Дэлхий ээж

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

ХЭЭР ТАЛААС БИЧСЭН ЗАХИДАЛУУД

Өнөөдөр, Монголчуудын уламжлалт цаг тооллоор хаврын сүүл сарын 15. Монголын хээр тал юу нэгнийг бодлогширно. Умар зүгт шингэх наран, дорно зүгт тэргэл саран. Сар бүрийн 15-нд ийнхүү хээр талд наран саран талын хоёр хязгаараас бие биесийг ширтэн хардаг бөгөөд тэг дунд нь талын нүүдэлчин айлын гэр байдаг юм. Би яг одоо тэнд байна. Ертөнцийн төв мэт. Шингэж буй наран зүгээс нэгэн морьтон дуу аялаад давхиж айсуй. Ургаж буй саран зүгээс тэмээн хөсөг айсуй. Үхэр мал хотолжээ. Удалгүй одод түгэж шөнийн анир гүм тэнгэр доор айл гэрт үлгэр, уртын дуу, морин хуурын аялгуу дуурсана. Уудам хээр талын тэнгэрт саран авхай үй олон одон-охидоо дагуулан умар зүг нүүж явна.

Их хотуудад олон өнгийн гэрэл солонгорч, хурдан галт тэргүүд дээгүүр доогуур давхилдан, электрон хөгжим нүргэлэн, үй олон залуус дуулж бүжиглэн, шилэн хундага жингэнэлдэж байхад талын нүүдэлчид хүлгийн дэл дээр дарцаглаж, морин хуураараа ингэн тэмээ уйлуулж, хээр талдаа чимээгүйхэн нүүдэллэнэ.

Эгэл борог нүүдэлчний энэ л ахуй амьдрал дунд аян нүүдлийн уртад уртын дуу төрж бүтэн, өвгөдийн зөн мөрөөдлийн шастирыг их хөлгөн туульсаараа товчоолон сар жилээр аялгуулан хайлна.

Тэнгэр бол бидний эцэг, дэлхий бол бид бүхний ээж нь юм хэмээн Монголчууд үзнэ. Уул толгод ус булаг, өвс ургамал, хад чулууг бүгдийг амьтай сүнстэй, оюун ухаантай хэмээн хүнчилэн харьцдаг билээ.

Хүн төрөлхтөний нүүдэлчдийн соёл иргэншлийн сүүлчийн үнэт зүйлсийг тээж яваа нүүдэлчин малчдын бэлчээр нутаг руу уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лиценз авсан баян компаниуд сүлжилдэн давхилдах боллоо. Өвс халиурч, зээр жирэлзэн гүйсэн тэр уудам хээр тал нутгийн хөрсөн доор алт, нүүрс, уран, нефть байгаа юмаа. Газрын гүнээс үлэмж их баялаг ухаж олборлоод тал нутагт гоёмсог хот байгуулж, нүүдэлч малчдын “хоцрогдсон” гэх ахуйг өөд нь татаад амьдралыг нь сайхан болгох тухай “үлгэр” ярьж явна. Их мөнгөтэй тэрхүү дэлхийн баян компаниудад лиценцийг олгож найр тавиад ашгаас нь хүртэхийг санаархагч монгол төрийн эрхэнд гарсан олигархиуд “хоцрогдсон” гэх бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйн тогтолцоог халж оронд нь атомын станцаар тэжээгдэх аж ахуй болгон өөрчлөх тухай бас нэгэн “үлгэр” зохиогоод ярьж явна. Чернибылд юу боллоо? Өнгөрсөн жил Японд юу боллоо? Дэлхийн бөөрний дэлэмхэн хэсэгт торж үлдсэн монгол нүүдэлчдийн ахуйгаа бэлчээр нутагтайгаа хадгалан үлдэхийн төлөө тэсч зогсох хэрэгтэй болоод байна.

Монголын хээр талд нар болон салхи хэмээх хэзээ ч үл шавхагдах эрчим хүчний эх булагтай билээ, бид. Ураан хэмээх дэлхийн баялаг гүндээ байж байг. Тэр чинь эх дэлхийнхээ хэвлийн дулааны тэнцвэрийг барьдаг юм биш үү? Жаахан дэлхийдээ тэрхүү дотоод эрчим нь хэрэгтэй, тэгээд ч тэр шавхагдашгүй биш ээ. Алт эрдэнэс нь ч дэлхийдээ хэрэгтэй. Тэр шавхагдах дөхөж байна.!

Үг шиг хүчтэй нь юусан билээ? Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.

Монголын хээр талаас бичсэн захидал №2  

Байгаль, уул ус газар шороогоо хайрлан энэрэх бүрий дэлхий ээж баярлаж зөөлөн хур бороо, үзэсгэлэнт солонго, өнгө өнгийн цэцэг навчаа дэлгэрүүлж баясан талархана. Газар шороогоо ухаж, хад чулууг нь ховхлон онгочиж, мод ургамалыг нь устган, ан гөрөөс, амьтадыг нь алж хядах бүрий хилэгнэн уурсаж газар хөдлөлт, далайн шуурга, үер, цөлжилт хэмээх элдэв хувиралуудаар гомдол бухимдалаа илэрхийлнэ.

Газар нутгийн хэвлийд нь хадгалагдах алт эрдэнэс, эрдэс баялагийн охь шим нь хөрс ус, ургамал унд, малын сүү шимээр дамжин улмаар хүний биед шимэгдэн бие бялдар оюун санааг нь асар их эрчимт эерэг долгионоор цэнэглэдэг болохыг нүүдэлчид нэн эртнээс танин мэдсэн байх юм. Дээр нь ургах өвс ургамалын шинжээр, газрын тогтоцын дүр төрх зэргээр доор нь ямар эрдэнэ буйг нүүдэлч малчид шинжин мэдэх боловч түүнээ хэнд ч үл заан, зөвхөн Оюут, Эрдэнэт, Төмөрт гэх мэтээр нэршүүлэн кодолж үеийн үед хадгалах бөгөөд уул толгод, мод бут, ус булаг бүхэн хий бод эзэнтэй, тэрхүү эзэн савдаг нартай найрсан, үг хэл, сэтгэл санаа, үйл хөдлөлөө ойлголцож, зохицож амьдрах ёстой, эс тэгвээс лус савдагийн хорлол болно хэмээн үзнэ.

Тэр хооронд хот тосгод бий болж, үгүй болж, онгоц машин, ган цамхаг, цэнэгт пуужинг бүтээж, газрын хэвлийн тосыг юүлж, дэлхийн гүнээс ураан хэмээх эрчим хүчийг гарган авч цөмийн тэсрэх бөмбөг үйлдвэрлэж атомын цахилгаан станцуудыг олноор нь байгуулан заримыг нь далайд дэлбэлэн туршиж, зарим нь газар хөдлөлтийн хүчийг тэсэлгүй дэлбэрч хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчирахын хамт гай гамшиг дагуулсаар л байна.

Цөөхөн тооны нүүдэлчид л монголын хээр тал, хахир говьд дэлхийн хурдаас хоцрон алслагдаж газар шороогоо шүтэж, нутаг усаа хайрлаж хүмүүний гарвал язгуураа хадгалан нүүдэллэн аж төрсөөр байна.

Хүн төрлөхтөөн! Цөмийн эрчим хүчнээс татгалзъя! Байгаль дэлхийдээ халгүй, үл шавхагдах салхи ба нарны эрчим хүчийг амьдрал ахуйн хэрэглээ болгоё.

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.

“Гол ус хүмүүний зүрхэн дундуур урсдаг” Монголчууд ийн хэлэх дуртай. Хүмүүн бол газар шороо уул усны нэгэн хэлтэрхий нь бөгөөд дэлхийгээс ундрах ус булгаа эхийн сүү мэт шимэж, нэгэн насыг элээгээд буцаж газар шороондоо шингэнэ.

Өнөөдөр ус булаг, нуур цөөрөм бохирдож, улмаар эх ундрага нь татран ширгэсээр байна. Сүүлийн арав гаруй жил алтанд шунагсад хаа сайгүй цооног ухаж хүдрийг гаргаад ус булагийн цэнгэг усыг бохирдуулан алт угааж, газар дэлхийгээ шарх сорви болгож хүн малыг хордуулсаар байна. Монгол орны эдийн засаг нийгмийн шилжилтийн хүнд бэрх цаг үеийг овжиноор ашиглагсад биднийг “алтан дээр сандайлсан гуйлагчид” хэмээн хочлоод алтыг чинь аваад баяжуулаад өгье гэж хошгоруулсаар боловч төр засгийн эрх мэдэлтэн цөөхөн хүн, тэдний түнш гадаадын компаниудын хэдхэн эзэд улсаас минь баян болсон боловч ард түмний амьдрал сайжирсангүй, харин үлэмж хэсэг нь улам ядуурсаар байна. Ийнхүү алтыг нь ухаад, гол усыг нь бохирдуулаад оронд нь эмгэг өвчин орхиод тэд алга болно.

Монголд гол усаа авран хамгаалах хөдөлгөөнүүд олноороо байгуулагдан тэмцэж байгаа ч авилгалд идэгдсэн төр засгийн олигархиудын өмнө хүчин мөхөсдөж байна. Тэднийг дийлэх хүч гагцхан л байна, тэр бол үйлийн үр. Эмгэнэн гашуудаж, энэлэн зовж буй энэ олон ус булаг, гол усны эзэн лус нар нэг л өдөр хилигнэн босохыг хэн мэдэх вэ? Өнгөрсөн онд Японд болсон цунами, аймшигт газар хөдлөлт, атомын цахилгаан станцын осол бол хүн төрөлхтөнд өгч буй Дэлхий ээжийн томоохон сануулга байхаа! Цөмийн эрчим хүчийг хадгалагч сав хичнээн бат бөх гэх боловч байгалийн хүчин зүйлийн өмнө ямар өчүүхэн юм бэ? Номхон далайн халим загасыг ангуучлан ихэс дээдсийн тансаглах ширээний нэгэн оройн зоог болгоод маргааш нь жорлонгийн тосгуураар хог шавхруу болгон хаях мэтийн технологийг үй олноор нь буй болгох боловч, хилигнэсэн далайн уурсан оволзох хүчит давалгааны дэргэд хүний бүтээл өчүүхэн болохыг дэлхий даяаараа бид харлаа шүү дээ. Далайн тэрхүү аймшигт түрхрэлтийг орчин үеийн шинжлэх ухаан технологийг тэргүүлэн буй Япон орны цаг агаар тандах багаж хэдхэн минутын өмнө мэдсэн байхад нүүдэлчдийн ажиглалтаар арван хэдэн хоногийн өмнөөс дохиогоо өгсөн юм билээ!

Байгалийн амьд ус бол тухайн газар нутаг хийгээд тэндэхийн газрын хэвлий дэх эрдэс баялаг, тэр нутагт амьдрагч хүмүүний оюун санааны бүхий л мэдээллийг хадгалж байдаг бөгөөд “унасан газар, угаасан ус” хэмээн монголчуудын хэлдэг нь түүнтэй холбоотой. “Эх нутаг”, “эх орон” хэмээх хэллэг нь зөвхөн утга зохиол, яруу найраг дахь хайр бахархалыг илэрхийлэгч үг төдий бус ажээ. Төрсөн нутгийнх нь ус булгийн бүтэц нь тухайн хүний биологийн бүтэцтэй ижил байдаг болохыг шинжлэх ухаан саяхан нотолжээ. Эхийнхээ хэвлийд байхад нь харьд худалдсан унага нутагтаа гүйж ирсэн тохиолдол нэг бус бий. Энэ нь амьд амьтан ус нутаг хоёрын шүтэлцээтэй таталцалын хүч ажгуу. Монгол нүүдэлчдийн эх нутгаа гэх дотоод хүч нь чухам үүгээр тайлбарлагдана.

Хүмүүс ээ! Манай дэлхийн бөмбөрцөгийн өчүүхэн аглаг чөлөөнд торж үлдээд байгаллаг зөн билиг, уламжлалт ахуй, онгон зэрлэг байгалиа цэвэр тунгалагаар нь хадгалан буй энэ цөөхөн нүүдэлчдийг унаган хээр талтай нь хэрхэн аварч хамгаалах вэ?

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.

Монголын хээр талаас бичсэн захидал №4

Монгол орон нийгмийн шилжилтийн жилүүдэд ан амьтнаа хамгийн их алж устгасан орны тоонд орж магадгүй. Хойд хөрш Орос улсад тарваганы арьс моодонд оронгуут “газрын шар тос” хэмээх тарвагыг үй олноор нь хядаж, түүний арьсыг хил гаалийн сиймхийгээр, зарим нь тэдэнтэй хуйвалдаж гаргаж барав. Өмнөд хөрш болох Хятад орон руу бугын ясан болон цусан эвэр ил далд одов. Бугын чив засаа, согооны сүүл, савыг эр эм хүний дур тачаалын эрхтэнг сайжруулдаг хэмээн өдий төдийгөөр нь гадагш зөөв. Монголд буга устлаа.

Хурдан буу, хурц дурангаар зэвсэглэсэн сайд дарга, их хурлын гишүүд, шинэ цагийн баячууд “үерхэлээ” бататгаж, үгсэх аргаа эрэлхийлж “хийморь сэргээнэ” хэмээн талын цагаан чонын эсрэг аян дайн зарлалаа. Саяхан Улсын их хурлын гишүүн нэг эрхэм 270 чоно агнаж “баатарлаг гавъяа” байгуулж гэнээ?! Өмнөд хөршид чоно моодонд орж дарга сайд нартаа бүтэн чоноор бэлэг барих, чонын хоолой, ходоод, элэг гээд бүхий л эрхтнийг нь ийм тийм юманд сайн хэмээн хээр тал нутагт чоно алах хөдөлгөөнийг улам идэвхижүүлэв. Чухам энэ нь улс төрийн бодлого уу? увайгүй тэнэгүүдийн хийрхэл үү? Энэ бол зөвхөн Монголын жишээ. Энэтхэгт заан, Америкт зэрлэг үхэр, Африкт    ороонго, Авсралид имж, Японд халим загас ангуучдын өгөөшинд орж цөөрсөөр л байна.

Монголын мифүүдэд эртний овогууд чоно, хун зэрэг зэрлэг амьтадаас үүсэлтэй хэмээн тотем болгон шүтдэг тухай үгүүлнэ. Нэгэн домогт Хүннүгийн хаан гүнжээ тэнгэрийн хөвгүүн ирж авна хэмээн итгэж эзгүй ууланд өндөр цамхагт суулгасан нь хүмүүн эс ирээд тэр нь чонотой гэрлэж нэгэн хүчирхэг овог аймгийг үүсгэсэн тухай үгүүлнэ. Бас нэгэн домогт хааны хөвгүүн хун гүнжтэй гэрлэж нэгэн овог аймгийг үүсгэсэн тухай үгүүлнэ. Язгуур домог бүхэнд нэгэн чухал санаа байгаа нь, хүмүүн хийгээд адгуус амьтас нэг л гарвалтай, хувь тавилан адил гэсэн агуулгатай. Хүмүүс араат техник, автомат зэвсэг эзэмшсэнийхээ давуугаар байгалийн амьтас руу зэрлэгээр дайран хөнөөж ид бахаа хангаж, золиос болгохын хамт, тэднийг гоён гоодох төдий зугаа цэнгэлийн хэрэгсэл болгох нь хирээс хэтэрчээ. Чухамхүү энэ өнцөгөөс харах юм бол хүмүүн зэрлэг адгуус байсан тэр л үе рүүгээ буцаж буй мэт.

Хүмүүс ээ! Ан гөрөөсийг буудан хөнөөж зугаагаа гаргадаг аялал жуулчлалын бизнесээс татгалзъя. Үхэж тарчилж буй амьтны шаналал хилингийн энерги шингэсэн эвэр арьс таньд аз жаргал өгч байна гэж үү? Ганган чамин эрчүүд, гоо хатагтай нараа! Зэрлэг ан гөрөөсний арьс үсээр гангарч чамирхах хэрэглээнээс татгалзацгаая.

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.

 “Алт хүмүүний ертөнцөд үнэтэй, гэвч газар дэлхийдээ илүү хэрэгтэй” хэмээн нүүдэлчид үздэг. Хүмүүн алтыг нэн эрт үеэс таньж, түүний эрчимлэг шидэт чанарыг бие сэтгэлдээ ээнэгшүүлэн эдэлсэн билээ. Алт бол хүний биед маш хэрэгтэй, гэхдээ маш багаар. Хүмүүний буян заяаны хир хэмжээг алт дэнслэх тул илүүг эдэлж үл болно.

Алт газар шороог тогтоон баригчийн үүрэгтэй бол, зэс нь дэлхийн дотоод эрчим, мэдээллийн тэнцвэрийг дамжуулагч, нүүрс, ураан, нефть нь дэлхийн халуун, гадаад гэрлийн эрчим хоёрыг газрын хэвлийд зохицуулан хадгалагч юм гэдэг билээ. Очир алмааз тэргүүтэн эрдэнийн чулууд од эрхисийн орчил хөдөлгөөн дэх дэлхийн тэнцвэрийг баригч юм гэсэн шүү!

Нүүдэлчин монголчууд өөрсдийн хурц тод авъяас билиг, дасан зохицох чадвар, тэсвэр хатуужил, самбаа зоригийг эх орны газар шороон доор хуримтлагдсан эрдэс баялагтай холбоотой хэмээн ойлгодог билээ. Тиймээс ч монголчууд шүтээн бурханыхаа дотоод орон зайд газар шороо, өвс ургамал, хутагт гэгээнтэнүүдийн адис шингээсэн зүйлийг судар номынхоо хамт оршоогоод мэлмийд нь алт өргөж нээгээд амилуулж эрхэмлэн тахидаг. Алт эрдэнэсийн эрчимлэг долгионоор бурхад ба хүмүүсийн хоорондын холбоосыг нөхцөлдүүлж буй хэрэг юм. Алт эрдэнэсийг хэмжээнээс хэтрүүлэн эдлэхийг цээрлэж өөрийн бие дэх эрдэнэлэг чанараас илүүтэйг үл эдлэх ёстой ажээ.

Алт хүнд хэрэгтэй боловч газрын эрчим хүчийг баригч бат бөхийг тогтоон баригч, гүний усыг ариутган цэнэгшүүлэгч, сансарын эрчим хүчний урсгалыг тэнцвэржүүлэгч гэх зэрэг маш олон хүчин зүйлээр дэлхийдээ илүү их хэрэгтэй ажээ.

Газар дэлхий дэх өвс ургамал, цэцэг навч, хорхой шавьж бүхэн бие биедээ харилцан шүтэлцээтэй хэмээн хэлдэг нэгэн малчин Өвгөн, тэр нэг намар талд царван хэмээх ургамал их ургасанд “үүнээс түүгээд хатаагаад хадгал, ирэх хавар хэрэгтэй” гэж билээ. Үнэхээр хавар нь хоолой барьсан ханиад дэлгэрч мөнөөх царвангаар дарсан юм. Бөөжөө хэмээх малчин өвгөн бээр “Ургамал чинь өөрөө хэрэгтэй гэдгээ зөгнөсөн нь тэр юм” хэмээн хожим нь тайлбарлаж байсныг би ер мартдаггүй юм. Урган төлжиж, арвижин дэлгэрэгч, үрт, үндэст мод ургамалыг тарьж ургуулах, эх дэлхийгээ ногоон ертөнц болгохын төлөө хүн төрөлхтөн нэгдэх ёстой билээ.

Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо 

“Ертөнц гэдэг чинь би өөрөө юмсанжээ” хэмээн зууны яруу найрагч, соён гэгээрүүлэгч, хутагт Данзанравжаа бээр хэлжээ. Сансар хорвоогийн хязгааргүй орон зай дахь од эрхэсийн байрлалыг багасган нягтруулж үзвээс хүмүүний бүтэцтэй адил бөгөөд хүмүүнийг хязгааргүй орон зайд томсгон задалж харваас сансар хорвоо, од эрхисийн ертөнц гэмээр байдаг ажээ. Хүн бол сансарын багасгасан биет юм.

Огторгуйд оршигч одон гариг
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд

хэмээн 300 гаруй жилийн өмнө шүлэглэсэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны ододын зурхайг нүүдэлчид өөрсдийн дөрвөн цагийн аян нүүдлийн ахуйд тусгахдаа нэг гарын дөрвөн хурууны 12 үен дээр эрхий хуруугаараа хулгана, үхэр бар, туулуй, луу, могой, морь, бич, тахиа, нохой, гахай хэмээн он цагийн мөчлөгийг үечилэн тооцоолж байгаль цаг агаарт зохицуулан аж ахуйгаа эрхэлсээр иржээ.

Монгол нүүдэлчдийн уламжлалт сэтгэлгээгээр бол хүний оюун санаа буюу сүнс тэнгэрээс ирж, газар дэлхийгээс үр жимс мэт урган төрсөн биетэй нэгдэн хүмүүн хэмээх ертөнц буй болсон ажгуу. Эртний домогт үгүүлэхдээ: хүмүүн анх биеэсээ гэрэл цацрааж явдаг бөгөөд өөр өөрийн жимсний модтой, тэр нь үл дуусах бөгөөд юугаар ч үл дутан амьдарч байжээ. Гэтэл нэгэн хүмүүнд хачин санаа төрж өөр бусдын модны жимс илүү амттай мэт санагдаад байхаар нь хулгайлахаар шийдээд гэрлээ унтраасанд дахин гэрэлтсэнгүй. Ийнхүү муу үйл хийх бүрийд хүн унтарсаар хүн төрөлхтөний төрөлхийн гэрэл гэгээ нь үгүй болсон юмсанжээ.

Хүмүүн хэмээх эрдэнэлэг, эрчимлэг, сансарлаг тэрхүү ертөнц өнөөдөр мэдээлэл дүүргэгч уут сав мэт, өөрсдийн бүтээсэн компьютер мэт програмчлагдсан бэлгэ тэмдгийн төдий амьтан болох зүг рүүгээ маш хурдтай дүүлж явна! Хүмүүн төрөлхтөнд байгалиас заяасан бурханлаг чанарууд нь улам бүр үгүй болж, зохиомол программуудаар дүүрсээр байна.

Монголчуудын нэн эртний оюун сэтгэлд байгаад ой санамжаас социализмын үед арчигдан үгүй болсон тэнгэр, уул, ус байгаль дэлхийтэйгээ холбоотой бөөгийн сүнснүүд яг энэ цаг үед дахин сэрж хүмүүсийн ертөнц рүү үй олноороо бууж ирээд газар дэлхийгээ аврах сануулгыг байнга өгөх боллоо. Энэ бол онцгой сануулга байхаа.

Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.

Та нартайгаа нэгэн дууг хамтран сонсох гэсэн юм. Бас хамтран дуулах гэсэн юм. Энэ дуугаа хөгжмийн зохиолч Р.Энхбазар бид хоёр 1980 онд зохиосон юм. Тэр үед хүн төрөлхтөнийг хүйтэн дайны аюул, ялангуяа Америк, Зөвлөлт хоёр улсын хоорондын хурцадмал байдал түгшээж үзэл суртал хоёр талд хуваагдан “дайтаж” байлаа. Ийм үед бид эх дэлхийгээ авран хамгаалах ганц зам бол дайн хүчирхийлэл, харилцан хийх үзэл суртлын довтолгоон бус, дэлхий ээжээ хайрлахын учрыг хүн төрөлхтөнтэйгээ хуваалцах явдал гэж үзсэн юм. Монголд гуч гаруй жил дуулагдлаа. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ дууны агуулга нь уул уурхайн хэт олзворлолт, хүний буруу үйл ажиллагаа хүсэл шуналаас үүдэн байгаль дэлхийд буй болсон гамшигаас эх дэлхийгээ аврах гэсэн Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн тэмцэлийн дуу болон дахин улам тод цуурайтах болсон нь санаандгүй явдал бус аа. Одоо уг дууны агуулга улам бүх дэлхий хийгээд хүн төрөлхтөний нийтлэг хувь заяаны илэрхийлэл мэт санагдах болжээ. Уг дууг дуучин Б.Бадарууганы дуулснаар, англи орчуулгын хамт сонсоё. Тэгээд цугтаа дуулцгаая.

Эзэн бидний алтан хөмрөг
Эрин зууны наран дэнлүү
Хүн төрөлхтнийг хэвлээсээ төрүүлж
Дэлхий ээж танддаа би хайртай
Дэлхий ээж та мөнх настай

Төгөлдөр баян түүхэндээ хайртай
Оюун билигт хүмүүст хайртай

Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Дэлхий ээж та мөнх настай
Онгон залуу хүсэлдээ хайртай
Хойч үеийнхний итгэлд хайртай

Хүүгийн ёсоор элгэндээ тэвэрсэн
Дэлхий ээж тандаа хайртай болохоор
Давтан хэлэхийг, бас дахин дуулахыг хүсч байна. Энэ шидэт тарни бол:
Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо

Бидэнд ирээдүйдээ итгэх итгэл, эх дэлхийгээ хайрлах хайр, хүн төрөлхтөний эрдэм оюун, зүрх сэтгэлийн агуу их эрчим хүч буй. Түүндээ бид найдаж, амар амгаланд тэмүүлцгээе! Одоо монголын хээр тал нутагт үүр цайж байна.

Хэний хүү, хэн болохоо нэг үзье гэвэл,
Нүүдэлчин айлын гадаа хөнгөн тэргээ сойчих.
Номхоон, тэр морь сарын газрыг товчилно.

Тойрог татна. Тойргийн төв цэг нь чи өөрөө.
Орчлон бөөрөнхий. Голч төв нь чи өөрөө.
Унасан хүлэг үүрсэнэ. Хуурдаагүй атал хуур дуу үүснэ.

Монголын хээр тал хэмжээтэй. Хэмжүүр нь уртын дуу.
Төөрөхгүй ээ, чиний дуу. Хүн чулуу тогтоочихно.
Хөнгөн түүхийн эзэн – хүн чулуу дуулж байгаа нь тэр.

Хөх ногоон дунд хөл тавьж айлсан буугаарай.
Аглаг талын хойморт Долоон бурханаа залчихаарай
Шастир түүхийн балархай ороод очвол тодорхой

Цахиур чулуу болгонд өвгөдийн манасан гал буй
Арьсан дашмагтай ус ганзаганд чинь буй. Аягандаа хийчих.
Улаа бутарсан уураг цай. Алжаалаа тайлчих.

Ногоон талын энгээр хөлөө жийчих. Гараа алдалчих.
Хөнжил чинь болно. Одтой тэнгэр буйгаараа
Зүүд үнэн хоёрын ялгаа энд байхгүй ээ. 

Айх юун. Нүгэл бодоогүй нүднээс нүгэл айна.
Өрөвчхөн эх бол, хөөрхий энэ чоно шүү дээ.
Уртын дууг уянгалуулсан эхлэл нь юм шүү дээ.

Үүрийн туяаг тохмон дороо дэвсэж морио эмээллээрэй
Тэртээ алс руу унасан хүлэг чинь урт янцгаана
Хүрэх газрын чинь сураг одоо л нэг айсуй.

Үг бол агуу их эрчим. Давтан хэлэх, бичих бүрийд тэр улам эрчимжин, агуу их шидэт хүч арвижин дэлгэрдэг жамтай бөлгөө.

Захидал толилуулсан: яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Могой жилийн өвлийн сүүл сарын арван таван

http://www.mongolnews.mn/i/31039
www.mongolnews.mn/i/31130
www.mongolnews.mn/i/31339
www.mongolnews.mn/i/31399
www.mongolnews.mn/i/31468
www.mongolnews.mn/i/31511
www.mongolnews.mn/i/31619
www.mongolnews.mn/i/31656

dinfo.org | Volume 1: Number 1 (Summer 2013)

TOP