Дэлхий ээж

АЛТАН ОВООНЫ ХУУРЧ

АЛТАН ОВООНЫ ХУУРЧ

Нүүдэлчин айлын хүү би эхийн цагаан сүүтэй цуг морин хуурын аялгуугаар амалсан билээ. Аав минь хүү намайгаа өвөр дээрээ наалдуулж суулгаад өмнө минь хуураа тавиад “Амар явдалт” хэмээх аялгуугаар саатуулдаг байсан гэж ярьдаг сан. Одоо бодоход аав минь намайг хууртайгаа цуг хуурданхан өсгөжээ.

*

Би хэдтэй байснаа санадаггүй юм, нэг удаа аавынхаа хуурыг унаад хотон дундуураа хөл нүцгэн давхиж явсан минь кино зураг шиг тод үлджээ.

Манайх ганц гэрээрээ. Тоглох хүүхэдгүй их л уйддаг байсан хэрэг. Аав надад алганы амт үзүүлээгүй ч нэг л марташгүй гэмшиглэн үлдсэн юм. Шилбүүрэн морио юүлж “Жаахан шарга” морийг унаж үзэхийн хорхойгоо тэгж дарсан хэрэг л дээ. Аавын хуурын тэргүүн бол жирийн мориных биш, Дарьгангын жаахан шаргын тэргүүн юм гэдгийг би өвгөцүүлийн хууч ярианаас сонсож мэдсэн юм. Хожим нь тэр тухай “Жаахан шаргын туурь” бичиж “Алтан -Овоо” номондоо оруулсан юм.

“Алтан Овоо” ном аавын хөрөг дүрээр дүүрэн ч, би ааваа хуурчийнх нь хувьд хөрөглөн бичиж буй минь энэ л болов уу. Дарьгангын “Жаахан шарга” дууны язгуур эхийг аавын минь л хуур шингээж үлдсэн гэж би боддог юм. Ингэж үзэх учир бий.

Аав минь Жаахан шаргыг зохиосон их дууч Инжээноров хэмээгчийн дууг сонсож байсан хүний нэг, тав гэзэгтэй махлаг шар хүн байсан олон хүүхэдтэй ... гэж ярьдаг сан. Инжээноровын зээ хүү “Дээл” хочтой Гомбодорж гуай бол Дарьганга нутгийн гарамгай дуучин байлаа. Сум бригадын өдөрлөг, найр хурим болоход аав хуурдаж, Гомбодорж гуай л дуулдаг сан. Гомбодорж гуай хааяа халмагхан, эмээл дээрээ хазгайдуухан суугаад морины гүйн хар алхаанд “Жаахан шарга” уянгалуулсаар манайх руу ирдэг сэн.

Өчүүхэн бичээч би бээр “Жаахан шарга” дуун хүлэг хөлөглөж, монголын утга зохиолын соёлын цэцэрлэгт хүрээлэнд ааваараа газарчлуулж орж ирсэн бөлгөө.

*

Аав нэг удаа сумынхаа соёл урлагийн гурав хоног хэмээх дуу хуурыэ наадамд оролцох болжээ. Анхны болоод сүүлчийн удаа тайзан дээр гарч байгаа нь тэр гэнэ ээ.

Хөшигний цаана хуураа бариад л сууж байв гэнэ. Улаан хилэн хөшиг алгуурхан нээгдэж, хөшиг нээгдэхэд аав босоод үзэгчдийн зүг толгой дохиод мэндэлж гэнэ. Хүмүүс гайхалдаж, шуугилдаж. Үзэгчдийн дунд өөрийнх нь хамаатан болох Мөөгдий сууж байв. Хүмүүс сая учрыг ойлгож урлагийн тайзны сахилга зөрчсөн аавыг шоолон элгээ хөштөл инээлдэцгээсэн гэдэг.

Ахан дүүсийнхээ амгаланг айлтгаж ёс төрийг эрхэмлэх нь “Тайзны сахилга” хэмээгчээс хавьгүй үнэтэй байсан хэрэг л дээ. Түүнээс хойш аав хичнээн урьж залаад ч тайзан дээр гараагүй юм.

Ёслолын алтан саа хажлагатай дээл өмсөж, гэрэл чийдэн гялбасан тайзан дээрээс хуурын аялгуу сонсоход сайхан ч аргалын утаа үнэртсэн бор гэрийнхээ хойморт хуучин муу дээлийнх нь нударга салбаганан хуурдахад ундран гарах аавын хуурын аялгуу шиг тэгж миний сэтгэлийг хөдөлгөдөггүй билээ. Морин хуурын аялгууг тайзнаас бус, монгол гэрийн хойморт сонсох нь л надад хамгаас яруу, хамгаас үнэн.

Хуур уянгалж ахуйд уяан дээр хүлэг үүрсэх, тоонон дээр болжмор жиргэх нь хүртэл чимэг төгөлдөр билээ.

*

Шороон морин жилийн хуртай сайхан зун сургуулиа төгсөж Монголын радиогийн сурвалжлагчийн үнэмлэх өвөртлөөд нутагтаа дөрөө мултлав. Мэдээж уяан дээр хүлэг янцгааж, гэрт морин хуур уянгалж, хуурын аялгуу манай хоймроос хальж, талын хөх салхитай цуг саахалт нутаг нугадаа түгвэй. Хүүгийнхээ ромбо дипломтой зэрэгцүүлэн нэгэн үнэмлэх тавиад аав минь баяртай мишээж суув.

Намайг очихын өмнөхөн манайхаар Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм судалгааныхан очиж хонуут өнжүүт хуурдуулж хуучилж байгаад мордсон юмсан. Тэр үнэмлэхэнд “Дугарсүрэнгийн Гомбожав гуай та морин хуурын ардын аялгуунуудыг бичүүлж, монголын шинжлэх ухааны судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан тул үнэмлэх олгов” гэж бичсэн байв.

Тэр намар хөгжим судлаач Ж.Энэбиш гуай “Сүхбаатарын ухаа хонгорыг хуурын аялгуунаас сурвалжилсан минь” гэсэн тэмдэглэл бичиж, төвийн сонинд нийтлүүлсэн нь хуурч аавын минь тухай анхны томоохон мэдээллийг нийтэд дэлгэсэн юм. Тэр болтол аав минь тэрүүхэн жалга довны л хуурч байлаа.

Аавыг хотод өвөлжиж байхад Ж.Энэбиш доктор хүрээлэн дээрээ урин аваачаад бүтэн бичлэг хийж авсан. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэнэсийн их сан хөмрөгт аавын минь хуурын өв хадгалаастай үлдсэнд миний сэтгэл нэн өег байдаг юм. Хожим аавыг минь бурхан болоход ардын билиг зүй судлаачийн хувьд тэрбээр гэрэл зургийг нь сайхан гүнгэрваанд хийж бүтээгээд надад авчирч өгөөд эмгэнэл илэрхийлж билээ. Насандаа ч мартаж болохгүй сайхан сэтгэл тэр буюу.

Ж.Бадраа гуай аавтай минь уулзаж амжаагүй. Харин аавын тухай юм бичнэ гэж намтрыг нь бичлэгтэй хуулуулж аваад сан хөмрөгтөө авсан юм. Тэрбээр аавын бичлэгийг сонсоод “Ямар мундаг хуурч вэ?” хэмээн дуу алдсан сан. Тэр их хүний амнаас аавынхаа тухай ийм сайхан үгийг өөрийн биеэр сонссон минь миний амьдралдаа авсан нэгэн том шагнал юм даа. С.Цоодол гуай аавын тухай нэгэн сайхан хөгжмийн нэвтрүүлэг хожмоо хийж, радиогийн сан хөмрөгт үлдээсэн билээ. Ийнхүү аав минь жалга довын хуурчаас ард түмний мэддэг хуурч болсон юм даа.

Наян хоёр оны үед О.Дашбалбар маань “Үлэмжийн орчлонд би удаан амьдарна” хэмээх нэгэн сайхан найраг туурвисан юм. Тэр найргийн тав дахь бөлөг нь хөгжмийн тухай байлаа. Тэрбээр Оросын нэгэн хотод намар орой арван хийлч бүсгүй задгай тайзнаа тоглосон нэгэн хотод намар орой арван хийлч бүсгүй задгай тайзнаа тоглосон аялгуунд аян нүүдлийн тогорууд ойртон эргэлдэж хийлийн аялгуу намдмагц өндрөө аван ниссэн тухай өгүүлээд цааш бичсэн нь:

“... Гагцхүү хөгжим л ингэж бүхнийг эзэмдэж, орчлон нэгэн цогц болгох бизээ. Түүнээс гурван жилийн дараа Онгон суманд нэгэн гайхамшигт үзэгдэл давтагдсан нь: -Наадамчин олон морьд гарахаас өмнө өвгөн хуурч Гомбожавынхыг зорив. Билиг төгс өвгөн хуураа аван гадаалж, алсын цэнхэр уулсыг ойрттол хуурдахад орчлон түр амьсгал дарж нам гүм болох шиг, удалгүй морьдын чих сортолзон хөл хөнгөрч, хийморь сэргэсэн хүүхдүүд нулимс бөмбөртөл гийнгоолж, уралдааны замд гарч билээ.

Морин хуур эгшиглэсэн цагт монгол хүн тэнгэрийн харьяат болно билээ. Хүн хуур хоёрт тийм чадал шингэснийг үзсэний дараа гэрэлт орчлон улам дулаахан сайхан, холын уулс улам уянгалаг цэнхэр харагдаж билээ.

О.Дашбалбар аавын минь хуурын аялгууг дэргэдээс нь хэдэнтэй сонссоны хувьд “Гол ус намуухан урсана” хэмээх гэгээн тунгалаг номондоо аавын минь дүрийг яруу найргаар зурвас боловч хөрөглөн бүтээсэнд баярлавч багадна.

Аав ээж хоёр минь хотод ирж өвөлжинө. Нэг өвөл аавыгаа хууртай нь Монголын радиогийн хөгжмийн студэд дагуулж ирэв. Радиогийнхон Дарьгангын хуурч өвгөний морин хуурын аялгууг өдөржин сонсож суусны дотор надтай нэгэн редакцид хамт ажиллаж байсан зохиолч Д.Намсрай тун анхааралтай ажиглан асан билээ.

Хожим тэрбээр “Бор галуутайн талд” хэмээх уянгалаг сайхан тууж туурвин байхдаа Нанзай хуурчийн тухай бичих бүрийдээ аавын хуурын аялгууг сонсож суудаг сан. Аав минь монголын уран зохиолд гэгээн дүрээрээ ийн дуурсагдах мөрийг үлдээсэн билээ.

Нэг хавар нийслэл хотод суудаг манай ангийнхан манайд цуглаж шуугицгаав. Тэр дунд Дорнодоос ирсэн ангийн найз Б.Халтар маань гол зочин байлаа. Тэрбээр аавын хуурыг харж сууснаа нэгийг санав бололтой:

-Чи Амгалан гуайн “Жаахан шаргын нутагт” гэдэг зургийг санадаг уу? гэж надаас асуув. Би юусан билээ гээд сайн бодож амжаагүй байтал тэр яаран цааш өгүүлсэн нь:

- Хашаа шандны тасаг дээр бригадын өдөрлөг болж байхад нэг хүн ирээд баахан зураг сараачаад л байсныг санахгүй байна гэж үү?

- Тийм ээ, тийм … Би номын сангаа уудалж зураачдын зургийн цомог гаргаж ирэв.

- Хуур бариад сууж байгаа хүнийг харж байна уу? Аав чинь биш байна гэж үү? Тэр цагаан сахалтай, таяг тулаад ирж яваа өвгөн Довдонсэнгээ гуай байгаа биз дээ? Бид зургийг удтал үзэж ярилцлаа. Гэрийн хаяа шуулттай, гэрт хөл ихтэй байгаа бололтой. Хөл нүцгэн хүүхдүүд шуулттай хаяагаар гэр доторхийг сониучирхан үзнэ. Бага нас айсуй. Нээрээ тэгэхэд манайх Сүжийн нууранд зусч байсан билээ. Бид харсан болгоноо харандаагаар нэн хурдан татлан зурах холын үл таних хүнийг гайхан сониучирхаж байсан санагдана.

Халуун сэрэг дээр нь тэр үед Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал байсан Ардын зураач Д.Амгалан гуай руу давхиж хүрлээ. Д.Амгалан гуай өгүүлсэн нь:

- Сүхбаатар аймгийн Соёл урлагийн арав хоног болно гээд урьд жил нь намайг урин Дарьгангаар аялуулсан юм. Алтан Овооноос баруун хойш нэлээн яваад нэг сүүний тасаг дээр бригадын өдөрлөг болж байхад ирсэн юм. Тэнд гол таталбаруудаа гаргаж авсан. Ирээд аймгийнхаа Соёл урлагийн арав хоногт зориулж “Жаахан шаргын нутагт” зураг зурсан даа.

Ийнхүү “Жаахан шаргын нутагт” зураг дээрх хуурч бол аав минь. Хөлөө гозгонуулан шуулттай гэрийн хаяагаар юм үзэж байгаа сониуч жаалуудын нэг нь би юм даа.           

Ж.Саруулбуян маань оюутан байхдаа мотоциклээр аавынд маань давхиж очсон юм. Тэгэхэд аав ээж хоёр минь тэнхлүүн байжээ. Аав зочин ирэхэд ээжийн цайлсны дараа хуураараа дайлдаг заншилтай юм. Оюутан найзын сэтгэлд хоногшин үлдсэн тэр өдрүүд хожмоо “Гомбожав гуайн хуурын морьдын чимээг анирдахуй” хэмээх шинжилгээний нийтлэл бичих шижим болсон хэрэг.

Ж.Саруулбуян бичихдээ “Д.Гомбожав гуай бол домогт хуурчдын өлгий болсон Дарьганга нутгийн гэрийн сургуультай сүүлч үеийн хуурчдын нэгэн байсан төдийгүй монголын морин хуурчдын түүхэнд өөрийн өвөрмөц уламжлал шингээсэн хөг дэгээ үлдээсэн авьяас билигтэн юм” гэжээ. Хожмоо морин соёлын судалгаагаараа урлаг судлалын доктор болсон нөхрийн энэ үг аавын минь тухай үнэ цэнэтэй тодорхойлолт болон үлдлээ.

Саяхан би Ж.Саруулбуянгийнхаа “Алтан хүмүүн” нэртэй сайхан номыг уншлаа. Энэ номонд “Гилбэр дөрөв” нэртэй эсээ байна. Д.Маам гуай, О.Дашбалбар, Д.Нямсүрэн бид дөрвийг тэнгэрийн бэлгэшээлт одоор зохиомжлон хөрөглөхдөө “Тэнгэрийн оддын ихэнхийг адууны зүс шигээ барим тавим нэрлэж, үүх түүхийг нь чухам оддоос дуулчихсан юм шиг хүүрнэн суудаг Алтан Овооны өвгөн л түүний учрыг мэднэ. Түүнийг Дарьгангын нэртэй хуурч Гомбожав гэх. Ямаан сахалтай шавилхан жижиг өвгөн. Гомбожав гуай эцгийнхээ урлан хийж үлдээсэн тонж морин хуураа үдшийн цагаар хөглөн “Хүүхэн Цэмбэлийн нүцгэн цавьдар” морины явдлаа сэгэлзүүлэн татаж эхлэхэд одод тал руу буух мэт доошлон малгай шүргээд ирэх шиг болдог юм.

Тэнгэр хурмастад хүртэл газрын хүмүүний амьдрал тэмцэл дүрслэгдэх нь сонихон. Хэдийгээр түүнийг газрынхан зохиосон ч, тэнгэрийн аяс, оддын араншин хүмүүний сайн муу явдлыг дагадаг гэж Гомбожав хуурч ярьдаг сан.

Алтан Овооны өвгөн хуурч Гомбожав гуайг “Амар явдалт”-аа хуурандаа татан суухуй дөрвөн зүгт нь дөрвөн оддын гэгээ хөх, шар, цагаан, улаан өнгөөр туяаран хурын чавхдасанд чичирхийлэх нь хурмастаас дөрвөн гэрлийн багана бууж гэлтэй. Одод дуу аялгуунд дурлахын учир тэр. Тэдэнд өөрийн морин хуур үгүй болохоор малчин монголын тонж хуурын хөгөнд туяагаа орооцолдуулна …” Эгэл нүүдэлчин хуурч аавын минь гэгээн сайхан дүрийг Гилбэр дөрвөн одны өнгө аялгуунд хөрөглөжээ.

Ж.Саруулбуян ромбо хэлбэртэй Гилбэр дөрвөн одны дүрийг морин хуураа хуурдан суугаа монгол өвгөний дүртэй хэмээн ажигласан нь зүгээр нэг зураач хүний нүдээр адилтгасан зүйрлэл төдий бус, хожмын нэгэн үлгэр домгийн эхлэл мэт санагдаж билээ.

Одоо би эх нутгийн шөнийн тэнгэрийг ширтэх болгондоо Гилбэр дөрвөн одыг онцлон харж хуураа хуурдаж суугаа аавынхаа дүрийг ургуулан харж аав шигээ олон хуурчдыг хуурын аялгуутай нь цуг дурсан санадаг болсон.

Морин хуурын тэргүүн тэнгэрт ойрхон, аялгуу нь одонд ойрхон юм.

*
Аавын хуурын дэг их нарийн. Аав хуураа авч эхлээд “Хуурын магнай” хэмээх хөг аялгуу дарна. Дараа нь “Амар явдалт” морины явдал. Тэгээд араас нь “Хүүхэн Цэмбэлийн нүцгэн цавьдар”, “Хулстайн шарга”, “Говийн халтар”, “Сүхбаатарын ухаан хонгор” морины явдлуудыг дарна. Уртын дуунаас “Дарьгангын жаахан шарга”, “Өвгөн шувуу”, “Алиа саарал”-ыг хуурдах дуртай. Тавлуухан хуурдвал “Шөргөн шар атны явдал” хэмээх тэмээний явдлыг эгшиглүүлнэ. Би энэ аялгууг байн байн сонсох дуртай.

Ижилгүй хурдан тэмээний явдал, уруу газар тэшүүлэн өөд газар ч эрчээ үл саан ямар нэг юманд тэмүүлэн яваагаар дүрслэн санагддаг сан. Домгийнх нь талаар аав тэгтлээ их юм ярихгүй. Дээр үед зэвсэг хүргэж өгсөн тэмээ юм гэнэлэй. Тэшүүлсээр байгаад хөл нь хөшчихөөд борвийг нь нугалж хэвтүүлсэн юм гэнэлэй, хөөрхий ... гэдэг сэн.

Тэмээний явдал, домгийн улбаа хоёр олон жил миний сэтгэлд хадаастай явсаар би “Шөргөн шар атны туурь” бичсэн билээ. “Бүрээ бишгүүртэй хос аяз” гэж нэг сайхан аялгуу бий. Сүмийн бүрээ, бишгүүртэй хослон эгшиглэхийг хуураар тэгж нарийн гаргаж ирэхийг гайхан сонсдог байсан сан.

Ялангуяа наадам дөхөхөөр манай уяан дээр морьд багшраастай. Нутгийн уяачид гэр дүүрэн аавын хуурын аялгууг уяран сонсоно. Шуулттай хаяагаар морьд тургих, хазаарын амгай жингэнэх нь сонсогдож, хүлэг морьд толгой хаялан хүн морь хоёр хуурын аялгуунд адилхан уярахын учрыг хүүхэд ахуйд сүүмэн сүүмэн ухаарч билээ. Манай нутгийн сайхан уяачдын нэг Дамчийн Гомбосүрэн гуай “Хүүхэн Цэмбэлийн нүцгэн цавьдар” гэж мөн дэндүү сайхан морио ...” хэмээн халмагхан шүүрс алдан өгүүлж байсныг би ер мартдаггүй юм. Хуурын аялгуунаас тэр морины хөрөг дүр өвгөний сэтгэлд бүтэн биеэрээ ургаж харагдсан нь тэр шүү дээ.

*

Ааваас би нэг удаа морин хуурын судар байсан бол уу гэж асуусан юм. Аав “Морин хуурын нууц судар байсан юм гэнэ лэй” гэснээс өөр юм хэлээгүй. Үнэхээр байсан ч юм бил үү? Гэвч одоо тэр судар хэзээ ч хаанаас ч гарч ирэхгүй биз ээ.

Харин морин хуурын аялгууг эхийн цагаан сүүтэй цуг амлаж хууртай цуг хуурдуулж өсөн хуурчийн хүү би амьд судар асан аавынхаа насан туршийн хуурын аялгуу эгшгийг нь хураан шастирлаж тунгаан толилвоос чухамхүү морин хуурын судар тэр бус уу хэмээн сүсэглэн бясалгавай.

Ом сайн амгалан болтугай.

2002 он
"Алтан Овооны алтан шастир" УБ 2008 

TOP