ Үндэсний радиогийн нэвтрүүлэх танхим руу дамжуулчихаад буцаад Жүгдэрдэмид гуайнд ирэхэд миний хийсэн нэвтрүүлгийг гэрийнхэн нь сонсоод хөөр болон сууж байж билээ. Гучин хэдэн жилийн өмнөх мэдээллийн хамгийн их хурд тийм л байсан юм даа.
- Та Жанрайсиг шүтээнийг дахин бүтээх ажлыг санаачилж, бүтээх ажилд идэвхитэй оролцсон хүмүүсийн нэг. Жанрайсиг шүтээнийг дахин бүтээх үед хямралын хэцүү үе байсан ч ард олон чадах чинээгээрээ хандив өргөж, нэгдэж нийлэхдээ тааруухан монголчууд нэг зүг рүү хандаж чаддагаа харуулсан шиг санагддаг. Тэр үеийн тухай яриач?
Амьдралынхаа бүтэн зургаан жилийг би Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах үйлсэд зориулсан. Төсөл хөтөлбөрийг нь би боловсруулж, Соёлын сангийн ерөнхийлөгчийн хувьд өдөр тутмын бүх ажлыг зохион байгуулсан юмаа. Миний хамгийн их хүндэтгэдэг агуу хүмүүс болох Ардын уран зохиолч С.Эрдэнэ, ардын зураач Н.Чүлтэм, Н.Жамбаа, хамба лам Х.Гаадан, бурханч лам Г.Данзан, академич түүхч Ш.Нацагдорж, академич Д.Цэрэнсодном, төрийн шагналт архитекторч Г.Лувсандорж гээд л тэр үеийн соёл шинжлэх ухааны зүтгэлтнүүд, Л.Болд, Г.Адъяа тэргүүтэй уран барималчид бүгд нийлээд нэгэн үзүүрт сэтгэлээр ард түмнийхээ дэмжлэгээр их шүтээнийг хамгийн хүнд үед бүтээсэн. Хоёр сая хүн хандив өргөсөн байдаг юм. Монголын ард түмний сэтгэл яах аргагүй нэг зүйл дээр төвлөрч хамтын хүчээр их шүтээнийг бүтээсэн түүхийг бичсэн дээ.Мигжэд Жанрайсигийг бүтээлцсэн он жилүүд бол миний амьдралын алтан хуудсууд юм. Хэдийгээр тэр хугацаанд шүлэг, уран зохиолоос хөндийрсөн ч Монголынхоо түүх, соёл, шашны өвийг танин мэдэх томоохон сургууль байжээ. Тухайлбал миний “Гэгээнтэн” романы суурь дэвсгэр нь Жанрайсиг бүтээлцсэн, судалсан явдалтай шууд холбоотой юм. Ер нь юм хийж бүтээж ачаа үүрэх нь суралцах хамгийн шалгарсан боломж юм билээ.
- Өнгөрсөн жил та дэлхийн яруу найргийн том наадмын тэргүүн байр хүртсэн. Тэрнээс өмнө ч бас олон улсаас шагнал хүртэж байсан. Эх орондоо төдий л тоогддоггүй монгол шүлэг Европын яруу найргийн наадамд цахиур хагалсан нь тохиолдол биш байсан байж таарна?
Би олон улсын утга зохиолын хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог, тэнд болохоор бие биенээ урамшуулсан, өчүүхэн амжилтанд ч баярлаж талархсан хүндэтгэсэн халуун дулаан уур амьсгалыг ямагт мэдэрдэг, манайд болохоор эсрэгээрээ байх юм. Монголын уламжлалт сэтгэлгээ, манай үндэсний хэл соёлоос үндэслэсэн яруу найраг, тэдэнд ямагт цоо шинэ үзэгдэл байдаг. Тэгээд ч тэд талархан хүлээн авдаг байх. Манайхан нэг хэсэг уламжлалаа хоцрогдсон гэдэг байдаг бол өнөөдөр эргээд уламжлал руугаа хандаж байгаань монголоосоо үндэслэх ёстойг ухаарсан хэрэг бизээ.
- Үргэлжилсэн үгийн зохиолчдоос Чинагийн Галсан гуайг, яруу найрагчдаас таныг дэлхийн утга зохиолын тавцанд өөрийн орон зайгаа бий болгож чадсан хүмүүс юм болов уу гэж би ойлгодог. Харин зарим зохиолчид, утга зохиолын гал тогоонд байдаг мэр сэр хүмүүс үл тоосон, үгүйсгэсэн байдалтай байдгийг харж байлаа. Энэ нөгөө л атаа жөтөө, тамын тогооны үлгэр нь байх. Энэ байдал нь танд мэдрэгддэг үү?
Ч.Галсан бол Европ дахинд нүүдэлчдийн соёлыг зохиолоороо илэрхийлж буй том зохиолч шүү дээ. Би түүнийг хүндэтгэдэг. Намайг өнгөрсөн намар шагнал аваад ирэх үед шүлэгч- зураач нэг дүү маань орж ирж баяр хүргээд гарахдаа, "Таны амжилт гаргах болгонд боож үхэх шахдаг хоёр гурван хүн байдаг юм" гэсэн. Би хариуд нь "нэрийг нь хэлээд яах вэ? хэн болохыг би мэднэ" гэсэн. Иймэрхүү жижигхэн амбийц бүх л цаг үед байсан юм билээ. Агуу их Явуухуланг Орос нөхөд нь Дорнын их яруу найрагч хэмээн бичиж, “Тэхийн зогсоол”-оороо Төрийн шагналд дахин дэвших тухай яригдаж " Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" хэмээн зорилгоо тунхаглаж байх үед нь атаархсан үзэг нэгтэн нь түүнийг баахан хар хэл амаар гоочилж, өөрийгөө алдаршуулах гэж орос нөхдөөр юм бичүүлж, цол хэргэм хөөцөлдлөө гэх матаас дээш өргөсөн байдаг. Санамсаргүй тохиолдол болж их Явуу түүнээс хойш дөрөв хоногийн дараа нас барсан гашуун үнэн бий. Өвөр зуураа жөтөөрхөлцөх өчүүхэн амбицийн тухай биш, харин бид үндэсний том амбицийн тухай ярих ёстой. Б.Явуухулангийн “Дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэдэг бол том хөтөлбөр юм шүү дээ. Хүн төрөлхтөний утга зохиолын ертөнцөд бид хамтын хүчээр, нийтийн урам зоригоор очих ёстой. Харамсалтай нь тамын тогооны үлгэрээсээ салах болоогүй л бололтой байна даа.
- Та өнгөрсөн намар Европоос яруу найргийн дээд шагнал авахдаа нэг үг хэлсэн байна. “Монголын жирийн нэгэн нүүдэлчин-яруу найрагч би бээр сүүлийн хорь шахам жил өөрийн ард түмний оюуны соёлын охь манлай болсон утга зохиолын үнэт өвийг хүн төрөлхтний зүрх сэтгэлд хүргэх гэсэн жингийн цувааг хөтөлсөн минь талаар болоогүй юм байна” гэж хэлсэн байна?
Тиймээ, “Монгол хэлээр цөөн хүн ярьдаг, нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц ахуй сэтгэлгээ нийгмийн амаргүй замыг туулсан түүхэн онцлогууд нь монголын утга зохиол, тэр тусмаа яруу найраг нь соёлын ялгаатай өрнө дахинд хүрэхдээ олон саад бэрхшээлийг туулсаар байна. Гэвч тэнгэрийн хаяанд сүүмэлзэх нүүдэлчдийн хөсөг зугуухан айсуй” гэж хэлээд гадаад хэл дээр өөрийнхөө эрхлэн нийтлүүлсэн монголын уран зохиолын нэгэн тэвэр номыг өргөн барьсан даа. Ер нь бол хийсэн юмтай хүн хэлэх үгтэй байдаг юм билээ.
- Та "Алтан овоо" романаасаа хориод жилийн дараа "Гэгээнтэн"-ээ уншигчдад өргөн барьсан. Харин гурав дахь роман тань өмнөхтэйгээ харьцуулахад богино хугацаанд гарчээ. Дахин роман бичих үү?
“Шилийн Богд” роман бол миний Дарьганга нутгийн хүү нь болж төрсний үр жимс нь гэж хэлж болох болов уу? Гэхдээ энэ бол Дарьганга гэхээсээ Монголын нүүдэлчдийн язгуур соёлын хөрсөнд ургасан үндэсний уран зохиолын бүтээл гэж хэлбэл зохино. Би Дарьганга нутаг дахь үлгэр домог дуу хуур, өв соёл, нүүдэлчдийн ахуй дотор өсөж; эхлээд жалгын үзэлтэй байсан, дараа нь хээр талыг бүхлээр нь хайрласан, улмаар монгол орноо түүхтэй нь өргөн уудам газар нутаг, оюуны мандалтай нь хайрладаг болсон. Улмаар дэлхий хэмээх нэгдмэл ертөнцийнх нь хувьд сэтгэлдээ багтаах болсон. Ер нь хүний төлөвшлийн зүй тогтол ч энэ байх. Би энэ романыг ерээд онд нэг эхэлж бичиж байгаад орхисон юм. Тэр үед би түүх соёлоо төдийлөн судлаагүй ертөнцийн чинадын нууц руу өнгийж чадаагүй байжээ. Одоо бол би илүү өндрөөс түүхээ, соёлоо, хүмүүсийг, ер нь ертөнцийн хэрэг явдлыг харж байгаа болохоор харьцангуй богино хугацаанд бичигдчихлээ.
- Таны романыг эргүүлж үзвэл “Агшуу” хэмээх шонхор үйл явдлын турш гарах бололтой. Энэ нь романы зохиомжийн эрэл үү?
Мэдээж газар дээрх амьдралыг шувууны нислэгийн өндрөөс харах боломж олгож байгаагаараа зохиомжинд гарч буй шинэ зүйл гэж болох л юм. Шувуудын аймгийг дүрсэлсэн гол учир нь өөр зүйлд байгаа юм. Хүн хийгээд адгуус, шувуу жигүүртэн цөмөөрөө ертөнцийн нэг л хууль зүй тогтол дотор шүтэлцэж оршдог. Шувууд ялангуяа биднийг илүү холоос, дээрээс маань тольдож байдаг. Хүн бол зүгээр л шувуу нисч байна гэж бодно. Ингээд би, шувууд хүний амьдралд ямар холбогдолтой вэ? Шувуудын ертөнц монголчуудын соёлтой хэрхэн холбогдох вэ? гэх асуултыг өөртөө тавьсан юм.
- “Шилийн Богд” романы тань гол баатар нь Тооройбанди гэж ойлгож байна?
Тиймээ, тэр бол түүхэнд цолгорсон баатар биш. Жирийн л нэг домоглог хүн. Түүхэн олон агуу хүмүүс мартагдаад байхад хээрээр гэр, хэцээр дэр хийсэн тэр хүн яагаад мартагдахгүй байна вэ? Ер нь эгэл хүний зүрх сэтгэлийн зовнилыг хэн илэрхийлдэг юм бэ? гэх олон асуулт урган гарна. Би романаараа ийм л эрэл хайгуул хийсэн. Миний роман сайн эрсийн адал явдал гэхээсээ илүү, тухайн үйл явдал болж буй түүхэн нөхцөл дэх соёлын, нийгмийн, экологийн асуудлууд руу чиглэсэн болохыг уншигчид анзаарах байх. Ер нь адал явдлаар уншигчдыг чулуу хөөлгөхөөс илүүтэй уран сайхны соёлын хүрээн дэх оюун санааны ертөнцийг нь хөтлөх ёстой бол уу.
- Тэгэхээр таны романы үйл явдал Манжийн үе буюу XIX зууны дунд сүүл хагаст өрнөж байна гэж ойлгож болох уу?
Өнгөрсөн түүхийн хэрэг явдал нь заримдаа өөрийн цаг үеийг харьцуулан хянах толь нь болох явдал ч буй. Утга зохиолын нэгэн эрхэм үүрэг бол соёлын үнэт зүйлийг, зан чанарыг, хэлний баялагийг хадгалж үлдээх явдал байдаг. Тооройбанди гэдэг хүний амьдарч байсан цаг үеийн хэрэг явдал гэхээсээ, түүнийг бий болгосон нийгмийн хүчин зүйл, тээж яваа хүн чанар, эр зориг, тэсвэр хатуужилыг харуулахын хамт, бусдын төлөө өөрийн амьдралыг золиослохоос буцахгүй яваа тэр хүнийг буй болгосон соёлын угшил нь юу вэ? гэдэг нь зохиолч надад тулгарч байсан хамгийн гол асуулт байв.
- Романы нэр их учиртай байх. Яагаад “Шилийн Богд” гэж нэрлэсэн юм бэ?
Шилийн Богд хэмээх нэр монгол хүний сэтгэлд онгон зэрлэг байгаль, эрчим хүч, эр хүний цог хийморь, Дарьганга өв соёл гэсэн утгаар буудаг. Алтай Хангай Хэнтийн уулсын салхиар хөллөсөн эрчим хүчний урсгал дорнын хээр тал руу урсаж, өмнөөс Номхон далайн чийглэг зөөлөн уур амьсгал Хянганы нурууг гэдрэг даваад Шилийн Богд орчимд онцгой эрчим хүчний хуйлрал болдог. Ийм онцлог шинжийг хүмүүс аль эрт мэдэрч энэ гайхамшигт ууланд очиж хийморио сэргээдэг байжээ. Өөрөөр хэлбэл Шилийн Богд бол байгалийн эрчис ундаргаар баян уул юм. Шилийн Богдод очиход байгаль дэлхийн оюун санааг илүү тод мэдэрдэг, хүн өөрийн оюун санааны байгаллаг чанарыг илүү их ойлгодог гэж би боддог.
Ярилцсан: Х.Уянга
Засгийн Газрын Мэдээ, 2015.03.27