Мэдээлэл

МИНИЙ СОЁЛЫН БАГШ

МИНИЙ СОЁЛЫН БАГШ

Г.Мэнд-Ооёо

Уран бүтээлийнхээ ид хаваар тогтоосон түүний ноёлог өндөр бараа сүр, эрхэмсэг дэгжин намба төрхөөс өөрийн эрхгүй сүрдэн халирдаг байж билээ.
Ерэн оны намар юмсан. Монголын хүүрнэл зохиолын их мастер болох С.Эрдэнэ ах Зохиолчдын хорооны шатан дээр тааралдаад,
- Хоёул өрөөнд орж хэдэн үг сольё гэдэг юм байна. Ашгүй сул өрөө байна. С.Эрдэнэ ах дүрлэгэр том нүдээр шилний цаанаас нухацтай ширтэж,
- Би чиний сүүлийн үед бичсэн бичиг соёл, өв уламжлал, шашны сэдэвтэй нийтлэлүүдийг чинь олж үзээд чамтай уулзая гэж бодож явсан юм хэмээгээд дахиад л намайг эгцлэн ширтэв. Ахын харцнаас халирсхийн суутал,
- Чи Соёлын санд ажиллах уу? Гаадан хамба биднүүс энэ ажилд чамайг л таарах хүн гэж ярилцаад байна гэв. Тэр үед Монголын Зохиолчдын Хороонд мэргэжлийн зохиолч хэмээх жаргалын албатай би бээр тэрхүү амар зөөлөн хоолноосоо салмааргүй байсан хэрэг.
- Жаахан бодъё гэчихлээ.
- Бодоод байх юмгүй, чи ер нь шууд ажилдаа ор гээд дахин эгцлэн харав. Ахын харц намайг доор нь буулгаж авав. Ингээд л би Монголын Соёлын Сангийн даамал хэмээх албатай болж С.Эрдэнэ ах, Х.Гаадан хамба, их зураач Н.Цүлтэм гуай тэргүүтэн Монголын Соёлын сангийн агуучуудын нөмөр нөөлөг дор яваад очвой. Тэр үеийн Соёлын Сангийн удирдах зөвлөлд их зохиолч С.Удвал гуай, Э.Оюун, нэрт археологич Н.Сэр-Оджав, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, академич Ш.Нацагдорж, утга зохиол судлаач Ц.Хасбаатар гуай, Ардын билиг зүйч Ж.Бадраа, төрийн шагналт архитекторч Г.Лувсандорж гээд тэр үеийн монголын түүх соёл, утга зохиолын аваргууд байсан юм. Харамсалтай нь Л.Түдэв гуай маань Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга хэмээх албанд томилогдчихсон тул чөлөө гуйсан байлаа. Ерөнхийлөгч нь Х.Гаадан хамба, С.Эрдэнэ гуай маань дэд ерөнхийлөгч албатай. Намайг зүгширтэл тэрбээр өдөр болгон ирж ажил төрлөө зөвлөнө. С.Эрдэнэ бол жинхэнэ уншдаг зохиолч болохыг би хамт байж л мэдсэн юм. Уншсан шинэ номуудынхаа тухай, Оросын болон дэлхийн суу билигт зохиолчдын тухай, түүнээсээ халиад “перестройка” болон Орос дахь улс төр нийгмийн амьдралын тухай ярина. Маргааш нь дахиад л шинэ содон мэдээ. Энэчилэн нэгэн сар болсны дараа,
- За хүү минь чи Орос руу яв. Мигжэд Жанрайсиг их бурханы эрлийг мухарлаад ир! Олдохоор шинж мэдэгдвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хөдөлгөе. Найдвар тасарвал их бурханаа бүтээх ажилдаа оръё гэвэй. Ийнхүү анхны томилолтоо өвөртлөж Хуучин Холбоот улсыг зорьсон би Санкт-Петрбургт сар хагас ажиллаад 1991 он гаргаж эргэж ирэв. Ингээд л С.Эрдэнэ ахай бид хоёр Төрийн ордон дахь Ерөнхий сайдын ажлын албаны түшмэл Б.Батбаярын өрөөнд “Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай” гэсэн Засгийн Газрын тогтоол болон Ерөнхийлөгчийн зарлигийн ноорогийг бичиж суусан болой.
Ерөөс С.Эрдэнэ зохиолчийн амьдралын сүүлийн 10 гаруй жил Монголын ардчилал, үндэсний ухамсар, түүх соёлын сэргэн мандалттай салшгүй холбоотой. Монголын түүх соёлын өвийг сэргээхэд олон нийтийн хөдөлгөөний идэвхижүүлэх, бодит үйлс болгох зорилгоор Монголын Соёлын Санг байгуулсан хийгээд улмаар Монголын сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болох 80 тохой Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах санаачилга гаргаж хэрэгжүүлэх нүсэр том хөтөлбөр дэвшүүлсэн 13 хүний жагсаалтыг С.Эрдэнэ хэмээх нэрээр эхэлсэн минь ийм учиртай.

Мигжэд Жанрайсиг шүтээнийг эрж хайх, судлах, сэргээн бүтээх ажил нь агуулгын хувьд ч бүтээн байгуулалтын хувьд ч нүсэр далайцтай үйлс байсан бөгөөд түүх соёлоо өмөөрөн хамгаалах үндэсний урлаг соёлын дахин сэргэлтийн бэлгэдэл болгосон уг санаачилгыг гутаах, мохоох, нийгэмд буруу сэдэлттэй ойлголт өгөх гэсэн элдэв цуу яриа, явуулга, хэвлэл мэдээллийн дайралт, санхүү мөнгөний гачаал мухардал байнга гарч байсан боловч түүнд таарсан хариу няцаалт, хийгээд төр засгийн дээд өндөрлөгт ойлгуулан нааш хандуулах мэргэн арга ухаан, хамгийн чухал нийтлэл, захиа бичгийг С.Эрдэнэ зохиолч сэдэж, бичиж байсныг хэлэхэд бахтай.
Монголын уран зохиолын нэгэн суу билигт их хүмүүн өөрийн амьдралын сүүлчийн арваад жилийн мөчлөгийг соёлын өвийг сэргээхэд зориулахаар хүсэл шулуудсаны учрыг би их л хожуу ухаарсан юм. Хэдийгээр би түүний бичсэн болгоныг цэг тэмдэг ч орхилгүй уншдаг шүтэн бишрэгч нь байсан ч энэ мэтийг бүтээлээс нь олж хараагүй л явжээ.

Ерэн есөн онд юмсан. С.Эрдэнэ ахынхаа төрсөн нутгийн Галт хаан уулсыг ширтэн Сэрүүн голын хөвөөгөөр хууч хөөрөн алхаж явахуйд, тэрбээр голын хойдтойд хөхрөн харагдах мөргөцөг тийш зааж,
- Миний ном уншдаг байсан хад тэрүүхэнд бий. “Арван таван настай капитан”-ыг яг тэнд хэвтээд салалгүй уншиж билээ. Гэтэл тэр хад яргаад нэг хус ургачихсаныг хараад би уйлсан сан. Сонин юм шүү гээд нүдэндээ нулимс гүйлгэнүүлэн үгүүлээд,
-Хэдүүлээ маргааш очиж үзнэ ээ! гэв.
Тэр өдрүүдэд өдрүүдэд “Сайхан юм гунигт бадаг”, “Наран тогоруу”, “Хулан бид хоёр” зохиол дахь үйл явдлынх нь халуун мөрөөр аялсан минь санаанаас ер гардаггүйсэн.
Сэнгийн Эрдэнэ зохиолч нийтлэл тэмдэглэл, эсээнүүддээ өөрийнхөө намтрын онцлох хэсгүүдийг ямагт илэн далангүй бичдэг байв. Зохиолын баатруудын эх дүр, түүний хувь заяа, хувийн амьдралтай нь хэрхэн холбогдох талаар бичсэн нь зохиолын баатруудыг улам бодитой болгож, уншигчийн сэтгэлд зохиолоос нь цааш үргэлжилж, амьд бодит хүн болон амьдарч байдаг аж.
Сэнгийн Эрдэнэ зохиолч “Сайхан юм, гунигт байдаг” хэмээх эсээндээ бичсэнээс үзвэл, хуучин монгол бичиг сурмагцаа Жюль Верны “Арван таван настай капитан”, Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” романыг уншсан бөгөөд өөрийнх нь бичсэнээр, “Тэр хоёр номыг уншсанаас болж миний балчирхан ухаанд чухам юу шүглэснийг тодорхой дүрслэн хэлэхэд бэрх байна”. “Амьдрал гэгч агуу их зүйл балчирхан тархинд багтаж ядан..” (С.Эрдэнэ) Павел Корчагин, Дик хөвгүүний туулсан зам, гуниг баяр, янаг дурлал, эр зориг нь хал зовлон туулж яваа балчирхан хөвгүүний зүрх сэтгэл, хүсэл тэмүүллийн жолоог хөтөлсөн бөлгөө.
1943 оны намрын хонгор өдөр өртөөний морь унаж Өндөрхааны дунд сургуульд сурахаар сумаасаа гарсан гэж зохиолч бичсэн бөгөөд, түүний намтрын энэ нэгэн мөчлөгт хүүхэд нас нь нисэн одож, “орчлон гэдэг агуу том өргөөний өрхийг татах” гэж үзэг цаас хоёртой амьдралаа холбох залуу нас нь түүнийг угтсан байжээ. Чухам амьдралын энэ нэгэн мөчлөг түүний “Наран тогоруу” хэмээх сонгодог үгүүлэгт нь маш тодорхой туссан буй. Сургуульд явахын урьд орой. Тэнгэрийн хаяаны улаан тогорууд. Хуучин сүмийн туурь. Ус нь ширгэсэн худаг. Оройн сааль. Үнээдийн хооронд тавьсан утаа май. Эрчүүд нь цэрэг дайнд явчихсан. Нэг голын хүүхнүүд сааль сүүний дараа эр нөхөр, сэтгэлт хүнээ санан мөрөөдөх дуу. Цэрэгт гологдсон нэг нөхөр согтуугаар авгай хүүхдүүдийг чарлуулан яваа дүр зураг...
Эцгээсээ өнчирч хоцорсон хөвгүүний зүрх үл таних алсад наран тогоруудтай цуг нисэн одохын өмнө үерхдэг охинтойгоо болоод нутгийн оройн нартай салах ёс хийж буй уярам энэ хэсэг бол чухам зохиолч Сэнгийн Эрдэнийн амьдралын нэгэн алтан мөчөө, үгийнхээ шидээр зурж үлдээсэн гайхамшигт уран зураг, өрөвдөн хайрлам намтрынх нь зурвас юм. “Нутгийн минь нарны гэрэл, сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран-тогоруунууд альхан газартаа явна вэ? Алсын алст нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу” хэмээх үгүүллэгийн төгсгөл магадгүй, С.Эрдэнэ зохиолчийн уран бүтээлийнх нь онгод шимшрэлийн насан туршийнх нь дуудлага байсан байх гэж би боддог юм.
Гучаад оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж өнчрөн хоцорсон бяцхан хөвгүүний балчир насны гунигт бор нүдэн дээр нь харсаар байтал Сэрүүний голын тохой дахь мөргөлийн дугана нь эзгүйрэн нурж бөхсөн бөгөөд С.Эрдэнийн олон зохиолын гуниг гутрал, харамсал халаглалын мөр болгонд нь тэрхүү шүтээн соёлын мөхлийн шарх сорви хөндөгдөн сэдэрсэн байдаг юм.
Сэрүүний хөндийд бид хамтдаа ирсэн ерөн есөн оны аялал бол зохиолчийн амьдралын нэгэн утга учир төгс зурвас байсан юм. Учир юу вэ гэвэл; Сэрүүн дуганыг сэргээх явдал байв. С.Эрдэнэ зохиолч 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн аав Сэнгийнхээ дурсгалыг мөнхжүүлж Сэрүүн дуганаа сэргээн нээлтийг хийхийн хамт, гэр бүлийнхэн, нутгийн ахан дүүс, уран бүтээлийн нөхдийн хамт далан насны ойгоо даруухан тэмдэглэхээр очсон нь энэ байсан юм. Ардын жүжигчин, Монголын дуурийн урлагт цагийг эзэлсэн их хүмүүн түүний үе чацуутан дуучин Пүрэвдорж гуай маань мөн дөрөө харшин очсон билээ.
Зохиолч, өөрийн нэгэн шилдэг бүтээлээ нэрлэсэнээр “Сэрүүн дуганы мөхөл” хийгээд “Сэрүүн дуганы сэргэлт” хоёрын хоорондох С.Эрдэнэ зохиолчийн намтар нь бүхий л зохиолуудад нь шингэн цогцолсны учрыг би чухам тэр агшинд л сэхээрэн ойлгосон бөлгөө. Өнчрөл хагацалын зовлон гунигийг туулсан түүний намтарт Монголын түүх соёлын хэмлэгдүүлэлт хийгээд сэргэн мандалтын хоёр туйл давхцсан нь чухамхүү зохиолчийн нийгэм соёлын нөр их үйлсийн гол шугам ажгуу. Мөхөхийн харуусал гуниг зүрхэн дундуур нь урсаж гарсан Сэрүүн дуганы төгсгөл өөр нэгэн сайн цагт дахин сэргэсэн энэ үйл явдалд биеэр оролцсон минь суу билигт зохиолч ахынхаа амьдралын утга учрыг дахин нэгтээ эргэцүүлэхийн сэжимийг өгсөн юм.
Намрын налгар сайхан өдөр байсан сан. Сэрүүн дуганаа сэргээлээ. С.Эрдэнэ ах маань Чойжамц хамба, Гүрүдева рембүчий нараас залж аваачсан бурханаа сүмдээ өргөж, лам нар аравнай өргөлөө. Нутгийн ахан дүүс нь Их зохиолчийнхоо тоонотод уяаны сэрэг хатгаж түүний нэгэн зохиолдоо бичсэн шиг “ангир шарга” морь сойгоод голын тохойд шаргалтан тусах оройн наран доор идээ будаа сөгнөж, дуу хуур найр наадам дэглэж ахуйд зүүн урдтайд найман өнгийн солонго тодоос тод нумаран татаж байсныг би ер мартдаггүй юм. Тэр удаагийн найрын зарим хэсгийг хөтлөх үүрэг хүлээсэн миний бие мөнөөх солонгыг зааж нутаг ус, тэнгэр лус цугаараа баясан таалж солонго татуулан мишээж байна хэмээх утгаар ярьж байснаа санаж байна. Харин тэр үед мөнөөх солонгыг ширтэн суусан их зохиолч маань ирэнгүүтээ бичсэн нэгэн тэмдэглэлдээ мөнөөх солонгыг огт өөрөөр зурагласан байж билээ. Тэрбээр жинхэнэ урнаар дүрслэн сэтгэгч бөлгөө. Мөнөөх солонгон дээр нэгэн үзүүрээс нь мөлхөж буй хүүхэд насаа үзэж, дээш өгсөн нуман солонгын орой дээгүүр цэл залууханаараа алхан өнгөрч, эдүгээ солонгын шувтрах үзүүр лүү бөгтөр өвгөн болоод уруудаж яваа хүний амьдралын жам ёсыг ганц хоёрхон үгүүлбэрт гайхалтай урнаар зураглан үгүүлсэн байв. Шингэж буй нарны сөрөг талд татсан тэр оройны солонго залуу бидэнд бол өөдрөг бадрангуй дүрсийг үзүүлж, харин сүүлчийн жилүүдийнхээ намтрын хуудсыг бичиж яваа Эрдэнэ баавайд (зохиолчид түүнийг ийн авгайлдаг болсон байв) бол хүмүүний амьдрал гэдэг үзэгдээд замхрах солонго мэт тийм богинохон хэмнэл ба өнгө будгаар харагдсан нь тэр байж дээ.
С.Эрдэнэ баавайтайгаа би Хоёр хангайн нутаг хүрэнтэн харагдах Өндөр гэгээний Төвхөн хэмээх аглаг бүтээлийн оронд очиж, Монголын анхдугаар Богдын оюуны эрчим шингэсэн сүмийг нь сэргээхэд Соёлын сангаасаа хөрөнгө оруулахаар зөвлөн шийдэж, Хэнтийн нуруун дахь Гүнжийн сүмийг нурангинаас нь цэвэрлэж, сэргээн засах хамгаалах төсөл санаачилж, түүний мэргэнээр онож нэрлэсэн “Сувдан сондор” аялалаар олон мянган бээр урт замыг туулан дөрөө харшуулж явсан. Тэр дундаас Дарьгангын хээр талаар аялсан минь их л тод санагдаж байна.
Домогт Шилийн Богдын оройгоос эхэлсэн бидний аялалын дөрөө мултлах болгонд Дарьгангын хүн чулуун хөрөг угтаж байв. Толгойтой чулуун хөрөг таарахад Эрдэнэ баавай мушийсхийн дэргэд нь очиж баахан бодлогошрон зогсоно. Толгойгүй хүн хөрөг таарвал царай нь барайн хөмсөг зангидаад тэртээд сүүмэлзэх холын уулсыг ширтэн гунигтайяа салхи сөрж хээр талаар алхлана. Онгон сумын нутгийн дээсэн дээр миний ангийн анд тэр үеийн засаг дарга Ш.Бадарчин маань угтаж хөтөлсөөр нэгэн хот айлд ирэхэд Дарьгангын сохор хуурч Саарал гуай маань морин хуурынхаа аялгуугаар алжаасан биднийг амирлуулж билээ. Зэрэгцэн суух Эрдэнэ баавайн маань мөр чичирсхийн бүхийг ажваас манай хүн мэлмэртэл уйлж байна. Дарьгангын хээр талаар аялах урт замд үзэж бахархсан түүх дурсгал, устаж сүйдсэн ул мөр тэр бүхий алагтай булагтайг нүдээр үзсэн их зохиолчийн цээжинд зангирсан санаашрал зовнил морин хуурын аялгуугаар ийн уярал тайтгаралын нулимс болон бөмбөрсөн юм. Буцаж ирсэн даруйдаа тэрбээр Дарьгангыг “Түүх соёлын баянбүрд”, “Хүн чулууны хөндий” гэх мэт уран оновчтой үгсээр тодорхойлон “Дэлхий даяараа ногоороод байхад дэнсэлсэн сэтгэл юухан даа...?” хэмээх том эсээ бичсэн юм.
Ерөн зургаан онд Мигжэд Жанрайсиг их шүтээний цогцолборыг залахын өмнөхөн зуны сүүл сард бид Чингис хааны өлгий нутгаар “Сувдан сондор” ээлжит аялалаа хийв. Хар зүрхний хөх нуур дахь Тэмүжинийг хаан ор суухад залсан их өргөөний буурийг голомтын чулуудтай нь олоод цааш хөдөлж, дээд өвгө Бодончар Богдын отоглож байсан газрыг “Нууц товчоо”-ны үг үсгээр газарчлуулан, олон эрдэмтэдийн шинжилснээр яв цав тогтоож, Дадалын Гурван нуурт бүхий Дэлүүн Болдогт нэгэн том уриалга түмэн олноо сонордуулсан билээ. Түүхч Т.Майдар, “цаг уурч” хэмээх сэтгүүлч Шагдарсүрэн, манай соёлын сангийн ажилтан Л.Ганбаатар бид хэд уриалгын эх нооргийг гаргаж Эрдэнэ баавай маань ариутган шүүгээд Дэлүүн Болдогийн дээрх хөх тэнгэр, дэргэдэх сүлд овоонд ногоорогч ойн хөвчийг давуулан хөхрөгч тэнгэрийн хаяа тийш шүлэг дуудах мэт уншсанаа санаж байна, би. Тэр цагаас 10 жилийн дараа буюу 2006 онд болох Их Монгол Улсын 800 жилийн ойг тэмдэглэх ажлыг угтаж “Чингис хааны дурсгалын чуулбар” байгуулах тухай уг урианд тодорхой дурдсан бөгөөд уриалгаа хэвлэлд нийтэлж, Ерөнхийлөгчид илгээсэн минь ёсоор болж удалгүй П.Очирбат ерөнхийлөгч зарлиг гаргасан түүхтэй бөлгөө.
Чингис хааны Дэлүүн Болдогоос хөдөлсөн “Сувдан сондор” аялал Эрдэнэ баавайнхаа төрөлх нутаг Биндэр сумыг зорьсон юм. Ингэж түүнийг сэрүүн тунгалаг байх ахуйд тоонот нутагт нь хоёр ч удаа, Дарьганга нутгаараа нэг удаа дөрөө харшуулж, Монгол түүх соёлынхоо сувдан сондорыг хэлхэж явсан минь миний амьдралд томоохон сургууль гэхээр соёлын үйл явдалууд байжээ. Аль жараад онд С.Эрдэнэ ах маань Дарьгангаар аялан ахуйдаа Алтан-Овооны хормойд дөрөө мулталсан даруйдаа “Ганга нуурын ганган улаан бургас ганхаж байхыг үзсэн цаг амьдралын минь их олз байлаа” хэмээн бичиж байсан алтан мөрүүдийг хэдхэн хоногийн өмнө би Ганга нуурынхаа хөвөөнд санан дурсаж зогслоо. Яг л шүлэг шиг... Намрын улаан навчин дээр зурсан зураг шиг...
Сэрүүний хөндийд татсан солонго, солонгын дараа үүлнээс сугаран шингэж буй наран сөрөг харан тоонотынхоо ногоон зүлгэн дээр завилж суугаад дөрвөн зүг найман зовхисыг ширтэн бодлогоширох ахын дүр харагдана. Төдөлгүй наран шингэж С.Эрдэнэ баавайн тоонотод түүдэг гал өөдөө дүрэлзэн бадарч, нутгийнхан “галын наадам” хийж ёохор хатирахаар тал талаасаа айсуй харагдана. Эрдэнэ баавай тэнгэрийн хаяа ширтсэн хэвээр. Тэрбээр арван тавтайдаа нутгийнхаа нарны сүүлчийн сацрагийг авч нисэлдэх “наран тогорууд” чухам альхан зүгт нисч яваа бол...?” гэж зүрхнийхээ гунигт нулимсаар нэрсэн суут бүтээлүүдийнхээ гэгээн бадгуудыг дуулсан тэр л эгшиндээ эргэн очсон мэт. Магад ч үгүй очсон байхаа. Ерэн есөн оны намрын сүүлчийн тэрхүү шингэх нар бол Монголын суу билигт зохиолч С.Эрдэнэ баавай нутгийнхаа нарыг сүүлчийн удаа үдсэн гунигт мөчлөг байжээ. Тэгэхэд түүний бие чилээрхүү байсан. Нутаг устайгаа юу шивнэж явсаныг яахин мэдэх билээ. Харин эрхэмсэг ахтайгаа, миний соёлын багш С.Эрдэнэ баавайтайгаа хамт тэрхүү нутгийнх нь нарны сүүлчийн сацрагийг хацар дээрээ шингээн үлдсэн алтан агшиныг л би тодхон санаж байна.
Өнөө намар би “Ганга нуурын чуулган” хэмээх Дарьгангын түүх соёл, байгаль экологийг хамгаалах ээлжит хөтөлбөрийн нээлтээ хийхээр олон нөхдийн хамт ирж, Ганга нуурандаа дуу хуурын тахил өргөж мод тариад алхаж явахуйдаа шингэж буй нарны туяаг даль жигүүрэндээ наадуулаад нисч яваа хэдэн тогоруудыг хараад “Наран тогоруу!” хэмээн сэтгэлдээ дуун алдвай.
“Наран тогоруу” бол монголын уран зохиолын хайр энэрэл, ухаарал уяралын уянгат дуулал төдийгүй, түүх соёл, өв уламжлал руугаа шунан тэмүүлэх, өмгөөлөн дээдлэхүйн бэлгэ тэмдэг ажгуу.

2014.10.07

“Өнөөдөр” сонин. 2014.11.03. №255 /5349/

TOP