Мэдээлэл

Италийн Чивителла хэмээх эртний шилтгээнд

Италийн Чивителла хэмээх эртний шилтгээнд

Италийн Чивителла хэмээх эртний шилтгээнд

Италийн төв дунд байх Чивителла хэмээх эртний шилтгээнд бүтээл хийж зургаан долоо хоног суугаад ирлээ. 2014.4.19- 6.5
Эртнийхээ төрх байдлыг хадгалж үлдсэн тэр шилтгээнийг хойч үеийнхэн нь их сайхан хадгалж хамгаалж, тохижуулсан байна. “Чивителла Рэйнери” сан байгуулж, хорин жилийн өмнөөс дэлхий дахинд, ялангуяа уран бүтээлчдэд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Чивителла шилтгээнд зохиолч, зураач, хөгжмийн зохиолчдыг жилд гурван ээлжээр урьж аваачдаг юм байна. Энэ удаад Америк, Бразил, Иран, Энэтхэг, Тайланд, Франц, Эстони, Латви, Монголоос 14 уран бүтээлчийг урьсан. Хүн болгонд бүтээлийн онцлогт нь тохирсон урлангууд бэлтгэснээс гадна, номын сан, уулзалтын танхим, концертын студи, цэцэрлэгт талбай гээд ажиллах, амрах бүх л зүйлийг иж бүрэн шийдсэн байна. Шилтгээн нь уулын орой дээр, чимээ шуугианаас хол. Өглөөдөө түмэн шувуудын жиргээн, оройдоо нуга хөндий дагасан мэлхийн дуу, шөнө нь моддын мөчир сүлжин гэрлээ асаан нисэлдэх галт цох гээд үзэсгэлэнт сайхан орчинтой.


Уран бүтээлч болгонд хоёр ч удаа өөрийнхөө тухай танилцуулах цаг өгсөн. Эхнийх нь таван минутын хугацаатай. Би Монголынхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй, түүх соёлыг танилцуулсан таван минутын дүрс бичлэг хийж очсоноо үзүүлсэн. Сарын дараа 30 минутын танилцуулга хийсэн. Шүлгээ л уншлаа. Англи, испани, франц хэлний орчуулгуудаа дэлгэцээр үзүүлээд, өөрөө монголоороо дуудсан. Тэнд манай багийнхнаас гадна бусад хотоос ч монгол яруу найргийг сонсоно гээд машин, автобус хөлөгл өөд хүмүүс ирсэн нь сайхан санагдаж байлаа. Би чинь шүлгээ тааруухан уншдаг хүн шүү дээ. Гэтэл тэд монгол хэл ямар гоё аялгуутай юм бэ гэцгээж, “гайхалтай” хэмээн нижигнэтэл алга ташиж шуугицгаасан шүү. Энэ бол миний мундагийнх биш л дээ. Монгол хэлний минь гайхамшиг, хөх тэнгэр уудам тал, од мичид нүүдэлчдийн сэтгэлгээ, түүний үнэт зүйлсийг бичсэн нь тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байх. Нөгөө л миний ярих дуртай “яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” гэдэг тэр болов уу. Шүлгүүдийнхээ завсраар өөрийн хийсэн уран бичлэгүүдээ үзүүлсэн. Би ер нь хаа явсан газраа монгол бичгээрээ гайхуулах дуртай. Энэ удаа бол өнөөгийн дэлхий ертөнцөд танигдсан уран бүтээлчид, ялангуяа зураачид хэрхэн хүлээн авах бол гэж зовсхийж байлаа. Зураачид нь “монгол бичиг дүр дүрслэлийн хэллэг сайтай юм” гэж байсан бол хөгжмийн зохиолчид “монгол уран бичлэгээс аялгуу сонсогдож байна” гээд л дуу алдсан.

Нэг өдөр Бразилийн хөгжмийн зохиолч Флэп Лара миний урланд саатаж суугаад монгол бичгээрээ “хөгжим” гэдэг үгийг бас “гал ус” гээд бичээд өгөөч гэлээ. Би ч бичээд өглөө. Уран бүтээлчид чинь сэтгэлийн хөөрөлтэй. “Гал ус” гэсэн энэ бичээсийг бие дээрээ шивүүлнэ гээд л баярлаж байна гэж жигтэйхэн. Нэг удаа оройн хоол хамт идэж суугаад “Маргааш орой танд нэг сюрприз барина аа” гэдэг юм байна. Юу юм бол л гэж бодлоо. Нью-Йоркийн их сургуульд багшилдаг тэр залуу Америкаас өнөө цагийн шилдэг хөгжимчин Клэйр Чэйсийг урьж авчраад, тоглолтоо зохион байгуулсан. Өөрийн
уран бүтээлээ танилцуулах ажилд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа биз. Тэр тоглолтынхоо төгсгөлд нөгөө “сюрпризээ” барьсан даа. Флэп Ларагийн хамгийн сүүлд хийсэн шинэ бүтээл нь “Бясалгал ба каллиграфи” гэдэг нэртэй. Тэрбээр энэ бүтээлээ сонсгохын өмнө “Монголын яруу найрагч Г.Мэнд-Оо ёод зориулж байна” хэмээгээд миний урланд зочилсон сэтгэгдлээ бяцхан түүх болгон яриад дараа нь лимбэчин бүсгүйг урьсан. Клэйр Чэйс ч үнэхээр дэлхийд үнэлэгдсэн хөгжимчин гэдгээ харуулж гайхамшигтай тоглосон. Тэгэхэд хүмүүс тэмдэглэлийн дэвтэртээ дурсгалын үг бичүүлж, “ийм бичиг үсэг хүн төрөлхтөнд байсан юм уу” гэцгээн гайхаж байлаа. Тавтайдаа ааваараа цасан дээр шилбүүрээр бичүүлж монгол бичгийн цагаан толгой заалгаж байсан минь, монгол бичгийнхээ төлөө амиа тавьж зүтгэсэн Шагж, Лувсанжав багш тэрг үүтэн мэргэдийн нөлөө тэрхэн агшинд дурсан санагдаж байлаа. Тиймээс төгсөлтийн үдэшлэг дээр зарим уран бүтээлчдийн санал болгосноор “Дэлхийн урлан-Чивителла шилтгээн дэх бүтээлч өдрүүд” гэсэн үгсийг монгол уран бичлэгээр бичээд, бүгдийнх нь гарын үсгийг зуруулан жаазлаад “Чивителла Рэйнэри” санд бэлэглэсэн. Нэг үгээр хэлбэл, монгол бичиг соёлоороо гайхуулж байгаад ирлээ.

дэлгэрэнгүйг http://mongolnews.mn/i/53336

TOP