Уран бүтээл

ТЭНГЭРИЙН СОЛОНГООС ҮЛГЭР АВЧ ШҮЛГЭЭР ГҮҮР БҮТЭЭХҮЙ

ТЭНГЭРИЙН СОЛОНГООС ҮЛГЭР АВЧ ШҮЛГЭЭР ГҮҮР БҮТЭЭХҮЙ

Одоогоос найман зуу гаруй жилийн тэртээ Монголын Юань гүрний их хаан Хубилай эх газраас Япон арлыг хүртэл далай дээгүүр хөлөг онгоцон гүүр хийх санаа сэджээ. Тэр үед өөрийн эрхшээл доор хянсаж байсан Солонгос улсаар найман мянган хөлөг онгоц хийлгээд уг хөлөг онгоцон дээгүүр морьт цэргийн цувааг Япон аралд хүргэж болох тухай санаа нь чухамхүү маш романтик , гайхалтай мөрөөдөл байсан юм. Уг санаа биелээгүйн шалтгаан буй.

Гэвч би энэ тухай үл өгүүлэн, яруу найргийн бурханлаг болоод ариун дээдийн бүтээлүүдэээр гүүр хийж 13-р зууны мөрөөдлийг залруулаад 21-р зууны Япон монголын ард түмний энх амгалангийн хүсэл мөрөөдлийг холбох гэсэн юм. Яруу найраг бол нэг бодлын гарт баригдашгүй, илбэ шидийн солонго юм. Тиймээс бид энэхүү номоо “Солонгон гүүр” хэмээн нэрлэв.

Монголын уран бүтээлчид 20-р зууны дунд үеэс Японы яруу найргийг орчуулж эхэлсэн түүхтэй. 20-р зууны монголын сонгодог яруу найрагч Б.Явуухулан бээр Башё тэргүүтэй япон шүлэгчдийн 11 хайкуг орчуулж, өөрөө туршлага болгон хайку маягийн шүлэг бичиж байв. Бидний солонгон гүүрийн төслийг тавин жилийн тэртээ Б.Явуухулан санаачилсан гэж ч болох юм.

Хүн төрөлхтний техник технологи, хөгжлийн хурдыг тэргүүлж буй Япон орон монголчуудын хувьд харь гараг мэт сонин содон санагддаг бөгөөд Японы яруу найраг, урлаг соёлын ертөнцийг танин мэдэх хүсэл сонирхол нь өндөр хөгжилтэй нийгмийн оюун санааны ертөнцийг өөртөө нээх гэсэн утга агуулгыг илэрхийлдэг билээ. Өндөр хөгжил, зам харгуй, машин техник дүүрэн чихэлдсэн жижигхэн арал дээр үндэсний соёл, уламжлал, ёс заншлаа хадгалж, байгаль дэлхийгээ хамгаалсан мод цэцэгээ үржүүлэн, өөрийн диваажинг цогцлоон буй ард түмний яруу найраг нь ямар бол гэх сониучирхал улам бадрана.

Япон Монголын яруу найрагчид ойр дотно харилцаж эхлээд арваад жил болсны дараа эдүгээ уран бүтээлээ ид туурвиж буй яруу найрагчдын шүлгийг монгол, япон, англи гурван хэл дээр нэгэн дэвтэр болгон хэвлэж байна. Бид нар энэ удаа өөр өөрийн улс орноосоо болон өөр бусад сангаас ямар нэгэн тэтгэлэг хүсэлгүйгээр яруу найрагчдын өөрсдийн дэмжлэг чармайлтаар анхны антологио бүтээж байгаа бөгөөд хоёр орны утга зохиолын харилцааны гүүрийг тавьж буйгаа тунхаглаж байгаа нь чухам маш чухал үйл явдал мөн. Мэдээж яруу найргийн бүх хүрээг энэ удаа хамарч чадаагүй . Тийм ч зорилго тавиагүй. Харин энэхүү гүүрээр хоёр тийш харилцан зорчих, яруу найргийн наадам, уулзалт, хамтын уран бүтээл туурвих зэрэг олон үйл явдал өрнөх болно. Аливаа чухал үйлсийг эхлэх хэцүү. Эхэлсэн л бол үргэлжлэх, өрнөх жамтай.  

Ийм ном гаргах санаачилга хоёр талаасаа бараг зэрэг гарсан байхаа. Ялангуяа Японы яруу найрагч хатагтай Кае Морий, яруу найрагч шүүмжлэгч Мита Ёо, мөн Японы эрин үеийн агуу яруу найрагч Шинкава Казүе хатагтай нарт гүн талархал илэрхийлэе. Шүлгүүдийн орчуулгын ажлын голыг Кае Морий, М.Мөнхзаяа нар нугалсныг талархан тэмдэглэе.

Яруу найргийн шинэ зууны олон дуу хоолой, өнгө аялгуун солонго гүүр биднийг холбож байна. Энэ гүүрийг улам бат бөх, дардан болгохыг угтах он жилүүдэд даатгая.

Яруу найргийн үлэмжийн шидэт эрчмээр хүмүүний ертөнцийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.

2009 оны 11 дүгээр сар

TOP