Уран бүтээл

МАНАЙ АНГИЙН БААТАР ХЭМЭЭХ ОНЬСОГО

МАНАЙ АНГИЙН БААТАР ХЭМЭЭХ ОНЬСОГО

Нэг.

Анхны хичээл. Монгол бичгийн хичээл заахаар Дамдинжав багш орж ирэв. Багш оюутнуудаас “Монгол бичиг заалгаж байсан хүн байна уу?” гэж асуусан тул ааваараа цагаан толгой заалгаж байснаа хэлчихлээ. Миний хажууд суух өндөр хамартай гозгор цагаан хүүгийн дэргэд багш ирээд дэвтэр лүү нь харангаа,

-Чи монгол бичиг мэддэг юм биш үү? гэхэд

-Мэдэхгүй хэмээн жишим ч үгүй хэлээд дэвтрээ хаачихав. Монгол бичгээр ийм сайхан бичдэг мөртлөө яагаад мэдэхгүй гэж байгаа юм бол доо хэмээн бодосхийгээд өнгөрсөн хэрэг.

Хэд хоногийн дараа Улсын багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйланд элсэгчдийн дунд нэг ширээний Я.Баатар маань сууж байна. Ахлах ангийн оюутнууд эхлээд л уншиж гарав. Би сүүлдэсхийн хоёр шүлэг уншлаа. Зарим нь “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд шүлэг нь нийтлэгдэх гэж байгаа, нэрт зохиолчид уншиж сайшаалгасан зэргээ оршил болгон хэлж байна. Харин манай ангийн Я.Баатар чив чимээгүй суусаар байгаад дугуйлан тарлаа. Тараад нэг зүг гэртэй бид хоёр Энхтайваны гүүр даван алхцгаав.

-Чи яагаад шүлгээ уншсангүй вэ? гэхэд Я.Баатар шал өөр юм хэлж байна:

-Хүний хамар насан туршдаа ургадаг юм...

Долоо хоног нүд ирмэх зуур өнгөрч утга зохиолын дугуйлангийн ээлжит хичээлдээ цугларав. Манай утга зохиолын дугуйланг Д.Дашдорж багш удирддаг, эрхлэгч нь Н.Сүхдорж байх. Ш.Гүрбазар, А.Гун-Аасүрэн, Р.Бумцэнд гээд л хуучин гишүүд шүлгээ уншиж эхлэхийг нь хүлээж суув. Гэтэл нөгөө дуугүй суугч этгээд болох Я.Баатар хамгийн түрүүнд босч самбарын өмнө гарч ирээд

-Эртээдийн дугуйлан дээр маш муу шүлэг уншицгаасан, та нар. Юу сонин монинд нийтлүүлэх. Тийм сулхан шалгууртай ямар сонин байдгийм. Муу шүлэг уншихаасаа ичих хэрэгтэй гэхчилэн биднийг бут ниргэж хаячихаад “үлгэр жишээ болгож” гурван шүлэг уншлаа. Манай дугуйлангийнхан нам жим болж, үнэндээ л тэр үедээ толгой цохих шүлэг уншсан түүний аянганд цохиулцгаасан юм. Роберт Бернсийн “Оюун санаа минь ууланд, би өөрөө бэлд нь” хэмээх алдарт шүлэг хийгээд Б.Явуухулангийн “Татрын өндөр уулан дээр” хэмээх шүлгүүдийн ур чадварыг санагдуулах, бас тэр шүлгүүдийг үргэлжлүүлсэн мэт уулын тухай шүлгүүд уншиж байсан санагдаж байна. Төдөлгүй УБДС-ийн утга зохиолын дугуйлангийн чанар чансаа өсч, нэр хүнд нь ч дээшилж МУИС-аас Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов, Анагаахын дээдээс Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Хуулийн сургуулиас Б.Сундуй нар ирж нийлэв. Хичээл завсарлахад ч цонхны хажууд утга зохиолынхон, хичээл тараад ч Сүхбаатарын талбайд бид, бас бусад сургуулийн утга зохиолын дугуйланг хэсэх ажил төгсгөлгүй үргэлжилнэ.

Нэг өдөр МУИС-ийн утга зохиолын дугуйланд бид нэлээд олуулаа очицгоов. Тэр өдөр өөр дугуйлангийнхан олон байснаас бэргэсэн үү яасан, МУИС-ийн оюутнууд шүлэг уншиж өгсөнгүй. Харин дугуйлангийн удирдагч шинэхэн залуу багш С.Дулам хоёр шүлэг уншиж өгөөд дугуйлан өндөрлөх хандлагатай болоход манай ангийн Я.Баатар босч ирээд,

-Танай дугуйлан яасан идэвхгүй юм, манай УБДС-ийн дугуйланд бол шүлэг унших оочир олддоггүй юм хэмээн авч гараад мөнөөх шүлгүүдээ уншиж бас л “бут ниргэв”. Ш.Гүрбазар, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй биднүүс бас шүлэг уншсан санагдана. Харин төгсгөлд нь С.Дулам багш бидний шүлгүүдийн алдаа согогийг нэлээд сайн хэлж дугуйлангийнхнаа “аварсан” юм.

Ийнхүү нэгэн үзэхэд бүрэг ноомой ч юм шиг, нэг бодоход омголон хурц ч юм шиг этгээд Баатар бид хоёр хичээлд ч нэг ширээнд, шүлгийн ертөнцөд ч нэг ширээнд ер салахаа больсон юм даг.

Нэг өдөр манай ахынд очъё хэмээн дагуулаад дөчин мянгатын дөрвөн давхар шар байшингийн шатаар дээш өгсөв. Үүдэн дээр өнөөх агуу их Б.Явуухулан найрагч хаалгаа тайлж өгөхөд нь цочсондоо өвдөг чичирч билээ. Ийнхүү их Явууг өөрийнхөө авга ах болохыг нотолж үзүүлсэн нь тэр бөлгөө. Миний шүлгүүдийг сонсоод Явуу найрагч, шилэн нүүртэй номын шүүгээгээ онгойлгож дөрвөлжин шилэн гуунд шигтгэж хийсэн М.Ю.Лермонтовын мөнгөлөг дүр бүхий бэлгийг надад өгөөд

-За, Лермонтов шиг найрагч болно ш дээ... гэж билээ. Агуу их найрагчаас авсан анхны урмын мялаалга тэр байж дээ. Тэр үед Баатар шиг их уншдаг оюутан ховор байсан гэж би боддог юм. Оюутны зун намрын ажилд явахад Баатар маань хайрцаг дүүрэн номтой явна. Булганы Хишиг-Өндөр суманд малын хашаа барьсан зун Баатар маань баахан Гэсэрийн туужтай явж, “Төвд Гэсэр”, “Лин Гэсэр”, “Бээжин барын Гэсэр”-үүдийг дэлгээд суучихдаг сан. Ангийнхан тоглож наадаж, дуу хуур болж байхад Я.Баатар л модон хайрцаган дээрээ лаа барьчихаад Гэсэрийн туужаа шөнө дөл болтол уншина.

Я.Баатар маань тэр үеэс яруу найраг төдийгүй утга зохиол судлал руу гүнзгий орж ирсэн юм. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд ажилласан жилүүддээ хэд хэдэн зохиолчийн бүтээлийн эмхэтгэлийг тэрлүүлж, “Утга зохиолын нэр зүй” зэрэг судалгааны цоо шинэ төрөл зүйлийг гаргаж ирж байлаа. Б.Явуухулангийн түүвэр зохиолын бүрэн эмхэтгэлийг хийхдээ яруу найрагчийн шүлэг зохиолын намтрын тайлбарыг бичиж оруулсан нь судалгааны үнэ цэнтэй ажил болсон юм. Хожим Явуугийн уран бүтээлд Я.Баатарын хийсэн таван дэвтэр иж бүрэн судалгааны цогц бүтээл нь уран бүтээлчийн туурвил зүйг шинжилсэн даацтай, давтагдашгүй бүтээл болсон гэж би боддог. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” хэмээх алдарт бүтээл нь утга агуулгын төдийгүй хэлбэрийн ч хувьд монголчуудын тоон бэлгэдлийг илэрхийлсэн сонгодог бүтээл болохыг ажиглаж, жилийн мөчлөгөөр 12 бадагтай, монголчуудын эриний мөчлөгөөр 60 мөртэй, жилийн хүрдэн тооллоор 365 үгтэй байгааг анзаарч нээж чадсан нь Я.Баатарын хэчнээн хурц билгийн хараатай судлаач болохыг илтгэнэ.

Харин Я.Баатар маань бүтээлүүдээ хэвлүүлэхийг яардаггүйн учрыг би үл ухна. Миний мэдэхээр бол одоо түүнд лав хориос доошгүй боть болох бүтээлийн нөөц байгаа. Үерийн ус шиг муу бүтээл олшроод байхаар адайр зан нь дийлээд байна уу? Аль эсвэл “Хүний хамар насан туршдаа ургадаг” хэмээх философи нь давамгайлаад байна уу?

Хоёр.

Хоёр мянга таван оны намар бол Я.Баатар бид хоёрын яруу найргаар амьсгалсан улирал байлаа. Улаанбаатараас Сан-Францискод бууж хэд хоноод Америк тивийн баруун эрэг хөвөөлөн Лос-Анжелесийг зорив. Дэлхийн яруу найрагчдын XXV их хуралд хамт сууж, 2006 онд Монгол улсдаа их хурлын ээлжит буухиаг хүлээн авах ёслолд нэг ангийн хоёр цугтаа байх юм гэж яахин зүүдлэх билээ. Яруу найргийн шидэт орчилд орсон найз маань, шүлгээ цоглог намуун айзмаар уншиж, олон орны найрагчидтай хундага тулгаж, дуулж бүжиглэж байгааг харахад яавч, оюутны үдэшлэг, болор цом зэрэгт очдоггүй Я.Баатар огт бишээ. Нэг харсан микрофон авчихсан

“Шаргын шаргын жороогийн

Шанхны үзүүр чичирнэ”

хэмээн дуулж байна. Я.Баатарын яруу найрагчийн билиг танхай нь хааяа ийн сэргэдгийг би мэднэ л дээ. Гэхдээ ийн ил гарах нь тун ховор. Дотооддоо бол “галт уулын дэлбэрэлт” хэчнээн болдгийг хэн ч үл мэднэ. Бид хоёр Сан-Франциско, Лос-Анжелес хотын хооронд, бас Сан-Францискогоос Америкийн үндэсний дархан цаазат бүс болох Ёсемите паркаар хамтдаа аялж, эх адаггүй шүлэг зохиол ярьж явлаа. Баатарын дүүгийнх Оакланд хотод, манай хүүхдүүд Аламеда хэмээх хотод байх. Бид хоёр “Жек Лондонтой уулзахаар” Баатарын хотод болзлоо. Энэ тухай эрхэм нөхөр тэр доор нь “Оакланд, Аламеда хоёрын хооронд Мэнд-Ооёотой утасаар ярихуй” хэмээх шүлэг бичсэнээ яруу найргийнхаа шинэ номд оруулсан байна. Бид хоёр Жек Лондонтой зургаа татуулав. Их зохиолч маань нэлээд халамцуу бололтой гуйвчихсан явна. Бүрх малгайгаа нэг гартаа барьчихаж. Жек Лондоны хөлийн мөр, бас нэг чонын мөрийг хөтлөн цааш оджээ. Ойролцоохон саарал чоно шогшиж харагдана. Цааш яваад зохиолчийн ангийн отог болох модон тагз байна. Түүнээс цааш харвал “Жек Лондон” хэмээх номын дэлгүүр. Баатар бид хоёр номын дэлгүүрт өнжив. Номын дэлгүүрээр хэсэх ажил бол Баатар бид хоёрын бага залуугийн “хобби” л доо. Тэр намрын бид хоёрын яруу найргийн аялал ийн өндөрлөж, би Улаанбаатар луугаа, Баатар Америкийн баруун эргээс зүүн эрэг тийш аялалд гарснаас хойш ангийн андууд уулзалгүй зургаан жилийг ардаа үджээ.

Өнгөрсөн өвөл Сан-Франциско орчимд байх Стенфордын их сургуульд лекц уншихаар биднийг явж очиход Я.Баатар анд маань хэдийн ирчихсэн намайг хүлээж байв. Тэрээр нэлээд хэдэн дагуултай. Сан-Франциско орчмын шүлэгчид гэнэ. Я.Баатарын удирдлага дор Америкийн баруун эрэгт аж төрж буй монголчууд утга зохиолын зүрх сэтгэлээр нэгджээ. Өөрсдийгөө “АМУЗ” хэмээжээ. “Америк дахь Монголын уран зохиол” гэсэн үг аж. “АМУЗ” сэтгүүл хоёр ч дугаар нийтлүүлжээ. Эрхлэгч нь бас л Я.Баатар. Найз маань Америкт ирээд нэг роман бичиж, яруу найргийн номоо бэлтгэжээ. Энэ тухай Глен Эллен буюу “Жек Лондон” нэртэй хот руу аялан явах замдаа олж мэдлээ. Зургаан жилийн өмнө Оакланд дах Жек Лондоны дурсгалын хөшөөнөөс эхэлсэн аялал маань ийнхүү үргэлжилж яваа нь энэ. Өглөө нь бид Жек Лондоны төрсөн газар хэмээх бичээс бүхий хананд очиж хүндэтгэл илэрхийлээд тийш мордсон юм. Хоёр цаг хэртэй давхиад их зохиолчийн эдлэн газарт байх гэр музейд саатаж, дараа нь Жек Лондоны эгэл даруухан булшинд очиж хүндэтгэл илэрхийлэв. Бид хэд Жек Лондоны гэрийн довжоон дээр хэсэг саатаж “жавар үргээв”. Бидэнтэй хамт аялсан хөөмийч Сэнгэдорж монголын хөх тэнгэр, өндөр уулс, хээр талын аялгууг санагдуултал хөөмийлж, Я.Баатар бид хэд шүлгээ уншиж Жек Лондонд тахил өргөв. Баатар маань өглөөнөөс хойш сугавчилж явсан номон дээрээ үг бичиж түүнээ надад бариад

-Америкийн их зохиолч Жек Лондоны төрсөн, амьдарсан, бичиж туурвисан, халуун амьсгал хатан цогцос нь оршсон дурсгалт газруудын авшиг адис шингэсэн номыг анддаа барья хэмээхэд номыг авч дэлгэн үзвэл Жек Лондоны бас Я.Баатарын, хамт аялсан нөхдийн маань гарын үсэг тодоос тод дурайж байна. Баатар ер нь хачин хүн. Алив эгэл юм болгоноос эгэлгүйг олж харах, энгийн юм бүхнийг утга төгөлдөр болгож чадна. Өнөөдрийн энэ аялалын зохиомжийг аль хэдийн бодож олоод оюун санааны бэлэг болгон өргөж буй эрхэм найзынхаа халуун сэтгэл, оюуны өндөр соёлыг мэдэрч догдлон баясаж, аз жаргалын дээдийг амссанаа нуух юун. Жек Лондоны “Tales of the north” хэмээх энэ ном миний номын санд утга төгс эрдэнэс болон байраа эзэгнэвэй.

Орой нь бид Сан-Франциско хотын баруун хойд дүүрэг дэх Я.Баатарын гэрт  зочлоход багын анд яруу найрагч Ж.Оюунцэцэг маань биднийг угтахаар хүрэлцэн ирж бас л орой болтол яруу найргийн дугараа өргөцгөөж, ер нь хаа ч явсан салж хагацашгүй  амраг – яруу найрагтайгаа нөхцсөөр яваагаа улам тод мэдэрлээ. Дөч шахам жилийн өмнөөс Я.Баатар бид хоёр оюутны ширээнд тохой залгаж, утга зохиолын нэг дугуйланд шүлэг зохиолоор цугтаа өвчилж, “Гал” хэмээх бүлгэмд Б.Сундуй, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов нартайгаа нэгдэн монголын их утга зохиолд гэгээн тунгалаг ертөнцийг бий болгоно хэмээн мөрөөдөж, Монголын Радио хэмээх их айлд нэг тогооноос хооллож, Дэлхийн яруу найрагчдын их хуралд хамт оролцож, Жек Лондоныд цугтаа зочилж, одоо болтол цуг яваа зураг тавиланг хаанаас эрхшээсэн юм бол хэмээн бодож явна.

Я.Баатар маань Сан Хосе хэмээх хотод төв нь байдаг Дэлхийн Урлаг Соёлын Академид өөрийн биеэр очиж байнгын гишүүнээр элсчээ. Одоо дэлхийн нэгэн их айлын ам бүлд нэг ангийн хоёр бас л хөл нийлээд алхаж явах юмаа.

Гурав.

Аливаа том уран бүтээлчдэд өөрийн бэлгэ тэмдэг байдаг. Тэр бэлгэ тэмдэг нь бүхий л уран бүтээлийнх нь гол шугам болох нь бий. Я.Баатарын яруу найргийн бэлгэ тэмдэг нь уул юм байна. Түүний анхны ном “Уулын бэл өндөр” хэмээх нэртэй. Америкт бичсэн шүлгүүдээ эмхэтгэсэн энэ номын нэр нь “Бэлээс  намхан уул”. Үнэндээ бол Отгонтэнгэрийн хормой, Завханы уулсын бэл нь тал хээр, далайн эргийн уулсаас өндөр л дөө. Харин одоо түүний аж төрж буй Номхойн далайн эргийн уулс нь, Отгонтэнгэр хийгээд Завханы уулсын бэлээс намхан ажээ. Ертөнцийн оршихуйн энэхүү харьцангуй хэмжээс бол түүний яруу найргийн сэтгэлгээ, өвөрмөц араншингийн нь илрэл бололтой. Хоёр номын хооронд гучаад жилд хамааралтай яруу найргийн олон ном түүнд байх ёстой. Түүнээ хэзээ хэвлүүлэхээр хүлээж буйг Баатараас бишид нь даанч мэдэхгүй юм. Ерээд оны сүүл үед хөдөө нутагт амарч байхад надад илгээсэн нэгэн захиандаа хорьдугаар зууныхаа бүтээлүүдийг ботилохоор шийдсэнээ дурдаад яруу найргийнхаа ботид өмнөх үг бичихээр бэлдэж байгаарай гэсэн байж билээ. Гэвч тэр маань мөнөөх ботио хавтсандаа үлдээж дараачийн боть руугаа шамдан орсон бололтой аг чиг болсон юм. Түүний бичих туурвих ажил дараа дараалан ундарна. Бичих туурвих нь одоогоор хэвлүүлэх ботилохоос чухаг байгаа байх л даа.

Я.Баатар Америкт ирээд маш олон шүлэг бичжээ. Америкийн амьдралын олон өнгө, хэм хэмнэл, түүний араншинг шүлэг зохиолдоо тольдохын зэрэгцээ монгол эх орны нь уул ус, аав ээж, дүү нар, бага насны нь дурсамж байнга сэдрэн сэргэх аж. Номхон далайгаар хашигдсан Америк тивийн баруун эрэг дэх түүний амьдралын хэв маяг, зовлон гуниг, хүсэл мөрөөдөл, хайр бахархал, учрал хагацал бүгд шүлэгт нь шингэж, эдгээр он жилүүдийнх нь намтрыг зураглан гаргаж болмоор тов тодорхой харагдана. Ерөөс энэ ном эх орноосоо алсад сурч ажиллаж, аж төрж буй монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн толь гэлтэй.

Гэхдээ л Баатар, Баатараараа л байна. Мөнөөх л “хүний хамар насан туршдаа ургадаг юм” хэмээх философи нь үргэлжилсээр байна. Өсөлт нь үл  ажиглагдах тийм  онцлог бол Баатарын бас л нэг жанжин шугам аж. Дэлхийн дээвэр болох Эверэст хоёр метр хэртэй нэмэгдсэн тухай мэдээлэл Я.Баатарын насан туршийн шүлгийн жанжин шугамтай ийнхүү давхцаж, тэр орчинд монгол залуу төрийн далбаагаа мандуулсан нь түүний омог бахархалыг өдөөж,

Ургаж байгаа уулан дээр

Авирч гишгэнэ гэдэг
Амьд явсаны зол

Ургаж байгаа уултайгаа цуг

Улс Монгол минь ч
Ургаж байгаа бишүү

хэмээх өөдрөг үзэл рүү хөтөлсөн байна. Цаг хугацааны туршид ургах үзэл бол Я.Баатарын уран бүтээл дэх бусдаас ялгарах онцлог юм байна гэдгийг ийн олж үзвэй.

Я.Баатарын шүлгүүд харахад энгийн мөртлөө тунгаан бодоход гүнзгий, гүймэг уншихад гүдэсхэн мэт атлаа гүйцээж бодоход утга нь үргэлжлэх, цаанаа л нэг үлдэцтэй, донжтой, чанадын нууцлаг ивүүртэй. Тэр заримдаа ардын дуу шиг ичингүйрхэн уянгална, заримдаа америк шүлэг шиг задгай эрх чөлөөтэй илэн далангүй илэрхийлнэ. Гэхдээ аль аль нь ч Баатар. Яруу найраг, яруу найрагчийн араншинг салгах аргагүйн жишээ энэ. Баатарын өөр нэг онцлог бол тэр ямарч агшинг, амьдралын ямар ч үйл явдлыг шууд л шүлэглэн буулгаж чадна. Шүлэг байж боломжгүй юмыг ч шүлэг болгон сэтгэнэ. Шүлгийн хэлбэр донж, хэм хэмнэл, үг хэл нь яаж тэгж эвсэн цогцолж найрсдагийг хэн мэднэ? Яаж ч бодоод яруу найргаар илэрхийлэх аргагүй юмыг эв донжийг нь тааруулаад л шүлэг болгочихно. Тэр ямар ч хэв загваргүй, эсвэл ертөнцийн бүх хэв загвараар сэтгэдэг байх. Соён гэгээрүүлэгч Л.Түдэв абугай түүнд бэлэглэсэн нэгэн номондоо “Я.Баатар хэмээх сурвалжит сэтгээтэнд” гэсэн байх. Сурвалжит гэдгийн дээд талд агуу их Б.Явуухулан байгаа хэрэг. Сэтгээтэн гэдэг нь сэтгэхүй нь хэтийдэн давсан сэтгэлгээний хэв маягийг онцолсон хэрэг болов уу.

Ядамбатын Баатар бол өвөрмөц ертөнц. Тайлагдашгүй оньсого. Өнөөдөр түүнийг хэн ч ойлгохгүй. Тэр Монголын утга зохиол дахь нээгдээгүй уул. Баатарыг ойлгоход, бас түүнийг нээхэд үлэмж их цаг хугацаа хэрэгтэй. Хүлээх тэвчих хоёр хэрэгтэй. Нэр дуулах, нэг хоёр номыг нь алдаг оног уншиж яваа уншигчийн хүрээнийхэн байтугай, нэг ангид гучин долоон жил хамт яваа би ч түүнийг ойлгоогүй л явна. Би түүнийг хэзээ нэгэн цагт өөрийгөө цэлийтэл нээнэ, нээх нээхдээ цаст уул цайран дүнхийх шиг томоор нээнэ хэмээн итгэнэ. Тэр цагт уул цаг хугацааны туршид ургадгийг түүний оргил дээр гарсан хүн л мэддэг гэдгийг харуулах байх. Бас насан туршдаа Баатарын хамар ургасаар байсныг монголын уран зохиолын ертөнц ойлгох буй заа.

Хүний хамар насан туршдаа ургасаар байдаг тухай Баатарын оньсого зөвхөн үүгээр тайлагдчих зүйл биш л дээ. Оньсого бол монгол хүний сэтгэлгээний өвөрмөц онцлог, өргөн цар хүрээ, оюуны баялгийн хэм хэмжээсийг тэлж байдаг утга зохиолын онцгой төрөл л дөө. Я.Баатарынхаа шүлгийг уншицгаая. Дараа нь түүний романууд, судалгааны бүтээлүүд, яруу найргийнх нь хав дарсан ботийг нээх цагийг хүлээцгээе.

Цаг хугацааны тэр мөчлөг дээр Баатар хэмээх оньсогыг тайлцгаая.
Номын цагаан буян машид арвижих болтугай.

Цагаагчин туулай жилийн намрын дунд сарын сайн өдөр

TOP