Уран бүтээл

АЗ ЖАРГАЛЫН БОРОО

АЗ ЖАРГАЛЫН БОРОО

(Хожмын аялгуу)
 
Нартай бороо зөөлөн шаагина
Намрын дэрсний намиаг таална
Өтлөхгүй хорин тавтайгаа байгаасай
Согтохгүй улаан зээрдээрээ байгаасай
Орох борооны дусал гэмээнэ
Охин тэнгэрийн охь нэрмэл
Сөөг ганцхан дэрс гэмээнэ
Сөгдөхгүй явахын бэлгэ тэмдэг.
Өнчин ганц дэрийг минь ч
Өнжиж тойролгүй хайрлаарай, бороо
Би явахад дэрс үлдэнэ
Би унахад дэрс ургана
Ханаа дугуйлсан газар шороо
Хаяа залгасан ахан дүүс
Хайрлаж шүтсэн Алтан-Овоо
Хамаг орчлон намраараа л байгаасай
Нартай бороо зөөлөн шаагина
Намайг дагаад газар уруу урсана.
Өтлөхийн үнэнд гүйцэгдвэл, бороо минь
Өвсний үндсэнд хүргэж өгөөрэй.
Тэнгэрийн нэрмэлд сэтгэл халамцаасай
Тэнгэрийн доогуур нүцгэн гүйгээсэй
Өтлөхгүй хорин тавтайгаа байгаасай
Согтохгүй, улаан зээрдээрээ байгаасай

2005 он
TOP