Уран бүтээл

ГУНИГЛАХ ТУСАМ

ГУНИГЛАХ ТУСАМ

Хөх тэнгэрээс ирсэн гэдэгтээ улам ч итгэх боллоо,
Хөх сувдан оддын дунд зай минь үзэгдэх боллоо,
Хөх Гурван маралаа хөөгөөд тэнгэрт гарсан
Хөхдэй мэргэн өвгийнхөө араас гуниглах боллоо.

Гуниглах тусам Гурван марал ойрхон урамдаж
Гуниглах тусам Хөхдэй мэргэн өвгө тэнгэрээс гурийлж
Гунигаа би өр зүрхнийхээ алсад замхрааж
Гунигаа би тэнгэрийн хөх  мананд илгээж
Гуниглахуйн гоо сайхантай нөхөцмүй.

Хөх тэнгэрийн заадастай газрын манан залгалдах
Хөхдэй мэргэний давхиж одсон замыг заах
Хөх нуурын усанд шөнө дөлөөр ундаалах
Хөх Гурван марал одонд гунигламуй.

Гуниглах тусам Гурван марал дэргэд минь урамдаж
Гуниглах тусам би өр зүрхэндээ улам лав орогнож
Гуниглах тусам би өөртөө улам гүн бат оршиж
Гуниглах тусам би улам гав ганцаардаж
Гуниглахуйн хоосон чанарт оршмуй.

2002 он
TOP