Уран бүтээл

УУЛСЫН ДҮРИЙГ ТАЙЛАХУЙ

УУЛСЫН ДҮРИЙГ ТАЙЛАХУЙ

Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шастираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана.

Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу
Хөх хөх дусал навчис дээр гялтайна
Уйтгараа тайлж манан будангаа хөөж
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна.

Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы усан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ.

Нарны туяаг утас шиг сүлжсэн бороон сэмдэс
Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ
Өнгийн цэцгийг янз янзаар алаглуулан
Өлмий биедээ хивсний хээ нэхнэ.

Наян хэлний шувуудаа мөчир болгонд томилж
Намуун аястай жигүүртний чуулгыг дэглэнэ
Өнгө эгшиг бүхэн нь эрхэмсэг найрсуу болоод
Өвс, чулуу болгон нь утга уянга хэлхэнэ.

Хүүгийн минь эрх хонгор дууг уулс чагнаж
Хүрэн улаан хадандаа соронзон бичлэг хийнэ
Хөлгөн их уулсын баяслын айзмаар донгодох
Хөхөөн дуу их хангайн ятга чавхдас юм за

Ганцхан ширхэг гандсан шар навч нь ч
Газар дэлхийн амьдралын зуун түүх ярих
Буянт их уулсынхаа ухаалаг гүн бодлыг
Буурал хорвоогийн нэгээхэн агшинд тааж ядна...

Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Үзэж таниагүй шинэ цэцэг ургажээ, та минь!
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
Өнөөдөр биеэ олсон уран туурвил мөн үү?
TOP