Мэдээлэл

ӨРЛӨГ ЭЭЖИЙН МИНЬ 100 ЖИЛ

ӨРЛӨГ ЭЭЖИЙН МИНЬ 100 ЖИЛ

Өрлөг ээж минь байвал өнөөдөр 100 сүүдэр зэрэгцэх байжээ. Дарьгангын хээр талд ээж минь наян хаврын яргуй нүдлэхийг харсан юм. Дарьгангын бүгдийн тэргүүн Цэвэг вангийн төрсөн ах, хонин сургийн захирагч Гүнсэнгийнд 1914 онд мэндэлж 16 настайдаа хохь тайж Дугарсүрэнгийнд бэр буусан гэдэг. Өрхийн тэргүүн нь хожмын их хуурч 15 настай Гомбожав бөлгөө.  Ээж минь 18-тайдаа охин төрүүлж Цэвэлмаа хэмээх нэр хайрласан, охин Цэвэлмаа нь 20 настайдаа намайг гэртээ төрүүлжээ.  Дараа нь 1945 оны чөлөөлөх дайны хөлд сүйдсэн Өвөрмонголын нэгэн сүмийн нуранги дотроос өнчирч үлдсэн 7 настай хүүг үрчилж өсгөсөн нь миний ах Цэнд болой. Миний ээж Цэвэлмаа  20- тойдоо миний төрсөн эцэг Намжимын Лувсантай  гэрлэж, удалгүй намайг хэвлийдээ тээгээд төрхөмдөө буцаж ирсэн гэдэг юм. Ийнхүү би алтан овог  Гомбожав, өрлөг ээж бөгөөд авсан ээж Хундай хоёрын голомтын зээ нь болж алган дээр  нь бөмбөрч хүн хүлэг болсон бөлгөө. Энэ тухай цухас дурдаад хожим дэлгэх намтар зохиолдоо бусдыг үлдээж, бас ээжийнхээ 100 жилд нэгэн шинэ бүтээл амлаад, хорин жилийн өмнө ээждээ зориулж бичсэн “Яруу найрагчийн ээж” хэмээх эсээгээ уншигчдадаа толилуулж байна. Энэ эсээ Онгон элснийхээ өвөрт ээжийгээ нутаглуулж байх мөчид анд найз Л.Мягмарсүрэнгийн минь ивээлээр монголын радиогоор дуурсаж байв. Бас анд О.Дашбалбарын ивээл дор “Зохист аялгуу” сонин “Хэн ээждээ хайртай бол тэр үүнийг уншигтун” гэсэн малгайтайгаар нийтлэж байв. Уншигч та сонирвоос; энэхүү цахим орон зайн хүүрнэл зохиолын бөлөг доторх “Гэтэлгэгч эхийн сүм” хэмээх бүтээлийг уншиж болгоогоорой. -

Г.Мэнд-Ооёо

 

TOP