Уран бүтээл

ЭЭЖ МИНЬ ШИРДЭГ ШИРЖ БАЙНА

ЭЭЖ МИНЬ ШИРДЭГ ШИРЖ БАЙНА

Чилийсэн урт өдрүүдийг утасны учгаар хэлхэж
Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр байна
Тогоотой цай дэврэхийн өмнө хоёр алхам ширээс ...
Дөрөөн таваг гадаа жингэнэхүйд дөрвөн алхам ширээс ...
Тэртээд үлдсэн он жилүүдийг тэмээн жин шиг хөтөлжээ
Гэтэлж үзээгүй замаар ээж минь хорвоог дөтөлжээ
Үүл болсон ноосыг дундаа дэлгэж зулчихаад
Салхин тээрмийн сэнс шиг ирэлзэн жирэлзэж билээ
Онгон цэнхэр тэнгэр тайз нь болоод цэлийжээ
Цэнгийн бороо дээвэр тогшихуй хоёр алхам ширээс ...
Урьдын явдал санагдаад мартагдахуй дөрвөн алхам ширээс ...
Зулж дэлгэсэн ноос дун цагаан өнгөтэй
Сэтгэлийн цагаан дэлгэцэнд дүрс бичлэг үлджээ
Худгийн хүйтэн усыг бороошуулан байж шүршээд
Ээрэм талдаа дэлхий шиг бөмбөрүүлсэн билээ
Хуур хүнгэнүүлэн сар хөөртөл дуулалдсан билээ
Амьдрах нэгэн өдөр нь ч утга төгөлдөр байдаг
Хөхөмдөг суунагт талаа салхилтал санаа алдвай
Өвсний толгойд салхи исгэрэхүй хоёр алхам ширээс ...
Будан татаж тэнгэр хуйсганахуй дөрвөн алхам ширээс ...
Бичгийн цаас мөрлөн эрдэнийн үсэг зурайх шиг
Тэр хоёрыг хэлхэн ээж минь ширдэг ширж байна
Адуу шаагьж, ус шуугьж, ая дуу уусаж байна
Онгож балрах хүмүүний мөрийг туурвиж байна
Зөрөг дагаад үхэр сажлахуйд хоёр алхам ширээс ...
Зулын гэрэл хойморт сүүмэлзэхүйд дөрвөн алхам ширээс ...
Сунайсан дөрвөн цагаар угалз хээ мэтгэж
Наян насны хорвоог ширээс бүхэндээ бичиглэвэй.

TOP