Үзэл бодол

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

Дэлхий ээж тандаа би хайртай

Монголын хээр талаас бичсэн захидал №1

Өнөөдөр, Монголчуудын уламжлалт цаг тооллоор хаврын сүүл сарын 15. Монголын хээр тал юу нэгнийг бодлогширно. Умар зүгт шингэх наран, дорно зүгт тэргэл саран. Сар бүрийн 15-нд ийнхүү хээр талд наран саран талын хоёр хязгаараас бие биесийг ширтэн хардаг бөгөөд тэг дунд нь талын нүүдэлчин айлын гэр байдаг юм. Би яг одоо тэнд байна. Ертөнцийн төв мэт. Шингэж буй наран зүгээс нэгэн морьтон дуу аялаад давхиж айсуй. Ургаж буй саран зүгээс тэмээн хөсөг айсуй. Үхэр мал хотолжээ. Удалгүй одод түгэж шөнийн анир гүм тэнгэр доор айл гэрт үлгэр, уртын дуу, морин хуурын аялгуу дуурсана. Уудам хээр талын тэнгэрт саран авхай үй олон одон-охидоо дагуулан умар зүг нүүж явна.

Нисч яваа шувууны нүдээр үзэх аваас цэнхэр туяатай нүд алдам талын уудамд хааяа нэг од газарт буусан мэт үзэгдэх нь айл гэрийн тоонын гэрэл болой. Хээр талын нүүдэлчид мал сүргийн бэлчээр, өвс усны шим сорыг дагаж ийн хол хол нутаглана. Их хотын бужигнасан амьдралдаа идээшсэн хүний нүдээр харах юм бол даанч уйтгартай. Нүүдэлчний амьдрал уйдашгүй. Мянга мянган жил нүүдэллэж, үлгэр туульсаа зохиож, уул устайгаа хүүрнэж, од сарны зурхай зурж, судар номоо бичиж, уртын дуугаа дуулж, морин хуурынхаа аялгуугаар байгаль дэлхий адуу малтайгаа ойлголцож, хайрлан дурлаж, үр хүүхдээ өсгөж, хүлэг морио уралдуулж, хурим найраа дэглэж, айраг цагаагаа сөгнөж... өчүүхэн ч чөлөө завгүй.

Их хотуудад олон өнгийн гэрэл солонгорч, хурдан галт тэргүүд дээгүүр доогуур давхилдан, электрон хөгжим нүргэлэн, үй олон залуус дуулж бүжиглэн, шилэн хундага жингэнэлдэж байхад талын нүүдэлчид хүлгийн дэл дээр дарцаглаж, морин хуураараа ингэн тэмээ уйлуулж, хээр талдаа чимээгүйхэн нүүдэллэнэ.

Дайн самуун болж, газар дэлхий сэгсэрч, өндөр байшингууд нурж, далайн шуурга оволзож усан хуй эрчилж, өндөр хүчдэлийн шон ойчиж, зам тээвэр зогсож, зурагтын дэлгэц тэр бүхнийг дэлхий даяар өрсөлдөн үзүүлж байхад нүүдэлчид тэмээн хөсгөндөө гэрээ эвхэж ачаалаад нүүж л явна. Мянга мянган жилийн салхи шуурга, үер бороо, тэсгим хүйтэн, аагим халууныг нүүдэлчний бяцхан гэр туулан, нүүсээр л авай. Шинэ нутаг дээр буугаад газар хөндөлгүй ханаа шийрлэж гэрээ дугуйлаад шороогоор нь зуухаа барина. Тэд мод бутыг хайрлаж, малынхаа аргалыг түлнэ. Үнээнийхээ зэл, морины уяаны шон, гадас мэтийг газарт зоох боловч нүүхдээ сугалж аваад нүхэнд нь ургамалын үр хийгээд шороо дүүргэж эдгээнэ. Гэрийн буурин дээр үлдэх шавар зуухаа нурааж газартай нь тэгшилж орхино. Айл нүүснээс хойш удалгүй хуучин нутаг онгож эдгээд, хээр талын өвс халиурна. Хээр тал ингэж мянга мянган жил онгон зэрлэгээрээ үлджээ.

Эгэл борог нүүдэлчний энэ л ахуй амьдрал дунд аян нүүдлийн уртад уртын дуу төрж бүтэн, өвгөдийн зөн мөрөөдлийн шастирыг их хөлгөн туульсаараа товчоолон сар жилээр аялгуулан хайлна.

Дэлхийнхээ баялагийг ухаж онгочиж хоослоод, түүгээр буй болгосон хөгжил дэвшил хэмээх хэт тансаг хэрэглээний хотжин төвлөрсөн ахуй, дэлхийгээ хайрлан хямгадаж дээрх баярлагийг нь гамнан аж төрж буй нүүдэлчин ахуй хоёрын зааг дээр бидний эх болсон газар дэлхийнхээ хувь заяаны тухай эмзэглэн шаналсан зүрхээ дарж зогсоно.

Тэнгэр бол бидний эцэг, дэлхий бол бид бүхний ээж нь юм хэмээн Монголчууд үзнэ. Уул толгод ус булаг, өвс ургамал, хад чулууг бүгдийг амьтай сүнстэй, оюун ухаантай хэмээн хүнчилэн харьцдаг билээ.

Чухам ингэж үзвээс, хүн төрөлхтөн өндрийн гарвал язгуур луу, төрүүлсэн ээж рүүгээ хийх нийтийн аян дайнд хөдөлсөн биш үү?

Хүн төрөлхтөний нүүдэлчдийн соёл иргэншлийн сүүлчийн үнэт зүйлсийг тээж яваа нүүдэлчин малчдын бэлчээр нутаг руу уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лиценз авсан баян компаниуд сүлжилдэн давхилдах боллоо. Өвс халиурч, зээр жирэлзэн гүйсэн тэр уудам хээр тал нутгийн хөрсөн доор алт, нүүрс, уран, нефть байгаа юмаа. Газрын гүнээс үлэмж их баялаг ухаж олборлоод тал нутагт гоёмсог хот байгуулж, нүүдэлч малчдын “хоцрогдсон” гэх ахуйг өөд нь татаад амьдралыг нь сайхан болгох тухай “үлгэр” ярьж явна. Их мөнгөтэй тэрхүү дэлхийн баян компаниудад лиценцийг олгож найр тавиад ашгаас нь хүртэхийг санаархагч монгол төрийн эрхэнд гарсан олигархиуд “хоцрогдсон” гэх бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйн тогтолцоог халж оронд нь атомын станцаар тэжээгдэх аж ахуй болгон өөрчлөх тухай бас нэгэн “үлгэр” зохиогоод ярьж явна. Чернибылд юу боллоо? Өнгөрсөн жил Японд юу боллоо? Дэлхийн бөөрний дэлэмхэн хэсэгт торж үлдсэн монгол нүүдэлчдийн ахуйгаа бэлчээр нутагтайгаа хадгалан үлдэхийн төлөө тэсч зогсох хэрэгтэй болоод байна.

Яг одоо шөнө дунд болж байна. Малчны жижигхэн гэрт аргалын гал дүрэлзэж, нарны зайгаар цэнэглэгдсэн цахилгаан үүсгүүрт компьютерээ залгаад бид дэлхийтэй холбогдож байна.

Монголын хээр талд нар болон салхи хэмээх хэзээ ч үл шавхагдах эрчим хүчний эх булагтай билээ, бид. Ураан хэмээх дэлхийн баялаг гүндээ байж байг. Тэр чинь эх дэлхийнхээ хэвлийн дулааны тэнцвэрийг барьдаг юм биш үү? Жаахан дэлхийдээ тэрхүү дотоод эрчим нь хэрэгтэй, тэгээд ч тэр шавхагдашгүй биш ээ. Алт эрдэнэс нь ч дэлхийдээ хэрэгтэй. Тэр шавхагдах дөхөж байна.!

Эх болсон газар дэлхийгээ өөрсдийн амар хялбар, баян тансаг амьдралын золиос болгох ёсгүй. Хүн төрлөхтөөн! Дэлхий ээждээ хайрын үгээ илгээж хүчирхийллээр бус, хайраар өлгийдөн өмгөөлье!. Дэлхий ээжээ хайраараа тэвэрцгээе!

Үг шиг хүчтэй нь юусан билээ? Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №2  

“Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил уйлдаг” гэх Монголчуудын эртний үг бий. Байгаль дэлхийн мод чулуу бүх юм зохистой байрандаа байх ёстойг энэ үг байнга сануулдаг. Чулуу уйлдаг ажгуу. Чулуу бээр амьтай, зүрх сэтгэлтэй, оюун ухаантай. Тэгвэл өвс ургамал, мод бут бүгд амьд байгаль. Тэр бүхнийг агуулагч уул ус, хээр тал бүгдээрээ тус тусын амьд ертөнц бөгөөд тэр бүгдээс цогцлох, дэлхийн бөмбөрцөг бол нэгэн цул амьд амьтан билээ. Дэлхийн дотоод эрчим хүч буюу хэвлийн гүнээс тэжээгдэн гарах гол мөрөн горхи булаг түүний судас нь бөгөөд, бөмбөрцөгт өөрийн амьсгалах уушиг, цохилох зүрх, тэр ч бүү хэл баярлах гомдох сэтгэл, сэтгэх уураг тархи буй.

Байгаль, уул ус газар шороогоо хайрлан энэрэх бүрий дэлхий ээж баярлаж зөөлөн хур бороо, үзэсгэлэнт солонго, өнгө өнгийн цэцэг навчаа дэлгэрүүлж баясан талархана. Газар шороогоо ухаж, хад чулууг нь ховхлон онгочиж, мод ургамалыг нь устган, ан гөрөөс, амьтадыг нь алж хядах бүрий хилэгнэн уурсаж газар хөдлөлт, далайн шуурга, үер, цөлжилт хэмээх элдэв хувиралуудаар гомдол бухимдалаа илэрхийлнэ.

Говийн нүүдэлчин яруу найрагч Данзанравжаа бээр тал хээр, говь нутагийнхаа шинж байдлыг дотоод мэлмий, чанадын билгүүн сансартаа үзээд хөрсөн гүндээ асар их алт эрдэнэсийн эрчимт шинжийг агуулсан газрын хүйсийг олж Хамарын хийд, Дэмчигийн хийд хэмээх Буддын соёл гэгээрэл ариусал бясалгалын төвөө байгуулсан нь өнөөдөр манай дэлхийн их эрчимийн хүрдэн хуйлрал бүхий газар нутаг болох ажээ.

Газар нутгийн хэвлийд нь хадгалагдах алт эрдэнэс, эрдэс баялагийн охь шим нь хөрс ус, ургамал унд, малын сүү шимээр дамжин улмаар хүний биед шимэгдэн бие бялдар оюун санааг нь асар их эрчимт эерэг долгионоор цэнэглэдэг болохыг нүүдэлчид нэн эртнээс танин мэдсэн байх юм. Дээр нь ургах өвс ургамалын шинжээр, газрын тогтоцын дүр төрх зэргээр доор нь ямар эрдэнэ буйг нүүдэлч малчид шинжин мэдэх боловч түүнээ хэнд ч үл заан, зөвхөн Оюут, Эрдэнэт, Төмөрт гэх мэтээр нэршүүлэн кодолж үеийн үед хадгалах бөгөөд уул толгод, мод бут, ус булаг бүхэн хий бод эзэнтэй, тэрхүү эзэн савдаг нартай найрсан, үг хэл, сэтгэл санаа, үйл хөдлөлөө ойлголцож, зохицож амьдрах ёстой, эс тэгвээс лус савдагийн хорлол болно хэмээн үзнэ.

Нүүдэлчид өндөрлөг газраа овоо босгож, тэрхүү овоондоо магтаал дуу зохиож, шившлэг үг хэлж, идээ цагааныхаа дээжийг өргөж амьд хүмүүн мэт оюун сүнс оршооно. Мянга мянга, зуу зуун жилээр хүмүүний оюуны эрчим шингэсэн уул овоо, хад чулуу амь сүнсээрээ хүмүүний үйлдлийн хариуг барин тахилга залбиралаа өргөвөөс үүл бороог дуудаж, ус булгаа тунгалагшуулан ундрааж, ургамал цэцэгсээ дэлгэрүүлнэ. Байгаль дэлхийтэйгээ ийнхүү хэл амаа ололцож, үр шимийг нь хүртэж, малаа маллаж, түүхээ бичиж, дуугаа зохиож тал нутагтаа нүүдэллэсээр мянга мянган жил урсан өнгөрчээ.

Тэр хооронд хот тосгод бий болж, үгүй болж, онгоц машин, ган цамхаг, цэнэгт пуужинг бүтээж, газрын хэвлийн тосыг юүлж, дэлхийн гүнээс ураан хэмээх эрчим хүчийг гарган авч цөмийн тэсрэх бөмбөг үйлдвэрлэж атомын цахилгаан станцуудыг олноор нь байгуулан заримыг нь далайд дэлбэлэн туршиж, зарим нь газар хөдлөлтийн хүчийг тэсэлгүй дэлбэрч хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирахын хамт гай гамшиг дагуулсаар л байна.

Хүн төрөлхтөн тансаг ганган орд харш, гоёмсог хурдан унаа техник хүлэглэж, үнэт алт алмааз эрдэнээр гангарч, байгаль дэлхийгээ дүрс бичлэгээр харж, хоорондоо зүрх сэтгэлээрээ бус, электрон дамжуулагчаар харилцан байгаллаг төрөлх чанараасаа тасарсан ийм амьдрал руу улам бүр эрчлэн тэмүүлж байна.

Цөөхөн тооны нүүдэлчид л монголын хээр тал, хахир говьд дэлхийн хурдаас хоцрон алслагдаж газар шороогоо шүтэж, нутаг усаа хайрлаж хүмүүний гарвал язгуураа хадгалан нүүдэллэн аж төрсөөр байна.

Алслан холдсоор буй суурин иргэншил, дөнгөн данган тэсэж оршсоор буй нүүдэлчин иргэншил хоёрын зааг улам холдсоор боловч нэг л нар сарны доор нэг л бөмбөрцөг дээр оршиж он цагийн нэг л уртагийн мөчлөгт галактикийнхаа хамт нүүж явна.

Хүн төрлөхтөөн! Цөмийн эрчим хүчнээс татгалзъя! Байгаль дэлхийдээ халгүй, үл шавхагдах салхи ба нарны эрчим хүчийг амьдрал ахуйн хэрэглээ болгоё.

Хүмүүс ээ! Дэлхий ээжээ хайраараа тэвэрч түүнд нүүрлээд буй аюул гамшигаас аварцгаая! Хүн бүр дэлхий ээждээ энэрэл хайрын эрчимлэг тарни илгээцгээе!

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №3 

“Гол ус хүмүүний зүрхэн дундуур урсдаг” Монголчууд ийн хэлэх дуртай. Хүмүүн бол газар шороо уул усны нэгэн хэлтэрхий нь бөгөөд дэлхийгээс ундрах ус булгаа эхийн сүү мэт шимэж, нэгэн насыг элээгээд буцаж газар шороондоо шингэнэ.

Нүүдэлчин монголчууд ус булаг, нуур цөөрөм гол мөрөн бүхэн эзэнтэй хэмээн үзнэ. Эгэл нүднээ үл үзэгдэх хий бод тэр амьтадыг лус хэмээн нэрлэж түүнтэй ойлголцон зохицож амьдрахыг эрхэм болгоно. Ус булагт сүү, цус, хир үл халдаахыг хичээж, гол усыг бохирдуулбаас лусын хорлол хэмээх өвчин зовлон ээрдэг хэмээн итгэнэ. Тал хээр нутагт гол мөрөн ховортойн эрхээр нутаг олноороо газар дэлхийгээ аргадаж, газар лусын эздэд аргагүйн эрхэнд хөндөж буйгаа учирлан худаг ухаж хүн малаа ундаална. Тиймээс ч бид нар “ус бол чандмана эрдэнэ” хэмээн хэлэх дуртай.

Өнөөдөр ус булаг, нуур цөөрөм бохирдож, улмаар эх ундрага нь татран ширгэсээр байна. Сүүлийн арав гаруй жил алтанд шунагсад хаа сайгүй цооног ухаж хүдрийг гаргаад ус булагийн цэнгэг усыг бохирдуулан алт угааж, газар дэлхийгээ шарх сорви болгож хүн малыг хордуулсаар байна. Монгол орны эдийн засаг нийгмийн шилжилтийн хүнд бэрх цаг үеийг овжиноор ашиглагсад биднийг “алтан дээр сандайлсан гуйлагчид” хэмээн хочлоод алтыг чинь аваад баяжуулаад өгье гэж хошгоруулсаар боловч төр засгийн эрх мэдэлтэн цөөхөн хүн, тэдний түнш гадаадын компаниудын хэдхэн эзэд улсаас минь баян болсон боловч ард түмний амьдрал сайжирсангүй, харин үлэмж хэсэг нь улам ядуурсаар байна. Ийнхүү алтыг нь ухаад, гол усыг нь бохирдуулаад оронд нь эмгэг өвчин орхиод тэд алга болно.

Зөвхөн 2007 оны гол усны тооллогоор Монголд байсан 18610 гол, нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 нь ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байна. Дээрх тоо одоо ч нэмэгдсээр байна. Монголчуудын түүхийн хэдэн мянган жилийг тольдон урссан Хойт мөсөн далайн цутгал болох Орхон голын сав газар алт олборлож буй компаниуд алт угаасан усаа Орхон гол руу юүлж бохирдуулсан нь эдүгээ болор тунгалаг Орхон улаан хоормог болон урсаж эхэллээ. Энэхүү мянган жилдээ нөхөгдөшгүй гамшигийг таригчид нь бизнесийн нэгэн эрх ашгаар төр засгийн нөлөө бүхий хүмүүстэй аалзны тор мэт холбогдсон учраас тэд ямар ч ял зэмгүй, завшаад л явж байна.

Монголд гол усаа авран хамгаалах хөдөлгөөнүүд олноороо байгуулагдан тэмцэж байгаа ч авилгалд идэгдсэн төр засгийн олигархиудын өмнө хүчин мөхөсдөж байна. Тэднийг дийлэх хүч гагцхан л байна, тэр бол үйлийн үр. Эмгэнэн гашуудаж, энэлэн зовж буй энэ олон ус булаг, гол усны эзэн лус нар нэг л өдөр хилигнэн босохыг хэн мэдэх вэ? Өнгөрсөн онд Японд болсон цунами, аймшигт газар хөдлөлт, атомын цахилгаан станцын осол бол хүн төрөлхтөнд өгч буй Дэлхий ээжийн томоохон сануулга байхаа! Цөмийн эрчим хүчийг хадгалагч сав хичнээн бат бөх гэх боловч байгалийн хүчин зүйлийн өмнө ямар өчүүхэн юм бэ? Номхон далайн халим загасыг ангуучлан ихэс дээдсийн тансаглах ширээний нэгэн оройн зоог болгоод маргааш нь жорлонгийн тосгуураар хог шавхруу болгон хаях мэтийн технологийг үй олноор нь буй болгох боловч, хилигнэсэн далайн уурсан оволзох хүчит давалгааны дэргэд хүний бүтээл өчүүхэн болохыг дэлхий даяаараа бид харлаа шүү дээ. Далайн тэрхүү аймшигт түрхрэлтийг орчин үеийн шинжлэх ухаан технологийг тэргүүлэн буй Япон орны цаг агаар тандах багаж хэдхэн минутын өмнө мэдсэн байхад нүүдэлчдийн ажиглалтаар арван хэдэн хоногийн өмнөөс дохиогоо өгсөн юм билээ!

Нүүдэлч малчид шувууны нисэлт, зээр гөрөөсний гүйдэл, адуу малын аяг, од сарны байршил дохиог ажиглаад ирэх өдрүүдэд, угтах саруудад, эсэргэн жилд байгаль цаг агаарын ааш араншин, хөдөлгөөнийг мэдэж тооцоолно. Үүлний өнгө тас хар болох буюу наран шингэн мандахын үед галт бөмбөлөг мэт гэрлэн бөөгнөрөл үүсэх, салхи чоно мэт хуугин улих, газраас хүхэрлэг үнэр гарах, ус булингартан эргэлдэх, нохой гаслан гангинах зэрэг үзэгдэлүүд нь газар хөдлөх, дэлхий шилгээхийн ёр хэмээн үзээд зээр гөрөөс үхэр малын нутаг сэлгэх хөдөлгөөнийг ажиглан нүүдэллэнэ.

Байгалийн амьд ус бол тухайн газар нутаг хийгээд тэндэхийн газрын хэвлий дэх эрдэс баялаг, тэр нутагт амьдрагч хүмүүний оюун санааны бүхий л мэдээллийг хадгалж байдаг бөгөөд “унасан газар, угаасан ус” хэмээн монголчуудын хэлдэг нь түүнтэй холбоотой. “Эх нутаг”, “эх орон” хэмээх хэллэг нь зөвхөн утга зохиол, яруу найраг дахь хайр бахархалыг илэрхийлэгч үг төдий бус ажээ. Төрсөн нутгийнх нь ус булгийн бүтэц нь тухайн хүний биологийн бүтэцтэй ижил байдаг болохыг шинжлэх ухаан саяхан нотолжээ. Эхийнхээ хэвлийд байхад нь харьд худалдсан унага нутагтаа гүйж ирсэн тохиолдол нэг бус бий. Энэ нь амьд амьтан ус нутаг хоёрын шүтэлцээтэй таталцалын хүч ажгуу. Монгол нүүдэлчдийн эх нутгаа гэх дотоод хүч нь чухам үүгээр тайлбарлагдана.

Гол ус өөрийн хөвөө эрэг даган юу болж буйг мандал, долгио, дусал болгондоо тольдохын хамт ой санамжиндаа хадгалан сайн муугаар нь дэнслэн, нэг л өдөр хариугаа барьдаг хэмээнэ.

Хүмүүс ээ! Манай дэлхийн бөмбөрцөгийн өчүүхэн аглаг чөлөөнд торж үлдээд байгаллаг зөн билиг, уламжлалт ахуй, онгон зэрлэг байгалиа цэвэр тунгалагаар нь хадгалан буй энэ цөөхөн нүүдэлчдийг унаган хээр талтай нь хэрхэн аварч хамгаалах вэ?

Дэлхий ээждээ илгээх үгийг минь давтан хэлж эрчимжүүлэхийг гуйж байна.

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №4

 “Нисч яваа шувууны нулимс дуссан газарт гурван жил ган болдог” хэмээх нь бий. Нуур усаа эрэн бэдэж яваа шувууны нислэгээр газар нутгаа эргэж, тэдний өндрөөс харах аваас саяын үг зүрх сэтгэлд хадаас мэт хатган орох болой. Тиймээ нүүдлийн шувуудад нутаг сэлгэн буудлаллах ус гол цөөрсөөр л байна. Цөөн зарим нь бохирдолтой. Сүүлийн жилүүдэд цэвэр агаар, цэнгэг усны энэ амьтадаас “шувууны ханиад” хэмээх нэгэн өвчин илэрч, энд тэнд үй олноороо сүрэглэн үхэж, хүнд халдан шувуу хүн хоёр ойртон дотносох бус цэрвэн холдох айдас хүйдэс бий болвой. Магадгүй, агаар мандал, гол усны бохирдолоос үүдэлтэй байхаа.

Монгол орон нийгмийн шилжилтийн жилүүдэд ан амьтнаа хамгийн их алж устгасан орны тоонд орж магадгүй. Хойд хөрш Орос улсад тарваганы арьс моодонд оронгуут “газрын шар тос” хэмээх тарвагыг үй олноор нь хядаж, түүний арьсыг хил гаалийн сиймхийгээр, зарим нь тэдэнтэй хуйвалдаж гаргаж барав. Өмнөд хөрш болох Хятад орон руу бугын ясан болон цусан эвэр ил далд одов. Бугын чив засаа, согооны сүүл, савыг эр эм хүний дур тачаалын эрхтэнг сайжруулдаг хэмээн өдий төдийгөөр нь гадагш зөөв. Монголд буга устлаа.

Сүүлийн жилүүдэд шинэ цагийн баячууд буй болж халиу булга, ирвэс чонын арьсаар гангарцгааж байна. Тэд хавар болонгуут гөрөөсний цус ууна хэмээн хурдан буу онилж гараад бор гөрөөсийг буудаж гэдсийг нь хүүлээд зэрлэг махчид мэт түүхий элгийг нь идэж халуун цусыг нь аяганд хийгээд ус мэт залгицгаана. Биеийн чалх тамирт сайн юм гэнээ. Би л болж байвал, байгаль дэлхий сүйдэх ч тэдэнд яамай юм гэнэ.

Хурдан буу, хурц дурангаар зэвсэглэсэн сайд дарга, их хурлын гишүүд, шинэ цагийн баячууд “үерхэлээ” бататгаж, үгсэх аргаа эрэлхийлж “хийморь сэргээнэ” хэмээн талын цагаан чонын эсрэг аян дайн зарлалаа. Саяхан Улсын их хурлын гишүүн нэг эрхэм 270 чоно агнаж “баатарлаг гавъяа” байгуулж гэнээ?! Өмнөд хөршид чоно моодонд орж дарга сайд нартаа бүтэн чоноор бэлэг барих, чонын хоолой, ходоод, элэг гээд бүхий л эрхтнийг нь ийм тийм юманд сайн хэмээн хээр тал нутагт чоно алах хөдөлгөөнийг улам идэвхижүүлэв. Чухам энэ нь улс төрийн бодлого уу? увайгүй тэнэгүүдийн хийрхэл үү? Энэ бол зөвхөн Монголын жишээ. Энэтхэгт заан, Америкт зэрлэг үхэр, Африкт    ороонго, Авсралид имж, Японд халим загас ангуучдын өгөөшинд орж цөөрсөөр л байна.

Амьтныг хань нөхрөө болгож гэршүүлэн дасгасан эрт баларын үеэ эргэн дурсая. Энэтхэгт Ашока хааны үед зэрлэг амьтдад зориулсан эмнэлэг сувилалын газар байгуулж, олон улс оронд ховор ан амьтадыг агнахыг цаазлан хориглож байгалийн тэнцвэрт зохист харилцааг алдагдуулахгүй байхыг эрт үеэс хичээж байсныг эргэн санаж, сэрье. Нэгэн домогт, Будда бээр шавь нарын хамтаар Жимсэглэн нэрт ууланд явж байгаад луут таяг тулж, олон араатан амьтан гөрөөс шувуу дагуулсан урт цагаан сахалт өндөр настай өвгөнтэй тааралдаж, холч ухаан билгийг нь таньж мэдээд түүнийг дээдлэн шүтэж явахыг шавь нартаа зарлиг болгосон тухай үгүүлдэг. Одоо Монголын Бурхан шашны сүм хийдийн газар хааяа байх “Цагаан өвгөн” хэмээх эл шүтээн нь хүн хийгээд адгуус амьтад дэлхий ээжийн хишиг шимийг хүртэж найрсан зохицож орших ёстойг байнга сануулан байх бөлгөө.

Монголын мифүүдэд эртний овогууд чоно, хун зэрэг зэрлэг амьтадаас үүсэлтэй хэмээн тотем болгон шүтдэг тухай үгүүлнэ. Нэгэн домогт Хүннүгийн хаан гүнжээ тэнгэрийн хөвгүүн ирж авна хэмээн итгэж эзгүй ууланд өндөр цамхагт суулгасан нь хүмүүн эс ирээд тэр нь чонотой гэрлэж нэгэн хүчирхэг овог аймгийг үүсгэсэн тухай үгүүлнэ. Бас нэгэн домогт хааны хөвгүүн хун гүнжтэй гэрлэж нэгэн овог аймгийг үүсгэсэн тухай үгүүлнэ. Язгуур домог бүхэнд нэгэн чухал санаа байгаа нь, хүмүүн хийгээд адгуус амьтас нэг л гарвалтай, хувь тавилан адил гэсэн агуулгатай. Хүмүүс араат техник, автомат зэвсэг эзэмшсэнийхээ давуугаар байгалийн амьтас руу зэрлэгээр дайран хөнөөж ид бахаа хангаж, золиос болгохын хамт, тэднийг гоён гоодох төдий зугаа цэнгэлийн хэрэгсэл болгох нь хирээс хэтэрчээ. Чухамхүү энэ өнцөгөөс харах юм бол хүмүүн зэрлэг адгуус байсан тэр л үе рүүгээ буцаж буй мэт.

Нисч яваа шувуудын нулимсыг газар шороон дээрээ бүү дусаая. Тэд амьд байгалийн эмгэнэлийг өндөрөөс хараад уйлж байна.

Хүмүүс ээ! Ан гөрөөсийг буудан хөнөөж зугаагаа гаргадаг аялал жуулчлалын бизнесээс татгалзъя. Үхэж тарчилж буй амьтны шаналал хилингийн энерги шингэсэн эвэр арьс таньд аз жаргал өгч байна гэж үү? Ганган чамин эрчүүд, гоо хатагтай нараа! Зэрлэг ан гөрөөсний арьс үсээр гангарч чамирхах хэрэглээнээс татгалзацгаая.

Эх дэлхийн хүүхдүүд болох амьтадыг өршөөн нигүүлсье! Хайр энэрэлийн үгээ тарни болгон илгээцгээе. Хүмүүс ээ!

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №5 

“Алт хүмүүний ертөнцөд үнэтэй, гэвч газар дэлхийдээ илүү хэрэгтэй” хэмээн нүүдэлчид үздэг. Хүмүүн алтыг нэн эрт үеэс таньж, түүний эрчимлэг шидэт чанарыг бие сэтгэлдээ ээнэгшүүлэн эдэлсэн билээ. Алт бол хүний биед маш хэрэгтэй, гэхдээ маш багаар. Хүмүүний буян заяаны хир хэмжээг алт дэнслэх тул илүүг эдэлж үл болно.

Хүмүүний бие цогцос дотор өөрийн хир хэмжээний алт оролцсон буй хэмээнэ. Мөн алт төдийгүй бусад үнэт ховор эрдэнэс мөнгө, зэс, очир алмаас зэрэг эрдэнийн чулуулаг ч хүний биед хумхийн тоосны чинээ хэм хэмжээгээрээ буй. Тэр нь газрын хэвлийд байх ижил төрлийн үнэт эрдэнэс баялагтай нарийн шижмээр холбогдох бөгөөд од эрхисээс эрхшээх эрчим, дэлхий ба одон гаригийн хооронд солбицохдоо хүмүүний эрдэнэт биеэр бас дамжина. Яагаад гэвэл тэр эрчимлэг долгион ижил чанартайгаа таталцах хамааралтай.

Алт газар шороог тогтоон баригчийн үүрэгтэй бол, зэс нь дэлхийн дотоод эрчим, мэдээллийн тэнцвэрийг дамжуулагч, нүүрс, ураан, нефть нь дэлхийн халуун, гадаад гэрлийн эрчим хоёрыг газрын хэвлийд зохицуулан хадгалагч юм гэдэг билээ. Очир алмааз тэргүүтэн эрдэнийн чулууд од эрхисийн орчил хөдөлгөөн дэх дэлхийн тэнцвэрийг баригч юм гэсэн шүү!

Энэтхэг дорно дахинд эрт үеэс оюунт мэргэдээ галд оршуулан чандарлаж түүнээс ринсэл буюу эрдэнэлэг чулуу мэт зүйл ялгаран гардаг байсан бөгөөд хожмоо Буддагийн ринсэл хэмээх солонголог чулуулагийг эртний суварганаас гаргаж авсаныг эдүгээ Бурхан багшийн чандар хэмээн онцгой хамгаалалтанд нандигнан хадгалдаг билээ. Газар доороо алт эрдэнэс хэдий чинээ их агуулж сансарын оюунлаг эрчимтэй хэдий чинээ их холбогдсон байнав, хүмүүний сэтгэл оюуны баялаг төдий чинээ эрдэнэлэг байх энгийн логикоор ч ойлгож болно. Өөрөөр хэлбэл, газрын доорхи баялаг нь газрын дээрх эзэн хүмүүнийхээ эрдэм оюуны баялагтай шууд хамааралтай байгалийн заяаных нь ариун сүм юм.

Нүүдэлчин монголчууд өөрсдийн хурц тод авъяас билиг, дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, самбаа зоригийг эх орны газар шороон доор хуримтлагдсан эрдэс баялагтай холбоотой хэмээн ойлгодог билээ. Тиймээс ч монголчууд шүтээн бурханыхаа дотоод орон зайд газар шороо, өвс ургамал, хутагт гэгээнтэнүүдийн адис шингээсэн зүйлийг судар номынхоо хамт оршоогоод мэлмийд нь алт өргөж нээгээд амилуулж эрхэмлэн тахидаг. Алт эрдэнэсийн эрчимлэг долгионоор бурхад ба хүмүүсийн хоорондын холбоосыг нөхцөлдүүлж буй хэрэг юм. Алт эрдэнэсийг хэмжээнээс хэтрүүлэн эдлэхийг цээрлэж өөрийн бие дэх эрдэнэлэг чанараас илүүтэйг үл эдлэх ёстой ажээ.

Гэтэл өнөөдрийн хүмүүс, газар доор байвал зохистой бүхий л алт эрдэнэс баялагаа ухаж гаргаад, түүнийгээ ашиг хонжоо арилжааны зэвсэг богон дэлхий ээжийнхээ хэвлийг хоослон цөлмөж буй нь хүн төрөлхтний гэмт хэрэг мөн.

Алт хүнд хэрэгтэй боловч газрын эрчим хүчийг баригч бат бөхийг тогтоон баригч, гүний усыг ариутган цэнэгшүүлэгч, сансарын эрчим хүчний урсгалыг тэнцвэржүүлэгч гэх зэрэг маш олон хүчин зүйлээр дэлхийдээ илүү их хэрэгтэй ажээ.

Алт хэмээх үгээр төлөөлүүлэн хэлэгдэх газрын доорхи эрдэнэс баялаг, түүний хүдэр, чулуулгууд нь тус бүр өөр өөрийн онцлогтой давтамж бүхий долгионыг цацрааж өвс ургамал, цаг агаар, байгалийн үзэгдэл, тэрчилэн хүн амьтны ааш араншинд нөлөөлөх мэдээлэл-эрчим хүчний эх булгийг ундруулдаг байна.

Газар дэлхий дэх өвс ургамал, цэцэг навч, хорхой шавьж бүхэн бие биедээ харилцан шүтэлцээтэй хэмээн хэлдэг нэгэн малчин Өвгөн, тэр нэг намар талд царван хэмээх ургамал их ургасанд “үүнээс түүгээд хатаагаад хадгал, ирэх хавар хэрэгтэй” гэж билээ. Үнэхээр хавар нь хоолой барьсан ханиад дэлгэрч мөнөөх царвангаар дарсан юм. Бөөжөө хэмээх малчин өвгөн бээр “Ургамал чинь өөрөө хэрэгтэй гэдгээ зөгнөсөн нь тэр юм” хэмээн хожим нь тайлбарлаж байсныг би ер мартдаггүй юм. Урган төлжиж, арвижин дэлгэрэгч, үрт, үндэст мод ургамалыг тарьж ургуулах, эх дэлхийгээ ногоон ертөнц болгохын төлөө хүн төрөлхтөн нэгдэх ёстой билээ.

Хүмүүс ээ! Дэлхий ээжийнхээ хэвлийн эрдэнэс баялагийг цөлмөн буй нүглээ наманчилахтун! Үүний оронд эх дэлхийдээ ногоон ой төгөл, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бэлэглэе. Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.

Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №6 

“Ертөнц гэдэг чинь би өөрөө юмсанжээ” хэмээн XIX зууны яруу найрагч, соён гэгээрүүлэгч, хутагт Данзанравжаа бээр хэлжээ. Сансар хорвоогийн хязгааргүй орон зай дахь од эрхэсийн байрлалыг багасган нягтруулж үзвээс хүмүүний бүтэцтэй адил бөгөөд хүмүүнийг хязгааргүй орон зайд томсгон задалж харваас сансар хорвоо, од эрхисийн ертөнц гэмээр байдаг ажээ. Хүн бол сансарын багасгасан биет юм.

Одоо хээр талын тэнгэрт одод үй түм, сая живаа очир алмааз, бадмаараг, биндэръяан гэрэлт чулуун шилтгээнүүд мэт гялалзаж байна. Тал нутгийн шөнө бол үлгэр туульс, хүсэл мөрөөдлийн дундах диваажин юм. Хээр талын ийм л шөнөөр аян нүүдлийн урт замд одон ертөнцийн хөдөлгөөнийг ажиглах билгийн мэлмийгээ судар шастирын эрдэмтэй хослуулан байж төгс буянт зурхайн номоо туурвиад,

Огторгуйд оршигч одон гариг
Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлнө
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд

Оддын зурхайг бичвэй би хэмээн 300 гаруй жилийн өмнө шүлэглэсэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны ододын зурхайг нүүдэлчид өөрсдийн дөрвөн цагийн аян нүүдлийн ахуйд тусгахдаа нэг гарын дөрвөн хурууны 12 үен дээр эрхий хуруугаараа хулгана, үхэр бар, туулуй, луу, могой, морь, бич, тахиа, нохой, гахай хэмээн он цагийн мөчлөгийг үечилэн тооцоолж байгаль цаг агаарт зохицуулан аж ахуйгаа эрхэлсээр иржээ.

Од эрхисийн байрлал, түүний хөдөлгөөн, хүний бие махбод хийгээд амьдралын хэмнэл хоёр ертөнцийн нэгдмэл хууль тогтолцоо болохыг нүүдэлчид их л эрт үеэс мэддэг байжээ.

Монгол нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээгээр бол хүний оюун санаа буюу сүнс тэнгэрээс ирж, газар дэлхийгээс үр жимс мэт урган төрсөн биетэй нэгдэн хүмүүн хэмээх ертөнц буй болсон ажгуу. Эртний домогт үгүүлэхдээ: хүмүүн анх биеэсээ гэрэл цацрааж явдаг бөгөөд өөр өөрийн жимсний модтой, тэр нь үл дуусах бөгөөд юугаар ч үл дутан амьдарч байжээ. Гэтэл нэгэн хүмүүнд хачин санаа төрж өөр бусдын модны жимс илүү амттай мэт санагдаад байхаар нь хулгайлахаар шийдээд гэрлээ унтраасанд дахин гэрэлтсэнгүй. Ийнхүү муу үйл хийх бүрийд хүн унтарсаар хүн төрөлхтөний төрөлхийн гэрэл гэгээ нь үгүй болсон юмсанжээ.

Гэхдээ л хүмүүн байгаль дэлхийтэй ойлголцон шүтэлцэж зохицож амьдарсаар мянга мянган жил өнгөрч, сүүлдээ хүн төрөлхтөн улам хүчирхэгжин байгаль дэлхий бол бидний эх гэдгээ ор тас мартаад “байгаль бол бидний боол тул хүссэнээ авах ёстой” хэмээн эзлэн түрэмгийлэх эрин зуунууд залгасан юм. Эдүгээн эрин бол эх болсон газар дэлхийгээ цөлмөөд дуусч буй цаг үе юм. Нефть, нүүрс, уран, алт мөнгө, бүгд шавхагдан дуусах зүг рүүгээ явж байна. Цэнгэг ус ч дуусна. Ийнхүү өөрөө өөрийгөө мөхөөн хөнөөж дуусгах тийм цаг үеийн босгон дээр тулж иржээ!

Хүмүүн хэмээх эрдэнэлэг, эрчимлэг, сансарлаг тэрхүү ертөнц өнөөдөр мэдээлэл дүүргэгч уут сав мэт, өөрсдийн бүтээсэн компьютер мэт програмчлагдсан бэлгэ тэмдгийн төдий амьтан болох зүг рүүгээ маш хурдтай дүүлж явна! Хүмүүн төрөлхтөнд байгалиас заяасан бурханлаг чанарууд нь улам бүр үгүй болж, зохиомол программуудаар дүүрсээр байна.

Дэлхийгээ цөлмөн хоосолсоор хүн өөрийгөө бас хоослоод, дэлхийгээ хөнөөхийн дайралт нь хүн өөр лүүгээ довтолсон дайн байжээ.

Монголчуудын нэн эртний оюун сэтгэлд байгаад ой санамжаас социализмын үед арчигдан үгүй болсон тэнгэр, уул, ус байгаль дэлхийтэйгээ холбоотой бөөгийн сүнснүүд яг энэ цаг үед дахин сэрж хүмүүсийн ертөнц рүү үй олноороо бууж ирээд газар дэлхийгээ аврах сануулгыг байнга өгөх боллоо. Энэ бол онцгой сануулга байхаа.

Хүн төрөлхтөөн, эх дэлхийтэйгээ цуг сөнөх үү, дэлхий ээжээ авраад, өөрсдийгөө авч үлдэх үү? Элдэв сөргөлдөөн, хүчирхийлэл, хэрүүл тэмцэлээр бус, гагцхүү хайр л бүхнийг аврах шидэт хүч мөн. Дэлхий ээждээ хайрлахуйн шидэт үгсээ илгээцгээе.

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №7

Та нартайгаа нэгэн дууг хамтран сонсох гэсэн юм. Бас хамтран дуулах гэсэн юм. Энэ дуугаа хөгжмийн зохиолч Р.Энхбазар бид хоёр 1980 онд зохиосон юм. Тэр үед хүн төрөлхтөнийг хүйтэн дайны аюул, ялангуяа Америк, Зөвлөлт хоёр улсын хоорондын хурцадмал байдал түгшээж үзэл суртал хоёр талд хуваагдан “дайтаж” байлаа. Ийм үед бид эх дэлхийгээ авран хамгаалах ганц зам бол дайн хүчирхийлэл, харилцан хийх үзэл суртлын довтолгоон бус, дэлхий ээжээ хайрлахын учрыг хүн төрөлхтөнтэйгээ хуваалцах явдал гэж үзсэн юм. Монголд гуч гаруй жил дуулагдлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ дууны агуулга нь уул уурхайн хэт олзворлолт, хүний буруу үйл ажиллагаа хүсэл шуналаас үүдэн байгаль дэлхийд буй болсон гамшигаас эх дэлхийгээ аврах гэсэн Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн тэмцэлийн дуу болон дахин улам тод цуурайтах болсон нь санаандгүй явдал бус аа. Одоо уг дууны агуулга улам бүх дэлхий хийгээд хүн төрөлхтөний нийтлэг хувь заяаны илэрхийлэл мэт санагдах болжээ. Уг дууг дуучин Б.Бадарууганы дуулснаар, англи орчуулгын хамт сонсоё. Тэгээд цугтаа дуулцгаая.

Дэлхий ээж тандаа бид хайртай.

Эзэн бидний алтан хөмрөг
Энгүй тансаг байгальдаа хайртай
Эрин зууны наран дэнлүү
Эрдэнэт хүний бүтээлд хайртай

Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж танддаа би хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Түмэн үеийн баатарлаг туульс
Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оньсон хөлгөөр орон зайг ялсан
Оюун билигт хүмүүст хайртай

Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж танддаа би хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Оддын дундаас ижлээ хайсан
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хосгүй бүхнийг тэвэрч угтах
Хойч үеийнхний итгэлд хайртай 

Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж
Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж танддаа бид хайртай
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай

Давтан хэлэхийг, бас дахин дуулахыг хүсч байна. Энэ шидэт тарни бол:

Дэлхий ээж тандаа бид хайртай.
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Монголын хээр талаас бичсэн захидал №8

Бидэнд ирээдүйдээ итгэх итгэл, эх дэлхийгээ хайрлах хайр, хүн төрөлхтөний эрдэм оюун, зүрх сэтгэлийн агуу их эрчим хүч буй. Түүндээ бид найдаж, амар амгаланд тэмүүлцгээе! Одоо монголын хээр тал нутагт үүр цайж байна.

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛ

Хэрэвзээ чи, монголын хээр талыг ойлгоё гэвэл,
Хэний хүү, хэн болохоо нэг үзье гэвэл,
Нүд алдам хөх магнагийн ганц танан товч шиг
Нүүдэлчин айлын гадаа хөнгөн тэргээ сойчих.
Намхаан хээр морь чамд эмээллэчихнэ,
Номхоон, тэр морь сарын газрыг товчилно.

Торойх ч бараагүй дөрвөн зүг, найман зовхис
Тойрог татна. Тойргийн төв цэг нь чи өөрөө.
Орой дээр чинь хөх тэнгэр хөмрөглөнө.
Орчлон бөөрөнхий. Голч төв нь чи өөрөө.
Усан зэрэглээ жирэлзэнэ. Урлаагүй байтал хот балгад босно.
Унасан хүлэг үүрсэнэ. Хуурдаагүй атал хуур дуу үүснэ.

Морин эрдэнэ чинь жигүүртэй. Жигүүр нь уртын дуу.
Монголын хээр тал хэмжээтэй. Хэмжүүр нь уртын дуу.
Төдөлгүй чи өөрөө дуу зохиож эхэлнэ.
Төөрөхгүй ээ, чиний дуу. Хүн чулуу тогтоочихно.
Хөх талын нэгтэйгээс дуу чинь буцаад цуурайтвал,
Хөнгөн түүхийн эзэн – хүн чулуу дуулж байгаа нь тэр.

Хөхдэй мэргэн, үдшээр оддын сүргээ туусаар ирнэ.
Хөх ногоон дунд хөл тавьж айлсан буугаарай.
Алтан гадас одноос хүлэг морио аргамжчихаарай
Аглаг талын хойморт Долоон бурханаа залчихаарай
Шамбалын хаалга хаа нэгтэй нь онгорхой
Шастир түүхийн балархай ороод очвол тодорхой

Ташаанд чинь ган хэт. Хэтэвчинд нь уул өвс буй
Цахиур чулуу болгонд өвгөдийн манасан гал буй
Цахихад асна. Аргалын гал асаад л дүрэлзчихнэ.
Арьсан дашмагтай ус ганзаганд чинь буй. Аягандаа хийчих.
Улайссан чулуугаа хийчих. Идээгээ нэмчих.
Улаа бутарсан уураг цай. Алжаалаа тайлчих.

Нойрсмоор байвал, тохмоо дэвсчих. Эмээлээ дэрлэчих.
Ногоон талын энгээр хөлөө жийчих. Гараа алдалчих.
Ор чинь болно. Дорнын тал энгээрээ.
Хөнжил чинь болно. Одтой тэнгэр буйгаараа
Зүүрмэглэх зуурт л талын салхин үлгэр шивнэнэ.
Зүүд үнэн хоёрын ялгаа энд байхгүй ээ.

Анир гүмийн дунд хөх чоно улилдвал
Айх юун. Нүгэл бодоогүй нүднээс нүгэл айна.
Өнчирч төөрсөн Шаалуу хүүд хөхөө хөхүүлсэн
Өрөвчхөн эх бол, хөөрхий энэ чоно шүү дээ.
Ураг барилдаж, Хүннү гүнжтэй гэрлэсэн өвгө чоно бол
Уртын дууг уянгалуулсан эхлэл нь юм шүү дээ. 

Үлгэр жаргах шиг нойрсоод, үлгэр эхлэх шиг босоорой.
Үүрийн туяаг тохмон дороо дэвсэж морио эмээллээрэй
Тэнгэрийн цэнхэр хэц дээр өдрийнхөө зурхайг шинжээрэй
Тэртээ алс руу унасан хүлэг чинь урт янцгаана
Хүрэн бүргэд чамд газарчлахаар дүүлнэ
Хүрэх газрын чинь сураг одоо л нэг айсуй.

Монголын хээр тал юу нэгнийг хүлээх мэт бодлогоширно. Дорно зүгээс наран мандаж байна, умар зүгт хаврын сүүл сарын 16-ны тэргэл саран. Тэр дунд нь би байна. Ертөнцийн төв мэт.
Үг бол агуу их эрчим. Давтан хэлэх, бичих бүрийд тэр улам эрчимжин, агуу их шидэт хүч арвижин дэлгэрдэг жамтай бөлгөө.

Дахин дахин хэлэх үг тарни минь: Дэлхий ээж тандаа бид хайртай.

Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
TOP