Данзангийн Нямсүрэнгийн “Алтан хазаар өвс” гэж юу вэ?
АЛТАН ХАЗААР ӨВСНИЙ ДУУЛЬ
1.
Зөвхөн талын хүний баяр жаргалыг төрүүлдэг, хэн ч анзаарамгүй яруу сайхан гэж байдаг. Д.Нямсүрэн тийм нууцлаг яруу сайхныг шүлэг дуулалдаа олонтаа нээсэн юм. Галбын гучин гурван говийн амьсгаатай ганц алтан харганатай гэж тэртээ олон жилийн өмнө дуулсан юм. Алтан харганын ёроолд хунгарласан намрын шаргал өвсөн дунд ер бусын гоо сайхан буй. Түүнийг хөдөөгийн хүүхдүүд түүж хазаар өвс уралдуулдаг юм. Хазаар өвсийг амгайвчаар нь гогцоолдуулан барилдуулж тоглоно. Хэнийх нь амгайвч үл дөлөрнө, тэр түрүүлнэ. Д.Нямсүрэн биднүүс бол хазаар өвс уралдуулж, бас барилдуулж өссөн талын хүүхдүүд юм. Хазаар өвсний яруу сайхныг алдрай багадаа мэдэрсэн нь хожим яруу найрагт нь эрдэнийн гэрэлт шигтгээ болон гялалзах юм гэж хэн мэдлээ. Их найрагч нөхөр маань гэргийдээ гэрээслэн үлдээсэн яруу найргийн нэгэн цогц номоо “Алтан хазаар өвс” гэж нэрлэжээ. Алтан хазаар өвс… Хазаар өвсний алтлаг гэрлийг хэн олж харлаа? Тэрбээр ийм л энгийн бөгөөд эгэлгүй нээлт хийдэг найрагч байлаа.
2.
Д.Нямсүрэн харганын ёроолд хярсан хазаар өвс мэт хэнд ч үл анзаарагдан хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан юм. Түүнийг шүлэгч шавь О.Дашбалбар нь дагуулж наяад онд яруу найргийн нэгэн “Гал”-д бүл нэмж элсүүлсэн билээ. Тэр галыг тойрч Б.Сундуй агсан, Л.Мягмарсүрэн, Я.Баатар, Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян, О.Дашбалбар, Ц.Ойдов, Ү.Хүрэлбаатар, Д.Цогт, Д.Нямсүрэн бид арвуул суугаад хорьдугаар зууны сүүл үеийн яруу найргийн томоохон төлөөлөгчидийг төрүүлнэ гэж мөрөөдсөн юм. Д.Нямсүрэн хөдөөнөөс анх арваадхан шүлэгтэй ирсэн. Галынхныхаа шүлгийг сонсож, сонсож буцна. Буцах болгондоо бодлогоширч буцдаг. Ирэх болгондоо шүлэг нь улам чангарсан байдаг. Хотын бүсгүйчүүдийн алтан ээмэг, алмаазан шигтгээнд нүд нь гялбаж, хөдөөгийнхөө алтан харгана, алтан хазаар өвсийг үхтлээ санана. Өрнийн үнэртэй хотожсон яруу найргийн нүргээн түрхрэн орж ирж буйг мэдрэх тусмаа, дорнын дотоод хөг аялгуугаа харамлан хадгалах мэт дотогшоо уйлж буцна.”Гал”ын тэр үеийн яруу найргийн өнгө төрх нь уянга хийгээд урыг эрхэмлэж дорнын намуун аялгуу, дотоод гүн бясалгалд шингэсэн байлаа. Д.Нямсүрэн ингэж “Гал” дотор бойжсон нь яруу найргийн үнэн юм. Харганын ёроолд нуугдсан алтан хазаар өвсийг олох мэт бид түүнийг олж, монголын их утга зохиолд оруулж ирсэн, энэ бол бидний бахархал мөн. Одоо утга зохиол судлаач, шинжээчидийн олж нээгээгүй байгаа энэ ГАЛ хорьдугаар зууны хоёр суу билигт яруу найрагч Д.Нямсүрэн, О.Дашбалбар нарыг бойжуулсан юм. Нямсүрэн утга зохиолын өөр ямар ч тойрогт элсээгүй.
3.
Д.Нямсүрэнгийн анхны багш нь Данзаннямын Шагдарсүрэн. Түүний авъяасыг энэ яруу найрагч анх таньсан. Дараа нь Б.Явуухулан, П.Пүрэвсүрэн, М.Цэдэндорж нар түүнийг ойлгож дэмжсэн бөлгөө. Наяад оны сүүлчээр болсон уран бүтээлчдийн нэгэн томоохон хурал дээр нутгийн нь ах нэрт зохиолч Д.Маам “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч Д.Нямсүрэн” хэмээн цоллосон юм. Энгийн үнэн энэхүү үг түүний насан туршийн чимэг нь болсон ажгуу.
4.
Д.Нямсүрэн яруу найргаараа олон дүү нарыг дагуулсан. Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Ц.Бавуудорж, Г.Аюурзана, Б.Өлзийтөгс, Г.Амархүү, Ш.Ууганбаяр, Н.Лутбаяр, Т.Содномнамжил, Б.Төгсжаргал … гээд нэрс цааш урт үргэлжилнэ. Н.Лутбаярт зориулсан “Өвс сулрахад” хэмээх сайхан шүлэг буй. “...Бүлэг цагаан дэрсний гэрэл доор сууж Бөн бөн будан залгилж дүүгээ хүлээмүү…” Тэрбээр Эрээнцавынхаа толгодын дунд сөөг цагаан дэрснийхээ дэргэд дүү нараа хүлээдэг байв. Тэд нар нь ээлж дараалан очно. Очсон дүү болгондоо шүлгээ зориулна. Тэрбээр хүн болгоноос урам онгод авч юм болгоноос ер бусын шинэ юмыг олж хардаг билигтэй билээ. Дүү нар нь ч бас ахын шүлгийн нөлөөн доор баахан бичнэ. Гэвч түүнийг үл гүйцнэ. Д.Нямсүрэн бол тэдний хувьд амьд бурхан байсан юмаа.Одоо ч их найрагчийн орон зай дүү нарыгаа хүлээсээр. Н.Лутбаяр дүү нь “Алтан хазаар өвс”-ийг нь хэвлүүлнэ гэж хүлээсээр… Яруу найрагч дараагийн дүү нарыг бас хүлээсээр… Хүлээхийн суу билиг гэж буй ажгуу.
5.
Д.Нямсүрэн нэгэн намар “Сувданчимэг”, “Оюунчимэг”, “Алтанчимэг”, “Эрдэнэчимэг”, “Шүрэнчимэг”, “Мөнгөнчимэг”, “Ганчимэг”, “Номинчимэг”, “Хүрэлчимэг”, хэмээх есөн хүүхний нэртэй шүлэг бичээд: “Есөн сард есөн чимэгтэй дуу зохиолоо би, Есөн эрдэнээр үсэг цохиж чамайгаа магтлаа” хэмээн тодотгосон юм. Бүсгүй хүний гоо сайхныг Д.Нямсүрэнгийн яруу найраг онцгой нандинаар нээсэн байдаг. Түүнд ийм сэдэвтэй нэг ном бий. Тэр номыг бид “Миний шүлгийн хүүхнүүд” нэртэйгээр хэвлүүлсэн. Зохиогч өөрийн номын оршил болгон “Сул хөх өвсөн дунд сувд адил хөлбөрч Сульдсан шүлэг шиг биеийг минь таалсан Субашидийн бадаг мэт урин тачаангуй хүүхнүүдэд Суврага шүлгийн сүм босгож, нүглээ наминчилъюу би” хэмээн бичсэн нь учиртай. Тэрбээр хамгийн анх Хандмаад шүлгээ зориулсан. Хандмаа тэгэхэд 4-р ангийн сурагч байлаа. Хожим арав гаруй жилийн дараа Орос улсад сургууль төгсч ирсэн Хандмаа яруу найрагчийн гэргий болсон энэ түүх бол Д.Нямсүрэнгийн яруу найргийн хамгийн уянгалаг шастир юм. Далаад оны сүүлээр манай галд Батешхан хэмээх уянгалаг нэртэй казах охин орж ирээд гэнэт нутгаа одсон юм. Тэр охины яруу шүлгүүдийг манай галынхан олзуурхан угтсан бөгөөд Д.Нямсүрэн Батешханд “Доомбор” нэртэй шүлгээ зориулсан юм. Өнжүүл холын Алтайн өдөр дэн бариад оломгүй гоо хүүхэн Гусимийн тухай нэгэн сайхан шүлгийг одоогоос бараг гучин жилийн өмнө зохиожээ. Эрээнцавын нэг залуу хайртай бүсгүйнхээ тухай Д.Нямсүрэнд ярьж л дээ. Тэр бүсгүй нь буцах гээд байдаг… Яруу найрагч тэр доор нь: Чамайг даараад байнаа гэхээр Шаргачин зээрийн арьсаар хучлаа Чамайг эндээс явнаа гэхээр Шаргал талынхаа бүх өвсөөр чөдөр зангидлаа хэмээн дуулжээ. Энэхүү ид шид оршсон шүлэг бүсгүйг Эрээнцавд тогтоожээ. Д.Нямсүрэнгийн яруу найргийн хүүхнүүд бол зарим нэгэн хүний ойлгодогоор учирсан болгоны өдрийн тэмдэглэл бус, гоо сайхны цогцлол, энэрэн хайрлахуйн ухаан юм. Тэрбээр бүсгүй хүний дотоод яруу сайхныг үгийн увдисаар тогтоон барьж яруу найрагтаа яндашгүй мөнхөлсөн хайрын их дуучин байлаа.
6.
Д.Нямсүрэн хүмүүсийг хамгийн гэрэл гэгээтэйгээр харж, хүмүүсийн өөдрөг сайхныг бичдэг найрагч. “Алтан хазаар өвс” ном бол нэг талаас зориулал бадгийн цуглуулга мэт боловч, нарт орчлонд уулзан дотносож, үерхэж нөхөрлөж, орж гарч явсан хүмүүс Д.Нямсүрэнгийн яруу найрагт хэрхэн гялбаж туссаны түүхэн бичээс юм. Хүн болгонд зориулж бичсэн бадаг болгон нэг нэг алтан хазаар өвс ажгуу. Хазаар өвс бол урлаж гогцооруулсан угалз хээний уянгын өлзий сүлжээ буюу. Одоо их найрагч эзгүй. Алтан хазаар өвс нь талынхаа алтан харганын бутны ёроолд хунгарлажээ. Алтан харганын өвсийг бутны ёроолоос нь чөлөөлөн гаргаж, хөөрхий найрагчийн он жилийн салхинд ноорсон дэвтрийг уншигчийн нь өмнө дэлгэх азтай завшаан тохиолоо.
7.
ЭРЭЭНЦАВЫН ЭЛЕГИЙ
Улз голын хөндий нь
Уйтай болоод жавартай
Дуулим шүлэгч Нямсүрэнг байхад
Дулаахан л байсан юмсан.
Намрын сарын тэргэлд
Найрын тосгон харанхуй
Гэгээн шүлэгч Нямсүрэнг байхад
Гэрэлтэй л байсан юмсан.
Хөх дуурлиг уулс нь
Хөх мананд дүнсгэр
Хөх өвсний шүлэгчийн эзгүйд
Хөггүй хуур шиг байна даа.
Хөх нуурын тогорууд нь
Хөх мананд бөрзийжээ.
Хөх зогдорыг нь самнадаг хүн
Хөөрхий шүлэгч Нямсүрэн сэн.
Аглагхан талынх нь өвс
Анхны хяруунд бөхийжээ.
Өвсний зовлонг ойлгодог нь
Өнөө л муу Нямсүрэн сэн.
Ар сэмбэрүү нутаг нь
Арз хорзоор элбэг ээ
Аршаалдаг шүлэгч нь эзгүй болохоор
Амсаж согтоод ч яахав дээ.
Намрын хүйтэн уулыг
Налан суугаад уйлмаар л байна,
Аргаддаг шүлэгч нь эзгүй болохоор
Асгаруулж уйлаад ч яахав дээ...
8.
Алтан хазаар өвс” хэмээх дэвтэрийнхээ эхэнд Г.Хандмаадаа зориулсан дурсгалын дөрвөн мөр буй.
Амраг тэнгэрийн хатан хаан
Афины Клеопатра ч зүүгээгүй
Алтан хазаар өвсөө
Амраг чамдаа дурсгавай...
Үндэс юунаасаа зулгараад үлээх салхины аясаар хийсэн, харганын бутны ёроолд хярсан, хагдарсан шар өвсний алтлаг мөн чанарыг гийгүүлэн харж, энгэрийн алтан зүүлтний дайтай болгож урладаг их талын хамгийн сүүлчийн суут найрагч нь Д.Нямсүрэн ч байж магадгүй юм... Ингээд бодоход тэрхүү АЛТАН ХАЗААР ӨВС бол их яруу найрагч Данзангийн Нямсүрэн өөрөө л мөн ажгуу.
2005.XI.1.
ӨДРИЙН СОНИН, 2006.07.24
№182 (2316)
art.news.mn/content/186997.shtml