Уран бүтээл

ЦАСАН ШУУРГА ЦАГААН АЗАРГА ШИГ ЦАМНАЖ

ЦАСАН ШУУРГА ЦАГААН АЗАРГА ШИГ ЦАМНАЖ

Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж
Цаг үе ч басхүү цасан шуурга шиг агсарч
Цагаан талын дээгүүр цантсан адуу давхилдаж
Цанхин царайтай тэнгэр цаанаа л нэг таагүй

Цаадах наадахыг бодолүй дөчин нас дөвийж
Цааших он жилүүд дөтийн даваанд тосчээ
Цайдам талын дээгүүр цантсан бүргэд эргэлдэнэ
Цахилдаг хөхөөрөө байдаггүй цагийн жам хэцүү

Цайлж суухын зуурдгүй цас тооноор бударч
Цадиг хуучийг гэрэлтүүлэн гал өөдөө цоролзож
Дарьгангын талд буйгаараа явган шуурга гүйж байхад
Даргилсан цай уудлуулаад гэрийн хойморт халууцвай

Зуухны гал өөдөөс улаа бутруулан төөнөх нь
Зуун жил эрж яваа хүний халуун илч мэт
Зураг тавилангийн эрхшээл, цагийн гачлан дор
Сураг чимээ юухныг гадаах тэнгэрээс анирлавай

Зуны нарны өөдөс мэт аргалын цог улайж
Зурхайн төөрөг юуныг шатсан далнаас ажиглаж
Эсгий туурганы цаадтай эргэлдэх шуурганы сиймхийд
Эгшигт шүлгэндээ бас л юухныг эрсээр суувай

Хөтөлгөө морьтой гарсан сан, сэлгэж унах гэсэн юмаа
Хөтөл даваанд гарч сэтгэлээ сэргээх гэсэн юм аа
Хөсөг нүүдэл шиг хорвоод эрсэн бүхнээ ололгүй
Хэсэг бусаг манан дунд төөрсөөр энэ болбай

Өндрийн сар дугуй, өрхний хошуу гурвалжин, өр ширээ дөрвөлжин
Өнгөт ертөнцийн дүрс бүхэн өөр байдгийн учир юун?
Өдий хэрийн насны зузаан олбогт завилж ахуйд
Өөрийн биеэс бодол санаа оргож босохын тавилан юун?

Дэрсний шилбэнд шуурга салхи түр амсхийж
Дэлхий дээгүүр морин төвөргөөн чимээлэхэд
Мянган адууны туурайнд цас маналзах тал дунд
Өнчин ганц айл ертөнцийн төв мэт үзэгдвэй

Өлөн шуурга өрвөлзөн босч, сөрвөлзөн уухилна
Өдөр хоногийг хөтөлсөөр шуургант талдаа даслаа
Унасан хүлгийн дэл цагаан сүлд шиг босчээ
Угтах он жилүүдийн шуурга сөрж давхиюу, би!

1996. 12 сар
Шар бүрд

TOP