Уран бүтээл

ГАНЦААРДАХ ТУСАМ

ГАНЦААРДАХ ТУСАМ

Газар дэлхийн дуудлагаар тэнгэрээс ирсэн гэж бодох
Гал гурван одноос галаа цахиж асаасан гэж итгэх
Гараг оддын дохио зүүдний орчлонгоос чангаах
Гарваль язгуураа санагалзан үе үе ганцаардах.

Ганцаардах тусам би өөрийгөө улам тод сонсож
Ганцаардах тусам би өрөөлийн ганцаардлыг ойлгож
Ганцаардах тусам би үл үзэгдэхүйн дүрсэд нэвтэрч
Ганцаардах тусам би үл сонсогдохуйн уянгыг анирлаж
Ганцаардахуйн эрх чөлөөнд дүүлмүй.

Бөртийх ч үүлгүй талд ганц гэр цайрах
Сөртийх ч үүлгүй тэнгэрт ганц шувуу эргэлдэх
Тэнгэрийн хаяанаас нааш ганц хүлэг дэргэх
Тэр бүхий ганцын тэнгэрлиг ярууг мэдрэх

Ганцаардах тусам би өвс ногоотойгоо улам гүн ойлголцож
Ганцаардах тусам би өвгөдийнхөө сүнстэй улам ойр ярилцаж
Ганцаардах тусам би үгүй бологсдынхоо оюун санааг сонсож
Ганцаардах тусам би гэгээн Шамбалд ойртож
Ганцаардахуйн хүч чадлаар аагинам.

2008 он
TOP