Үзэл бодол

Соёл, урлагийн ажилтны улсын анхдугаар чуулганд хэлсэн үг

Соёл, урлагийн ажилтны улсын анхдугаар чуулганд хэлсэн үг

Монголын соёл, урлагийн өмнө олон саад бэрхшээл, мөнгөний гачаал, соёл урлагийн зах зээлийнн хомс байдал дээр нь ядуурал юм юм тохиолдсоор байгаа ч шилжилтийн он жилүүдийг сөхөрч босч туулсаар явж байгаа нь бахдалтай. Дотоод зах зээлийн нөхцөл байдал нь монголынхоо оюун билиг түүх соёл, урлагийн үнэт зүйлсийг гадаадад сурталчилахын хамт соёлын гадаад томоохон зах зээлд өрсөлдөн гарч хүчээ сорих зайлшгүй нөхцөлийг бий болгож байна.

Монгол улсад өнгөрсөн жил болсон Дэлхийн Яруу найрагчдын их хурлын хүрээнд үндэснийхээ утга зохиолын бүтээлээс гадаадад сурталчилах чиглэлээр орчуулсан, хэвлүүлсэн ном сэтгүүл, хийсэн ажил маань манай утга зохиолын гадагш чиглэсэн үүдийг цэлийтэл нээчихлээ. Гадны томоохон хэвлэн нийтлэгчид биднийг онцгой сонирхож эхлээд байна. Чухам яг ийм үед төр засаг монголын уран зохиолын шилдэг бүтээлийг гадаадад танин мэдүүлэх ажлыг тодорхой үе шатанд орчуулга, хэвлэн нийтлэлийн ажилд дэмжлэг өгөх байх гэж найдаж байна. Урлагийн бүх бүтээлийн анхдагч нь уран зохиол. Зохиолгүй урлагийн бүтээл гэж үгүй.

Шилжилтийн жилүүдэд буй болсон нэгэн харамсалтай зүйл гэвэл монгол хүний оюун сэтгэлгээ, хэл соёлын түвшинг тодорхойлогч үндэсний уран зохиолд зарим нэгэн гажуудал гарсаар газар авсаар буй явдал юм. Хэлний марзагнал бүхий хошин шог гэх үзүүлбэрүүд, рок попын зарим дуунуудын үг, модернист гэх халхавчин дор хэлний логик, гоо зүйн гажуудалтай шүлэг, зах зээлийн ааш араншин, сэтгэлгээний гажуудалыг дагасан порно маягийн зохиолууд гарсаар байгаа гажуудлыг яаралтай засаж залруулах, үндэсний соёл монгол бичгээ улам дэлгэрүүлэх, уран зохиолын өв санд буй шилдэг бүтээлийг дахин дахин хэвлэх, дэлгэрүүлэх шаардлагыг буй болгосоор байна.

Өнгөрсөн он жилүүдэд хамгийн их эрсэдсэн салбар бол соёл урлаг. Түүн дотор соёлын өв юм. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд монголын соёл урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд, нүүдэлчний эд өлөгийн соёлын дурсгалууд, археологийн чухал зүйлс хил даван одсоор байсан, энэ тухай хэвлэл мэдээллээр бичиж, соёлынхон бид төр засагтаа хандсаар байсан. Би М.Энхсайхны засгийн газарт томоохон төсөл өргөн барьж (өвийн урсгалыг монголдоо тогтоон барих асуудлаар) байсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Ядаж хариу ч өгөөгүй. Маш олон тооны булш бунхан тоногдож байна. Ганц жишээ дурдъя. Миний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Онгон сумын таван толгойд Д.Наваан гуайн удирдсан оюутны экспедиц малтлага хийж, алтан шонхорын дүрстэй бөгж тэргүүтэн алтан ургийн холбогдолтой зүйлүүд олсон байна. Олдворт баярлаж байна. Харамсалтай нь хоёр малтлагын хооронд мөн тэндэх стратегийн ач холбогдолтой байж болох томоохон булш тоногдсон бөгөөд уг булшийг тоносон этгээдүүд ихээхэн хөлжсөн гэх мэдээ байна. Ийм этгээдүүдийг илрүүлэн, залхаан цээрлүүлэх шаардлагатай байна.

Манай нүүдэлчин малчин ард түмэний үе дамжуулан өвлөсөн үнэтэй эрдэнийн зүйлс зах зээлийн жилүүдэд авдарнаасаа хар захад гарч ирсээн. Тэгээд хэдэн музейгээр ордог, музей мөнгөгүй. Монгол Банкны эрдэнэсийн санд очдог. Ойлгодог хүн байхгүй. Тэгээд Гадаадын ЭСЯ болон хар захад гарч гадны хүнд хэдэн ногооноор өгчихдөг. Харамсалтай нь халиад гарчихдаг. Баярлалтай нь тэр авсан эзэд нь соёлтой улс. Нутагтаа очоод музей байгуулдаг. Японы Танто хотод Монголын соёлын төв хэмээх музейг Канацү гэдэг залуу байгуулсан. Хот нь барилгаа бариад өгчихсөн. Цуглуулагч үзмэрээ нийлүүлсэн. Ингээд тэнд Япончуудад Монголыг сурталчилж явна. Германы цуглуулагч Баатер хэмээх хүн монголын шашны соёлоос зөвхөн сахиусны бурхан цуглуулсан. Манай захаас нэлээдийг нь авсан 600 бурханаараа үзэсгэлэн гаргасан. Нэгэн баян хүн өөрийгөө мөнхжүүлэхээр түүнийг нь 1,5 сая доллараар худалдаж авсан. Тэр эр “Би үрэн таран болж байсан танай соёлыг хэсгийг цогц болгож чадсандаа нүүр бардам байна гэж байна. Монголч эрдэмтэн Хайссиг гуай монголын холбогдолтой номын сангаа өөрийн нэгэн шавьд 1,0 сая доллараар гэрээсэлсэн байна. Монгол Улс авчихаж болох л байсан. Харамсалтай нь манайд ийм сэтгэлгээ суугаагүй байна. Монголын хамгийн баян номын сантай зохиолч, СГЗ Б.Бааст гуай 15000 номтой номын сангаа 30,0 сая төгрөгөөр өгье гэхэд авах сачийтай бизнесмен олдоогүй гэж байна. Гэтэл тэр мэтийн мөнгө бол нэг их юм биш, казино тоглочихдог л мөнгө юм байна л даа.

Монгол дахь гадагшаа чиглэн хальж буй соёлын үнэт зүйлсийн урсгалыг цөөхөн тооны цуглуулагчид тогтоон барьж буй хэдий ч тэнд төрийн ончтой бодлого үгүйлэгдсээр байна. Аялагч жуулчлагч, гадны соёлынхон ирээд манай музейнүүдийн үзмэрт шимтэн баярладаг боловч байр сав, гэрэл гэгээ, дэглэлт, хорго гүнгэрваа сэлтийг нь хараад толгой сэгсэрдэг юм. Тэд голдуу угсаатны зүй, нүүдлийн соёлын онцлогийг харуулсан музейг чинь үзмээр байна гэдэг юм. Гэтэл манайд тийм музей байхгүй. Буриадын угсаатны зүйн парк музей гэж дэлхийд алдартай музей байна. Энэ жил Өвөрмонголд Монголын түүх соёл, угсаатны аварга том музей бий боллоо. Монгол музейг үзэх гэсэн жуулчдын урсгал тийшээ одож байна. Богд хааны ордон музей, Эрдэнэзуу, Чойжин ламын сүм музейг эс тооцвол зориулалтын байртай, орчин үеийн музей шаардлагатай байна. Хаалганы бариулаасаа эхлээд хаана ирэв гэмээр, дотор нь ёлтойсон гэрэл, шал нь шажигнасан, хаалга нь савчиж, ус нь шоржигноно. Ийм л байдалтай. Монголчууд ингэж ядарч байна.

Манайтай адил нөхцөл байдал бусад орнуудад тохиолдож л байсан. Манай урд хөршид тариачдад газар хувьчилсны дараа архелогийн ач холбогдолтой зүйлс хар зах дээр гарч ирсэн байна. Засгаас хөрөнгө оруулалтанд 10 том корпораци байгуулаад аукцион зохион байгуулаад улс нь ч юмаа аваад тариачид нь мөнгөтэй болчихож байна. Тэр мөнгөний илүүг өвөртлөөд тэд монголын зах зээл рүү орж ирсэн байна. Одоо Өвөрмонголд арваад томоохон музей байгуулах төсөл сонгогдож, ченжүүд нь манай зах зээлээр эргэлдэж байгаа мэдээ байна.

Гэтэл манайд байдал ямар байна вэ? Хэдэн жилийн өмнө нэгэн комбайнчин анжисны хадуураар сэндийлэгдсэн газраас Хүннүгийн үеийн бололтой жигүүртэй алтан морь гарч ирсэн юм байна. Түүнийг нь хуучин юм сонирхдог хүнд 1,0 саяар зарсан. Тэр нь хотод ирээд хэдэн музей, Монгол банкны эрдэнэсийн сангаар ороод мухардаж түүгээрээ бөгж энэ тэр хийлгэн зарж шархаа нөхжээ. Манай сэтгэлгээ ийм л байдалтай байна. Гэтэл музей үзмэр, улсын үнэт эрдэнэсийн сан хөмрөг тийм ханаж цадсан байгаа билүү?

Монголын музейнүүд XX зууны дунд үеийн буюу социализмийн үеийн сургалтын кабинетийн гэхээр дэглэлтэй, зориулалтаай бус хуучирч муудсан байшинд түүх соёлынхоо хосгүй үнэт зүйлсийг муухан хадгалсан байдалтай хэдэн баатарлаг музейчдийн хүчинд оршин тогнож байна. Төвийн болон орон нутгийн музейнүүдийн, түүчнлэн Монгол банкны үнэт эрдэнэсийн сан хөмрөгт хадгалагдаж буй зарим үнэт дурсгалын зүйлс солигдох, холигдох мэтээр эрсдэж байгаа мэдээ сонсогдох боллоо.

Монголын нүүдэлчний соёл, зах зээлийн давалгаанд аяндаа огцом хурдтай өөрчлөгдөн хувьсаж, зарим үнэ цэнэтэй зүйлс устаж үгүй болсоор, нүүдэлчний ахуй хувьсан, хэрэглээний өөр түвшинд шилжиж байна. Одоохон 2-3 жилд монголын угсаатан, нүүдэлчний соёлын үнэт зүйлсийг цуглуулан авч үлдэх эцсийн боломж л үлдээд байна.

Чухам ийм үед Монголын нүүдэлчний соёлын (угсаатны зүйн ч гэж болох юм) музейг шинээр байгуулах, монголын музейнүүдийг шинэчлэн зохион байгуулах үндэсний соёлын томоохон төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг хойшлуулашгүй зорилт болгох шаардлагатай байна. Үүнд төр засгаас хөрөнгө оруулах шаардлагатай байна. Зориулалтын ганц байр болох Лениний музейг МАХН ядарсан музейдээ эргүүлэн өнө гэдэгт найдаж байна. Ингэвэл төрөөс татаас аван үлгэн салган оршин тогтнодогоо больж музейнүүд маань хөл дээрээ босч өөрөө өөрийгөө өөд татаад зогсохгүй, соёлын салбарт хөрөнгө оруулагч болох хэмжээнд өсч өндийх боломж байна. Үүнийг бусад улс орнуудын музейнүүдийн туршлага бидэнд харуулж байна.

Аливаа улс орны нүүр царай тогтвортой хөгжлийн бодитой хүчин зүйл нь соёлын өвийн нь тогтвортой байдал, хөгжлийн төвшингөөрөө тодорхойлогддог гэдгийг эцэст нь хэлье.

Анхаарал тавьсанд Та бүхэнд баярлалаа.
(2007.12,10)

TOP