Уран бүтээл

ШИНГЭН ЦАГААН МАНАН БОГД УУЛАНД ХӨШИГЛӨЖ

ШИНГЭН ЦАГААН МАНАН БОГД УУЛАНД ХӨШИГЛӨЖ

Шингэн цагаан манан  Богд ууланд хөшиглөж
Шинэ цасны гэрэлт ширхэг цонхны цаана эргэлдэж
Холын хөх тэнгэрт өвлийн тэргүүн сар мандах цаг дор
Хорин жилийн тэртээх хөрөг дөчөөд насны үүдээр гэрэлтвэй

Хөв усны толитон дээр саран тарвалзахыг харалгүй уджээ
Хөх талынхаа бөөр алаг чулуудыг нь атгалгүй холджээ
Хөтөлгөө морьтой хүн дуу исгэрэх үдшийг мартагнажээ
Хөдөө талын гоо үзэсгэлэн надаас зугтжээ.

Сайхан юм бүхэнд шунаж, тэмүүлж явлаа
Сайхан бүсгүйд унаж дурлахсан гэж хүсэж явлаа
Гоо сайханд үхэж, гоо сайхнаар цангаж явлаа
Гоо сайхантай тулгарахдаа л харин түүний өмнө шалчийж явлаа
 
Юм бүхэнд нүд чих дасаж, энгийн амьдарсаар
Жам ёсыг дагаж, гэр ажлын хооронд гэлдэрсээр
Ертөнцийн сайхнаас зөвхөн яруу найрагтайгаа л нөхцөж
Ердийн амьдралын амар амгаланд дасчээ.

Бодлын цэнхэр уулс нарны тоорог дунд шингэсээр байна
Борлог морьтойгоо би цэцэгт хөндийд давхимаар байна
Хорин насны өлөн харцанд олзлогдсон нэг дүрийг
Дөчин насны зүрхний толинд зурмаар байна

Буцаж буй тогоруудын цувааг ирж яваагаар төсөөлмүй
Буурал сор насны хярууг бодлын шувууд гэж тайвширмуй
Өвсөнд молцоглосон цанг өвлийн цэцэг гэж хайрламуй
Өөрийн үзэл дор юм бүхнийг өөдрөг бодмуй, би 

Сар жилийн салхинд санчган тус цагаан цэцэг хийсч
Санааны хээр талд өвс бууралтах үес
Өөрийн минь гадаад чанар дотоод ертөнц рүүгээ нисэх цагт
Өр зүрхнийхээ гүнд гоо сайхантайгаа нөхөцмүй, би 

2000 он
TOP