Судлал шинжлэл

ӨӨРИЙНХӨӨ ЗАМААР, ӨӨРИЙНХӨӨ ХУРДААР…

ӨӨРИЙНХӨӨ ЗАМААР, ӨӨРИЙНХӨӨ ХУРДААР…

Юмсын үнэн, гоо сайхан угтаа тэр юмсад орших бус, түүнийг сэрж, бясалган нэвтэрч буй хүний оюун сэтгэлд л жинхэнэ бодтойгоор оршдог гэж зарим сэтгэгчид үздэг.

Г.Мэнд-Ооёогийн бэлгэ билгүүний хэвд цутгагдсан сэтгэхүйн гольдрол, урлах, найруулах авъяас нь монгол мэргэдийн сонгодог бичгийн хэлний гайхамшигт өвөөс хөхсөн шим шимүүсээс эх ундрагатай нь харагдах ч тэрбээр өөрөө өнөөдөр эртний мэргэд тэдэнтэйгээ эн зэрэгцэн уншигдах, түүхийн хойтод, эсэргэн цагийн номын хайвуудад өв уламжлал болж дамжих түвшинд монгол хэлээр дуун өгүүлэх эрдэмд боловсорсон нь монголын ахмад, залуу аль аль үеийн зохиолчдыг ихэд баярлуулах боллоо.

-Та цатгалан арслан шиг хүн юм! гэж нодготойгоор сахлаа шувтрахад нь би, - Цатгалан арслан яадаг юм? Яагаад би цатгалан арслан шиг байгаа юм? гэж асуувал, Б.Ринчен гуай, - Цатгалан арслан амьтан барьдаггүй, зүгээр л самардаад орхичихдог гэдэг юм. Самардуулсан амьтан нь болохоор үхдэггүй, айхтар сүрхий сэглэгдээд л үлдчихдэг байна. Иймд ном бичих хүн бол цатгалан арслан шиг бус, оготно барьж буй муур шиг байх ёстой юм хуна. Муур цатгалан ч бай, өлсгөлөн ч бай, оготно ангуучилахаараа заавал барьж сална, тэгэхдээ, тоглоом тохуу хийж байгаа юм шиг энд тэндээс нь нэг хазаж нэг тавьж ийш тийш нь зориуд гүйлгэнэ, гүйхээр нь хумсаараа савардаад хэдэн хурам хөдөлгөхгүй хэвтүүлж эгдүүгээ хүргэнэ, оготно нь хөдөлбөл дахиад савардаад авна, тэгж хамаг үйлийг нь барж барж бүүр муужрахтай нь зэрэг сая таатайхан “зооглож” орхидог юм. Ном бичихэд, чингэж, оготно барьж байгаа муур шиг бах таваа хангаж, цаадахынхаа эсэргүүцэх гоочийг барж, хаашаа ч мултрахааргүй болтол нь нухаж ноолвол л сая гүйцэд зохиол гараас гарах учиртай шуу юм! гэж айлдаж билээ.

Үгийн таяг тулж ном туурвил бүтээхэд, Б.Ринчен гуайн зүйрлэснээр, оготно “нухаж” байгаа муур шиг л тийм няхуур арга дадал, омой хуугиагаас хагацсан чанар, хүлээнгүй тэвчээр, санаа бодлоо лавтай гүйцээх нөр нут ажиллагааны ур чадвар зайлшгүй чухал байдаг нь маргаанүй хэрэг байна.

Эдгээрээс өөрт минь хамгийн ойлгомжтой нэгийг нь “Алтан Ооо” номыг уйгагүй хэлтэлж суухдаа ухаарч авсан минь гэвэл, - нутаг усаа үнхэлцэг зүрхнийхээ голоос уйлан хайлан хайрлах хайр байдаг юм байна.

“Шилийн Богд … Гангын Цагаан Овоо… Дөш… Ганга нуур … Баян дулаан … Молцог элс … Дагшин … Дуут нуур … Лүн хайрхан … Хараат … Гурван нарт … Хөргийн ширээ …” гээд дэлхийг бүтээлцсэн ариун, онгон газар ус бол Г.Мэнд-Ооёо найрагчийн сэтгэлийн нар аргамжаатай, аргамаг онгод, гэгээн сүсэг мөргөлийн нь зул хорголоотой орон хангай юм. Нүдээр үзэгч, сэтгэлээр бүтээгч Бурхадын адис оршсон энэ найрагчийн цээжин дотор цэнхэрлэгч Дар-а (гэтэлгэгч) Ганга (эх) нутаг ус нь гараг дэлхийн багасгасан дүр зураг юм.

Г.Мэнд-Ооёо, “Хорвоогийн юм бүхний учир шалтгаан нэгэн утсаар сүвлэгдсэн мэт санагддаг!” гэснийг баримтлан, “Алтан Овоо” ном бүхэлдээ ширэгдсэн “учир шалтгааны утас”-ыг хайж хөөхдөө, “Тэр утас бол, -Эх нутгаа хайрладаг сэтгэлийн нь эрчим, шид хүч байжээ!” гэдгийг оллоо.

Хүний сэтгэлийн замын хэмжээ, хурдыг би тодорхойлж эс чадна. Магадгүй, шинжлэх ухаан ч тодорхойлж эс чадам за!

Дэлхийн Урлаг Соёлын Академийн доктор, Монголын Соёл, утга зохиолын нэрт зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Алтан-Овоо” номын гарчиг, бүлэг, үг өгүүлбэрийн “хаваас”, “ширээс”-ээр орчиход, зохиогч нь монгол хэлний найруулгын аньс, эрдэмд мэргэжсэн нь үгийн гэм алжаасаас илт хагацсан, туулсан чанарт нэгэнт хүрчээ.

2007.2.16-22

<span style="Times New Roman" ,"serif""="">Алтан Тэвшийн Хөндий

TOP