Уран бүтээл

ЯРУУ НАЙРГИЙН ЦАСТЫН ГЭГЭЭН УЯНГА

ЯРУУ НАЙРГИЙН ЦАСТЫН ГЭГЭЭН УЯНГА

Юм бүхэн хувьсан өөрчлөгдөх цаг төрийн араншинд хүмүүн олноор уруудах авч жинхэнэ яруу найраг нийтийн таашаалын аясыг эс дагана.Харин жинхэнэ яруу найраг өөрийн хугацааг хазаарлан хүлэглэж басхүү өөрийн амьдраагүй он цагийг эзлэн дагуулж болно. Зүрх сэтгэлийн гүн уянгат утга хийгээд хүмүүн байгалийн давтагдашгүй гоо сайхныг яруу найргийн гэрэлт бадганд тогтоон барьж хэлхсэн агшин зуурын энэхүү үзэгдэлд мөнхийн хүч чадал нь оршиж байдаг ажгуу.

Эзэн хаанаасаа эхлээд эгэл харцсаа хүртэл яруу найргаар хэлэлцдэг миний ард түмэн сүүлийн хэдэн жил яруу найргийн тухай ярихаа бараг больж дээ.Одоогийн энэ бэрх цаг дор оюун сэтгэлийг цэлмээх найраг шүлэг гэхээсээ ордны амьдрал, олбог сэнтийний жаргалан ,аль эсвэл өнөө маргаашийн амин зуулга,өвөр зуурын мөчөөрхөл ,хов жив,шуугиан …ийм л юмс яруу найргийг орлож …утгын гэгээвчээр уянгыг эрэлхийлэх нь шөнийн бүрэнхийдэх ганц алтан цохны гэрэл мэт болжээ.Гэхдээ энэ бол түрхэн зуурын гуниглал буй за.

Ц.Бавуудоржийн бүтээл жинхэнэ яруу найргийн тухай ,мөнхийн яруу найргийн тухай бодолд хөтөлж үүлэн будант цагийн элгэнд цастын гэгээн гэрэлт гялбаа авчирсанд олзуурхан баярлаж байна.Хөдөөгийн хүү тэрбээр хүрээ хотын “Харшид амьдрахын хэцүүг” мэдэрч “Тэнэмэл шүлэгч Ли байг шүүдэрт сарнаар ойлгож” ,түм түжигнэсэн иргэншлээс сэтгэл уйдан “Цагаан сүмд лам залрах шиг цастад суудаг” найрагчийн оюуны эрх чөлөөг дуулсан нь санамсаргүй хэрэг бус аа.

Тэрбээр “Ерийн амьдарч явахад өдөр бүхэн цэнхэр байдаг” монголдоо “Хаш чулуун дээр эрвээхэй дэвэх шиг охидын нүдийг” утгын чимгээр зураглаж “Навч хүн хоёрын гуниг ижилхэн “ болохыг анзааран “Нарийн шаргал үүлсийн мөнгөлөг дэл хийсэх” тэнгэрээр “Үдшийн хөх анир сүвлэж тогоруу нисэх” цаг зуурын хийгээд дахин давтагдашгүй мөнхийн агшнуудыг хэлхэж ,дорнын тансаг хийцтэй,дотоод гүн утгатай ,уянгалаг сайхан ном бүтээж найрагчийн цээнд хүрснээ илэрхийлж буй нь энэ гэлтэй.Нам гүм ахуйд тогтоон уншиж ,удаан бясалгаж ,бодлогошрон эгээрмээр түүний шүлгүүд яруу найргийн боловсролтой уншигчдад илүү хүрэх буюу нийтээр амгалан цагийн нийгэмд бүүр ч таацах мэт ээ.

“Гансанд алтан цох эргэх дорно нутагт

 Гартаам найраг сийлсэн халх хөвгүүн ямархан бол…” Шар хүн мэт үдшээр уйдан” бичсэн шүлгийн энэ мөрөөс гүн шөнийн аниргүйд үндсэн толгойт гаанс зууж тамхиа нэрэн бодлогошрох Явуухулангийн найргийн шөнийн зургийг үзэж, олон өнгийн судалт гартаамаар сийлсэн мэт тансаг хийцэт шүлгийг нь эрхгүй санагалзвай.

Ц.Бавуудоржийн шүлгүүд гуниглангуй боловч гэгээн тайтгаралтай, цэнгэл жаргалын амтаар дүүрэн авч хөнгөн уйтгартай, дорны бүсгүйн алчуур дээрх шаглаа мэт тансаг хуартай бөгөөд залуу халуугийн задгай халуун хүүрнэл, тогтсон гүн бодлогошрол аль аль нь энэ номд найрсч, цаст Очирваанын цагаан уянгат гэгээ, сарны цагаан туяа, түүнд гэрэлтэх хаш чулуу ,гүмүда цэцэг мэт гэгээлэг ахуй ертөнцийг бүтээжээ.

Одоогоос найман жилийн тэртээ юмсан. Зуны дунд сарын гал үдэд Отгонтэнгэрийн цаст оргилын туяаг нүд гялбуулан үзэж, Бадар- хундаганы нь болор мөсөн жингэлэг хүлхэж зогссон билээ. Отгонтэнгэрийн их тахилгад уригдан оролцсон Завхан нутгийн нэрт зохиолч Ж.Бямба гуай, манай нэрт яруу найрагч Н.Нямдорж, П.Пүрэвсүрэн, түүн дээр залуу үеийн төлөөлөгчид гэх Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Л.Мягмарсүрэн бид хэд, энэ нутгийн найрагчид Завханд ажиллаж байсан нутгийн дүү залуухан яруу найрагч Н.Лутбаяр нартай нийлээд Монголын утга зохиолын нэгэн баг болж уул усандаа, уянга дууны тэнгэр Явуухуландаа найргийн цацал өргөж явлаа.

Хоёрхон хоногийн өмнө Чигэстэй голын усанд одод булхсан шөнөөр авъяас гялалзсан шүлгүүдээ хотын найрагчид бидэнд уншиж тоогдсон аравдугаар анги төгсөөд удаагүй асан туранхай бор хүү бидний багт шууд багтсан нь энэхүү номыг бүтээгч, яруу найрагч Ц.Бавуудорж байлаа.

Бид нар байн байн “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө бид” хэмээн дуу нийлүүлэн Явуугаа уншиж дурсаж явсансан. Явуухулангийн эзэгнэнхэн төрсөн цаст цагаан уулын туяа тусах тэр газарт өсөж торнисон Цогдоржийн Бавуудорж, тийнхүү Богд Очирвааныхаа их тахилгаар Монголын утга зохиолын их хүрээлэнд элссэн гэлтэй.

Түүнээс хойш удалгүй нэгэн өдөр Ц.Бавуудорж яруу найргийн номоо хэвлүүлчихсэн манайхаар ирж билээ. Хөдөөнөөс “Бүгээн анир” /1991/ “Гүмүда” /1993/ хэмээх хоёр номтой хотод орж ирсэн Ц.Бавуудоржийг Улаанбаатарын шүлгийн хорхойтнууд шаагисан алга ташилтаар угтаж “Болор цом” найргийн наадмын тайзнаас түүний уянгалаг шүлгүүд эстрад шүлэгтэй эн арсалдан гарч ирсэн юм.

Цаг төрийн хувьсал, нийгмийн нүргээн, уншигчдын таашаалыг байлдан дагуулах… эрэл хайгуул юм юм яруу найргийг доргиосон боловч Отгонтэнгэрийн бэлд сонссон цаст уулын уянга огт саарсангүй, харин ч улам чангаран өөрийн уншигчийн оюун сэтгэлийн орон зайг эзэлсээр бүхийд нь баярлаж суунам.

Тээр жил Отгонтэнгэрийн бэлд энэ их уул Алтан-Овоо хоёр ураг барилдсан домгийг ярьж явснаа санаж байна.
Тэгээд ч их Явуу намайг шавиа гэж тоож явсанд одоо ч урамшихын хамт, түүний нутгийн авъяаслаг хөвгүүний дэлгэсэн алд цэнхэр хадгийг авах учрал тавиланг яруу найргийн эгшигт эх оноосонд бэлгэшээмүй.
Он жилүүд одож, одоогийн юмс ул болж, хожмын юмс зул болох л биз.
Харин “өдөр өдрийн нарны алтан амсрыг зууж” бичсэн яруу найргийн мөнхийн гоо сайхныг хүмүүс таашаан хүртсээр байх буй заа.
Явуугийн нутгаас төрж, яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн авъяаслаг хөвгүүн тэрбээр:           

“Хүлэг дахин заяадаг цаст мөнхийн нутаг сан
Хүмүүн зандан биендээ хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутаг сан
Билгүүн зандан биендээ хурмастын санааг санана”
хэмээн цаглашгүйн их дуулалд нэгдэж байна. Энэхүү мөнхийн санаа нь яруу найргийн цастын гэгээн уянга мөн бололтой.

1999 он

TOP