Уран бүтээл

ӨӨРИЙГӨӨ ЭРЭХҮЙ

ӨӨРИЙГӨӨ ЭРЭХҮЙ

Гадаад ертөнцийн оргүй хоосонд тэнэж явах ч шиг
Газар дэлхийнхээ алга дарамд амилж ургах ч шиг
Бүхий л юмсын бүхий л төрхөнд хувилсан мэт
Бүхий л хүмүүст би өөр өөрөөр нууцлаг оршном 

Агшин бүр, мөч бүхэн өөрийгөө би эрнэм
Асарлах тэнгэрийн цээл, имрэх өвснөөс ч эрнэм
Хээр талынхаа эмнэг салхийг хүлэглэн давхинам
Хэрмэл цагаан үүлсийн олбогт завилнам би. 

Саргүй шөнийн түнэр харанхуй бол би ч юм шиг
Сандуутай модны дуун навчис нь би ч юм шиг
Уулс ороох хөх мананг нэгжиж өөрийгөө эрнэм
Туульс хайлах сүүлчийн өвгөнтэй цуг тэнгэрт одном 

Навчны судлаар нарны гэрэлтэй цуг газарт нэвчнэм
Намрын тэнгэрт буцах шувуудтай цуг энэлнэм
Мянган наст чулуун өвгөнтэй тэврэлдэн суунам
Мяралзах голын ёроолд живж, чулуудтай цуг элэгднэм 

Бүүдгэр сар бидэн хоёр бүүр ч адилхан юм шиг
Бүсгүй хүний бүлээн нулимстай би ихэр ч юм шиг
Урсан одсон хязгааргүй цагийн хураангуй нь мэт
Угтах он жилүүдийн эзэн нь би ч юм шиг 

Үүлстэй цуг би өвлийн зүг үймэрч нүүсэн
Уулстай цуг бас нутагтаа бууралтаж үлдсэн
Гол устайгаа цуг он жилүүд рүү урсан одсон
Голт борын үндэстэй цуг газрын хэвлий рүү яргасан 

Тээ тэндгүй оршиж, хаа сайгүй одном би
Төөрч тэнэж, төгс цогцлохуйн эрэлд хатнам
Одот эрхисийн ондоо цагт би бүрэлдмүй
Ондоо цагийн хүмүүс намайг олмуй.

2007он

 
TOP