Уран бүтээл

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЯРУУ НАЙРАГТ МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЯРУУ НАЙРАГТ МОНГОЛЧУУДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ХУВЬСАХ БА ҮЛ ХУВЬСАХ ЗҮЙ ТОГТОЛ БА
ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЯРУУ НАЙРАГТ МОНГОЛЧУУДЫН
ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Нэг.

Он цаг солигдож, эрин зуун урсан өнгөрлөө ч, хүмүүн болоод байгаль хувьсан өөрчлөгдөж, төрж үгүй болж байна. Харин яруу найраг л хэзээ ч үл хувьсан өөрчлөгдмүй. Эртний сохор яруу найрагч Гомерийн дуулал, XXI зууны яруу найрагчийн шүлэг хоёрт нэгэн адил чанар буй. Тэр нь хүний сэтгэлийг хөдөлгөх увьдас болой.

Яруу найрагт шингэж үлдсэн тэрхүү амьдлаг сүншиг нь эрин зуун, цагийн араншин, хүмүүсийн зан суртахуун, нийгмийн хувьсалаас үл хамааран оршино. Яруу найрагт байгаа тэр амин сүнс хэзээ ч үгүй болохгүй, бас сэтгэл хөдөлгөх зорилгоо өөрчлөхгүй. Яруу найргийн гол чанар нь үл хувьсах шинжтэй.

Би та бүхэнд монголын эртний нэгэн мифээс сэдэвлэн бичсэн өөрийн шүлгийн өгүүлэмжийг ярьж өгье.

Эзэн хаан аян дайнаас эгэж, ордон өргөөндөө буумагцаа нэгэн онцгой зарлиг гаргажээ. Онгод авьяастай бүх яруу найрагчдыг ордондоо урьжээ. Дөрвөн зүг, найман зовхисоос гурван зуун яруу найрагч цугларч, гурван сар хундага тавилгүй найрлажээ. Ордон өргөө сэлгэн буусны найранд ирсэн 270 шүлэгчийг хоргой торгоор шагнаж, тэд ч хааны хишгийг талархан аваад тал тал уруугаа буцжээ.

Дээлтэй болгон дэвэрч байхад дэмий гуниглаж шүлэг бичсэн 30 шүлэгчийг шоронд хийж гурван сар чангалан хорьжээ. Хатуу шоронгмийн харанхуй мухарт хамаг бүгдээр гуниглаж байхад гурван яруу найрагч л бийрээ тавилгүй жаргалын дуу зохиож суужээ. Хорин долоон шүлэгчийг хоргой торгоор шагнаж, хос морьтой сүйх хөллүүлээд холын аянд нь хүндэтгэн үджээ.

Хаан эзний сорилтыг давсан, хатан зоригт гурван шүлэгчийг алтан сэнтий дээр аваачин залж, алдрын титэм тэргүүнд нь өмсгөжээ. Цаг хугацаа урсан өнгөрч гэнэ. Олбос суудал, ордны жаргалд онгод авьяас нэг нь живүүлжээ. Эзнийхээ сэтгэлд шүлгээ нийцүүлж, эрх ямбыг нь эгшиглэн магтдаг ордоны шүлэгч болж, нөгөө нь орь ганцаараа л бусдаасаа ондоо замыг сонгож, эзэд дээдэст өөтэй үзэгдэвч, өөрийн үнэнийг эрж мөнхийн дууг дуулсаар байжээ. Морьтны хөлгөн туульсыг зохиосон монгол найрагчийг ингэж тодруулсан гэдэг юм. Гэвч тэр найрагчийн нэр нь баларч бүтээл туурвил нь үлджээ. Бүх насныхаа амьдралыг золиод, бүтээл туурвилын оройд гараад нэр нь мартагдах тийм үйлэнд зүтгэх хүн яруу найрагчаас өөр байх болов уу.?

Мэдээллийн зууны зай завсаргүй шаагих бороо шиг энэ үйл явдал, мэдээллийн завсарт яруу найргийн орон зайг авч явна гэдэг их эр зориг шаардах ажил юм. Ингэхээр XXI зууны яруу найрагч, сая миний ярьсан домгийн зууны яруу найрагч хоёрт адилхан хувь заяа оногдсон байгаа юм.

Яруу найрагч бол цаг хугацаанаас үл хамааран орших тогтмол хэмжигдэхүүн юм.

Хоёр.
Эдүгээн Монгол бол хүн төрөлхтөний их нүүдлийн голомт газар юм. Монгол нутагт хүн үүсэж 500-700 мянган жилийн өмнө чулуу урлаж байсан сууц бий. Хүй нэгдлийн үеийнхэн монгол нутгийн хад чулуунд өөрсдийн бүтээл туурвилыг үлдээжээ. Манай эрний өмнөх 40-10 мянган жилийн өмнө агуйн хана, адарт хүй нэгдлийн үеийн уран бүтээлчид, уран сайхны дүрслэх сэтгэлгээгээ бичиглэжээ. Тэдгээр нь бодит болон хийсвэр дүрсэлгээ, билэг тэмдэг, зөн билгэдэл, оюун дүгнэлтийн шууд тусгал болсноороо яруу сайхны бүтээлүүд болсон юм.

Ийнхүү тэр цагт Азийн өвөр голомт нутагт амьдарч асан бидний өвөг дээдэс урлагийн үнэт зүйлсийг бүтээж буй болгоод нэг хэсэг нь тэрхүү туршлагаа авч өөр газар орон руу өөр шинэ сайн нөхцөл хайж нүүн одоцгоожээ. Хүй нэгдлийн ахуйгаас хүн төрөлхтөний яруу найргийн сэтгэлгээний үр хөврөл эхтэй ажээ. 

Хүний үүслийн өлгий нутаг өөрөө хүн төрөлхтөний соёл иргэншлийн нэгэн гайхамшиг болсон яруу найргийн их өвийг хадгалан үлдээсэн нь маргаангүй юм. Хоёрхон үгнээс эхлээд хорь гучин хоног аялгуулан хайлдаг их хөлгөн туульсийг хүртэл монгол яруу найргийн өвийн тухай ярих хэрэгтэй болно. Грекийн “Илиада”, “Одиссей”, Энэтхэгийн “Панчатантра” Францын “Роландын дуулал” Оросын “Игорийг цэрэглэсэн тууж” зэрэг хүн төрөлхтөний туульсийн яруу сайхан сор бүтээлүүдийн зиндаанд “Монголын нууц товчоо”, “Жангар” хэмээх оргил сайхан туульсуудыг монголын ард түмэн бүтээж нэмэрлэжээ. “Жангар” туульсийн бүтээгдсэн цаг үе лавтайяа 1000, түүнээс цаашхи жил, “Монголын нууц товчоо” зохиогдсон нь 800 шахам жилийн өмнө юмаа. 

Эртний Персийн Омар Хайямын “Рубай” хэмээх дөрвөн мөрт, Японы Исакава Такубокугийн “Атга элс” хэмээх танка буюу таван мөрт шүлэг, Мацуо Басёгийн Хайку хэмээх гурван мөрт, Төвдийн Гунгаажалцаны “Эрдэнийн сан субашид” хэмээх дөрвөн мөрт, Энэтхэгийн Рабиндранаат Таагүрийн “Ирсэн шувуу” хэмээх хүүрнэл шүлэг, Өрнө дахины сонет буюу 14 мөртүүдийг дэлхийн яруу найргийн эрдэнийн шигтгээнүүд хэмээн зүй ёсоор үздэг бөгөөд энэхүү шигтгээний нэгэн гэрэлт чимэг нь Монголын ард түмний бүтээсэн “Ертөнцийн гурав” хэмээх гүн ухааны яруу найргийн чуулган мөн болно. Монголчууд шүлэг номоо амнаас ам дамжуулан цээжнээ сударлан залгамжуулж өвлөсөн нь үлэмж их буй. 

Тэдний заримаас дурдвал Парчин туульчийн цээжээр хайлсан “Бум эрдэнэ” туульс 5000 мөр, амаар уламжлагдан байгаад XX зууны эхээр бичиж тэмдэглэж авсан. “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль 14000 мөр шүлэгтэй юм. Тэрчлэн 400 гаруй жилийн өмнө эх оронч яруу найрагч Цогт тайжийн цээжээр аялгуулан дуулсан шүлгийг дайчин хиа, баатрууд нь чулуунаас сийлж мөнхрүүлсэн бий. Иймэрхүү чулуун ном монгол нутагт олон буй. Бас үйсэн дээр бичсэн шүлэг дуулал хэд хэд олдсон бөгөөд хамгийн алдартай нь ижил мөрний хөвөөнөөс олдсон “Алтан ордны үйсэн дээрх бичиг” хэмээх XIII зууны үеийн уянгат дуу болой.

Монголчууд шүлэг, дуулалаа чулуу, модон дээр урлаад зогсоогүй, алт мөнгөөр мөнхөлсний жишээ бурхан шашны гүн ухааны дуулал болох “Сундуйн жүд” буюу Тарнийн хураангуй номыг 54 кг алт, 460 кг мөнгөөр урласан явдал юм. Ийм жишээ олон буй.
Монголчуудын бүтээсэн яруу найргийн бүтээл төрөл зүйлийн хувьд баялаг, сэтгэлд ухааруулан сэнхрүүлэх утга төгс, бөгөөд хаад ихэсийн төрийн сургаал номлол, өчиг, тангараг, харуусал гэмшил, эгэл ардын уужуу ухаан, утга билэг хосолсон, цэцэн цэлмэг үг хэллэгтэй, уран шаглаа урлалтай бөлгөө.

Монголын их эзэн Чингис хаан “Оюун түлхүүр” тэргүүтэн билиг сургаал айлдаж, Хувилай хаан “Чүн Шан ууланд төрсөн сэтгэгдэл” хэмээх шүлэг хэлж Тогоонтөмөр хаан Дайдуг орхихдоо “Гэмшлийн бадаг” хэлж байлаа. Чингисийн өрлөг сайд Сөнөдийн Гилгүдэй баатар эзнийхээ цогцост хайлан шүлэглэж, нэгэн цагт монголын төрийг жолоодож байсан Мандухай цэцэн хатан төрийн найман цагаан ордны өмнө тангарагийн шүлэг өчиж байлаа. Дээрх шүлгүүд Монголын яруу найргийн сан хөмрөгт очир алмааз адил гялалзан үлджээ. Ийнхүү эзэн хаанаас эхлээд эгэл харц ард хүртэл монголын яруу найргийн өвийг бүтээгчид буй. “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир”, “Эр хоёр загалын тууж” хэмээх найраглал үүний гэрч юмаа.

Монголын шүлэгчид төрөлх монгол хэлнээсээ гадна харь хэлнээ шүлэг зохиолоо туурвиж үлдээсэн нь их бий. Юань улсын үеэс Чин улсын үе хүртэл зохиолоо Хятад хэлээр бичиж байсан 200 гаруй зохиолч яруу найрагчийг тоолж болно. XIII зууны үеийн Монголын шүлэгч бүсгүй Агай гүнжийн гунилын дуунууд өнөө бидэнд уламжлан иржээ. Монголын олон үеийн уншигчдын амтархан уншсаар ирсэн “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдлүүд” хэмээх туурвилын эзэн, “Сэлүүн гэрийн сонин тэмдэглэл” хэмээх 16 боть зохиож Хятадын утга зохиолд мөнхөрсөн Пү Сүн Лин хэмээгч нь монгол зохиогч байсныг бид хожмоо мэдсэн билээ. 

Монголчуудын Төвд хэлээр зохиолоо бичсэн нь XIV зууны үеэс эхтэй бөгөөд ялангуяа сүүлийн 300-аад жилд төвд хэл дээр сүмбүм буюу хөлгөн ботио хэвлүүлсэн монгол зохиолч 200 гаруй байна. Эдний боть 1-16 хүртэл байна. Төвд хэлээр монголчуудын зохиосон охь манлайгаас дурдвал Чойжи-Одсэрийн “Бурхан багшийн арван хоёр зохионгуй”, Өндөр гэгээн Занабазарын “Жанлав цогзол”, Сүмбэ хамба Ишбалжирын “Хөхөөний яруу дуулал” гэх мэт болой.

Монголчууд Энэтхэг дахины утга зохиолыг хэдэн үеийн турш өөрийн хэлнээ дэлгэрүүлэн улмаар 17-р зуунд 335 боть хөлгөнд эмхтгэн хэвлэсэн “Ганжуур”, “Данжуур” хэмээх нэвтэрхий бүтээл бол хүн төрөлхтний ном, оюуны сан хөмрөгт оруулж үлдээсэн гайхамшигт өв билээ. Энэ хоёр хөлгөн сударт нийт 5000 шахам зохиол багтсан юм.

Монголын утга зохиолд нэгэн гэр бүлээс 5 яруу найрагч төрүүлсэн Ванчинбалынхан буюу Инжиннаш, Гулранс тэргүүтний дорнын тансаг яруу шүлгүүд хүндтэй байр эзэлдэг юм. Монголчуудын нүүдлийн өвөрмөц ахуй нь монголын яруу найргийн олон гайхамшигт бүтээлийн оройлон зохиогчийн нэрийг нууцлан мартагнуулсан байдгаас их олон яруу найрагчийн нэрийг энд дурдах боломжгүй байна.

Монголын утга зохиолын ноён оргилууд болох “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын зохиогч нь он жилүүдийн чанадад нууцлагджээ. Энэ мэт олон яруу найрагчид нэрээ мартаж бүтээлээ үлдээсэн юм. Монголын яруу найрагт олон шүлэг дууллаа өргөсөн суу билэг төгөлдөр яруу найрагчийг 19-р зуун авчирсан нь Говийн V ноён хутагт Данзанравжаа байлаа. Түүний бүтээлүүд тухайн цаг үедээ амнаас ам дамжин дэлгэрч байсан бөгөөд харин 1960-аад онд өнөөгийн уншигчид судлаачид түүний суу билэгт яруу найрагч болохыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Равжаагийн яруу найргийн зохиол нь хоёр удаа нос болгон хэвлэгдсэн бөгөөд түүний төвд хэл дээрх бүтээлүүд өнөө хэр нийтийн хүртээл бүрэн болоогүй байна. Гэвч монголын соён гэгээрүүлэгч, яруу найрагч, хутагт Равжаа хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгт зүй ёсоор, өөрийн байр суурийг эзэлж дэлхийн суу билэгтний эгнээнд тэрбээр жагсах ёстой гэж үзэж байна. Равжаагийн араас XX зууны шинэ яруу найргийн тэргүүн манлайд жагссан Д.Нацагдорж /1906-1937/ XX зууны 2 дахь хагаст монголын уянгын яруу найрагт шинэчлэл хийсэн Б.Явуухулан /1929-1982/ нарыг дэлхийн яруу найрагт монголчуудаас бэлэглэсэн гэж зүй ёсоор үзэх ёстой.

Д.Нацагдорж, Б.Явуухулангийн яруу найраг хүн төрөлхтний яруу найргийн уламжлалын баялаг өвөөс чанараараа гойд ялгарч байна. Д.Нацагдорж, Б.Явуухулангийн яруу найраг дэлхийн 50 гаруй орны хэл дээр орчуулагдан нийтлэгдэж, өөрийн дуу хоолойг дэлхийн уншигчдад нэгэнт танил болгожээ.

Өнөөдөр энэ олдсон цөөхөн минутанд Монголын их яруу найргийн тухай үзэг нэгт яруу найрагчид та бүхэнд мэдээлэн танилцуулах төдий өгүүлээс илүүг нуршиж ярих боломжгүй нь харамсалтай. Яруу найрагчийн хувь тавилан өвөрмөц өөрийн цаг үеийг эзлэх нэгэн байхад, өөрийн цаг үед тэр болгон анзаарагдахгүй байгаад өөрийн амьдраагүй цаг үеийн уншигчийг байлдан эзлэх явдал ч байдаг.

Гурав.
Өнөөдөр энд сууга миний үзэг нэгт нөхдийн олон гайхамшигт яруу найргийн бүтээл XX зуун болоод түүнээс хойшхи үеийн уншигчийг гэгээрүүлнэ гэдэгт би бат итгэлтэй байна. Юм бүхэн хувьсан өөрчлөгдсөөр байна. Яруу найргийн орон зай ч өөрчлөгдсөөр байгааг ч харж байна.

Энэтхэгийн Ашока хааны үед хүн бүхэн Буддын яруу найргаар гэгээрэн амар тайван амьдарч байсан шиг, Хятадын Тан улсын Ли бай, Дү фү нарын яруу найрагчид чөлөөт гуниглалын дуулалаа зохиож, хүн бүхэн шахам тэднийг дууриан шүлэг бичиж байсан шиг, XIII зууны монголчууд морин дэл дээр шүлэг цэцлэн харилцаж байсан шиг, XIX зуунд өрнийн ордонд яруу найрагчид ихэсийн хүрээлэнд тойрон эргэлдэж байсан шиг, бүүр саяхан хэдэн жилийн өмнө Москвагийн Пушкиний өргөн чөлөөнд Оросын яруу найрагчидийн шүлгийг хэдэн цагаар амьсгал даран сонсдог байсан шиг, мөн хэдэн жилийн өмнө шүлгийн шинэ ном гаргахад Улаанбаатарын номын дэлгүүрт урт дараалал болдог байсан шиг, тийм цаг улам хомсдож, яруу найргийн орших орон зай улам бүр явцууран багасч байгаа нь анзаарагдаж байна.

Өнөөдөр техникжих, елекронжих, хотжих явц хүн төрөлхтнийг нөмрөн хүн бүхэн тэр ахуйн хязгаарлалдаа цаг хугацааны дарамтан доор бизнес зах зээлийн эрсдэлийн ирмэг дээр түгшүүртэй амьдарцгаах боллоо.

Ийм явцуу орон зай, давчуу цаг хугацааг гэтлэн давж, хүний сэтгэлд хүрэх зам нарийн болж байна. Гэвч хүн бүхэнд яруу найргийн үр хөврөл хөрөнгө байдаг болохоор уншигчийн сэтгэлд тэвнийн төдий сүвэгчээр ч болов хүрч очих замыг хайж, гэрэл гэгээг хүргэх ёстой. Ийт болохоор яруу найраг улам нарийсан хөгжих болов уу гэж үзэж байна. 

XXI зууны яруу найргийн хувь заяаг өөдрөг гэрэлтэй цонхоор харахыг би хүсч байна. Эртний Грект яруу найрагчдад эрх эдлүүлж улс гүрний хооронд дайн самууныг зогсоох энхийн элчээр явуулдаг байсан шиг бидний яруу найраг хүмүүсийн ой сэтгэхүйн хязгаарлагдмал бүрхэг ертөнцийг гэтлэн энх амгалангийн гэрлийг гийгүүлсээр байх болно гэдэгт би итгэж байна.

TOP