Уран бүтээл

МОРИН ХУУРЫН ДОМОГ

МОРИН ХУУРЫН ДОМОГ

 

            *

Эрт урьдын цагт юм гэнэ. Энгүй уудам их талд эсгий цагаан орд гэртэй Хөхүүдэй нэрт сайхан хүү амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр Хөхүүдэй хүү увьдас шидийг олж суръя гэж шийджээ. Увидас эрдэм, ид шид гэгч хаана байдгийг мэдэхгүй. Эрлийг эрж олдог, эрдмийг элж сурдаг юм гэнэ лээ.Хөхүүдэй хүү энэ ертөнцийг хэрэн хэсч, эрсэнээ олж увидас шидийг эзэмшихээр санаа шулууджээ.

 

            *

Санасандаа хүрэхэд сааршгүй шандастай сайн морь хэрэгтэй. Эмээлээ үүрч, хазаараа эгэлдэргэлээд адуу адууны захад очсон ч санаанд нь таарах ажнай сайн хүлэг морь таарахгүй л байлаа. Жилийн газрыг сараар товчилдог, сарыг газрыг өдөртөө туулдаг хүлэг морь олж унахаар шийдсэн ч араар дүүрэн ай түмэн адуунд хайгаад хайгаад ч өврөөр дүүрэн үй түмэн сүргийг нэгжээд нэгжээд ч олсонгүй.

 

            *

Хөхүүдэй хүү нэгэн өдөр ядраад сууж байтал ер бусын сайхан аялгуу үл мэдэг сонсогдох шиг болов. Аялгуу гарах тэр зүг очвол адууны хоёр хомоолонд тэгнээд наалдсан сүүлний хялгас салхинд чичирхийлснээс дуу гарч байна гэнэ. Адууны сүүлний ганцхан хялгаснаас ийм сайхан аялгуу гарч байгаа юм олон хялгаснаас бүүр ч сайхан аялгуу гарах байх гэж боджээ. Гэртээ харьж модон шанагаа аван толгойд нь арьс тэлж, цар хийв. Шанаганы ишний дээд үзүүрт морины толгой сийлэв. Адууны сүүлнээс хоёр тугийг авч хос чавхдас хийв. Бас нэг тугийг авч бургасанд татаж хэл хийв. Ийнхүү хуур бэлэн болжээ.

 

            *

 Хөхүүдэй хүү хуураа үүрээд бэлчиж байгаа адуугаа харахаар уулын оройд гарав гэнэ. Үүрч яваа хуурынх нь чавхдасанд салхи сэвэлзэн хөгжиж уянгалаг сайхан аялгуу үүсгэв гэнэ. Хуурын аялгуунд тэнгэр улам цэнхэртэж, ус булаг улам тунгалагшин урсаж, адуун сүргийн ааш зан уян дөлгөөн болоод нэн таатайяа налайн бэлчиж байв гэнэ. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй. Зарим адуу хуурын эгшигийг сонсоод ажрах ч үгүй үүрэглэж байхад, зарим нь адуугаа захлаж гарч ирээд сэрвэлзэн үүрсэж байв гэнэ.

*

Хөхүүдэй салхины аясыг дууриалган чавхадсаар хуурдаж сурчээ. Хуурдаад л байж, хуурдаад л байж. Тээр тэнд тэнгэрийн хаяанаас нэгэн адуу үүрсэн янцгаах дуу үл мэдэг сонсогдов гэнэ. Тэр зүг рүү яваад л, хуурдаад л байж гэнэ. Тэнгэрийн хаяанаас үүрсэн янцгаасан мөнөөх хүлгийн чимээ улам тодорсоор л байв гэнэ. Тал нутаг ямар ч уужим юм, адуун сүрэг нь ямар ч олон юм. Нэгэн өдөр талын суварга хөх уулын хөндийг бүрхсэн их адууны захад хуурдаж суутал, тэгш сайхан зоотой өндөр хөх борлог морь дөрвөн хөлөөрөө газар цавчлан дөмөн дөмөн айсуй гэнэ. Дөхөж ирээд овооны дэргэд байсан адууны хөсрий толгойноос бусган дөлж зогсов гэнэ.

 

            *

Хөхүүдэй хүү борлог морины бусгаж дөлсөн адууны хөсөр толгойн ясны хонхор цоорхой болгоныг хомоолоор дүүргэн бөглөж амьд юм шиг болгов гэнээ. Тэгээд хуураа дээр нь тавьж суугаад дахиад л хуурдаж гарчээ. Хуурдаад л байж, хуурдаад л байж. Овоонд зүүсэн адууны олон хялгас салхинд дуулах шиг болж гэнэ. Хомоолоор дүүргэсэн адууны толгойн яс үүрсэх шиг болж гэнэ. Олон адуу дөрвөн зүг найман зовхист үүрсэн янцгаалдав гэнэ ээ.

            *

            Хөхүүдэй хуурдаад л байж, хуурдаад л байж. Гурван өдөр, гурван шөнө хуурдаж гэнэ. Гурав дахь шөнө өнгөрч, үүр гэгээрэхийн үед мөнөөх хөх борлог морь гэгээ татуулан үүрсэж, уулс цуурайтуулан янцгаагаахад суганаас нь хунгийн даль шиг цагаан жигүүр шүхэрлэн гарч дэлгэгдсэнээ буцаад хумигдав гэнэ.

            *

             Хөхүүдэй хүү дахиад гурав хоног хуурдав гэнэ. Хөсөрсөн морин толгойн сүв бүхнээр цэцэг ногоо цойлон ургатал хуурдав гэнэ. Үүр хаяарч байхын үед мөнөөх хөх борлог морь гэгээ татуулан үүрсэж, уулс цууриатуулан янцгаахад суганаас нь хунгийн даль шиг цагаан жигүүр шүхэрлэн гарч дэлгэгдэн дээш хөөрөв гэнэ. Хүү хуурдаад л байж, хуурдаад л байж. Жигүүрт хөх борлог морь адуун сүргийнхээ дээгүүр гурвантаа тойрон нисээд буув гэнэ.

            *

            Хөх тэнгэрийн од сарнаас өөр юм нуруунд нь гараагүй, хөдөө талын өвс ногооноос өөр юм биед нь хүрээгүй эмнэг онгон энэ хүлгийг хэрхэн барьж унах билээ? Хөх борлог морийг барих гэж тал нутгийн олон сайн адуучид цуглаж, зуун алдын бугуйл өртөөлөн цаламдаад ч барьж чадсангүй гэнэ. Залуу хүү хөх борлог морины бараа харагдах газарт гурван сар хуурдчихаад цөхрөнгөө бараад адууны захаас босч гэдрэг буцав гэнэ.

            *

             Хөхүүдэй салхинд онгож хөсөр даасан морин толгойт хуураа үүрээд гурван гүвээ давахад хуурынх нь чавхдасанд талын салхи исгэрэн адуу үүрсэх шиг сонсогдож гэнэ. Дахиад цааш гучин гүвээ давахад хуурынх нь толгой янцгаах шиг санагдаж гэнэ. Эргэж харвал мөнөөх хөх борлог морь жигүүрээ дэлэн дэвэн ниссээр ойрхон ирээд үүрсэв гэнэ. Хөхүүдэй лавтайяа хуурын аялгуунд ирлээ гэж бодон морин хуураа эгшиглүүлэхэд мөнөөх хүлэг дэргэд нь ирээд хуурын толгойг үнэрлэн нэг үүрсэв гэнэ. Хөхүүдэй хүүд тэгш сайхан зоогоо илбүүлээд хоёр үүрсэв гэнэ.

            *

            Ийнхүү Хөхүүдэй хүү жигүүрт хөх борлог морьтой болов гэнэ. Жилийн газрыг сараар товчилдог, сарын газрыг өдрөөр товчилдог жигүүрт хөх борлог морио унаад Монголынхоо их хээр тал дээгүүр арвай будаа шиг адуун сүргээ хариулан дүүлэн нисдэг болсон ч ид шидийг олохоор алс хол ертөнцөөр хэрэн нисэх санаагаа орхижээ. Хүмүүс түүнийг яагаад эрэлдээ явахгүй байгааг нь асуухад:

-Увьдас шидтэй, уяхан аялгуут морин хуурыг байхад түүнээс илүү ид шидийг олно гэж үү? Би морин хуурынхаа эгшгээр тэнгэрийн салхинаас өөр юм нуруунд нь гараагүй эмнэг онгон хүлгийг өөртөө дасган номхроосон билээ. Би морин хуурынхаа эгшигээр хүлэг мориндоо дүүлэн нисэх жигүүр ургуулсан билээ. Жинхэнэ увьдас шид гэж байдаг бол тэр нь морин толгойт хуур л билээ.” хэмээн хариулдаг болжээ.

 

            *

            Тэр цагаас хойш адуу бэлчсэн тал нутагтаа нүүдэллэн аж төрөх айл бүхэн хоймортоо морин хуур залах болжээ. Айл бүхэн адуун сүргийн манлай ажнай сайн хүлэг морины толгойг хуурынхаа тэргүүнд сийлж, сүүлийнх нь хялгасаар чавхдас хийж, явдал гишгэдэл, үүрсэх янцгаах дуугий нь хуурандаа шингээн хадгалж бас санагалзуулан дуурьсгах болжээ. Монголын тал нутагт Хүн болгон хуурч, хүлэг болгон хурдан болж гэнэ. Монголын тал нутагт морин хуур дэлгэрч, хуурын аялгуунд адуун сүрэг нь арвай будаа шиг үржин, анхилуун салхи сэвэлзэж, хур бороо тэгширч, ус булаг бургилан, эмэн зүйлийн цэцэг ногоо дэлгэрч, ард хотлоороо айх аюулгүй, өвдөх өвчингүй, амар сайхандаа жаргах болжээ.

 

 


TOP