Уран бүтээл

ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ

ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ

Эргийн дээрх бургас бүхэн мөчиртөө шувуутай
Эрвийн сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй
Хатан ус ариусан тунгалагших намар бол
Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цаг аа!

Намрын дунд сарын гол усны зургийг
Нарийн бийрийн торгон үзүүрээр тогтоон баримаар
Явуухулангийн хоёр ангир бас л эндээ хөвсөөр
Яруу найрагч нь эзгүйг хөөрхий тэд мэдэхгүй ээ!

Хөшгөн цагаан манан урсгал сөрж босоод
Хөлгөн дөрвөн уулынхаа хөндийг өгсөж хөвлөө
Билгүүн төгс Явуугийн залуу навчис өвгөрчээ
Бишрэлт хатан Туул нь яг л өнөө янзаараа

Өвс бүхнийг үзвээс дууны долоон өнгөтэй
Үүлс бүхнийг ажваач адууны түмэн зүстэй
Гуулин навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Гуниг болоод буртгаас энэхэн бие ариусмуй

Дуулим шүлэгч Явуугийн дуу бүхнийг би мэднэ
Дуулж амжаагүй болгоны нь бол Туул гол л мэднэ ээ
Чингисийн эзгүйд Монгол минь нэг ядарсан юм аа
Чиний эзгүйд Яруу найраг минь зүдэрлээ

Туул голын ус намартаа нэг тунгалагших мэт
Туулах цагийн урсгалд яруу найраг минь тунгалагших биз ээ
Төгөлдөр авьяаст хөвгүүд яруу найргийн тэнгэрт
Төрж мэндэлсээр байхыг Туул минь үзэх биз ээ

Эртний судрын элэрч шарласан хуудас мэт
Эмзэглэн шаржигнах намрын хонгор навчсыг
Хатан Туулын мэргэн их мэлмий болоод сонор
Хайхран анзаарч хадгалан бичиглэх нь лавтай

Яг л энээхэн хавьд хожмын шүлэгчид ирнэ ээ
Ялгуун сарыг тэнгэрт нэг, усанд нэг харна аа
Одод усанд шумбахыг Явуу минь тэр жил үзсэн шиг
Ондоо бас нэг гайхалтайг тэд бас л үзнэ ээ

Үдшийн бүрий улаан бургас нөмрөн
Үргэсэн гэрэл голын ёроолд буугаад
Туж юмс бүүдэн буудан болсоор байхад
Туул голын ус л улам улмаа гэрэлтвэй

Мөнгөн навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Мянган жилийн бүдэг бадаг түүний гэгээнд тодорвай
Гол ус ариусан тунгалагших найргийн энэ Шамбал дор
Зул мэт шүлгээ гэрэлтүүлж Явуухуландаа өргөвэй

1995 он

TOP