Мэдээлэл

СУВДАН СОНДОР 10 хээр талд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

СУВДАН СОНДОР 10 хээр талд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

“Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар долдугаар сарын 15-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймгаар аялаад иржээ.

Ургамал судлаач, экологич, түүхч, систем судлаач, палеонтологич, археологич, соёлын өв судлаач, шашин судлаач, антропологич, угсаатны зүйч оролцсон энэ удаагийн “Сувдан сондор-10” аялалын багийнхан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд “Хээр талын түүх соёл, байгаль экологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байна.

Доктор С.Чулуунхуяг, профессор Ц.Жамсран, профессор Г.Гонгоржав, профессор Х.Мөнхбаяр, профессор У.Лигаа нар дорнод хээр талын байгаль экологи, ургамал, бэлчээрийн тухай илтгэсэн бол, доктор М.Баярсайхан, профессор О.Ёндон, түүхч, доктор Д.Цогт-Очир, Г.Мягмарсамбуу, доктор С.Бадрал, докторант Х.Мөнхбаяр, О.Мөнхнаран нар Хатагины соёл хийгээд Егүзэр хутагтын тухай илтгэл тавьж, доктор У.Эрдэнэтуяа, докторант Ч.Туулцэцэг, Б.Санваадаш болон Өвөрмонгоын эрдэмтэн Ж.Дэмчиг, Н.Бөххад, О.Зоригт, О.Ёндон нарын илтгэл Үзэмчиний түүх соёлын асуудлыг хөндсөн байна.

Монгол орны хамгийн зүүн урд хилд орших алс бөглүү суманд болсон уг хуралд 20 гаруй эрдэмтэд илтгэлээ ирүүлсэнийг “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” нэртэйгээр тусгай ном болгон хэвлүүлжээ. Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан судлаачдын илтгэлүүд хийгээд “Сувдан сондор-10” аялалын  явцад нээсэн хээр талын байгаль экологи, түүх соёлын асуудлууд нь орон нутгийн хөгжлийн хандлагыг тодорхойлох, ялангуяа бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд дорвитой тулгуур материал болно гэж үзэж байна. Энэхүү бага хурлыг “Нүүдэлчин групп” ивээн тэтгэжээ.

Тус эрдэм шинжилгээний хөтөлбөрт оролцогч 20 гаруй эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид болон Хилийн цэргийн 0146 ангийн хилчид дайчидтай хамт Лхачинвандад, Зотол хан ууланд мод тарьж, хөдөө орон нутагт аялан зорчиж буй хэн боловч байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон эх дэлхийг хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалсан байна. “Сувдан сондор-10” аялалын баг 10-р сард томоохон эрдэм шинжилгээний үзэсгэлэн гаргаж аялалын үр дүнгээ тайлагнах ажээ.

art.news.mn/content/186022.shtml

TOP