Мэдээлэл

Наадмын дээд шагналыг Г.Мэнд-Ооёо хүртжээ

Наадмын дээд шагналыг Г.Мэнд-Ооёо хүртжээ

Наадмын дээд шагналыг Г.Мэнд-Ооёо хүртжээ

Энэ сарын 15-нд Румыны Крайова хотод эхэлсэн Дэлхийн яруу найргийн наадам өнөөдөр/09.18/ өндөрлөх гэж байна. Энэхүү наадмыг уянгын яруу найргийн их мастер хэмээн алдаршсан Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй бөгөөд наадмын нээлтийн ёслол дээр уг Академийн дээд шагналаа Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод хүртээжээ. Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна.

2021 онд Европын соёлын нийслэл болох зорилт тавьсан Румыний Крайова хотын Урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску болон Крайова хотын Амбан захирагч Миа Олгия нар шагналыг нь гардуулжээ. Энэх үү нэр хүндтэй шагналыг цом, мөн гөн урамшуулал дагалддаг юм байна. Монголын соёл урлаг тэр дундаа оюуны соёл гадаад ертөнцөд ийн үнэлэгдлээ.

Дэлхийн өнөө цагийн хамгийн агуу уран барималч гэгддэг Винченцо Бианки энэхүү цомыг урлаж, өөрийн биеэр гардуулсны зэрэгцээ алдарт зураач Константин Михалачи яруу найрагчид зургаа бэлэглэсэн нь содон үйл явдал болсон ажээ. “Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадам яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм” хэмээн тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску хэлсэн байна.

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо энэхүү нэр хүндтэй шагналыг хүлээн аваад “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж хэлсэн байна.

TOP