МОНГОЛЫН АЛТАН-ОВОО ДЭЛХИЙН АЛТАН-ОВОО БОЛОВ
Бясалгаж суух нь байтугай, бодохын ч завгүй нисэн өнгөрөх энэ цаг мөчид зузаан ном унших хүн ховорджээ. Эрээн цаасанд дуртай бид мэт ч бас сүүлийн хэдэн жил тийм судар бариагүй санагдана.
Бодвоос, эгэл бидэн эхээс “төрсөн” өдрөө тэмдэглэдэг. Зарим хэвлэлд их хурлын эрхэм гишүүн “мэндэлсэн” өдөр гэж зулгуйдах болов. Уг нь монголын болон дэлхийн соён гэгээрүүлэгчидийн “мэндэлсэн” өдөр гэсэн хүндэтгэлийн утгатай үг. Чингис хааны төрсөн өдрийг “гийсэн өдөр” гэвээс илүү зохистой юм. Ном судар ч түүн лүгээ адил.
Монгол, Англи хэлээр зэрэг хэвлэгдсэн ихэр хоёр судрыг зүйрлэвээс “босоо төрсөн номын унага” гэмээр санагдав. Тэр номон хүлэг наран ургах дорнын Алтан-Овооны уужим талын энгээс бөмбөрцөгийн чихийг сортосхийлгэх яруу дуугаар үүрсэн янцгаах мэт ээ.
Гүехэн ухаанаа бага зэрэг хөвөргөн бодвоос энэ Замлин хорвоогийн бүх юмс, эд эс, сав шимийн ертөнц бүгд “жам ба зам” гэдэг бодитой бас шидэт хуулинд захирагдах авай.
Алив амьтны нэг толгой дээр дахин нэгийг нэмж болохгүй, хүмүүний есөн сүвийг найм ч юм уу, арав болгож хэрхэвч болохгүйтэй адил болой.
Аливаа аугаа бүхэн ихэд энгийн байдгийн нэгэн адил энэхүү номын зохиомж нь үлгэр домог мэт, яруу сайхан шүлэг сэтгэлд уянгалах дуу мэт, найраг хийгээд хүүрнэл, бясалгал, эссэ, тууж, өгүүллэг бүгд нэгэн дээвэр дор зохист аялгуу төгс зэрэгцэн орших нь гайхалтай сонин агаад содон ажээ.
…. Сүлдэн тахилгат ууландаа мацан цацан өгсөж, басхүү уужим бэл, тэртээх алс руу уруудан гулсан буусан замын зааг дээр би зогсож байна.
- Аав аа, энэ замаар явбал аль хүрэх бэ?
- Аав аа, тэгвэл аймгийн төв орох зам хаана вэ?
- Улаанбаатар орох зам хаана байна вэ, аав аа?
- Аа, мэдлээ. Бурхны орон руу энэ замаар явна, тийм ээ! Аав хүд хүд инээж,
Үнэхээр би Замын худаг хэмээх дэрстэй хоолойн дээд биеэр гарсан тэрхүү замаар сумын төв орж, сургуульд суугаад мөнөөх замаар аймаг, Улаанбаатар, түүнээс цааш өөр бусад улс орон руу аялан явсан билээ. Насан туршдаа хийх миний аяны урт зам анхны тэр нарийн жимээс цааш үргэлжилсэн агаад өглөөн нарнаас үдшийн сар хүртэлх зам ч тэр, балчир наснаас идэр нас хүртэлх оюун бодлын зам ч тэр, ер бүх зам ганц эхлэлтэй ажгуу.
уншихад надад ч чамд ч хүн бүхэнд нэгэн адил жам зам харагдаж, бодогдох буй заа.
Зам хөвөрнө.
Сум мэт
Ээдрээтэй,
Эл замууд
Бага замууд
Түүхийн буданг
Он жилүүдийг
Ужид эртний
Заяа тавилангийн
Анхны мөр
Үүрдийн гарам
Зам хөвөрнө,
Тал дундуур
Зам хөвөрнө.
Харанхуйд хань
Хэдэн түмэн
Хэлхсэн эрхи шиг
Буурал түүхэн улбааг нэхэн цааш нь өгүүлэхдээ:
Тэнгэрээс буулгаж, газарт суулгасан цар таваг шиг их хүрээ байна. Энд Чингис хаан агтаа хурааж байсан юм гэнэ.
Давхар гэж газар байна. Чингисийн бэр бие давхар болсон юм гэнэ. Хүүт гэж газар байна. Чингисийн ач хүү төрсөн юм гэнэ.
Онгон, Молцог хэмээх хоёр их элс Дарьгангад буй. Чингисийн хоёр хар бух мөргөлдөхөөр хэрсээр байгаад түүнээс энэ их элс тогтсон юм гэнэ.
Чингис хааны нутаглаагүй, явж өнгөрөөгүй газар, ус алга аа. Ингэхээр бид чинь мордоод давхихдаа Чингисийн замаар гарч, буцахдаа Чингисийн замаар ирж байна. …гэжээ. Зохиолчийн төрж өссөн нутаг ус болох Дарьганга гэхэд л Чингис хаантай холбоотой ийм олон газар байгаа нь монгол хүн бүхний хувь заяаны зам их эзэн Чингис хаантайгаа мөнхийн барилдлагатайг энгийн сайхан жишээгээр энгүүн тод өгүүлжээ.
- Буцахдаа тэд нэг нэг алтан шаахай өмсөж буцдаг байсан юм шүү! хэмээн нутгийн өвгөн баагиулж байсан тамхиныхаа цэнхэр манан дунд эгдүүтэйхэн болоод эргэцүүлмээр үг хэлсэн нь цээжинд хоногшин үлджээ. гэж бичсэн нь түүхийн гашуун мөр, дэрсэн шаахайн мөр давтагдах вий гэсэн сэрэмжлүүлэг цагаа олсон мэт сонсогдоно.
Зохист аялгуу нь урлахуйн төгсийг илтгэнэ.
Хөлгөн судар гэдэг нь аливаа сэдвийн өргөн цар хүрээ, гүн гүнзгий утга санааг нэгэн бүтэн цогц болгон илтгэх ном бичгийн дээд соёлын илэрхийлэл юм.
“Тоотой хэдэн уул усны цаана тоогүй олон домог түүх байгаа юм. Нүдний үзүүрт торох уул усны цаана сэтгэлийн үзүүрт тэмтрэгдэж харагдах их юм бий” гэж сэтгэл цэлмээж, ухаан тэлсэн байна.
... Бодлын харгуй бүдгэрэн,
гэж дэлгэр утгаа зангиджээ.
“Тогоон Төмөр хаан эртний хаадын зуслан Шандуугийн шар талаа, эрдэнийн зүйлээр бүтсэн Дайду хотоо орхиж хаан эзний хасбуу тамгаа ханцуйлан гарч зугатсаар одоогийн Дарьгангын нутаг болох Цагаан нуурын хөвөөнд ирж саатсан юм санж. Хун шувууд чуулж, бургас зэгс найгасан энэ сайхан бүрдийн хөвөөнд гэр барьж, зэл татан адуу мал хураагаад Уянга хэмээх нэртэй нутгийн сайхан хүүхнээр аяга сөн түшүүлсэн юм гэнэ. Цаглашгүй их гэмшлээр гансарч явсан эзнийг тайтгаруулах нь уулын цагаан мананаас ус утгаж цай чанаж болохгүйн үлгэр нэгэн авч, уран гоо, ухаан билгүүн төгс Уянга нэрт хүүхнээр цээж амирлуулах цээл сайхан уртын дуу дуулуулж, цэн хун гангануулан ухаа зэгс, улаан бургасыг уялзуулан туялзуулан элгэн монгол ахан дүү нар хүндлэн угтсанд хаан эзэн харь газрын тоосыг сэгсэрч, хамаг алжаал юугаа тайлан цагаан нуурын усаар гунигаа гурав угааж, гурвантаа мишээсэн юм гэдэг ээ. “
Төгсөх ялдар монгол англи хоёр хүний үгсийг энд эш татсу би.
… Мэнд-Ооёогийн өгүүлэмж бидэнд жигүүрт хүлэг морьдын ертөнц, дуучин хуурчид, шилийн сайн эрсийн явдал, хайр сэтгэлт хосууд, тэдний нандин үгсийг өгүүлнэ. Тэгснээ цааш нь хүмүүний ертөнцийн эгэл түүхийг тод томруун хийгээд далд гүнзгий санаагаар өгүүлэмж зүйрлэлийг хослуулан байж зугуухан дэлгэх болно.
Гадаадын уншигч ийнхүү үзсэн бол, монгол бичгийн мэргэд юу айлдсаныг үзье.
“Алтан Овоо” ном сонгодог бичгийн хэлний ур чадварын “сурах бичиг” болохуйц тансаг, эрхэмсэг найруулга хийцтэйг туйлаас бахдууштай….” хэмээн монгол соёлын цойлж гарсан их сэтгэгч, зохиолч, дэлхийн урлаг соёлын академийн доктор Д.Урианхайн онож хэлснийг молхи би бээр талархан дэмжиж, өрлөг түүхээ мэдэх гэсэн, эх орон юугаа ахин дахин нээх гэсэн монгол хүн бүхний “заавал” унших ёстой “сурах бичиг” болжээ хэмээн мунхагланам.
2007.06.25