Дэлхий ээж

ОНГОН

ОНГОН

(Nostalgia)

Нэг.
Зэрэглээ яг л өдийд усан цэнхэртдэгсэн, манай нутагт. Хаврын усан цэнхэр зэрэглээ татаад ирэхээр хүн болоод адгуусны дотор өөрийн эрхгүй ямархан нэг гүйдэл оршчихдог байх. Хүлэг морь хаврын нялх ногооны униар татаж, цэнхэр зэрэглээ босохын үесэд л нутгаа тэмцэн гүйдэг хэмээнэ. Хүний үр ч ялгаагүй. Багын нэгэн явдал санагдчихлаа.Онгон сумын бага сургуулийн дотуур байрны хүүхдүүд хичээл тараад Шар бүрдийн “гөлөөн” хэмээх манханд авирч гараад элсний налуу руу гулсаж тоглодогсон. Нэг өдөр ээжийнхээ оёж өгсөн цагаан ямбуун цамцаа элсэнд даруулчихаад олсонгүй. Найз нартайгаа хавийн элсийг ухаж самраад цөхрөнгөө барах үес гэрээ санах өвчин минь сэдэрчихэв. Гүйхээр шийдлээ. Сумын төвийн урд дээрх Шувуун овоот дээр гараад гэрийн бараа туруу юу ч эс үзэгдэх мэнэрсэн их тал руу ширтээд дотроо онгойтол уйлав.

 Эргэн тойрон усан цэнхэр зэрэглээ. Зэрэглээ нэг намсан, нэг өндөрсөн хот балгад маань ч эс танигдаж, суудал солбиод илбэ жилбийн орчлон гэдэг л ийм байдаг болов уу гэлтэй. Таньдагаас хоёр алтан хараацай л энүүхэнд юу нэгний эрэх мэт, өмнүүр хойгуур ээрүүлдэнэ. Бодвол мөнхийн усаа л хайж яваа байх. Алтан хараацай мөнхийн ус олоод хүнд өгөх гээд амандаа балгаж явсан юм гэнэлэй. Гайт хар хэрээ цочоогоод зээргэнэ дээр мөнхийн ус асгачихаж. Зээргэнэ мөнх ногоон болж, хүн мөнх бус болжээ. Аав минь энэ домгийг ярьж өгсөн сөн. Их ном сураад мундаг эрдэмтэй хүн болж алтан хараацайн хэлийг сурна. Тэгээд мөнхийн усыг олоод аав ээждээ өгнө… Домгоос ургасан бодлоосоо ичих шиг болж, би чинь эрдэм ном сурч байгаа хүн шүү хэмээн өөртөө сануулаад сумын төв рүү эргэв. Ард морин төвөргөөн сонсогдох шиг болоход эргэн харвал мөнөөх зэрэглээн хот балгад дундаас хөтөлгөө морьтой хүн айсуй. Аав минь намайг авахаар ирж яваа нь тэр санж. Ингэж би гүйж яваа хүлэг морины зовлон, хүнийг ээрүүлдэн нисч буй алтан хараацайн шаналанг мэдэрсэн юм.

Тал нутгийн хаврын зэрэглээ хүмүүний сэтгэлийн амгаланг өөрийн эрхгүй сэмэлнэ. Ингэ ботго буйлах, үнээ тугал мөөрөх, адуу үүрсэх, унага янцгаах… ямархан нэг уян зөөлөн эгшиг зүрх сэтгэлийг амар заяа эс үзүүлэн, уярах хийгээд гуниглах, санаашрах хийгээд мөрөөдөхийн хязгааргүйд төөрүүлдэг байх. Талын хүний хөнгөн гунигтай мөрөөдлийг, хаврын цэнхэр зэрэглээтэй цуг цээжиндээ тээж хүн хүлэг болж дээ, хөөрхий.

Адгуус амьтан битгий хэл, уул ус ч ахан дүүс, амраг садны холбоотой. Бие бие рүүгээ тэмүүлэн таталцах нь ч байгалийн жам ажээ. Дөхмийн бор овоо гэж талд сүндэрлэх майхан цэнхэр уул бий. Аав тэр уулыг Алтан – Овооны дүү юм гэнэлэй гэдэгсэн. Нээрээ ч Алтан-Овоотой адилхан. Ахдаа золгохоор явж байхад нь их цэрэг хөндөлсөн эндээ үлдсэн юм гэнэлэй гэж ах бид хоёрт аав хэлээд “ахан дүүсийн ёс уул усанд ч буй” хэмээн сануулсан юм. Өнгөрсөн хавар мөн л өдийд дөө. Гурван бор манханы өвөрт муу ахыгаа нутаглуулчихаад Онгон элсний алтан бумба шиг олон шаргал бөөрөг, тэртээх зэрэглээнд сүүмэлзэх манан хөөрөг шиг талын таван уул, хурдны морь унаж өссөн Сүжийн хөндийг нулимс цийлэлзсэн нүдэндээ удтал хараачлаад мөнөөх аавын домгийн учгийг хэзээ хойно нэхэн тайлж билээ.

Он цагийн хүрдэн тойрог дотор үхэн төрж, үүдэж мөхөх нь хүмүүний ёс бөлгөө. Аав минь, ээж минь, ах минь алга. Нутгийн минь үлгэр домгоос бүтсэн өвгөд эмгэд ч алга. Ер олон юм алга болжээ. Тэдэнтэй цуг өөрийг минь бүрэлдүүлж байсан нэг хэсэг ч өмрөн алга болсон ажээ. Хүмүүн зөвхөн өөрөөсөө бус өрөөл бусдаас бүрэлдэн оршиж байдгийгаа анзаардаггүй билээ. Ирж буцдаг хүмүүний хорвоод мөнхийн усыг хүртэхийн тавиланг иртэл ертөнцийн жам ёстой эвлэрэн суухаас өөр яалтай. Одоо энд намайг хүлээх нэг ч хүн үгүй болов хэмээн бор манханыхаа орой дээр хамаг гунигаа нулимсаараа угааж тайтгараад боссон сон. Би эндүүрчээ. Нутаг ус бол хүүгээ хүлээхийн гүн ухаан юм. Хүмүүний үр нутгаа тэмцэх нь мөнхийн оршихуйн зөн билиг ажгуу. Нутгийн минь үнэртэй торгон салхин шүлэг нойрын дунд магнай илбэх ээжийн гар мэт санагдаж зүүдэн бие Онгон нутагтаа одмуу.

Хоёр.

ХҮЛЭГ МОРЬ ГАНИХАРЧ

НУТГАА ТЭМЦЭХ ЦАГ ДОР ...

Өвсөн толгойд цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо ...
Өдөн дэрнээс өндийн дорнын тэнгэрийг дурандлаа
Өдийд талын зэргэлээ гүйж, зэргэлээнд хүлэг гүйж яваа!

Соргүй болсон хээрийн өвс соосойж мухайж үзэгдээд
Саргүй шөнө царцсан газраар малын чийр шажигнаж
Сүргүй хэдэн хайлаас навч зүүдэлж байгаа!

Сөөг гурван дэрстэй хөтлийг хөндлөн тэгнэж
Хөөгтатсан алс руу нүүдэл хөтөлж явна гэж
Чийг цонхоор үнэрлээд шөнөжин зүүдэлж хонолоо!

Он жилүүд одох бүрий шуугиант хотдоо идээшив чиг
Орь ганцаар ирсэн би олуул долуул болсон чиг
Онгод найргийн чуулганд одтой, адтай яваа чиг

Эхэн хаврын урь цонхоор шургах төдийхөнд
Ээжийг тавьсан энгэрийн эрээн бут хөдлөх шиг
Элгэн тус газрынэртний хөндүүр сэдэрвэй

Ороон хотын амьдралд хөл тэнцэж босоод
Онгоцхөсгийгхөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүдлийг гүйцсэнгүй!

Дэлхийн нөгөө бөөрөнд дэвээд хүрэх цаг дор
Дээвэрт харшийн дээгүүрх утсан торон дотор
Дэргэд байгаа нутагтаа дэгдээд очихын чөлөөгүй ээ!

Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
Хөлөг онгоц шиг ордондоо хөлгүй найрлаад завгүй ээ!

Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улиралд нь
Элсэн дээр нь тарваадахаар эрээн майхантай очдог нь
Эдүү цагийн хотынхны энгийн араншин мөнөө!

Хүлэг морь ганихарч,нутгаа тэмцэх цаг дор
Хөх зэрэглээхөндий уруудаж талруу зулрах цаг дор
Хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдмүй

Гурав.

Шар бүрдэндээ очихоороо би ямархан нэг юмаа гээчихсэн хүн шиг Онгон элснийхээ манхан сэрвээ, эрэг гангын судаг даган тонгойн алхдаг зантай. Лав л багын хаясан цамцаа хайгаагүй. Улаан эрэг орчмоор алхахад эртний хүмүүсийн ирлэж хийсэн чулуун гилбэрээс авахуулаад тээрэм, нүдүүр, араатан гөрөөс, арслан заантай үзэлцэхдээ барьдаг чулуун муна өдий төдийг олдогсон. Тэр хавьд хуучин шинэ чулуун зэвсгийн үеийн томоохон дарханы газар байсан бололтой юм билээ. Тэгээд ч би Шар бүрдэндээ эртний хүмүүсийн чулуун гаререй байгуулах мөрөөдөл цээжиндээ асааж хэдэн жил давхисан юм. Гэгээн мөрөөдөл маань зах зээлийн шуурганд тас ороолгуулаад одсон ч хэзээ нэгэн цагт хэн нэгэн аавын хүү миний хүслийг гүйцээх л болно.

Жараад онд Н. Сэр-Оджав гуайн ахалсан археологчид Шар бүрдийн орчмоос чулуун зэвсгийн үеийн загас хэлбэртэй маш уран хийцтэй тариа цайруулагч олсон нь одоо түүхийн музейн ховор үзмэрийн нэг билээ. Уржнан чулууны хаан Г. Гонгоржав гуайдаа би тэр газраа зааж өгсөн юм. Өвгөн ганзага хоосонгүй буцаж ирсэн байна лэй. Ерөн зургаан онд манай “Сувдан сондор” аялалынхан Шар бүрдэнд өнжүүт хонуут амсхийн саатахдаа нэрт археологич Д. Наваан гуайгаараа удирдуулан зуугаадхан ам дөрвөлжин талбайд нэг мөч хиртэй ил хайгуул хийсэн чинь зуу гаруй чулуун зэвсэг олж билээ.

Онгоны элс бол ган зуд, гал усны аюулгүй диваажин гэлтэй орон. Хайлаас бургас нь халдсан хүнд халгаатай гэлцэнэ. Байшинтын дивизийн түлээнд Онгон таван булгийн хайлаасыг хөрөөдөн түлж, лусын хорлол хийгээд мянга мянган аавын хүүг хижиг өвчинөөр булшилсан гэдэг. Харин манай нутгийн нэг өвгөн ганц мод сэтэрлэн үлдээж тэр нь үржээд хайлаасан шугуй нь одоо шувуудаа чуулаагаад шуугиж байна.

Манай нутгийнхан тэнгэрийн сум хэмээх хүрэл гилбэрийг ихэд эрхэмлэн хүүхдийн өлгий орныхоо толгойд зүүнэ. Тэнгэрийн сум бол бас л Онгон нутгийн баялаг юм даа. Тэр жил Мигжэд Жанрайсиг бурхан бүтээлцээд намайг гавъяат болоход манай нутгийн мэргэн ах С. Лувсанноров гуай надад нэг тэнгэрийн дуут сум бэлэглээд

-Эрт нэгэн цагт Шар бүрдийн эртний хүний сэтгэн бүтээсэн энэхүү исгэрдэг дуут хүрэл сумыг хүүдээ бэлэглэе. Чамд ээлтэй. Харин чи хэзээ нэгэн цагт үүн лүгээ шинэ содон зохиол бүтээгээрэй гэсэн билээ.

Хэдэн арван мянган жилээр ярих эртний хүмүүсийн орон гэрийн туурин дээр эдүгээ цагийн бид үе залган аж төрөхдөө мөнөөх задын чулуу хийгээд дуут хүрэл сумаар дамжин илгээсэн өвгийнхөө оюун санааны эрчимийг өвлөн аж төрнөм бус уу. Дарьгангачуудын чулуу шүтэх, хүрэл эрхэмлэх уламжлал тасраагүй яваа нь тэртээх өвгийн халуун илчийг алдаагүйн илрэл юм.

Би өөрийгөө жинхэнэ Онгоны хүү гэж бат итгэсэн хоёр шалтгаан буй. Нэг дэх нь, бас л амралтаараа ирчихээд хөл нүцгэн Шар бүрдийнхээ улаан манханд алхаж явахдаа олсон эртний хүний гарын зэвсэг юм. Яг л хүний атганд багтаан тааруулж урласан тэр гар тулааны бие хамгаалагч зэвсэг одоогийн гар утас шиг өвгийн минь алганд насан туршид нь атгаастай байсны халуун илчийг би мэдэрдэг. Эртний чулуун зэвсгийн урлаачин, хорин нэгдүгээр зууны гар утасны дизайныг зохион бүтээгч хоёрын таашаал яаж тэгэж ижилхэн хийцийг сонгож зохион бүтээгээ вэ гэж би гайхдаг юм. Одоо болтол эртний хүний ийм гайхалтай урлал үзээгүй. Нөгөө нь, манай нутгийн гэгээнтэн Гэлэг гүүш гуайн нандигнан хадгалж байгаад өөрийн бэр Аюур эмээгээр дамжуулан надад хүрч ирсэн Онгоны хүний эртний хүрэл онго юм. Гөхөл үстэй, тоногтой бүстэй, тахил юм уу даллагын аяга барьсан энэ хүрэл хүмүүн юуг эс өгүүлдэг гэх вэ. Дээд тэнгэр, дэргэдэх газар лусын эзэдтэй хүүрнэн, арьсан хэнгэрэг нижигнүүлэн уухайлан дуулдах эртний хүмүүсийн дуу авиа, бодол сэтгэлийг гарцаагүй шингээсэн энэхүү хүрэл онго буюу Онгоны онгоныг эртний биетээс соронзон бичлэг хийж уншдаг арга шинжлэх ухаанд нээгдтэл хадгальюу.

Дөрөв.

Чингис хааны хоёр хар бух мөргөлдөж гэнэ. Хоёр бухын хэрж зогсохдоо авч шидэн, мөргөлдөн дайтахдаа босгосон шороо чулуу үйрэн шигшигдэж Онгон, Молцог хоёр элс үүссэн гэдэг сэн. Энэ домогт нэг нууц түлхүүр байх шиг санагддаг юм. Эртний хөлөг баатарыг онголход энэ мэт элс чулууг нэг газраас нөгөө газар луу шилжүүлэн байршуулж хэзээ ч олохооргүй нууцлах шалтгаан байсан буй заа.

Онгон сумын нутаг эзэнт их монгол гүрний үеийн түүх домог, тэмдэг улбаагаар нэн баялаг билээ. Чингис хааны бэр жирэмсэлсэн газрыг давхар, хүү төрсөн газрыг Хүүт хэмээн нэрлэсэн гэх жишээтэй. Хоёр загалыг дутаалгаад харвасан газрыг Харваах, сүүжинд оносон газрыг Сүүж, хавирганд нь туссан газрыг Хавирга хэмээн нэрийдсэн гэх.

Чингис хааны шарил тээсэн хас тэрэг Ордосын тохойд шаварт шигдэн эзний сүнс хоргодсон гэх санаанаас үүдэн тэнд Онгон байгуулсан гэдэгтэй тун адилхан домог манай нутгийн өвгөдийн цээжинд байсан юм.

Хааны шарил тээж явсан хас тэрэг элсэнд шигдэж тэнд эзний бүс тэргүүтэн нандин зүйлсийг онголоод Онгон элс хэмээн нэрийдсэн гэлцэнэ. Дээрх хоёр домог төстэй ч гэсэн Онгон хэмээх үгтэй чухам л ая дан зохицох манай хувилбар сонирхолтой хийгээд “сэжигтэй” байж мэдэх л юм. Дөхмийн говиор Чингисийн зам хэмээх их шар хоолой гарсан байдаг. За энэ ч яахав.

Гурван жилийн өмнө Д. Наваан гуай маань их сургуулийн археологийн ангийн оюутануудтай мэргэжлийн дадлагаар манай суманд очсон юм. Тэд Онгоны таван толгойд арван гурав дугаар зууны нэгэн булшийг малтахаар майханаа шааж, зэр зэвсгээ буулгаад хоноглож. Өвгөн үүр цүүрээр босоод гүйж явтал хэдэн булш үүрийн гэгээнд зэрвэсхийн тусав гэнэ. Өглөөний дасгалаа тэр хавьд хийгээд отог руугаа буцах гэтэл өвгөнийг ямар нэгэн юм чангаасан байна. Тэгээд л отгоо нүүлгэж Таван толгойн булшийг малтсан байна. Тэндээс Хиад боржигоны сүлд цагаан шонхор шувууг дүрсэлсэн алтан бөгж тэргүүтэн язгууртан хүмүүний шарил, эдлэл, эмээлтэй морь өдий төдий зүйл гарчээ. Таван толгойн хүн чулуун хөрөгийн ойролцоо хийсэн малтлагаар илэрсэн монголын эзэнт гүрний язгууртаны шонхор сүлдэлсэн дурсгалууд гадаад дотоодын түүхчид, сонирхогчид, сонжоочидын анхаарлыг хирдхийн цочоовой. Нэг хэсэг нь дэвхцэн баярлаж, бас нэг хэсэг нь элдэв хэл үг дэгдээж л байгаа сурагтай.  Нутгийнхан алтан ургийнхны онгоныг хадгалж байснаараа бахархан омогшиж, хөлсөн хөөрөлдөхийн хамт одоо үлдсэн булшнуудаа онгичуулахгүй, бид онгоныг үе улиран сахиж буй. Эзэд нь мэдье гэж байна. Аль аль нь зөв буй заа. Бас тэгтэл харийн анчид Онгон руу давхилдан мөнөөх алтан ургийнхны хүн чулуун хөрөгүүд хийгээд булш онгоны дээгүүр нисэлдэх шонхор шувууд руу ангуучлахаар давхилдан ирлээ гэнэ. Сумынхан хэд гурван ногоон юманд нь болоод шонхор шувуудаа Араб руу илгээж эхлэв. Гэхдээ нэгэн их чухал юм анхаарах ёстой.

Газар доор нь шонхор сахиустай өвгөд нойрсож, газар дээр нь тэдний чулуун хөшөө нутгаа сахиж, шонхор шувуу нь тэнгэрээ манаж арван гурав дугаар зуунаас өвгөдийн илгээсэн мөнхийн санаа нь яг хэвээрээ оршин буйг яагаад анхаарахгүй байх вэ. Манай найз Б. Доржпүрэв санаачлаад хүн чулуун хос хөрөг бүхий цагаан шонхорын дүрстэй хөшөө дурсгал бүтээлгээд “Онгон нутгийн сүлд” хэмээн нэрийдэн нутагтаа заллаа. Ард олны зүрх сэтгэлд нутгаас олдсон олдвор онцгой цочрол өгсөн байлаа.

Мөнөөх үнэт олдвор олсон газарт алтан ургийн хаад ихэсийн болов уу гэмээр онцгой уран хийцтэй хүн чулуун хөрөг буй. Исэрт ихэмсэгхэн сууж, үүлэн хээтэй ташуу энгэрт дээлэндээ тоногтой бүс бүсэлж, шивэлгэр үс, залаатай малгайгаа тэгш асаасан байх энэ хаан хэн бэ? гэж асуумаар байдаг. Цагаан гантиг чулуугаар онцгой чамин урласан хоёр чулуун хөрөг барын арьсыг исэр дээгүүрээ тохсон байх бөгөөд нэг нь барын толгой дээр, нөгөө нь сүүлэн дээр хөлөө тавьсан байдаг. Мөн ч их юм хэлж байнаа даа. Манай түүхчид одоо болтол дуугүй л байцгаах юм. Довдойн Баяр л нэг сайхан ном бичсэн байдаг. Онгон сумаас олдож буй археологийн баримтууд нь аандаа Онгон хэмээх нэрийн учир утгыг тодорхойлсоор буйг анзааралтай.

Наваан гуайн нээлтийн дараагаар Солонгосын баахан эрдэмтэд нисдэг тэрэг хөлөглөн Таван толгойд шогшрон бууцгаав. Тэд Онгоныг Хонгириад овгийнхны нутаг байж магадгүй хэмээн таамаглаж байна. Юутай ч манай нутаг түүхийн хувьд соёлын их баян бүрд болохоо нэгэнт зарлачихлаа. Омгорхоход сайхан ч олигтойхон эзэн суухгүй бол манаж суухад хэцүү болох вий. Гэхдээ хамгийн “чухал” онгон Онгоны элсний доор буй. Онгон их элсийг нүүлгэн зөөж тэр доорх онгоныг онгичтолоо өдий биз. Бас ч гэж нууц түлхүүр, нум саалийг нь атгасан далд хүчин буй. Онгон элсний их баларт буй нууц газарт оноолттой малчид нь ч өөрсдөө тэр болгон хүрч чаддаггүй. Тэр гэж тэмдэглэх бололцоогүй. Элсэн бөөрөг байнга хөдөлж нүүж, мөнөөх нууц асрын сэжүүр нэг цухуйж, нэг далд орох бөлгөө.

Тав.

Торой Бандь хэмээх домогт эр бол манай Онгоны хүү юм. Тэрбээр Онгоныг хамгаалагч байсан юм. Бударын чулуун дахь “Өвгөн хурал” хэмээх нууц тарнийн сүмд шавилан сууж байсан Торой Бандь бээр их эзэн Чингис хааны үеэс уламжлан адуулж байсан торгон сүргийн удмын адууг нутгийн дээсэн дотор тогтоон барих үүрэг хүлээж байсан хүмүүн болой. Энэ тухай миний бие удахгүй хэвлэгдэх шинэ зохиолдоо тодорхой бичсэн байгаа.

Чулуун хот балгад гэлтэй Бударын чулуун дотор ч нууц газар олон буй. Нутгийн малчин Өнийн Шар гуайн адуунд хулангийн гүү ирж ижилсчихээд тэрхүү амьтан онгон зэрлэгээрээ үлдэх хийгээд одоогийн адуун сүрэгтэй ураг барилдахын зааган дээр тээнэгэлзэн зогсоно. Ийнхүү шарга агт Онгонд ээлтэй.

“Жаахан шарга” хэмээх домогт дууны хүлэг морь нэгэн цагт Торой Бандийн унаа байсан юм гэнэлэй. Жаахан шарга морь бол Тэмүүжиний найман шаргын угшил юм. Торой бандь түүнийг эхээс босоо бууж байхад нь олж үзээд тавьсан тэмдэгээрээ хожим нь таньж олоод олон жил унасан гэдэг юм. Хожим Онгон нутгийн дууч хүү Инжжэноровыг ядарч явахад нь Жаахан шарга морио өгч, тэр их хүлгийн нуруун дээр “Дарьгангын жаахан шарга” дуу төрсөн түүхтэй. Жаахан шарга морь ийнхүү Онгоны хоёр их хүмүүнийг эрдэнийн нуруундаа залаад дүүлж явсан домогт хүлэг буюу. Миний бие энэ тухай “Алтан – Овоо” хэмээх хөлгөн судартаа нэгэн бөлөг болгон өгүүлснийг уншсан хүмүүс бий л байх. Домогт Дарьгангын “Жаахан шарга” дууны эзэн Инжээноровын зээ хүү “дээл” хэмээх хочит Гомбодорж гуайнх манайтай айл аймаг, сааль саахалт явлаа. Нутаг жалгын хурим найр болоход аав хуурдаж, Гомбодорж гуай “Жаахан шаргыг дуулдагсан. Гомбодорж гуай шимийн охинд жаахан халамцаж, удган сайвар морины гүйн хар алхаагаар манайх руу ирдэг сэн. Гомбодорж гуай Дарьгангын Жаахан шаргыг анх Монголын залуучууд оюутны анхдугаар наадам дээр дуулж, монголд таниулсан бөгөөд алдарт уртын дуучин Лхамзав гуайн хоолойгоор энэ их дуу дэлхий дахинд танигдсан юм.  Лхамзав гуай Нарангийн отрядад цэрэгт байхдаа нутгийн нэгэн бүсгүйгээс анх дуулуулж сурсан гэж ярьдаг сан. Одоо Дарьгангын Жаахан шарга дууг олон хүн дуулж байгаа ч “дээл” Гомбодорж гуайн аялгуу, миний аавын хуурын эгшигэн дэх аялгуунд эн тэнцэх нь даанч алга даа. Миний аавын хуурын аялгуунд зөвхөн Дарьгангын Жаахан шарга ч бус, Хулстайн шарга, Хүүхэн Цэмбэлийн нүцгэн цавьдар, Говийн халтар, Сүх жанжины ухаа хонгор хэмээх олон морьдын явдал гишгэдэл хадгалагдан үлдсэн юм. Дээд өвгө Чансангийн Дугарсүрэн хэмээх өвгөн Сүхбаатарын Ухаа хонгор морины явдлыг хуурынхаа аялгуунд анх оруулж, аав минь залгамжлан баяжуулж үлдээснийг хөгжим судлаач доктор, профессор Э. Энэбиш гуай “хууранд зориулсан хувьсгалт шинэ дан хөгийн бүтээлийн ууган нь” хэмээн тодорхойлсон байдаг.

Морин хуур бол дүрс зургаар юмуу, бичиг үсгээр тэмдэглэн үлдээх боломжгүй аялгуун түүхийг бичиглэгч гайхамшигт дуун шастир юм даа. Аав минь Онгондоо л тэргүүн хуурч байлаа. Нэг удаа сумын соёлын өдрөөр тайзан дээрээс хуурдах болж. Хөшиг нээсэн чинь үзэгчдийн нүүрэн талд үеэл ах нь сууж байв гэнэ. Мөнөөх тайзны “хөгжимчин” хэдийн босоод үеэл ахдаа очиж “золгож” бөөн инээдэм шуугиан болж байсан гэдэг сэн. Одоо ч гэсэн морин хуур эгшиглэхэд дотор бие урагдан цуурах шиг болдог юм. Аавын хууртай цуг хуурдуулан өссөн миний унаган мэдрэмж морин хуурын аялгуунд тэгтлээ автсаныг тэнгэрийн тавилан гэлтэй. Морин хуурын аялгууг тайзан дээр сонсоход гайхамшигтай байдагсан. Гэхдээ л талын малчин айлын хойморт, адуу малын чимээн дунд сонсох шиг тийм гайхамшигт агшиныг би лав одоо болтол мэдэхгүй юм. Онгон нутаг бол чухам морин хуурын орон юм. Богдын төрийн их хуурч Дарьгангын Шар хуурч хэмээх Дамдин-Очирыг төрүүлсэн энэ нутагт хожуухан Саарал хэмээх сохор хуурч тодорсон бөлгөө. Ерэн зургаан онд “Сувдан сондор” аяллалынхан хулан адуулагч Өнийн Шар гуайнд буухад манай сумынхан Саарал гуайг тэнд урьсан байж билээ. Монголын нэгэн уянгалаг чавхдас болох сонгодог зохиолч С. Эрдэнэ баавай маань түүний “Хөх нуурын тогоруу” хэмээх аялгууг сонсоод мэлмэртэл уйлж байж билээ.

Онгоны алтан ургийнхны удамтай адуун сүргийн хялгасанд ингэж л монголын домогт морьд, уул ус, шувуу жигүүртний аялгуун түүх бичигдсэн юм даа.

Зургаа

Тал нутгийн үзэсгэлэн энгийн юм болгондоо нуугдаж байдаг. Цагаан дэрс бол талдаа л ой шугуй юм. Гүйлс, алтан харгана бол манай нутгийн агар зандан юм. Талын нүдэн нуур бол манайдаа л далай. Өвсний толгойд цан молцоглох, таана толгойлох, бутны шар цэцэг буурцаглах нь талын уянга юм.

Хэсэн цагаан манан татах, манан дотор хэдэн бүгээн адуу байх, цэнхэр суунаг татах, хэдэн цагаан гэр цайлалзах, морин зэрэглээ жирэлзэх энэ болгон тал нутгийн дотоод хэмнэл, гүн бодлогшрол, сэтгэлийн долгисол юм. Талын таван уулсаас, Дөхмийн Бор-Овоо хүртэл, Дэнжийн Хэмнэгтээс Баавхайг говь хүртэл, Хонгорын ухаагаас Бударын чулуу хүртэл малын билчээрийн аяс дагаж эргэх дөрвөн цагийн хүрдийг эргүүлэн нүүж явсан малчны үр сад билээ, би.

Долоон бурханы сүүн цацалтай тэнгэр доор Хүн таван одтой цуг нүүж явлаа, гэж бодох нь хүртэл сайхан юмаа. Айлын хаяа бараадсан хэдэн хөх тогоруутай ижилсэж, дэрсэнд салхин шанздахыг сонсож, тэнгэр эрхисээс ямархан нэг далдын хүч эзэмдэн оршихыг мэдрэх юутай сайхан билээ. Нүүдэл хөтлөх нь залхуутай мэт, аян нүүдлийн зам ужиг урт мэт боловч уртын дуутай, уртын бодолтой болгохын дэг сургууль мэт санагднам.

 Тал нутаг бол энгийн юм бүхэндээ, үл үзэгдэх болгондоо гоо сайхнаа нууцалж хүмүүн болон адгуусын амьдрахуйн шалгуурыг сорьдог өнө эртний буурал ертөнц авай. Талд төрж, талын хүн болохын шалгуурыг туулж, үл анзаарагдах болгоноос яруу сайхныг олж үзэхийн аян нүүдэл намайг яруу найрагч болгосон буй заа.

Он цагийн уртад өөрийн бүрэлдэн буй болсон дотоод ертөнц, зан чанарынхаа талстыг нутгийнхаа өвгөдөөс олж үздэг юм. Тэд нар Торой бандийн тухай, нутгийн их дуучин Инжээноровын Жаахан шарга хүлгийн тухай, Дарьгангын домогт хүлэг морьдын тухай хуучилдаг сан.

Хууч яриа өндөрлөхийн хирд аавын хуур хүнгэнэж, ээжийн нэрмэлд улаан зээрд болсон өвгөчүүл “Жаахан шаргын шогшоонд нь” хэмээн дуулцгааж, дуундаа бас уярцгаана. Өвгөчүүлийн хуучлахыг сонсох нь хөдөөгийн хүүхэд биднүүсийн хувьд одоогийн олон ангит кино үзэх шиг амттай байжээ.

Талд очсон хүмүүний сэтгэл уужирч, өчүүхэн зуурын хов жив атаа жөтөө хэдийн нисэн одоод гагцхүү энэ их уудам орон зайд хүмүүн бие биетэйгээ хийгээд ан гөрөөс адгуус амьтантай эвсэн зохицож амьдрахын ухааныг бясалгаж, тал мэт налайж эхлэнэ. Тал нутаг дахь өөрийнх нь амьдрахуйн яруу сайханд уусваас эртний их өвгийнхөө оюун сэтгэлийн өв соёлын дархлааг Онгон нутаг шигээ онголон хадгалах юу магад вэ?

Долоо

ДИВААЖИН БА АЛТАН ХАРААЦАЙ

Хөх талын зэрэглээ тэнгэрийн балгад гэлтэй
Хөөрхий миний дээдэс энэ л диваажинд мөнхөрсөн юм.
Аглаг талынхаа дээсэн дээр хэдэн алтан хараацай л
Аавын минь оронд намайг угтаж айсуй.
Өтгөн хөх манан тэнгэрийн хэц дээр хөндөлсөхөд
Өнөөх алтан хараацайнууд л жигүүрээрээ хайчилж замчилбай.

2007.5.2.
Өдрийн сонины "Эх орон сумаас эхлэнэ" буланд нийтлэгдсэн.

TOP